Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1730

 

“Мехлопат” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/00404 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Мехлопат” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Алтайн хүдэр” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 112 419 340 төгрөг гаргуулах тухай,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 847 769 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Батхуяг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь “Алтайн хүдэр” ХХК-д 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр туршилтаар өрмийн хошуу өгч, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 6 319 500 төгрөгийг хариуцагч төлсөн. Мөн гэрээгүй 2015 оны 01 дүгээр сарын 05, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрүүдэд экскаваторын шүд, түүний дагалдах хэрэгслүүдийг 15 631 440 төгрөгөөр худалдан авсан боловч үнийг төлөөгүй байна. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр МЕ-БОО/15/10 тоот Хитачи ЕХ-6-2500 экскаваторын шүд, шүдний түгжээг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр 87 989 000 төгрөгийн барааг 50 хоногийн хугацаанд өөрийн агуулахаас нийлүүлэхээр тохиролцсон болно.

“Мехлопат” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж 87 989 000 төгрөгийн барааг нийлүүлсэн, өмнөх барааны 15 631 440 төгрөг, нийт 103 620 440 төгрөгөөр тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Гэрээний 3.2-т төлбөр төлөх нөхцөл нь худалдан авагч барааг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор төлбөрийг худалдагчид төлөхөөр заасан бөгөөд гэрээний алданги 6.3-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх бөгөөд гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Хариуцагч “Алтайн хүдэр” ХХК нь гэрээний 5.1.1-д заасан үүргийн дагуу барааг шалган баримтаар хүлээн авсан бөгөөд 3.2-т заасан төлбөр төлөх нөхцөлийн дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрсэн болно. Хариуцагчийн төлбөр төлөх хугацаа 200 хоног давсан бөгөөд алданги 10 хувиас дээш хэтэрсэн тул гэрээнд заасан үнийн дүнгийн 10 хувиар 8 798 900 төгрөгийн алданги тооцогдож, тооцоо нийлсэн үлдэгдэл 103 620 440 төгрөг, нийт 112 419 340 төгрөгийг “Алтайн хүдэр” ХХК-иас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтайн хүдэр” ХХК болон “Мехлопат” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр экскаваторын шүд 40 ширхэг, 10 ширхэг түгжээг худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан. Уул уурхайн салбарт үүссэн санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан экспорт бүрэн зогсч гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн. Энэхүү нөхцөл байдлыг Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас тогтоож хүнд нөхцөл байдлын гэрчилгээг олгосон. Өөрөөр хэлбэл, үүргээ биелүүлээгүй нь “Алтайн хүдэр” ХХК-ийн шууд санаатай үйлдэл биш бусад давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн гэдгийг баталгаажуулсан байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллийн улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээний дагуу биелүүлэх үүрэг хойшлох бөгөөд хугацаа хэтрүүлсний алдангиас чөлөөлөгдөхөөр байна. 2016 оны 6 сараас уурхай маань ашиглалтад орж эхэлсэн учир бага хэмжээгээр ч болов төлбөрөө төлж эхэлсэн байдаг.

Иймд нийт 87 989 000 төгрөгөөс 13 620 440 төгрөгийг төлсөн учир үлдэгдэл төлбөр болох 74 368 560 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн 2015 онд “Алтайн хүдэр” ХХК-д хүлээлгэн өгсөн гэх 15 631 440 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь баримтаар нотлогддоггүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т заасны дагуу худалдагч тал нь гэрээний зүйлийг талууд гэрээг баталгаажуулсан өдрөөс хойш хуанлийн 50 хоногийн дотор Улаанбаатар хот дахь өөрийн агуулахаас холбогдох бичиг баримтын хамт нийлүүлнэ хэмээн заасан. Худалдагч тал гэрээний зүйлийг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч гэрээний зүйлийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нийт 21 хоног хэтрүүлэн нийлүүлсэн.

Иймд гэрээний 6.3-т заасны дагуу алданги 1 847 769 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Алтайн хүдэр” ХХК-иас 98 798 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мехлопат” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Мехлопат” ХХК-иас 1 847 769 төгрөгийг гаргуулан хариуцагч “Алтайн хүдэр” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагчаас тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720 000 төгрөг болон 44 515 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч “Алтайн хүдэр” ХХК-иас 720 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мехлопат” ХХК-д, нэхэмжлэгч “Мехлопат” ХХК-иас 44 515 төгрөгийг гаргуулан хариуцагч “Алтайн хүдэр” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

  • х "Алтайн Хүдэр" ХХК-иас 15 631 440 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг харгалзан үзэж, үнэлээгүй бөгөөд "Алтайн хүдэр" ХХК дээрх төлбөрийн талаар маргаагүй гэж үзсэн байдаг. Манай компанийн хувьд 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан тайлбартаа энэ талаар дурдаагүй бөгөөд учир нь барааг хүлээн авсан эсэх талаар дотоод санхүүгийн шалгалтыг явуулж байсан. Харин шүүх хуралдааны явцад барааг хүлээн аваагүй бөгөөд төлбөрийг төлөх үндэслэлгүй, түүнчлэн тооцоо нийлсэн акт гэх баримт нь бодит санхүүгийн тооцоололд үндэслээгүй талаар дурдсан боловч шүүх хариуцагчийн тайлбарыг харгалзан үзэж, нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлаагүй байна.

Нэхэмжлэгчийн 15 631 440 төгрөгийн барааг хүлээлгэн өгснийг нотолж шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 01 дүгээр сарын 05, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байдаг.

"Алтайн Хүдэр" ХХК-иас 15 631 440 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн ганц үндэслэсэн баримт нь тооцоо нийлсэн акт юм. Уг тооцоо нийлсэн гэх баримтад нягтлан бодогч дангаар гарын үсэг зурсан байдаг бөгөөд шүүгч нягтлан бодогчийг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэг заасан эрх бүхий этгээд гэж үзсэн байна. Гэтэл хуульд нягтлан бодогчийг эрх бүхий албан тушаалтан гэсэн ойлголтод хамааруулаагүй бөгөөд зөвхөн ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн албаны даргыг хамаарахаар нэрлэж заасан. Түүнчлэн хуулийн томьёоллын дагуу компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг эрх бүхий албан тушаалтан гэж үзэж болохоор заасан хэдий ч компанийн дүрэм, журам болон хуульд заасан үндсэн томьёоллын хувьд нягтлан бодогч нь итгэмжлэлгүйгээр компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээдэд хамаарахгүй юм.

Шүүх талуудын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний алдангид 8 798 900 төгрөгийг “Алтайн хүдэр” ХХК-иар гаргуулахаар шийдвэрлэсэн. “Алтайн хүдэр” ХХК нь гэрээний төлбөрийг хугацаандаа төлөхийг эрмэлзэж ажиллаж байсан. Гэвч уул уурхайн салбарт үүссэн санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан компанийн орлогын гол эх үүсвэр болсон уурхайн үйл ажиллагаа болон экспортын үйл ажиллагаа бүрэн зосч бид гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Энэхүү нөхцөл байдлыг Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас тогтоож хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгосон. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргээ биелүүлээгүй нь “Алтайн хүдэр” ХХК-ийн шууд санаатай үйлдэл бус давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн гэдгийг баталгаажуулсан байна.

  • Алтайн хүдэр” ХХК дээр дурдсан нөхцөл байдал үүссэн талаар "Мехлопат" ХХК-д удаа дараа албан бичгээр болон уулзалтын үеэр мэдэгдэж байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээний дагуу гүйцэтгэх хугацаа нь энэхүү  нөхцөл байдал үргэлжлэх хүртэлх хугацаагаар хойшилно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, өмнө дурдсан гэрээний зохицуулалтын дагуу “Алтайн хүдэр” ХХК нь “Мехлопат” ХХК-д төлөх төлбөрийн үүрэг хойшлох бөгөөд гэрээний дагуу хугацаа хэтрүүлсний алдангиас мөн чөлөөлөгдөхөөр заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 2015 оны 01 дүгээр сарын 05, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нийлүүлсэн гэх экскаваторын шүд, түүний дагалдах хэрэгслийн төлбөр 15 631 440 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги болох 8 798 900 төгрөг, нийт 24 430 340 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Мехлопат” ХХК нь хариуцагч “Алтайн хүдэр” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 112 419 340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 01 дүгээр сарын 05, 2015 оны 03 дугаар сарын 19, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнүүдийг үндэслэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 05, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нийт 15 631 440 төгрөгийн үнэ бүхий эд юмсыг хариуцагчид шилжүүлэн өгсөн, хариуцагч худалдан авсан эд юмсын үнийн дүнг төлөөгүй болох нь талуудын хооронд үйлдсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Уг баримтад хариуцагч байгууллагын нягтлан бодогч гарын зурсан нь хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гэж хариуцагч тал тайлбарлах боловч гарын үсэг зурсан этгээд болох Б.Болормааг өөрийн ажилтан биш гэж, баримтад дарагдсан тэмдгийг үгүйсгээгүй.

 

Хариуцагч байгууллага нь ерөнхий нягтлан бодогчтой гэх тайлбар, баримт гаргаж өгөөгүй тохиолдолд төлбөр тооцооны баримтад гарын үсэг зурсан Б.Болормааг нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, 20 дугаар зүйлийн 20.2.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагатай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулсан гэж үзнэ.

 

Иймд хариуцагч байгууллага нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан хөрөнгийн үнийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй тул шүүх хариуцагчаас 15 631 440 төгрөгийг байгуулж нэхэмжлэгчид олгосон нь зөв болжээ.

 

“Мехлопат” ХХК болон “Алтайн хүдэр” ХХК-ийн хооронд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр МЕ-БОО/15/10 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр ЕХ-6-2500 экскаваторын шүд 40 ширхэг, нэгжийн үнэ 1 830 000 төгрөг, нийт      73 200 000 төгрөг, шүдний түгжээ 10 ширхэг, нэгжийн үнэ 679 000 төгрөг, нийт 6 790 000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 7 999 000 төгрөг, нийт 87 989 000 төгрөгөөр  тохиролцож үнийг хариуцагч төлөх, эд юмсыг нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээж, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 87 989 000 төгрөгийн бараа нийлүүлсэн, хариуцагч нь гэрээний төлбөрт 13 620 440 төгрөгийг төлсөн талаарх үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Гэрээний 6.3 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд шүүх хариуцагчаас 87 989 000 төгрөгийг алданги 8 798 900 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь зөв болжээ.

 

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/464 тоот Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ цаг хугацааны хувьд нэхэмжлэл гарснаас хойш олгогдсон бөгөөд уг гэрчилгээ нь хариуцагч байгууллагын бусдын өмнө хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч “Мехлопат” ХХК нь хариуцагч “Алтан хүдэр” ХХК-ийн алдангид 1 847 769 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүх нэхэмжлэлээс 13 620 440 төгрөгийг хэрэгсэхгүй болгох талаар дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсныг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/00404 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “олгож,” гэсний дараа “нэхэмжлэлээс 13 620 440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,” гэж нэмж оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Алтайн хүдэр” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

           

                                                                                    Э.ЗОЛЗАЯА