| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 197/2026/02988/И |
| Дугаар | 210/МА2026/01020 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/01020
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Хөрөнгийн үнэлгээ болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь ...амины орон сууцыг үнэлэхдээ газрыг үнэлээгүй, мөн өмчлөгчийг эзгүйд очиж зураг хөрөг авч үнэлгээ гаргасан, үүргийн гүйцэтгэлээс хэтэрсэн эд хөрөнгө битүүмжилсэн тул үнэлгээг зөвшөөрөхгүй, мөн прокурорын тогтоолоор шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байхад хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл тул хөрөнгийн үнэлгээ болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэсэн бол,
хариуцагч нь ...талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг мэдэгдэлтэй хамт хүргүүлсэн, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаагаар хөрөнгө борлогдсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан... гэж маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/018******* дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* ХХК-ийн гэрээний үүрэгт 115,878,185.28 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, /х.х-ийн 30-31/
3.2. ******* нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2023/18084 дугаар шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 183/ГХ2023/01624 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, /х.х-ийн 29, 32-33, 44/
3.3. Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* 2 /171*******/ гудамж дугаар байр, 5 тоот хаягт байрлах 254.44 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 24360083/02 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 24360083/023 дугаартай тогтоолоор хураан авч, /х.х-ийн 36, 73-74, 76-77/
3.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч болон төлбөр авагчид дуудлага худалдааны үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн байна. /х.х-ийн 81-84/
Гэвч талууд барьцаа хөрөнгийн үнийн талаар санал ирүүлээгүй учир хариуцагч Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 8/46 тоот тогтоолоор ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт тус тус нийцсэн байна. /х.х-ийн 90/
3.5. Шинжээчээр томилогдсон ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийг 926,800,000 төгрөгөөр үнэлжээ. /х.х-ийн 94-102/
3.6. Улмаар шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайлангийн хуулбарыг төлбөр төлөгчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /х.х-ийн 104/
3.7. Үүний дараа 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 9-1/7 дугаартай тогтоолоор барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулахаар болж, энэ талаарх мэдэгдлийг мөн төлбөр төлөгчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах санал гараагүй тул 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/2-3 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 471,000,000 төгрөгөөр худалдан борлогджээ. /х.х-ийн 105, 108, 111-113, 132, 137-139/
4. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дараахь эрхтэй гээд, 33.1.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах гэж заажээ.
Төлбөр төлөгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болохын хувьд шийдвэр ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг гүйцэтгэхэд байлцах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд төлбөр төлөгч ******* нь оролцсон ба тэрээр гарын үсэг зурахаас татгалзсан байх тул хариуцагч байгууллагын зүгээс уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талууд /төлбөр төлөгч/-ын оролцох эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
4.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* нь ...өөрийн ээж, хүүгийн хамтаар Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуутын 8-11 тоот хаягт оршин сууж байна, ...шуудангаар албан бичиг хүргүүлэхэд хүлээн авна... гэх баталгаа гаргаж өгсний шийдвэр гүйцэтгэгч нь тус хаягаар шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны талаарх мэдэгдэл /үнэлгээний тайлан, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол/-ийг хүргүүлж байсан байна. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үнэлгээ хийсэн талаар мэдэгдлийг төлбөр төлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгөөгүй... гэх гомдлыг хүлээн авахгүй. /х.х-ийн 89/
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4-т тус тус зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдэх хэлбэр, арга журмын талаар тухайлан зохицуулсан бөгөөд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах талаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийн мэдэх, сонсох эрхийг зөрчсөн гэж дүгнэхгүй.
4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж, 41.3-т Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 24360083/023 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр , нарыг оролцуулж, тэдгээрт эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж гарын үсэг зуруулсан байх тул эд хөрөнгө хураах ажиллаа нь дээрх хуульд нийцжээ. /х.х-ийн 86/
4.4. Мөн дээр дурдсан хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно гэж, 54 дүгээр зүйлийн 54.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэж заасан.
Үүнээс үзвэл хөрөнгийг битүүмжлэх, хураах нь өмчлөгчийн эрхийг хязгаарлах, албадан захиран зарцуулах шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа бөгөөд төлбөр төлөгчийн эд хөрөнгө нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа буюу хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан бол заавал төлбөр төлөгчийг байлцуулах шаардлагагүй.
Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг БНХАУ-ын иргэнд түрээсэлсэн байсан гэсэн бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө хураах ажиллагаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн түрээслэгч болох БНХАУ-ын иргэн , нар оролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь эд хөрөнгө битүүмжлэх болон хураах ажиллагааны талаар гомдол гаргаагүй байна. /х.х-ийн 76-79/
4.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллага нь 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 8/46 дугаартай тогтоолоор барьцаа хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ба 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Т/2532 дугаартай хөрөнгийн үнэлгээ гарсныг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөгч *******гийн оршин суудаг гэх хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /х.х-ийн 104/
Гэтэл нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд тэрээр уг хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэх үзэх шалтгаантай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4.6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон ХХК-ийн үнэлгээчин 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийг 926,800,000 төгрөгөөр үнэлсэн ба хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо тухайн хөрөнгөтэй ижил төрлийн хийгээд байршлын хувьд ойролцоо худалдахаар нийтэд саналын дуудлага гаргасан 3 объектыг зохих шалгуураар сонгон авч харьцуулалт хийх замаар зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ. /х.х-ийн 3.х.х-ийн 96-1*******/
Энэ талаар Үнэлгээний олон улсын стандарт 105-ын 10 дугаар зүйлийн 10.4-т Хөрөнгийн үнэлгээний хувьд, ялангуяа үнэлгээчин нь гэрээт ажлын бодит байдал, нөхцөл байдлуудыг харгалзан үзсэнээр нэг аргыг үнэн зөв бөгөөд найдвартай гэдэгт өндөр түвшиний итгэлтэй байгаа тохиолдолд нэгээс олон аргыг ашиглахыг үнэлгээчнээс шаарддаггүй... гэж зааснаар бүх аргачлалыг заавал нэгэн зэрэг хамтад нь хэрэглэх талаар тухайлан заагаагүй, харин үнэлгээчин нөхцөл байдлаас хамаарч эдгээр аргуудаас сонгон хэрэглэж болохыг зөвшөөрсөн байна.
Тодруулбал, хөрөнгийн үнэлгээний шинжээч зохигчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө оршин буй газарт ойролцоо байршилд худалдахаар санал болгосон 3 үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг харьцуулан судалж, хөрөнгийн үнэлгээг тогтоосныг буруутгахгүй учир энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
Мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар харьцуулсан 3 үл хөдлөх эд хөрөнгийн 2 нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй нэг хотхонд байрладгаас гадна тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь твин хаус /хос айл/ бөгөөд хэргийн баримтаар дэвсгэр газраас өөр газартай болох нь тогтоогдоогүй тул ...газрын үнэлгээ хийгээгүй... гэх гомдол үндэслэлгүй.
4.7. Түүнчлэн төлбөр авагч болон төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эсрэг-тэсрэг ашиг сонирхолтой оролцож буй этгээд болохын хувьд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж байгаа эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны хүрээнд томилогдсон хөрөнгийн үнэлгээчний тайланг үндэслэлгүй гэж маргаж буй тохиолдолд анхнаасаа үүнийг нотлох үүргийг тухайн маргасан нэхэмжлэгч нь хүлээх учиртай.
Гэтэл нэхэмжлэгч нь уг үнэлгээг үндэслэлгүй, зах зээлийн ханшнаас хэт бага гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
4.8. Дээр дурдсан хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлнэ гээд 27.2.3-т тухайн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд түүнийг шийдвэрлэх хүртэл гэж заажээ.
Тайлбарлавал, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд тухайн эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ.
Гэвч хэргийн баримтаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 20******* оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 312 тоот зөвшөөрлөөр ******* нь тээгч эх болж хүүхэд төрүүлж өгнө гэж Швед улсын иргэн -д итгэл төрүүлэн хуурч, 381,362.50 ам.долларыг шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа гэх үндэслэлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа биш тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй. /х.х-ийн 161-162/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Энэ хуулийн 27.1, 27.2-т зааснаас бусад үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно гэж зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй. /х.х-ийн 161-162/
4.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх тул түүний ...миний төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан аваарай гэчхээд улсын орлого болгосон... гэх гомдлыг хүлээн авахгүй.
5. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.4-д зааснаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд залруулна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/06055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...122 дугаар зүйлийн 122.5 гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Б.МАНДАЛБАЯР