Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/01019

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 197/ШШ2026/04055 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 11,829,840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэгт 11,829,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Нэхэмжлэгч нь ...2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн барилгын туслах материал түрээслэх гэрээний дагуу хариуцагч *******д 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 метрийн урттай 91 ширхэг труба төмрийг түрээслүүлсэн боловч тэрээр уг труба төмрийг буцаан өгөөгүйгээс гадна түрээсийн төлбөрийг дутуу төлсөн тул түрээсийн төлбөр 1,880,560 төгрөг, труба төмрийн үнэ 6,006,000 төгрөг, гэрээнд заасан алданги 3,943,280 төгрөг, нийт 11,829,840 төгрөгийг гаргуулна... гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон.

 

2.2. Хариуцагч нь ...түрээсийн төлбөр 1,880,560 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, харин захиалагч компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн түрээсэлсэн труба төмрийг барилгын талбайгаас авч чадалгүй хугацаа өнгөрсөн учир алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн хүлээн авсан трубануудыг тоо ширхэг, чанарын дагуу буцаан хүлээлгэн өгөх хүсэлтэй байна... гэж маргажээ.

 

3. Талууд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-аас 91 ширхэг труба төмрийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 12-15/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Зохигч хэрэгт авагдсан бараа материал хүлээн авсан актад ...түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,880,560 төгрөг /3,849,300 - 773,000 - 1,195,740/, түрээсийн зүйлийн үнэ 6,006,000 төгрөг... гэсэн баримтын талаар маргаагүйг үндэслэн анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,880,560 төгрөг, түүнд ногдох алданги 940,280 төгрөг, түрээсийн зүйл болох 91 ширхэг труба төмрийн үнэ 6,006,000 төгрөг, нийт 8,826,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд хариуцагч нь энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

4. Талууд түрээсийн гэрээ байгуулагдсан болон түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,880,560 төгрөг, түүнд ногдох алданги 940,280 төгрөг, түрээсийн зүйл болох трубо төмрийн үнэ 6,006,000 төгрөгийн талаар маргаагүй, харин хариуцагч нь түрээсийн зүйлийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүйгээс түүний үнэ болох 6,006,000 төгрөгт ногдох алданги 3,003,000 төгрөгийг төлөх эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

4.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

 

Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөр болон мөн гэрээний 7.3, 7.4-т заасан төлбөрийг тус тус зохих ёсоор хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5%-ийн алданги төлнө гэж, 7.4-т Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойш эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд бараа материалыг эвдсэн, гэмтээсэн тохиолдолд дахин засварлах төлбөр болон тухайн бараа материалыг сэргээн засварлахаар хүргэсэн буюу тээвэрлэсэн ашиглалтанд оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамруулан төлнө гэх тохиролцоо нь дээрх хуулийн заалтад нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь түрээсийн төлбөр болон түрээсийн зүйлийг эвдсэн, гэмтээсэн, буцааж өгөөгүй гэх зэрэг тохиолдолд түүний үнийг мөн адил төлөх бөгөөд хэрэв тогтоосон хугацаанд төлөөгүй бол алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

 

4.2. Алданги төлөхтэй холбоотой үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээнд тухайлан тохиролцоогүй байх тул хариуцагчийг хэзээнээс гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн болохыг тодорхойлох боломжгүй, улмаар нэхэмжлэгч нь хариуцагчид үүргээ биелүүлэх боломжит хугацаа олгосон эсэх нь тодорхойгүй байна.

 

Тодруулбал, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотойгоор алданги тооцоход Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно гэж зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхой байх ёстой ба мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно гэж зааснаар хугацааг тоолох журамтай.

 

Иймд, хэрэгт авагдсан баримтаар түрээсийн зүйл болох 6,006,000 төгрөгийн үнэ бүхий 91 ширхэг труба төмрийг хэзээ акталсан болох, тийнхүү акталснаар хариуцагч нь алдангийг хэзээнээс тооцож төлөх ёстой байсан болох нь тус тус тодорхойгүй байх тул алданги 3,003,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангана.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр алданги шаардсан байхад шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардах эрхэд хамааралгүй заалт болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байгааг давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд залруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 197/ШШ2026/04055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гээс 8,826,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,003,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156,179 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,998 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Б.МАНДАЛБАЯР