| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 2210005990332 |
| Дугаар | 2024/ХШТ/127 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ХШТ/127
М.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, хохирогч нарын өмгөөлөгч Б.Ууганбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 583 дугаар магадлалтай, М.Т-д холбогдох эрүүгийн 2210005990332 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор З.Бат-Амгалангийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч А.А, Э.У, Ж.Т, С.Ц нарын өмгөөлөгч Б.Ууганбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны электроникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт М-ын Т.
М.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Гэгээнтэн хотхоны ** дугаар байрны ** тоот гэртээ байхдаа “1xbet” нэртэй олон улсын хэмжээнд бооцоо тавих үйлчилгээ үзүүлдэг тоглоомонд бооцоо тавих зорилгоор хохирогч А.А-ийн харилцах данс, нууц дугаарыг мэддэг байдлаа ашиглан түүний данснаас 43,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан А.А 43,000,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Гэгээнтэн хотхоны ** дугаар байрны ** тоот гэртээ байхдаа А.А-ийн фейсбүүк хаягаар Э.У, Ж.Т, С.Ц нартай холбогдож Хаан банкны ****** тоот дансандаа 255,000,000 төгрөгтэй мэтээр хуурч, бодит байдлыг нууж, удахгүй буцааж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр Э.У-аас 20,000,000 төгрөг, Ж.Т-аас 93,000,000 төгрөг, С.Ц-ээс 45,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг өөрийн ****** дугаартай тоглогчийн дансанд тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 158,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар цагаатгах тогтоолоор прокуророос М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, хохирогч А.А, С.Ц, Э.У, Ж.Т нарын хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хохирогч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж 583 дугаар магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгч Б.Ууганбаатарын гомдол болон прокурор З.Бат-Амгалангийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч нарын өмгөөлөгч Б.Ууганбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаад хэлсэн саналдаа: Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хэргийн товч утга: 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр М.Т холбогдох хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, М.Т-ийн үйлдсэн гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, хохирогч нарын хохирлыг хэлэлцэхгүй орхисон. Мөн давж заалдах шатны шүүх магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох сүсэг бишрэлийг далимдуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж чанар хангагдах учиртай. Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилгоор өмчлөгчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг бөгөөд гэмт үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо заавал байхыг шаарддаг. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан байдаг бөгөөд гэмт этгээд шиг олох гэсэн шунахай сэдэлт зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр хууль бусаар авсан үйлдэл байдаг, дээрх шинжүүд бүгд хангагддаг. Эрүүгийн хариуцлага нь тухай үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг шаарддаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан дүгнэлт, тогтоол, магадлал гэмт хэрэгтнийг өөгшүүлсэн, ял завшуулсан үйлдэл боллоо гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэмт хэргийн ойлголт шинж чанар тухайн хууль тогтоомжид заасанчлан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Үүгээрээ ч хариуцлага оногдуулдаг. М.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг дээрх шинжийг агуулсан, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирол, хор уршиг бий болсон байдал юм. Өнөөдрийг хүртэл тухайн хор уршиг тасраагүй үргэлжлэн миний үйлчлүүлэгч нар хохирсоор байна. М.Т нь тухайн хэрэг хийсэн талаар, нийгэмд учруулсан хор уршгийг арилгахаа илэрхийлсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан мөн гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусдад их хэмжээний хохирол хор уршиг учруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар хангалттай бэхжүүлэн хавтаст хэрэгт хавсарган, прокурор яллах дүгнэлт үйлдэн өгсөөр байтал мөрдөгч болон прокурорын хийсэн ажлыг үнэгүйдүүлэн, гэмт хэрэгтнийг өөгшүүлж ял завшуулан цагаатгаж байгаад харамсалтай байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хурал дээр хохирогч нарт учруулсан гэм хорыг огт авч хэлэлцээгүй. Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1, 486.2, 486.3-т үндэслэн тоглоомын мөрийний талаар заасныг үндэслэн тогтоол, магадлалд тоглоом мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй мөн эргүүлэн шаардаж болохгүй гэснийг үнэлжээ. Гэтэл уг Иргэний хуулийн заалтад байх мөрий тавьж тоглоогүй, зөвхөн судалгаа шинжилгээний үндсэн дээр тооцоо тавьж байгаа тул хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт хохирогч, гэрч нарын агент нь нэгж авч хүмүүс тоглуулан урамшуулалд нь нэгж авч бусдыг тоглуулдаг гэх мэдүүлгээс үзэхэд уг бооцоот тоглоомын төлбөр тооцоо нь төгрөгөөр бус нэгжээр илэрхийлэгдэж байх тул хохирогч нарын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн талаар тогтоож чадаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэдэг. Гэтэл хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, мөрдөгч, прокурор нар тухайн бооцоог яаж тавьдаг талаар ямар судалгаа хийдгийг хамгийн гол нь тухайн хохирогчоос арилжааны банкин дахь дансанд байх төгрөгөөр нэгж авч байгааг, эргүүлэн таасан тохиолдолд хожсон мөнгө буцаан татаж, яг тухайн дансанд төгрөг болгон нэмэгдэж орж ирж байгааг нарийн үзүүлж тэмдэглэл үйлдүүлээд байхад шүүх үнэлээгүй, ойлгоогүй. Хэдийгээр “1xbet” цахим бооцоот тоглоом нь Монгол улсын хуулиар зөвшөөрөгдөөгүй боловч хориглосон түүнийг хууль бус гэж тодорхойлсон эрх зүйн орчин байхгүй, мөн хохирогч нар өөрсдийн шударгаар цуглуулан олж авч, бий болгож байсан хөрөнгө мөнгөөрөө өнөөдөр хохирчхоод байхад 2 шатны шүүхээс хууль бус, иргэний өмчид хамаарахгүй, тэр эд хөрөнгө байгаагүй талаар дүгнэсэн нь илтэд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч үнэхээр тухайн бооцоо тавьж байгаа процессыг ойлгохгүй байгаа юм бол ахин хөндлөнгийн этгээдээр бооцоо тавиулж шүүх хуралдаан дээр мөнгөөр оролцдог болохыг батлах үүднээс гэрч оруулъя гэсэн боловч шүүх хавтас хэрэгт бэхэжсэн байдаг тул шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хүлээн аваагүй. Нэгэнт цаг хугацааны хувьд ч тэр бий болгож байхад хэрэг биш юм аа гээд цагаатгаж байгаа нь хууль бус. Тухайн алдагдсан мөнгийг хохирогч нар цуглуулан хураах гэж ямар их ажил үйлчилгээ хийж, өөрт байсан зүйлсээ зарж борлуулан байж цуглуулсан талаараа мөрдөн шалгах үед ч тэр хэрэг хянан шийдвэрлэх явцад ч тэр хэлж ярьсаар байтал та бүхний өмч бол хөрөнгө биш гэж үзсэнд гомдолтой байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хяналтын шатны шүүхэд прокурор З.Бат-Амгалан бичсэн эсэргүүцэлдээ: “... Магадлалыг хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн талаар: Давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ...” гэж хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн хувьд хохирогч нарын ямар хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, учирсан хохирол нь юу болох талаар нотлох баримт авагдаагүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд заавал мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх иргэний гүйлгээнд чөлөөтэй арилжаалагддаг эд хөрөнгөөр хохирлын хэмжээг тодорхойлдог гэжээ. Хохирогч А.А, С.Ц, Ж.Т, Э.У нарын “1хbet” нэртэй сайтад байх тэдгээрийн “Цахим хөрөнгө”-д халдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, бусдын гэм буруутай үйлдлийн улмаас хохирсон бол гэмт хэрэг, зөрчилд тооцохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан байна. Хэрэгт авагдсан баримтуудаар нэр бүхий хохирогч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах, хулгайлах гэмт хэргийн хохирол учирсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдсон. Гэтэл шүүх дээрх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Т цагаатгаж шийдвэрлэсэн нь хохирогч А.А, Ж.Т, Э.У, С.Ц нар Монгол Улсад бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэж, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ...”, 12-т заасан “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй...” заалтуудыг эрх, эрх чөлөөнд халдсан, хэргийн бодит байдалд нийцээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 4-т Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно. 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг гэж тус тус хуульчилсан байх ба хэрэгт авагдсан баримтуудаар А.А 43,000,000 төгрөг, Э.У 20,000,000 төгрөг, Ж.Т 93,000,000 төгрөг, С.Ц 45,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч М.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны хохирогч А.А-ийн 1xbet.mn сайтын харилцах данс, нууц дугаарыг мэддэг байдлаа ашиглан түүний данснаас 43,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан А.А 43,000,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн А.А-ийн фейсбүүк хаягийг ашиглан Э.У, Ж.Т, С.Ц нартай холбогдож, тэднийг төөрөгдөлд оруулан залилж нийт 158,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдсон, хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон гэж дүгнэсэн болно. Тодруулбал, хохирогч нар нь 1xbet.mn сайтын харилцах дансаа нэгжээр цэнэглэхдээ тухай нэгжийн хэмжээтэй тэнцүү дүнгээр худалдан авалт хийж цэнэглэлт хийдэг болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон 1xbet.mn сайтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар илтэд тодорхой байхаас гадна хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь тэдгээрийн гаргасан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх нь зүй ёсны байх боловч энэ талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт ойлгомжгүй болжээ. Хэдийгээр “1хbеt”-т цахим бооцоот мөрийтэй тоглоом нь Монгол Улсад хуулиар зөвшөөрөгдөөгүй боловч түүнийг хууль бус гэж тодорхойлсон эрх зүйн орчин байхгүй, мөн хохирогч нар нь өөрсдийн шударгаар олж авсан хөрөнгө, мөнгөөр тухайн сайтаас цэнэглэх эрх худалдан авсан болох нь тогтоогдсон байх бөгөөд хохирогч нарын уг эрхийг шүүхээс хууль бус, мөн иргэний өмчид хамаарахгүй талаар дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй шийдвэр болжээ. Мөн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ДШМ/583 дугаартай магадлалд 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч А.А-ийн харилцах данс, нууц дугаарыг мэддэг байдлаа ашиглан түүний данснаас 3,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэж бичигдсэн нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Гэгээнтэн хотхоны ** дугаар байрны ** тоот гэртээ байхдаа “1хbеt” нэртэй олон улсын хэмжээнд бооцоо тавих үйлчилгээ үзүүлдэг тоглоомд бооцоо тавих зорилгоор хохирогч А.А-ийн харилцах данс, нууц дугаарыг мэддэг байдлаа ашиглан түүний данснаас 43,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан А.А 43,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт авагдсан байхад хохирогч А.А 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан мэтээр бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Должинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хамгийн гол нь энэ хэргийн хохирогч нар хохирсон эсэхээ нотлоогүй. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний нэгжээр хохирсон гэх боловч нэгжийг төгрөгөөр авсан эсэхээ нотлоогүй буюу хэрэгт дансан дахь мөнгөөрөө нэгж худалдан авсан гэх нотлох баримт байхгүй. Түүнчлэн хохирогч нарын зүгээс нэг төгрөгийг нэг нэгжтэй тэнцдэг гэж мэдүүлэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл төгрөг юм. Харин нэгжийг төлбөрийн хэрэгсэлд тооцох ямар ч хууль зүйн зохицуулалт байхгүй. Хохирогч нарын зүгээс 10,000,000 төгрөгөөр цэнэглэлт хийхэд 9,300,000 төгрөгөөр цэнэглэгддэг буюу 700,000 төгрөг нь шимтгэл болгон авдаг талаар мэдүүлдэг бөгөөд нэг нэгж нь нэг төгрөгтэй тэнцдэг гэдэг нь дээрх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Өмчийн эсрэг гэмт хэргийн гол шинж бол мөнгө болон эд хөрөнгөөр хохирсон байх юм. Гэтэл хохирогч нар мөнгө болон эд хөрөнгөөр хохирсон гэдэг нь хангалттай нотлогдоогүй. Хохирогч нарын эрхлэн үйл ажиллагаа явуулж буй “1xbet” нэртэй тогтоом нь Монгол улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, бүртгэгдээгүй, хууль бус мөрийтэй тоглоомын хэрэгсэл юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.6 дугаар зүйлийн 4-т заасны дагуу прокурорын эсэргүүцлийн агуулгыг танилцуулъя. Хан-Уул дүүргийн прокурорын газраас бичсэн эсэргүүцэлдээ “Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Т холбогдох хэргийг хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн. Хохирогч А.А, С.Ц, Ж.Т, Э.У нарын “1xbet” нэртэй сайтад байх тэдгээрийн цахим хөрөнгөд халдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Хохирогч нар нь 1xbet.mn сайтын харилцах дансаа нэгжээр цэнэглэхдээ тухайн нэгжийн хэмжээтэй тэнцүү дүнгээр худалдан авалт хийдэг болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон 1xbet.mn сайтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар илтэд тодорхой байхаас гадна хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь тэдгээрийн гаргасан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх нь зүй ёсны байх боловч энэ талаар шүүх ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ. Харин хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож буй прокурорын хувьд эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж байна. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр М.Т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийг шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн болон хууль зүйн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч нар нь тухайн платформыг удирдан үйл ажиллагаа явуулдаг хүмүүс биш, өөрсдийн ID бүхий дансанд байршуулсан мөнгийг эргэлтэд оруулан тоглогчдод цэнэглэлт хийн, тодорхой хувийн урамшуулал авдаг, тухайн сайтын хэд хэдэн шаардлагыг хангасан агентын эрхтэй бөгөөд виртуал орчинд үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдсон. Тодруулбал, тэр хөрөнгийг бий болгохын тулд хохирогч А.А хүнээс мөнгө зээлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон бөгөөд мөрдөгчийн сайтад үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсанаар “нэгж” гэж яриад байгаа асуудал нь сайтад тухайн нэр томьёогоор харагддаггүй мөнгөөр буюу “MNT” буюу төгрөгөөр харагдах ба тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн буцаан данс руугаа татан авч болж байгаа болох нь тогтоогдсон байна. Энэ үйл ажиллагааг хууль бус гэж үзвэл интернэт хандалт учир тухайн улс орны зүгээс зогсоох бүрэн боломжтой нөхцөл байдал байна. Хэдийгээр “1xbet” бооцоот тоглоомын сайт нь Монгол Улсад хуулиар зөвшөөрөгдөөгүй боловч түүнийг хууль бус гэж тодорхойлсон эрх зүйн орчин байхгүй байна. Хохирогч нар нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөх эрхийнхээ хүрээнд буюу өөрсдийн эзэмшлийн дансанд байгаа мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд зарцуулж буй асуудал бөгөөд өмчлөх эрх хөндөгдсөн гэж үзэж байна. Тэгэхээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хохирогч нарын гаргасан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувьд хохирогч А.А-ийн фейсбүүкийн болон тухайн сайтад нэвтрэх нууц үгийг мэддэг байдлаа ашиглан нууц далд аргаар хохирогчийн зөвшөөрөлгүй өөрийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлж авсан, мөн хохирогчийн цахим хаягаас өөрийн банкны дансны үлдэгдэл 255,000,000 төгрөг байна гэх хуурамч дансны мэдээллийн зургийг бусдад илгээн зохиомол байдлыг зориуд бий болгож, үүнд үндэслэн бусдаас их хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлж авсан хууль бус үйлдлийг хийсэн байна. Иймд бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгч М.Т-ийн үйлдэл нь хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүхийн шийдвэр хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус улсын иргэн нь “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” эрхтэй ба энэ нь хүн бүр хуулиар хориглоогүй, өөрийнх нь амьжиргааны санхүүгийн эх үүсвэр болсон ажил үйлчилгээг сонголтоороо, сайн дурын үндсэн дээр хийх болон өөрийн хүссэн, сонирхсон мэргэжлийг үзэмжээрээ эзэмших явдал юм.
Үндсэн хуулиар тодорхойлсон эрхийг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно” гэж баталгаажуулан хуульчилжээ.
Харин уг хуулийн 8.1 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөлтэйгөөр, мөн хуулийн 8.2 дугаар зүйлд энгийн зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх ажил, үйлчилгээний жагсаалтыг тус тус тогтоосон байх бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4-т “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор заасан байна.
Төлбөрт таавар болон бооцоот тоглоомыг зохион байгуулахад аливаа хэлбэрээр оролцож байгаа хүн, хуулийн этгээд нь энэ үйл ажиллагаанаас ашиг олох эсхүл өөрийн бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой байдаг бөгөөд эдгээр таавар, тоглоомын үр дүнг нь урьдчилан таах, тооцоолох боломжгүй эсхүл магадлал муутай, аз туршсан явдал тул энэ агуулгаараа бусдын санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй учир хууль тогтоогч уг ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр явуулахаар зохицуулжээ.
Тиймээс хуулиар үүрэг болгосон энэхүү зохицуулалт нь уг ажиллагааг эрхлэхэд ямар нэгэн байдлаар оролцож байгаа хүн, хуулийн этгээдийн аль алинд хамааралтай.
М.Т холбогдох бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилах гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон А.А, Э.У, Ж.Т, С.Ц нарын эрхэлж байсан “1xbet” нэртэй олон улсын хэмжээнд бооцоо тавих үйлчилгээ үзүүлдэг цахим тоглоомын цэнэглэх нэгжийг бусдад зуучлан борлуулдаг үйл ажиллагаа нь дээр дурдсан хуулийн үйлчлэлд хамаарах хэдий ч Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй буюу хуулиар хориглосон мөрийтэй тоглоом гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, дээрхи хүмүүсийн хувьд хуулиар тогтоосон журмын дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг түүнийг авалгүйгээр гүйцэтгэсэн нь хууль зөрчсөн боловч энэ нь хуулиар хориглосон үйл ажиллагаа биш юм.
Тиймээс дээрхи дөрвөн хүний хувьд гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгө, орлогыг эргэлтэд оруулсан нь тогтоогдоогүй тохиолдолд тэдгээр нь шударгаар олж авсан өөрийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах явцад гэмт халдлагад өртөж өмчлөх эрх нь зөрчигдсөн бол Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус заасны дагуу эрхээ хамгаалуулах болон гэм хорыг нөхөн төлүүлэх эрхтэй болно.
Аливаа гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирол билээ.
Хохирол нь гэмт хэргийн улмаас үүсч буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл бөгөөд эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тодорхой этгээдийн хувьд түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар ба тооцон хэмжиж болохуйцын зэрэгцээ тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн шалтгаант холбоог заавал агуулсан байна.
Хохирлыг эдийн болон эдийн бус, нөхөн төлөгдөх ба төлөгдөхгүй гэж ангилдаг бөгөөд үүнээс эдийнх нь мөнгөөр үнэлэгдэх ба түүний хэмжээг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4-т тодорхойлжээ.
Эдийн хохирол нь өмчлөх эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэргийн үр дагавар болж, бодит хохирол болон алдагдсан ашиг, орлогын хэлбэрээр илэрдэг ба мөнгөөр үнэлэгдэж хэмжигдэнэ.
Ийнхүү үнэлэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн тухайн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зах зээлийн ханшаар хохирлын хэмжээг тогтооно.
Харин иргэний гүйлгээнд байдаггүй болон жижиглэн худалдаалах үнэ тогтоогдоогүй эд хөрөнгийн хувьд зах зээлийн дундаж үнэ болон түүнийг худалдан авахад зарцуулсан мөнгөний дүнгээр тогтоох нь зүйтэй.
Хохирогч А.А, Э.У, Ж.Т, С.Ц нарын хувьд иргэний гүйлгээнд байдаггүй, цахим бооцоот тоглоомын цэнэглэлт хийдэг төлбөрийн хэрэгсэл (нэгж)-ийг зуучлан борлуулж байсан бөгөөд уг ажиллагааг зохион байгуулдаг, гадаад улсад байршдаг байгууллагаас тэдгээр нь өөрсдийн мөнгөөр нэгжийг худалдан авсан тул тэрхүү мөнгөн дүнгээр хохирлын хэмжээг тодорхойлох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” зорилтыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Гэтэл анхан (шийтгэх тогтоол, хэргийн 4 дэх хавтас, 174-178 дахь тал) ба давж заалдах (магадлал, хэргийн 4 дэх хавтас, 213-218 дахь тал) шатны шүүхүүдийн хэргийн үйл баримт болон хохирлын хэмжээг тооцон тодорхойлох боломжгүй талаар хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн гадна Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн шинжтэй болсон байна гэж хяналтын шатны шүүх үзэж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогч нарын өмгөөлөгч Б.Ууганбаатарын гомдлыг тус тус хангахаар тогтоов.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын удиртгал болон тодорхойлох хэсэгт хохирогч А.А 3,000,000 төгрөгийн хохирол учирсан мэтээр яллах дүгнэлт, цагаатгах тогтоолд тусгаснаас өөрөөр дурдсанаас гадна хохирогч С.Ц-ийн талаар огт тусгаагүй орхигдуулсныг анхааруулан тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 583 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2.Хэргийг шүүхэд очтол М.Т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ