| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1660 |
| Огноо | 2019-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 1660
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа
улсын яллагч: П.Болормаа
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт С Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906061382308 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт С Б, 19 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Жаргалан суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сумангүн ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, нэг хүүхэд, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД: НМ94010817,
Холбогдсон хэргийн талаар:
С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шөлөндөө хоолны газрын орчим иргэн Б.М нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газарт хоол идэхээр өөрийн найз болох Н, Т нарын хамт явж байсан. Бид нар Шөлөндөө хоолны газрын гадна талын шатан дээр явж байхад 4 эрэгтэй, 3 эмэгтэй хүнтэй таарсан. Би хохирогч М гэх эмэгтэйн нөхөр гэх эрэгтэйтэй маргалдаж эхэлсэн. Би яг юунаас болж маргасныг санахгүй байгаа юм. Тэр хохирогч эмэгтэйн нөхөр болох залуутай маргаад түүнийг цохих гэж байхад хохирогч М дундуур нь орж ирээд цохиулсан байх. Тэгээд энэ асуудлаас болж тухайн газарт зодоон болсон. Миний хамраас цус гарсан байсан. Миний нүүр чихийг маажсан байсан. Би цохиж зодсоноо мэдэхгүй байгаа юм. Бид нар тухайн үед Россия пабад ороод 100 грамм виски уучихсан явж байсан юм. Мөн кино үйлдвэрийн бааранд орж ганц нэг шил пиво уусан байсан юм гэжээ. /хх-ийн 17/
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газарт нөхөр Б, найз Н, У нарын хамт хоол идчихээд гарч явсан. Бид нар гадна талых нь шатан дээр явж байтал нэг залуу манай нөхрөөс гал байна уу гэж асуусан. Гэтэл манай нөхөр гал байхгүй галаа бэлдэж явахад яадгийн гэж хэлсэн. Энэ асуудлаас болоод маргаан гарсан. Гурван залуугийн нэг согтуу залуу нь манай нөхрийг цохиод авахаар нь би очоод нөхрөө авах гэтэл нэг намхан залуу миний нүүрэн тус газарт цохиод авсан. Миний шүд эмтрэх шиг болохоор нь би чи яагаад давраад байгаа юм гэж хэлтэл намайг дахиад цохиод авсан. Намайг намхан биетэй Б гэдэг залуу зодсон. Би гомдолтой байна гэжээ. /хх-н 4-11/
Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө би найзууд болох Б, Н нартай Россия ресторанд орсон. Бид нар уг газарт пиво уугаад тэндээсээ гараад Кино үйлдвэрийн орчимд байдаг нэг бааранд орж мөн пиво ууцгаасан. Тэндээсээ гараад Шөлөндөө хоолны газарт орсон. Шөлөндөө хоолны газарт хоолонд орохоор явж байхдаа гадна шатан дээр нь хэдэн хүнтэй таараад маргаан зодоон болсон. Юунаас болж маргаж зодолдсоныг мэдэхгүй байна. Надруу баахан хүмүүс дайраад байсан. Намайг тал талаас зодож цохисон. Нэг эмэгтэй миний шүд гээл байсан. Тэгж байтал цагдаа ирсэн гэжээ. /хх-н 18-19/
Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найз нарыхаа хамт Шөлөндөө хоолны газарт орж хоол идэхээр явж байтал хоолны газрын гаднах шатан дээр Т, Б хоёр хэдэн хүмүүстэй маргалдаж зодоон болсон. Намайг эргээд харахад Т, Б хоёр нөгөө хүмүүстэй зууралдаад зогсож байсан. Намайг салгах гэхэд Б мултраад явсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн гэжээ. /хх-н 20-21/
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 04.00 цагийн орчимд эхнэр М, найз Н, түүний эхнэр У нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газарт хоол идээд гарч явж байгаад гадна талын шатан дээр нь гурван залуу явж байхаар нь гал асуусан. Гэтэл эрүүлжүүлхэд ордог Т гэдэг залуу галыг чинь бэлдэж өгөх ёстой юу гэж асууснаас болоод маргаан гарсан. Т гэх залуу миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Энэ үед манай эхнэр М намайг явий гээд над дээр ирсэн. Энэ үед түүнтэй хамт явж байсан залуу манай эхнэрийг цохисон юм шиг байсан. Манай эхнэр шүд гэхээр нь би эхнэрээ өмөөрөөд Т хойш нь түлхсэн. Тэгж байтал цагдаа нар ирсэн гэжээ. /хх-н 22-23/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 12/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12315 тоот дүгнэлт:
1.Б.М биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5..6.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 13/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 14-15/
С.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 57/,ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 25 /
С.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 34/, прокурорын тогтоол /хх-н 35-36/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-38/
С.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 44-45/ зэрэг болно.
С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шөлөндөө хоолны газрын орчим иргэн Б.М нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Гурван залуугийн нэг согтуу залуу нь манай нөхрийг цохиод авахаар нь би очоод нөхрөө авах гэтэл нэг намхан залуу миний нүүрэн тус газарт цохиод авсан. Миний шүд эмтрэх шиг болохоор нь би чи яагаад давраад байгаа юм гэж хэлтэл намайг дахиад цохиод авсан. Намайг намхан биетэй Батбаяр гэдэг залуу зодсон. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-н 4-11/
Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Шөлөндөө хоолны газарт хоолонд орохоор явж байхдаа гадна шатан дээр нь хэдэн хүнтэй таараад маргаан зодоон болсон. Юунаас болж маргаж зодолдсоныг мэдэхгүй байна. Надруу баахан хүмүүс дайраад байсан. Намайг тал талаас зодож цохисон. Нэг эмэгтэй миний шүд гээл байсан. Тэгж байтал цагдаа ирсэн гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/
Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...хоолны газрын гаднах шатан дээр Т, Б хоёр хэдэн хүмүүстэй маргалдаж зодоон болсон. Намайг эргээд харахад Т, Б хоёр нөгөө хүмүүстэй зууралдаад зогсож байсан. Намайг салгах гэхэд Б мултраад явсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Т гэдэг залуу галыг чинь бэлдэж өгөх ёстой юу гэж асууснаас болоод маргаан гарсан. Т гэх залуу миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Энэ үед манай эхнэр М намайг явий гээд над дээр ирсэн. Энэ үед түүнтэй хамт явж байсан залуу манай эхнэрийг цохисон юм шиг байсан. Манай эхнэр шүд гэхээр нь би эхнэрээ өмөөрөөд Т хойш нь түлхсэн. Тэгж байтал цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12315 тоот дүгнэлтээр Б.М биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тогтоогджээ. /хх-н 13/
Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би хохирогч М гэх эмэгтэйн нөхөр гэх эрэгтэйтэй маргалдаж эхэлсэн. Би яг юунаас болж маргасныг санахгүй байгаа юм. Тэр хохирогч эмэгтэйн нөхөр болох залуутай маргаад түүнийг цохих гэж байхад хохирогч М дундуур нь орж ирээд цохиулсан байх. Тэгээд энэ асуудлаас болж тухайн газарт зодоон болсон. Миний хамраас цус гарсан байсан. Миний нүүр чихийг маажсан байсан. Би цохиж зодсоноо мэдэхгүй байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
С.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.Түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.М нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул С.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх С.Б хуулинд зааснаар өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлаж өмгөөлөгчөөр хангасан боловч өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ гаргаж өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх С.Б ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж мөн С.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын тавьсан торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М овогт С Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН