| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2016/0539/И |
| Дугаар | 516 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Туулын 10 дугаар гудамж 02 тоотод оршин суух Мичид овгийн Батсайханы Энхтуул /РД:ШЗ82091206 /-ын Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Энхтуул шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Энхтуул шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний эцэг эх, хоёр салаад өөр хүнтэй гэр бүл болоод явцгаасан. Эцэг эх маань халамж хайр тавихгүй, би гурван дүүтэйгээ үлдэж, дүү нараа тэжээх хэрэгтэй болсон. Бид нар айлын хажуу өрөө болон зуны амбаар хүртэл хөлсөлж амьдарч байсан. Тэгээд гадаадад гарч амьдрах зорилгоор зарын дагуу хувь хүнээр зуучлуулан Америк улсын иргэн Ким Вом Нам гэгч хүнтэй 2005 оны 11 дүгээр сарын 17-нд гэр бүлээ батлуулсан. Тухайн үед энэ хүнтэй амьдрах хүсэл байгаагүй, Тэгээд монголд ч хамт амьдраагүй. Ким Вом Намтай хамт гадагшаа АНУ болон БНСУ яваагүй. Харин би 2007 онд БНСУ-ын визэнд ороход солонгос хүнтэй гэрлэсэн учир виз хурдан бүтсэн. Тэгээд Солонгос яваад тэндээ хараар амьдарч, ажил хийж байгаад 2010 онд Монголд ирсэн. Иймд гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Энхтуул нь гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох тухай хүсэлт гаргажээ.
Б.Энхтуул нь Америк улсын иргэн Ким Вом Намтай виз гаргуулах, Америк улсад ажиллахын тулд буюу гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын “Б.Энхтуул нь 2001-2015 оныг хүртэл тус хороонд амьдарч байсан” тодорхойлолт, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 06/5130 тоот албан бичиг, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/3307 тоот албан бичиг, “Монгол улсын иргэн Б.Энхтуул, АНУ-ын иргэн Ким Вом Нам нарын Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтуудаар 2001, Замын-Үүд боомтоор 2000 оноос хойш хилээр нэвтэрсэн тухай” лавлагаа зэрэг бичгийн нотох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд түүний хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10.-д зааснаар Мичид овгийн Батсайханы Энхтуул, Ким Вом Нам нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар Б.Энхтуулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН