Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/00764

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01423 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 72,204,748 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: гэрээний заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******тэй 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийн Дебьют картын гэрээ байгуулсан. Мөн энэ картыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ББГ-КТ2019/0313 дугаар Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, гэрээгээ 2 жилээр сунгасан. Гэрээгээр 20,000,000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувь, бэлэн мөнгө авсны 42 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн. Гэтэл зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөөгүй.

Иймд *******ээс 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 18,875,621.40 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 24,935,923.74 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 26,638,632.97 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1,754,570.52 төгрөг, нийт 72,204,748.63 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2019 оны гэрээнд зээлийн хүүг 1, 2, 3,5 гэж ойлгомжгүй, зөрүүтэй тохирсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй, зээлдэгчид хүүг бага мэтээр ойлгуулах, эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн. Үүнээс шалтгаалж зээлийн хүүгийн тооцоолол буруу болсон. Зээлийн гэрээний эрхийн нөхцөлд зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан ...үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох зохицуулалтад нийцээгүй. Иймд энэ талаарх шаардлагыг зөвшөөрөхгүй.

2.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг зээлийн гэрээнд тусгаагүй. Ийм учраас нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглуулсны хариу төлбөр нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү байхад банк нь эрх хэтрүүлсний хүү тооцож шаардсаныг зөвшөөрөхгүй.

2.3 Миний бие дэлхий нийтийг хамарсан цар тахал болон өвчний улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчсөөр байхад ******* нь хууль болон гэрээнд зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцлаагүй, намайг илүү хүндрүүлсэн нөхцөл байдалд оруулсан. Гэрээнд зээлийн эрх зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй бол карт системд түр хаагдах хугацаа 3 сар гэж заасан. Иймд төлбөрөө төлөхөө зогсоосноос хойш 3 сарын дараа картыг хааж, төлбөрөө нэхэмжлэх боломжтой байсан.

2.4 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр 2017 оны гэрээний харилцаа дуусах үед нийт 11,968,79.27 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ 2 жилийн хугацаатай, 20,000,000 төгрөгийн эрхтэй. Иймд тус гэрээний үүргийг шаардах хугацаа 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс тоологдож, гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсон. Гэвч нэхэмжлэгч хоёр өөр гэрээний төрлийг хооронд нь хольж нэг нь нөгөөгөө сунгасан мэтээр тайлбарладаг боловч хэрэгт бие даасан хоёр өөр гэрээнүүд авагдсан. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний дагуу 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн бэлэн болон бэлэн бусаар зарлага гаргасан. Уг бэлэн бус зарлагуудыг нэг бүрчлэн түүж үзэхэд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл зарлага гаргасан. Энэ хугацаанд 24,770,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн. 2019 оны гэрээний хүрээнд 26,270,000 төгрөгийн төлөлт хийсэн. Иймд 2017 оны гэрээний шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний дагуу 1,077,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаанд 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хууль хэрэгждэг. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зээлийн хүүгийн хэмжээ бодох аргачлалыг Монгол банк батална гэж заасан. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаартай журам шинэчлэн батлах тухай журамд нэхэмжлэгчийн кредит картын тооцооллын хүснэгт болон гэрээнд заасан хүүгийн нөхцөлүүдийг харахад нийлмэл хүү боддог. Өөрөөр хэлбэл, зээл авч бэлэн болон бэлэн бус зарлага гаргахад бэлэн нь 3,5 хувь, бэлэн бус 2 хувь хүү гэж тохиролцсон. Тооцоололд хүүгийн төлбөрөө үндсэн төлбөр дээр нэмж, дахин хүү нэмж хүүгийн төлбөр боддог.

Тус журмын 5.5 дахь хэсэгт иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд зээл олгох гэрээний харилцаанд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

3.2 Зээлийн үнийн төлбөрт нэмэгдүүлсэн хүүг бодохгүй, 5.2-т нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүү төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгээс тооцно гэж заасныг зөрчиж байна. Эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Иймд хууль зөрчсөн учраас нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл хэтрүүлсэн болон хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй.

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ББГ-КТ201910313 дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 2.1-т 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэсэн заалт, 3.7.1, 3.7.2, 3.7.3, 3.7.4-т заасан заалтууд нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 202 дугаар зүйлийн 202.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй.

Иймд дээрх заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр картаа үргэлжлүүлээд сунгасан. Гэрээний хүү, нөхцөл адилхан. Нийт зарцуулсан дүн нь 111,087,016.09 төгрөгийн гүйлгээ хийсэн тул зээл авсан гэж үзнэ. Анхнаасаа зээлийн картын бүтээгдэхүүн маань нээлттэй өдрөөс санал болгож, өөрийн зөвшөөрснөөр авч байгаа учраас хууль зөрчсөн зүйлгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дугаар зүйлд зааснаар хариуцагч *******ээс 33,837,174 төгрөгийг гаргуулж, *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43,367,574 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг үндэслэн зохигчдын хооронд байгуулагдсан 2019-02-13-ний өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах тухай гэрээний 1.1 дүгээр зүйлийн зээлийн эрх хэтрүүлсний хүү 2 хувь гэх хэсэг, 3.7 дах хэсгийн төлбөр төлөх дараалал хэсгийн 3.7.1 дэх зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсний хүү гэсэн хэсгүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэсэн заалт, 3.7.2, 3.7.3, 3.7.4 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 327,135 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 35,100 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Кредит картын тооцооллын хүснэгтийг дансны хуулга гэж үзсэн нь үндэслэлгүй. Кредит картын тооцооллын хүснэгтийг банк өөрөө 2 өөр гүйлгээний орлого, зарлагыг нэгтгэн гаргах боломжтой буюу тооцоолол хийсэн төдий баримт. Түүнээс зээлийн дансны хуулга биш бөгөөд тухайн баримтаар 2 өөр нөхцөл бүхий бие даасан гэрээ хэлцлийг нэг хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

6.2 Нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэг шаардах боловч тухайн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дууссан. Мөн тухайн гэрээний дагуу хүүгээс хүү тооцсон, бэлэн болон бэлэн бус зарлагыг хэрхэн ялгаж, хүү тооцсон нь тодорхойгүй, хуульд нийцээгүй хүүний нэр төрөл заасан байдаг тул уг гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах хууль зүйн үндэслэлгүй. Тус гэрээний үлдэгдэл нь 11,968,799 төгрөг байсан ба хариуцагчийн хувьд, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуульд нийцээгүй гэрээ тул төлөлт хийхээс татгалзсан. Гэтэл шүүх үндсэн төлбөрийн үлдэгдлийг 18,875,621.4 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хүүгээс хүү тооцсон нэхэмжлэгчийн хуульд нийцээгүй тооцооллыг хангасан.

6.3 Түүнчлэн, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний дагуу 1,077,000 төгрөг төлөгдөөгүй байдаг бөгөөд энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа үндэслэлд дүгнэлт хийгээгүй. Хүүгийн төлбөр 12,467,961 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө, тодорхой байдлаар тодорхойлж, баримтаар нотлох үүргийг зөрчсөн. Шүүх нэхэмжлэгчийг хүүгээ зөв тодорхойлоогүй, аль хүү нь бэлэн болон бэлэн бус зарлагад тооцогдож байгаа нь тодорхой бус гэж дүгнэсэн атлаа тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийтэд зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг банкны эргэлзээтэй, тодорхой бус нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Зээлийн хугацаа хэтрүүлсний, эрх хэтрүүлсний хүүг нэмэгдүүлсэн хүү гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

6.4 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А203 дугаартай журам, зээлийн харилцаатай байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 21 дүгээр зүйл, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн заасантай нийцээгүй хүчин төгөлдөр бус заалтуудыг хэрхэн хүчин төгөлдөр гэж үзсэн талаар дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,077,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 18,875,621.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 24,935,923.74 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 26,638,632.97 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1,754,570.52 төгрөг, нийт 72,204,748.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* болон ******* нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр КТ/0199120858 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ******* нь 20,000,000 төгрөгийн зээлийн эрхийг 2 жилийн хугацаатай, картыг бэлэн гүйлгээний сарын хүү 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн сарын хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн сарын хүү 1 хувь байхаар *******эд зээлүүлэхээр тохиролцсон. /хх 38/ Талууд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ББГ-КТ2019/0313 дугаартай кредит картын гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ******* 20,000,000 төгрөгийн зээлийн эрхийг 2 жилийн хугацаатай, картыг бэлэн гүйлгээний сарын хүү 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн сарын хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн сарын хүү 1 хувь байхаар *******эд зээлүүлэхээр тохиролцсон гэж дүгнэсэн нь зөв. Учир нь, ******* тухайн кредит картаас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс зарлага гаргасан үйл баримт, мөн 2 жилийн хугацаатай байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн КТ/0199120858 дугаартай гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болохоос өмнө буюу 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дээрх ББГ-КТ2019/0313 дугаартай гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд КТ/0199120858 дугаартай гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө уг гэрээнд заасан нөхцөлөөр, мөн 2 жилийн хугацаатай ББГ-КТ2019/0313 дугаартай гэрээг байгуулсан нь гэрээний хугацааг сунгасан гэж дүгнэх үндэслэл болно. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2 өөр нөхцөл бүхий бие даасан гэрээг нэг хэлцэл гэж үзэхгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд дээрх гэрээний дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.

5.1 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. ББГ-КТ2019/0313 дугаартай гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болж байх бөгөөд уг хугацаанаас хуульд заасан 3 жилийн хугацааг тоолоход 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхэд тухайн гэрээний үүргийн талаар 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тул нэхэмжлэгчийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн КТ/0199120858 дугаартай гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлдүүлэгч ******* нь дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу 20,000,000 төгрөгийн зээлийн эрхийг зээлдэгч *******эд шилжүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

6.1 Кредит картын тооцооллын хүснэгт гэх баримтаар хариуцагч нь нийт 111,087,016 төгрөг зээлж, үндсэн зээлийн төлбөрт 18,875,621 төгрөг, хүүгийн төлбөрт 24,935,923 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 26,638,632 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1,754,570 төгрөг тус тус төлөөгүй болох нь тогтоогдсон. /хх 106-116/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар үгүйсгэж чадаагүй байхаас гадна нэхэмжлэгч нь хүүгээс хүү тооцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг анх шүүхэд 2024 оны 01 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ зөв тодорхойлоогүйн улмаас 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хүү тооцогдож, хүү өсөх шалтгаан болсон, өр төлбөртэй байхад талуудын хооронд байгуулагдсан гэрээгээ мөрдөлгүй, картыг хаахгүйгээр, дахин эрсдэлтэй байдлаар зээл олгож эхэлсэн нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч мэргэшсэн этгээдийн хувьд илтэд хайхрамжгүй хандсан, гэрээнд бэлэн ба бэлэн бус гүйлгээний хүүг өөр өөр хэмжээгээр харилцан тохиролцсон атлаа үүнийгээ нэхэмжлэгч тал хэрхэн яаж ялган тооцоолсноо тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр үндсэн хүүгийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь, иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүрэг нь гэрээний талуудын хэн алинд нь хамаарахаас гадна нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйд түүнийг буруутгах, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр тохиролцсон хүүгийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй. Гэвч нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн хүүгийн хэмжээг дээрх үндэслэлээр багасгасан шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 12,467,961 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээнэ.

7.1 Мөн анхан шатны шүүх гэрээний хугацаа хэтрүүлсэн хүү 26,638,632.97 төгрөг нь нэмэгдүүлсэн хүү гэх агуулгад хамаарч байна гэж дүгнэсэн нь зөв боловч үндсэн зээл, хүүгийн нийлбэр 31,343,582 төгрөгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож 2,493,592 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Уг зохицуулалтаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 2,971,900 төгрөг болж байх боловч шүүх 2,493,592 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Зээлийн хугацаа хэтрүүлсний, эрх хэтрүүлсний хүүг нэмэгдүүлсэн хүү гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэх гомдлыг хангахгүй.

8. Зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэсэн заалт, 3.7.2, 3.7.3, 3.7.4 дэх заалт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул уг заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүчин төгөлдөр бус заалтуудыг хэрхэн хүчин төгөлдөр гэж үзсэн талаар дүгнэлт хийгээгүй, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах гэх гомдлыг хангахгүй.

8.1 Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах тухай гэрээ-ний 2.1 дүгээр зүйлийн зээлийн эрх хэтрүүлсний хүү 2 хувь гэх хэсэг, 3.7 дахь хэсгийн төлбөр төлөх дараалал хэсгийн 3.7.1 дэх зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсний хүү гэсэн хэсгүүдийг хууль тогтоомжид заагаагүй хүүг тохиролцсон гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна нэхэмжлэгч уг шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийгээгүй болно.

9. Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 гэхийг Иргэний хуулийн 453.1 дугаар зүйлд гэж, мөн тогтоох хэсгийн 2 дахь заалтад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний 2.1 дүгээр зүйлийн зээлийн эрх хэтрүүлсний хүү 2 хувь гэх хэсэг гэхийг 1.1 гэж гэрээний заалтын дугаарыг буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байх боловч энэ нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй байх тул магадлалын үндэслэх хэсэгт залруулан дүгнэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 327,135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

М.БАЯСГАЛАН