Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00285

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 2-р хороо 3-р хэсэг Их дарь эхийн 2-р гудамжны 22 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Индэрт овогт Базарсадын Энхням /РД:ЦА:80040669, утас:99105885/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1971 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн 122 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Боржигон овогт Жамбалын Баярцэцэг /РД:МЗ:71082601, утас:99825199/

 

Хариуцагч: 1996 онд төрсөн, 20 настай,  эмэгтэй, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн 122 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Боржигон овогт Ганбатын Хулан /РД:МЗ:96051004, утас:99821328/ нарт холбогдох 

 

            2861544 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван, хариуцагч Ж.Баярцэцэг, Г.Хулан, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Г.Мэндбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Энхням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: … Миний бие нь Г.Хулан, Ж.Баярцэцэг нартай 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр болон 2015 оны 08 сарын 27-ны өдөр “Орон сууцны өрөө түрээслүүлэх” гэрээ байгуулан жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 240000 /Хоёр зуун дөчин мянга/ төгрөг, жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 300000 /Гурван зуун мянга/ төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. 2015 оны 3 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй хуримтлуулан төлж, 2015 оны 6-р сараас эхлэн байнгын түрээсийн төлбөрийн өр үүсгэсэн. Миний зүгээс Г.Хулан, Ж.Баярцэцэг нарт түрээсийн төлбөрийг гэрээний дагуу төлөхийг удаа дараа сануулан шаардаж, түрээсийн төлбөрөө төлөх хангалттай хугацаа олгосон боловч удаа дараа худал ярьж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Г.Хулан нь ах Г.Анирын хамт түрээсийн өрөөнд амьдардаг байсан. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр түрээслүүлэгч болох надад мэдэгдэлгүйгээр нүүж байсан ба хөрш айлаас нь мэдээлэл ирсэний дагуу очиход шавьжны хор цацах гэж байна гэж тайлбарласан боловч энэ нь худал байсан ба нууцаар нүүж байсан юм. Ингээд түрээсийн тооцоогоо төлж дуусгасан өдрөөр түрээсийн тооцоог зогсоож, тэр өдөр байрны түлхүүрээ хүлээлцэнэ гэж тохирсон боловч 2015 оны 12 сарын 20-ны өдөр надад байраа болон түлхүүрээ хүлээлгэн өгөлгүйгээр түлхүүрийг байранд орхин явсан байсан. Энэ өдрөөр буюу 2015 оны 12 дугаар 20-ны өдрөөр түрээсийн тооцоог зогсоосон. Мөн давхар цонхны дотор талыг нь хагалсан байсан ба шинээр шиллүүлж өгөлгүйгээр орхин явсаны дараа нь би өөрөө 50000 төгрөгөөр шиллүүлсэн. Уг нь анх би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2861544 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байсан боловч үндсэн нэхэмжлэлээс 2129044 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 732500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Ж.Баярцэцэг, Г.Хулан нар нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 873000 төгрөгний төлбөр төлөөгүй байна гэж бичгээр баталгаа гаргасанаас хойш 2015 оны 12 сарын 20-нд түлхүүрийг авах хүртэлх байрны хөлс мөн гэрээнд заасны дагуу алданги 227500 төгрөг, цонх хагалсаныг шиллэсэн үнэ 50000 төгрөг нийт 732500 төгрөг төлөөгүй үлдсэн. Иймд дээрхи мөнгийг хуулийн дагуу гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Баярцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: .... Манай охин, хүү хоёр Б.Энхнямын эзэмшлийн байранд өрөө хөлсөлж амьдарч байсан нь үнэн. Би хоёр хүүхдийнхээ өмнөөс Б.Энхнямтай гэрээ байгуулсан юм. Тухайн байранд амьдрах хугацаандаа буюу 2015 оны 06 дугаарын 29-ны өдөр 240,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 97,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 250,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 400,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 780,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 240,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 248,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус дансаар Б.Энхнямд шилжүүлж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Б.Энхнямд 4620000 төгрөг төлөх ёстойгоос бүгдийг нь төлж барагдуулсан. Одоо бид Б.Энхнямд ямар ч өр байхгүй гэж үзэж байгаа. Харин төлбөр төлөхөөр болбол цонх хагалсаны 50000 төгрөгийг л төлж болох юм. Бид Б.Энхнямын байрнаас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Тэр өдөр Б.Энхням өөрөө хүрч ирээд надаас баталгаа гаргуулж аваад явсан болохоор энэ өдрөөс эхлэн тасалбар болгон байрны тооцоо зогссон гэж ойлгож байгаа. Иймд нотлох баримтуудыг үндэслэн асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Хулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: .... Миний хувьд ээж болох Ж.Баярцэцэгтэй санал нэг байна. Бид Б.Энхням эгчийн байрнаас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Тэр үед Б.Энхням эгч бид нар дээр хүрч ирээд баталгаа гаргуулж аваад явсан. Тэрнээс хойш тухайн байранд бид нэг ч хоноогүй. Харин байрны түлхүүрийг нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цонхон дээр нь үлдээчихээд явсан. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Б.Энхням эгчийн хэлсэний дагуу тухайн байранд байр хөлсөлж амьдрах сонирхолтой өөр бусад хүмүүст байрыг нь үзүүлж байж байгаад түлхүүрийг нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгөх гэсэн боловч Б.Энхням эгчийн утас нь холбогдохгүй байсан болохоор цонхон дээр нь байрны түлхүүрийг нь үлдээчихээд явсан юм. Иймд хуулийн дагуу асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох

баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхням нь хариуцагч Ж.Баярцэцэг, Г.Хулан нараас анх 2861544 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2129044 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 732500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

Хариуцагч Ж.Баярцэцэг, Г.Хулан нар нь нэхэмжлэгч Б.Энхнямын нэхэмжилсэн 732500 төгрөгийг төлөхгүй, төлөх ёстой мөнгөө бүгдийг нь төлсөн,  харин цонхны шилний үнэ 50000 төгрөгийг төлж болно гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Зохигчдийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 27, 2015 оны 08 дугаар сарын 27-нд тус тус Игэний хуулийн 302 дугаар зүйлд заасан “Орон сууц хөлслөх” гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Энхням нь хариуцагч Ж.Баярцэцэг, Г.Хулан нартай өөрийн өмч болох Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хороо 15-р хороолол 111-р байрны 03 тоотын нийт 39 м2 талбайтай 3 өрөө бүхий орон сууцны нэг өрөөг жил бүрийн 5 сарын 01-нээс 8 сарын 31-ныг хүртэл сар бүрийн 240000 төгрөгөөр, жил бүрийн 9 сарын 01-нээс 4 сарын 30-ныг хүртэл сар бүрийн 300000 төгрөгөөр тус тус хөлслөхөөр тохирч, гэрээг бичгээр үйлдэж, талууд хүсэл зорилгоо илэрхийлж гарын үсэг зурсан ба уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, гэрээ нь хуулийн шаардлага хангасан байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Иймд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Гэрээ байгуулагдсанаас хойш 2015 оны 11 дүгээр сарын 27-ны байдлаар хариуцагч нар 873000 төгрөгний хөлсийг нэхэмжлэгчид төлөх үлдэгдэлтэй байсан байна. Энэ талаар зохигч маргаагүй ба шүүхэд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Харин хариуцагчаас 2015 оны 12 сарын 17-нд 400000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 25-нд 248000 төгрөг тус тус нэхэмжлэгчид төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба үлдэх 225000 төгрөгийг төлөөгүй байна.

 

Иймд дээрхи үлдэгдэл төлбөр болох 225000 төгрөг, гэрээний 4.4-д “хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж зааснаар нэхэмжилсэн алданги болох 227500 төгрөг, хагарсан цонх шиллэсэн үнэ 50000 төгрөг нийт 502500 төгрөгийг  хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 230000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Ж.Баярцэцэг, Г.Хулан нараас 502500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхнямд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 230000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхнямаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60735 төгрөгийг Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баярцэцэг, Г.Хулан нараас улсын тэмдэгтийн хураамжинд 15725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхнямд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Ж.ЭРДЭНЭБАТ.