Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/00767

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/01155 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 210,470,528 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр болон фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******, ******* нартай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 275,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг 2022 оны 07 дугаар сараас эхлэн хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлж барагдуулаагүй.

1.2 Зээлдэгч нар 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 18,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн төлбөрийн үлдэгдэл 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 195,811,353 төгрөг, зээлийн үндсэн хүү 14,100,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 558,870 төгрөг, нийт 210,470,528 төгрөг байна.

1.3 Иймд *******, ******* нараас 210,470,528 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ******* дугаартай барьцааны гэрээний дагуу улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, *******, , гудамж, байр, хаягт байршилтай, 58.34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн улсын дугаартай, маркийн, арлын дугаартай, 2022 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн тавцант чиргүүл, мөн улсын дугаартай, маркийн, арлын дугаартай, 2022 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн тавцант чиргүүл, улсын дугаартай, маркийн, арлын дугаартай, 2022 онд үйлдвэрлэсэн, цэнхэр өнгийн зүтгүүр зэрэг хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *******, ******* нар *******-тай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 275,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулсан. Барьцаанд өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, *******, , гудамж, байр, хаягт байршилтай, 58.34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, зээлээр худалдан авсан чирэгч болон 2 чиргүүлийн хамтаар барьцаалж, эзэмших эрхийг *******-д шилжүүлсэн.

2.2 Зээлийн гэрээний үүргээ биелүүлж байхад тээврийн хэрэгслийг бусдын буруутай байдлаас онхолдуулж засварлах хугацаанд, мөн тээвэрлэлтийн мөнгөн орж ирэхгүй удсан зэрэг шалтгаанаар зээлийн эргэн төлөлт тасалдсан. 2024 оны 09 дүгээр сараас хэвийн байдалдаа орж, эргэн төлөлт графиктаа орно.

2.3 Гэрээ цуцлагдаагүй тул зээлийн гэрээний дагуу үүргээ цаг тухайд нь биелүүлэн ажиллаж, зээлийг гэрээний хугацаандаа бүрэн төлж барагдуулна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 210,470,528.46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл, хариуцагч *******гийн өмчлөлийн Улаанбаатар хот, *******, *******, , гудамж, байр, од байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 58.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын дугаартай, маркийн тавцант чиргүүл, улсын дугаартай, маркийн тавцант чиргүүл, улсын дугаартай маркийн зүтгүүрээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,592,867 төгрөгийн 1,280,503 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 312,364 төгрөгийг нэхэмжлэгч *******-д буцаан олгож, хариуцагч *******, ******* нараас 1,280,503 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Зээлийн гэрээний үүргээ биелүүлж байхад тээврийн хэрэгслийг бусдын буруутай байдлаас онхолдуулж засварлах хугацаанд, мөн тээвэрлэлтийн мөнгө орж ирэхгүй удсан зэрэг шалтгаанаар зээлийн эргэн төлөлт тасалдаж доголдсон. Эргэн төлөлт графиктаа хүрэхгүй байгаа талаар банканд тухай бүр нь мэдэгдэж байсан.

4.2 Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр *******-аас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Банкийг шүүхэд хандсаны дараа ч үүргээ биелүүлэн 28,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж байсан. Банкнаас төлсөн төлбөрийг хүлээн авснаа баталж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 210,470,528 төгрөгийг шаардсан. Уг нь шаардлагаа өөрчилж бууруулах ёстой байсан ч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан.

4.3 Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй. Тус гэрээ хүчин төгөлдөр байгаа эсэх, мөн цуцлагдсан эсэх нь ойлгомжгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн үлдэгдэл төлөлтийг шаардсан нь хууль болон гэрээнд заасан үндэслэлээр гаргаж байгаа шаардлага мөн эсэхэд анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан төдийгүй гэрээг цуцлаагүй атлаа зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн.

Мөн барьцаа хөрөнгө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангаж байгаа нь ч хэт нэг талыг баримталсан иргэдийг хохироосон шийдвэр болсон гэж үзэж байна.

4.4 Хариуцагч нар нь зээлийн гэрээг цуцлах хэмжээний доголдол гаргаагүй. Зээлийн төлөлтийн дутууг гэрээний хугацаанд нөхөн төлж барагдуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ 60 сарын хугацаатай бөгөөд 2027 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусах байсан.

4.5 Хуульд зөвхөн нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй гэж хуульчилсан ба шүүх нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагыг гаргасан гэж өөрөө үзэж цаашлаад энэ нь үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Уг зээлийн гэрээг зээл олгосон нэхэмжлэгч банк нь цуцлаагүй, цуцлах шаардлагыг хуулийн хүрээнд шүүхэд гаргаагүй байхад шүүх цуцлах үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтээ энэ үндэслэлээ дүгнэж бичээгүй, орхигдуулсан зэрэг нь хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Зээлдэгч нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу эхний сараас төлөлт хийх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч нь уг графикийн дагуу тогтмол төлөлт хийгээгүй, тодорхой хугацаанд төлөлт тасалдуулж, дараа нь хэсэгчлэн төлөх байдлаар зөрчил гаргасан. Үүний улмаас тухайн хугацаанд хуримтлагдсан хүүгийн төлбөр нэмэгдэж, хожим хийсэн төлөлтүүд нь үндсэн зээлд бус, эхлээд хуримтлагдсан хүүд суутгагдан, үндсэн төлбөр буурахгүй байх нөхцөл үүссэн. Уг нөхцөл байдал нь зээлдэгчийн нийт төлөх дүнг нэмэгдүүлж, эдийн засгийн хувьд хохиролтой байдалд хүргэсэн. ******* нь зээлийн гэрээний 5-д заасны дагуу, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцлах арга хэмжээ авсан.

5.2 Мөн зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа нь хил, гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан хэвийн явагдаагүй нь зээлийн эрсдэлийг нэмэгдүүлсэн тул ******* нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар 2025 оны 05 дугаар сарын байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хэрэв зээлийн гэрээг үргэлжлүүлэхээр үзвэл уг шийдвэрт тусгагдсан дүн дээр цаашид нэмэлтээр ойролцоогоор 40,000,000 гаруй төгрөгийн хүү хуримтлагдах нөхцөл үүсэх бөгөөд энэ нь зээлдэгчид илүү хохиролтой үр дагавар авчрах болно. Шүүхийн шийдвэр эцэслэгдсэн тохиолдолд уг төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар барагдуулах бөгөөд уг хугацаанд нэмэлт хүү, алданги тооцогдохгүй байх нөхцөл бүрдэнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь зээлдэгчийн эрх ашигт нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул уг шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 195,811,353 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14,100,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 558,870 төгрөг, нийт 210,470,528 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болон фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг ...Зээлийн гэрээ цуцлагдаагүй, зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсэж байсан талаар нэхэмжлэгчид тухай бүр мэдэгдэж байсан, ...зээлийн гэрээг үргэлжлүүлж төлбөрийг төлнө гэж үгүйсгэн маргажээ.

3. ******* болон *******, ******* нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ******* нь 275,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хүнд машин механизм худалдан авах зориулалтаар *******, ******* нарт зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 8-10/

3.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

4. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 275,200,000 төгрөгийг зээлдэгчид 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

4.1 Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийг 2022 оны 07 дугаар сараас зөрчсөн. Мөн нэхэмжлэгчээс гэрээний үүргийн зөрчлийг арилгуулахаар хариуцагч нарт 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар албан бичгээр, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар албан бичгээр тус тус мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлийн гэрээний үүргийн зөрчил арилаагүй байна. /хх 26-27/

Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5.2.3-т зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүү төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн тохиолдолд банк гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, зээл, түүний хүү, холбогдох бусад зардлыг зээлдэгчээр төлүүлнэ гэж заасан.

Иймд анхан шатны шүүх хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

4.2 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг 2022 оны 07 дугаар сараас хойш зөрчсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 195,811,353 төгрөг, хүүгийн төлбөрт 14,100,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 558,870 төгрөг, нийт 210,470,528 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байгааг ялимгүй зөрчилд хамааруулан ойлгохгүй. Иймд хариуцагч нарын ...Зээлийн гэрээг цуцлах хэмжээний доголдол гаргаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 195,811,353 төгрөг, хүүгийн төлбөрт 14,100,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 558,870 төгрөг, нийт 210,470,528 төгрөг төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга /хх 87-88/ гэх нотлох баримтаар тогтоогдсон. Хариуцагч нар үүнийг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 210,470,528 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

5.1 Хариуцагч нар эргэн төлөлт графиктаа хүрэхгүй байгаа талаар банканд тухай бүр мэдэгдэж байсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Иймд энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

6. ******* болон *******, ******* нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, , , гудамж, , хаягт байршилтай, 58.34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. /хх 11-13/

6.1 Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

7. ******* нь *******, ******* нартай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан. Гэрээгээр 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ******* дугаар зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зээлдүүлэгчийн өмчлөлд улсын дугаартай, маркийн, арлын дугаартай, 2022 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн тавцант чиргүүл, улсын дугаартай, маркийн, арлын дугаартай, 2022 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн тавцант чиргүүл, улсын дугаартай, маркийн, арлын дугаартай, 2022 онд үйлдвэрлэсэн, цэнхэр өнгийн зүтгүүр зэргийг тус тус шилжүүлэх, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд зээлдүүлэгч тухайн тавцант чиргүүл болон зүтгүүр зэргийн өмчлөх эрхийг зээлдэгчид буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна. /хх 14-16/

Дээрх фидуцийн гэрээний дагуу тавцант чиргүүл болон зүтгүүр зэргийн өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн, тэдгээр нь бодитоор хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаа болох нь хэргийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх 16, 108 ар/

7.1 Талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч нь хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээний үүрэг дуусгавар болдог.

7.2 Хэргийн баримтаар хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэг 210,470,528 төгрөг болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч шаардлагаа мөнгө гаргуулах, мөнгөө сайн дураар төлөөгүй тохиолдолд фидуцийн зүйлээр хангуулахаар үндэслэлээ тодорхойлсон боловч шаардлагаа фидуцийн зүйлийг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргатай адилтган шаардсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцэхгүй. Иймд шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

8. Харин хариуцагч нар нь шүүхийн шийдвэрт заасан мөнгөн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад барьцааны гэрээгээр тохирсон үл хөдлөх хөрөнгө үүргийн гүйцэтгэл хангахад хүрэлцээгүй тохиолдолд фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

9. Нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн уг зохицуулалтад хамаарах зүйл, хэсгийг баримтлаагүй байгааг зөвтгөнө.

10. Дээрх үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/01155 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 210,470,528.46 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, *******, *******, , гудамж, , хаягт байршилтай, 58.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******, ******* нарт холбогдох, улсын дугаартай, маркийн тавцант чиргүүл, улсын дугаартай, маркийн тавцант чиргүүл, улсын дугаартай маркийн зүтгүүр зэргээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,280,503 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

М.БАЯСГАЛАН