| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 191/2025/01157/И |
| Дугаар | 210/МА2026/00763 |
| Огноо | 2026-04-08 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/00763
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/11308 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 22,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-тай 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ТТ-2021-015 дугаартай Техникийн түрээсийн гэрээ байгуулан *******, ******* маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 30 хоногийн хугацаанд 2 ширхэг асфальт индүүг жолоочийн хамт түрээслэхээр харилцан тохиролцсон.
1.2 Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж түрээсийн зүйлийг түрээслэгчид шилжүүлж өгсөн. Хариуцагч нь техникийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 24 хоног ашиглаж түрээсийн төлбөрт 37,600,000 төгрөгийг төлөхөөс 15,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 22,600,000 төгрөгийг төлөөгүй. Иймд *******-аас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 22,600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь *******-тай 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Техникийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр тээврийн хэрэгслийг Увс аймагт байрлах ******* хилийн боомтын зам дээр ашиглах зориулалттай ашиглахаар түрээсэлсэн. 30 хоногийн хугацаатай боловч нийт 24 хоногийн хугацаанд түрээсийн зүйлийг ашигласан.
2.2 Гэрээг *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох болон *******-ийн менежер ******* нар байгуулсан. Гэтэл нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь атал менежер гарын үсэг зурсан тул гэрээ хүчин төгөлдөр бус. ******* нь тус байгууллагад ажилладаг эсэх, ямар үйл ажиллагаа явуулдаг нь баримтаар тогтоогддоггүй. Мөн менежер нь гэрээ хийх хэлцэл хийх эрхтэй эсэх асуудал тодорхойгүй.
2.3 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 24 хоногийн хугацаатай техникийг түрээслээд, үлдэгдэл 22,600,000 төгрөг, үүнийг захиалагчаас мөнгө орж ирэхээр нь өгнө гэсэн албан бичгийг өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш буюу 7, 9, 10 дугаар сард нийтдээ 10,000,000 гаруй төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Иймд 12,600,000 төгрөг төлөх боломжтой, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 22,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,000 төгрөгөөс 270,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 50 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 270,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* нь нэхэмжлэгчийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй тул талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус.
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар ******* нь *******-ийг бүрэн төлөөлөх эрхтэй этгээд биш. Түүнд гэрээ хэлцэл байгуулах итгэмжлэл олгосон нотлох баримт байхгүй. Мөн ******* тус байгууллагад ажилладаг эсэх нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Тухайн үед ******* нь *******-ийн үйл ажиллагааг хариуцдаг буюу түрээсийн гэрээ байгуулах, гарын үсэг зурах, түрээсийн төлбөрийг шаардах зэрэг ажлыг гүйцэтгэдэг байсан. *******-ийн захирал нь *******д түүнийг төлөөлөх зөвшөөрлийг олгож байсан. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөрт тооцно. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт 22,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 12,600,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. ******* болон *******-ууд 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ТТ-2021-015 дугаартай Техникийн түрээсийн гэрээ-г байгуулж, ******* нь *******, ******* маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг, жолоочийн хамт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 30 хоногийн хугацаанд *******-д түрээслэх, түрээслэгч ******* нь түрээсийн төлбөрт 30 хоногийн 47,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 5-7/
3.1 Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд заасан эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь, гэрээнд түрээслэгч *******-ийг төлөөлж захирал , түрээслүүлэгч *******-ийг төлөөлж менежер ******* нар гарын үсэг зурж, компанийн тамга даран баталгаажуулсан. ******* нь хэдийгээр дээрх гэрээг байгуулахад нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх боловч Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар түүний төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан эсэх нь нэхэмжлэгч буюу төлөөлүүлсэн этгээд болох нэхэмжлэгчийн зөвшөөрлөөс шалтгаална.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй, маргаагүйгээс гадна гэрээний хүчин төгөлдөр байдлыг хүлээн зөвшөөрч, дэмжин оролцсон тул нэхэмжлэгч талыг төлөөлж менежер *******ийн байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй. Иймд хариуцагч нь тухайн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар уг үндэслэлээр гомдлын шаардлага гаргах эрхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...******* нь нэхэмжлэгчийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй тул талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5.1 Хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 22/11 дугаартай Тооцооны үлдэгдэл нийлэх тухай албан бичгээр ...Манай компани нь танай байгууллагатай байгуулсан ТТ-2021-015 тоот гэрээний дугаар бүхий техник түрээсийн гэрээ байгуулсан ба 2021.09.24-с 2021.10.17-ны өдөр хүртэл 24 хоног техник ашиглаж 37,600,000 төгрөгийн төлбөр гарсан ба үүнээс 15,000,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн ба үлдэгдэл болох 22,600,000 төгрөг төлөгдөөгүй байна. Захиалагч талаас санхүүжилт авч чадаагүйн улмаас үлдэгдэл төлбөр хийгдээгүй байгаа ба 2022.04.15-аас өмнө үлдэгдэл төлбөрийг барагдуулах боломжтой байна гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. /хх 8/
5.2 Анхан шатны шүүх дээрх баримтыг үндэслэн хариуцагчийг түрээсийн гэрээний үүрэгт 22,600,000 төгрөг төлөөгүй үйл баримтыг зөв тогтоосон байна. Учир нь, хариуцагч уг төлбөрөөс ...7, 9, 10 сард нийт 10,000,000 төгрөг төлсөн гэх тайлбар болон татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 22,600,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/11308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
М.БАЯСГАЛАН