Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 502

 

 

 

 

 

 

 

 

 

     С.Лхамаа, С.Баасанжав, Ч.Гантулга нарт

      холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Эрдэнэбаатар,

хохирогч, шүүгдэгч С.Баасанжав, шүүгдэгч С.Лхамаа нарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

хохирогч, шүүгдэгч Ч.Гантулга, түүний өмгөөлөгч Ц.Байгалмаа, Д.Тамир,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 524 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн С.Баасанжав, С.Лхамаа, Ч.Гантулга нарт холбогдох 201626011112 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Мянгад овгийн Сонинбаярын Баасанжав, 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш-дасгалжуулагч мэргэжилтэй, “Моника” бааранд хамгаалагч ажилтай гэх, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран 10-20 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ВА92042412/

 

2. Боржигон овгийн Сонинбаярын Лхамаа, 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, Хөгжим бүжгийн коллежийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, хэрэгт холбогдох үедээ “Моника” бааранд хамгаалагчаар ажиллаж байсан гэх, ам бүл 7; эцэг, эх, ах, дүү, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6-15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ВА94072016/

 

3. Шаргалжуут овгийн Чимэддоржийн Гантулга, 1973 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2; эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 44-2205 тоотод оршин суух,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: Т373072019/,

 

С.Баасанжав, С.Лхамаа нар бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Оакланд”, “Моника” баарны гадна иргэн Х.Батсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн үедээ Ч.Гантулгыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Ч.Гантулга нь С.Баасанжавыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Баасанжав, С.Лхамаа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар, Ч.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.  

Хавтаст хэрэгт 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр дахин шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоолын дагуу шинжилгээ бүрэн хийгдээгүй байна. Учир нь дээрх тогтоолын дагуу хохирогч Х.Батсайхан, Ч.Гантулга нарт учирсан гэмтлийн зэргийг дахин шинжилгээ хийж тогтоосон боловч хохирогч С.Баасанжавт учирсан гэмтлийн зэргийг тогтоогоогүй, түүнд холбогдох хэсгийг орхигдуулжээ. /хх-159-165/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Батсайханы “2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр дахин шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоолын дагуу гарсан 274б гэсэн дүгнэлтийг хохирогч намайг үзээгүй байж үзсэн мэтээр үзлэгээр үзэхэд гэж худал дүгнэлт гаргасан” гэх, С.Баасанжавын “Батсайхан эхэлж над руу юм шидсэнээс болж энэ маргаан гарсан. Батсайхан намайг маажиж, цохиж надаа хөнгөн гэмтлийг учруулсан. Харин хөлний хүндэвтэр гэмтлийг Гантулга учруулсан” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна гэсэн үндэслэлийг заан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, шүүгдэгч С.Баасанжав, С.Лхамаа, Ч.Гантулга нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Эрдэнэбаатар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №11966 дугаар шинжээчийн дүгнэлтэд “С.Баасанжавын биед гадна талын хажуугийн холбоосны бүрэн язрал, гадна минискний нийлмэл урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт гарсан бөгөөд хохирогч С.Баасанжав нь уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч ямар нэгэн санал хүсэлтгүй талаараа дүгнэлттэй танилцсан тэмдэглэлд дурьдсан байна.

Мөн яллагдагч Ч.Гантулга нь шинжээчийн дүгнэлттэй танилцаад “Баасанжавт үүссэн гэмтэл нь 2016 оны 7 дугаар сард бар ажиллуулж эхлэхдээ 2 хөл нь доголон хазагнаж явдаг байсан. Бөх барилдаж байгаад гэмтээсэн гэж ярьдаг байсан” гэсэн санал хүсэлт гаргасны дагуу шинжээчийг байцаасан. Мөрдөн байцаагчийн зүгээс удаа дараа хохирогч С.Баасанжавт шүүх эмнэлэгт биечлэн очиж үзүүлэх шаардлагатай талаар хэлэхэд “Сэлэнгэ аймагт аавын бие муудаад явсан, шүүх эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагагүй, шинжээчийн дүгнэлтийн талаар санал хүсэлт байхгүй” гэх шалтгаанаар очиж үзүүлээгүй байна. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 04/776 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан бичигт дурьдсан.

Иймд учирсан гэмтлийн талаар ямар нэгэн маргаангүй гэмтлийн хүндэвтэр зэрэг учирсан нь тодорхой, шинжээчийн дүгнэлтэд тодорхойгүй, бүрэн бус, эргэлзээтэй зэрэг дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох үндэслэл тогтоогдохгүй байх тул С.Баасанжавын биед учирсан гэмтэл, шархыг дахин тогтоох шаардлагагүй.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №274Б дугаартай шинжээчийн дүгнэлтээр “2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр комисс шинжээч эмч нарын хамтарсан үзлэгт: Зовиур: Одоогоор онцын зовиургүй. Биеийн ерөнхий байдал хөнгөн, ухаан санаа саруул, байрлал идэвхтэй, хүүхэн харааны хэлбэр хоёр талд жигд ижил хэлбэр зөв дугираг, гэрлийн урвалд жигд оролцоно, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн. Хэсэг газрын үзлэгт: Ил харагдах гэмтэлгүй гэснээс дүгнэхэд хохирогч Х.Батсайханыг үзэлгүйгээр дүгнэлт гаргасан гэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулан хохирогч С.Баасанжавын биед учирсан гэмтлийн шинж байдал, шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хохирогчийн биеийг үзсэн зэрэг нөхцөл байдлыг нь тодруулах бүрэн боломжтой байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар дараах нотлох баримтуудаар Батсайхан нь гэмт үйлдэлд оролцоогүй болох нь тогтоогддог. Үүнд: Гэрч А.Сүхбаатар, Б.Марал-Эрдэнэ нарын мэдүүлэг.

Шинжээч нь хохирогч С.Баасанжавын биед үзлэг хийн түүний биед учирсан гэмтлийг хүндэвтэр зэргийн гэмтэл болохыг тогтоон, өөр байдлаар биед нь гэмтлийн зэрэгт хамаарахуйц хэмжээний гэмтэл үүссэн талаар дурдаагүй байдаг. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгээр яллагдагч нарыг гэмт хэргийн оролцоо, хэр хэмжээг тогтоож, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байдалд дүгнэлт өгөх боломжтой билээ.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч С.Баасанжав, шүүгдэгч С.Лхамаа нарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. С.Баасанжав хөлдөө хуучин гэмтэлтэй байсан ч юм шиг гэрчийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан. С.Баасанжав өөрөө “би урьд нь хэзээ ч гэмтэж байгаагүй” гэдэг. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн шинжилгээ хийлгэх тухай тогтоолын 5 дугаар заалтад “гэмтлийн хуучин, шинэ аль нь болохыг тодорхойл” гэсэн байсан. Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгээр С.Баасанжавын гэмтлийн шинэ, хуучин аль нь болохыг тодорхойлох боломжгүй. Тусгай мэдлэг шаарддаг учир энэ ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай. С.Баасанжавын холбогдсон хохирогч Х.Батсайханы утсыг гэмтээсэн хэрэг Баянзүрх дүүргийн эрүүгийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгааг хохирогч өөрөө хэлдэг. Хохирсон гэж буй Х.Батсайханы дотны найз Сүхбатбаатар гэрчээр мэдүүлэг өгөхдөө “С.Баасанжав Х.Батсайханыг цохьсон. Би яг харсан” гэж хэлсэн байхад С.Лхамааг Х.Батсайханыг зодсон гэж яллах дүгнэлт үйлдэж байгаа нь үндэслэлгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Ч.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хэргийг их удаан шалгаж байна. Х.Батсайхан бид хоёр эдгээр хүмүүст зодуулж хохироод өргөдөл гаргасан. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл С.Баасанжав зүгээр ажлаа хийж байсан бөгөөд мөрдөн байцаагч дуудахад л эмнэлэгт үзүүлсэн. Эдгээр хүмүүс 7 дугаар сард манай хажуугийн баарыг түрээсэлж ажиллуулж эхэлсэн. Түүнээс хойш тэр хавийн зэрэгцээ 5 баарны хамгаалагч, угтагч нарыг зодож дээрэлхдэг байдлаас ийм асуудал үүссэн. Прокурорын шат, шүүхийн шатанд С.Баасанжав, С.Лхамаа нар ирдэггүй. Би ажлаа хийхээ болиод 2 сар болж байна. Одоо болих байх гэж бодохоор С.Баасанжав, С.Лхамаа нар улам дайрч, хэрүүл хийж байна. 4 дүгээр сард миний оронд ажилд орсон залууг эдний хамгаалагч нь зодож, эрүүг нь хугалсан хэрэг шалгагдаж байгаа. Би хэргийг хурдан шийдвэрлэгдээсэй гэж хүсч байна.” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Ч.Гантулгын өмгөөлөгч Ц.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь С.Баасанжавд учруулсан өвдөгний гэмтлийг Ч.Гантулга санаатайгаар учруулаагүй гэдэг нь гэрч Жавзандуламын “Бааска хойш ухрахдаа боржуур дээр хальт гишгээд цааш унасан” гэх мэдүүлэг. С.Лхамаагийн “Бааска хамж унахдаа ийм асуудал болсон” гэх мэдүүлэг. Баасанжаваас яагаад унасан бэ гэж асуухад “хашлага таараад, би ухрахдаа хашлаганд тээглээд унасан” гэж хэлсэн зэргээр тогтоогдож байна. Энэ гэмтэл ямар ч гэмтэл байсан Ч.Гантулга санаатайгаар учруулаагүй. Иймд гэмтлийг нэмж шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан бүтэн өдөр үргэлжилсэн. Шүүх хуралдааны явцад дахин шинжилгээ хийх тогтоолын талаар яригдсан. Шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж шүүх хуралдааныг хийсэн атлаа дараа нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Х.Батсайханыг сэжигтнээр татаж шалгах талаар шүүгч шийдвэрээ уншихдаа хэлээгүй атлаа шүүгчийн захирамж бичиж гарахдаа Х.Батсайханыг шалгуулах талаар бичсэн байсан. Шүүх шийдвэрээ уншихдаа “гэрч, шинжээч нарыг шалгуулах шаардлагатай” гэсэн боловч энэ нь шүүгчийн захирамжид огт бичигдээгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад С.Баасанжавын өгсөн мэдүүлэгт маш их засвар оруулж “Бид хоёр нэг нэгийгээ хэл амаар доромжлоод” гэж хэлснийг “Х.Батсайхан намайг хэл амаар доромжлоод” гэж хэлсэн болгож бичсэн байсан. Мөн С.Баасанжавын огт хэлээгүй үгийг буюу “Намайг өмөөрдөг хүн байдаг юм шүү” гэж хэлээд дуудсан мэтээр бичсэн байсан. Иймд би шүүх хуралдааны тэмдэглэлд засвар хийх хүсэлт гаргасан. Шүүх хуралдаанд прокурор “Х.Батсайханд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй, хэрүүл хийсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхгүй” гэж хэлээд байхад шүүх яллах байр суурийг баримталж, нотлогдоогүй байхад гэм буруугүйд тооцох зарчмыг хэрэглэлгүй хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй.” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Ч.Гантулгын өмгөөлөгч Д.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Х.Батсайханы гэмтлийн зэргийг тогтоох нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэсэнтэй санал нэгдэж байна. С.Баасанжавын түлхэж унагаасан үйлдлээс болж савны хазайлт болж, түүнээс улбаатайгаар эмчилгээ хийсэн тухай яригддаг боловч энэ талаар огт шалгаагүй, зөвхөн тархи доргилт гэх гэмтэл учирсан гэдэг байдлаар гэмтлийн зэргийг тогтоосон. С.Баасанжавын үйлдлийн улмаас хохирогч унаснаас болж хохирогчид ямар гэмтэл учирсан бэ, хохирогч хагалгаанд орсон нь энэ гэмтэлтэй холбоотой юу зэрэг байдлыг тодруулах шаардлагатай.” гэв.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

            С.Баасанжав, С.Лхамаа, Ч.Гантулга нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж агуулгын хувьд үндэслэл бүхий байна.

 

Мөрдөн байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Дахин шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тухай” тогтоолын дагуу шинжилгээ хийхдээ хохирогч С.Баасанжавт учирсан гэмтлийг дахин шинжлэх ажиллагаа хийгдээгүй. Түүнд учирсан гэмтэл шинэ, хуучин эсэхийг тогтоох нь хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх тул бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээг заавал хийх шаардлагатай.

 

Харин шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт бичигдсэн хоёр дахь үндэслэл нь тодорхой бус, ойлгомжгүй болжээ. Хохирогч Х.Батсайханд учирсан гэмтэл нь хоёр удаагийн шинжилгээгээр нэг мөр тогтоогдсон байна.

 

Шүүгчийн захирамжид “...хохирогч С.Баасанжавын... мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай...” /2-р хх 114/ гэснээс үзэхэд шүүх чухам ямар асуудлыг хөндөж шалгах шаардлагатайг тодорхой, ойлгомжтой заагаагүй учраас энэ хэсгийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгчийн захирамжаас гадна дараах асуудлуудаар нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай. Үүнд:

 

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 648 дугаар прокурорын тогтоол /2-р хх 111/-оор С.Лхамаад холбогдох хэргийг, мөн өдрийн 649 дүгээр прокурорын тогтоол /2-р хх 113/-оор Ч.Гантулгад холбогдох хэргийг тус тус нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн өдрийн 233 дугаар прокурорын тогтоол /2-р хх 115/-оор С.Баасанжавт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 454 тоот яллах дүгнэлт /2-р хх 116/ үйлдсэн байна.

 

Ч.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх 649 дүгээр прокурорын тогтоолыг хохирогч С.Баасанжав эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаснаар Баянзүрх дүүргийн прокурор хэргийг хянаж, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаар тогтоолоор С.Лхамаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон 648 дугаартай, ял өөрчлөн сонсгосон 233 дугаартай прокурорын тогтоолууд болон 454 дүгээр яллах дүгнэлтийг тус тус хүчингүй болгоод, 649 дүгээр тогтоолыг хөндөлгүй орхисон байна.

Ингэснээр Ч.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 649 дүгээр прокурорын тогтоол хүчинтэй хэвээр байхад түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь туйлын ойлгомжгүй байна.

 

2. Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан байдлыг “яллагдагч С.Баасанжав, С.Лхамаа нар Х.Батсайхан, Ч.Гантулга нарыг зодож хөнгөн гэмтэл учруулсан”, “Ч.Гантулга нь С.Баасанжавыг зодож хүндэвтэр гэмт учруулсан” гэж тусгажээ. Хохирогчдыг хэрхэн зодож гэмтээсэн буюу гэмт хэрэг гарсан байдлыг тодорхой бичээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт “... Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан хэрэгт яллагдагч байгаа, уг хэргийг хэзээ, хаана үйлдсэн болон бусад ямар байдал тогтоогдсныг бичнэ.”, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт “... үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго... зэргийг дурьдана”, мөн зүйлийн 218.3 дахь хэсэгт “...Тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирох...-ийг бичнэ.” гэж заасан хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл зодоонд оролцсон гэх байдлаар ерөнхийлөн бичсэн нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, сонсгосон ялын тайлбар гаргах яллагдагчийн эрхийг хөндсөн байна.  

 

Нөгөө талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Байгалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд “Ч.Гантулга санаатай гэмтэл учруулаагүй, хохирогч санамсаргүй унахдаа хөлөө гэмтээсэн тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй” гэснийг анхаарч хохирогч С.Баасанжавт гэмтэл учирсан гэмт хэрэг гарсан байдал, Ч.Гантулгын гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэлт, санаа, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нэг бүрчлэн шалгаж тогтоох шаардлагатай.

 

3. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Тамирын “Батхуяг, С.Баасанжав нар хохирогч Х.Батсайхан нарыг зодсон үйлдэлд тусдаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэсэн тайлбар гаргасан тул шүүгдэгч нартай холбоотой өөр хэрэг байгаа эсэхийг тодруулж,  хэрэв байвал нэгтгэн шалгаж, шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

4. Яллагдагч Ч.Гантулгын өмнө ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар гаргацгүй байгаагаас түүний хувийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

Иймд шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгээс “гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шалгаж тодруулах” гэснийг хүчингүй болгож, үүнтэй холбоотой бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамж болон энэ магадлалаар нэмж заасан асуудлуудыг шалгуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

                       

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 524 дүгээр шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгээс “... гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шалгаж тодруулах...” гэснийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээс дээрх үндэслэлээр бичсэн хэсгийг хүлээн авч, бусад заалтыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

М.ПҮРЭВСҮРЭН