Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/00762

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2026/03645 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 2,258,030 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 2,258,030 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй.

3. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны урд замд 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 20 минутад *******ын жолоодон явсан ******* маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* нь ******* маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон байна. /хх 12/

3.1 Мөн ******* нь Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ...******* миний бие ******* маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 10-р хороо урд талын зам дээр хөдөлгөөнд оролцож байгаад машин кардан дутуу татаж алдаж машинд нь хүрсэн сээтэг, гупер 2 нь хонхойж зам тээврийн осол гаргасан. Миний машин нь ******* маркийн, ******* улсын дугаартай. Зам тээврийн осол миний буруу тул хуулийн дагуу арга хэмжээ авхуулахад татгалзах зүйл байхгүй гэх тайлбарыг гаргасан. /хх 15 ар/

3.2 Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Шийтгэлийн хуудас-аар *******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.51 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Улмаар, хариуцагч нь тухайн шийтгэлийг зөвшөөрч, торгууль 50,000 төгрөгийг мөн өдөр төлсөн байна. /хх 25, 26/

3.3 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *******-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-аар ******* маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүр сетка хагарсан, урд буферийн нэмэлт хормой хагарч, цуурсан, урд буфер баригч хагарсан, улсын дугаарын суурь хагарсан, урд буфер хагарч, зурагдсан гэж сэлбэгийн үнийг тухайн өдрийн ханшаар 3,758,030 төгрөгөөр үнэлсэн. /хх 20/ Хариуцагч нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр mashin morgoldoh hohirol гэх гүйлгээний утгатайгаар 1,500,000 төгрөгийг *******д шилжүүлсэн. /хх 10/

4. Хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь хэргийн баримтаар нотлогдсон тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

4.1 Иймд анхан шатны шүүх үнэлгээгээр тогтоогдсон 3,758,030 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1,500,000 төгрөгийг хасч, үлдэх 2,258,030 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.

5. Хариуцагч нь хохирлын асуудлаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй, уг үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

5.1 Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй дахин үнэлгээ хийлгэх талаар хүсэлт гаргаагүй. Иймд хариуцагч хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилж үнэлгээ хийлгэх боломжгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5.2 Шүүх хуралдааны товыг хариуцагчид 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн болох нь Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас баримтаар тогтоогдож байх тул шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2026/03645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 51,078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

М.БАЯСГАЛАН