Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 54

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар иргэн Ш.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад холбогдох 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, энэ тушаалын дагуу суутгасан 2 сарын суутгал 170.000 төгрөг, суутгасан мөнгөн дүн 680.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Чулуунхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний гаргасан зөрчлийг хэтрүүлэн арга хэмжээ авсан гэж үзэж болно. Ёс зүйн дүрмийн 5.4.4-т би захирах захирагдах зарчмийг баримтлан ирсэн. Одоо ч баримталсаар байгаа. Ямар ч үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь сайн гүйцэтгэдэг тул энэ заалтыг би зөрчөөгүй. 5.4.6 дахь заалт албан ажилд шаардлагатай мэдээллийг нуун дарагдуулаагүй, үзэх ёстой зүйлээ үзүүлсэн, зохих ёсоор шалгуулсан. 5.4.7-д байгууллагын зорилт, чиг үүрэгтэй, холбоотой эсэргүүцэл мэдээ, мэдээлэл тараасан зүйл байхгүй. Ярих шүүмжлэх зүйлээ ярьж, хэлэх ёстой хүмүүст хэлсэн. Төрийн албаны хууль, ёс зүйн хорооны үндэслэсэн энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9 дэх заалтыг олж үзсэнгүй буруу заалт байна. 13.1.4-д хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзсэн. Ажлын хэсэгт ажлаа шалгуулалгүй, шүүхээр шалгуулна гэж хэлсэн нь үнэн болно. Би энэ үгийг хэлсэн боловч зохих ёсоор ажлаа шалгуулсан. Ажлын хэсэгт юу шалгуулсан бэ гэвэл ядуурлаас гаргах өрхийг сонгосон, амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлын тэмдэглэл, гар үнэлгээ хийсэн хуудсууд, өрхийн сургалт үзүүлсэн, олон нийтийн оролцоонд түшиглэсэн төсөл, хэрэгжүүлсэн төсөл авагчдын талаар үнэлж, төсөл хэрэгжүүлсэн 2 бүлгийн хүмүүсийг дуудаж бүлгийн ахлагч Б.гийн ажлын байрыг шалгасан. Хүнсний талон олгох дэлгүүрүүдэд сонгон шалгаруултанд орох З., Ц. нарын дэлгүүрээр ажлын хэсгийнхэн орж үзүүлсэн. Хөдөлмөр эрхлэлтийн ажлаа хүлээн авснаа танилцуулсан. Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдээ дуудаж, иргэдэд цуглах зар хүргэсэн. Хувийн хэргүүдээ газраас дуудсан цагт аймагт ирж бүрэн шалгуулсан. Иймээс би ажлаа бүрэн шалгуулсан гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 13.1.5-д заасан ёс зүйн хэм хэмжээ сахиж соёл дэг журмыг мөрддөг. Үүнийг манай үйлчлүүлэгчид, амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүд, ажлын хамт олон, сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон гэрчлэх болно. Би Төрийн албан хаагчийн нэр хүндийг дээдлэж суманд 1 яамыг төлөөлж суугаа төрийн жинхэнэ албан хаагч. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дүрмийн 3.6 дахь заалтыг би мэдэхгүй ч ямарч байсан удирдлага надад шалган туслах ёстой, надад туслах биш эвгүй байдалд оруулсан. Би яагаад ажлаа ажлын хэсгийнхэнд шалгуулахгүй, шүүхээр шалгуулна гэж хэлсэн шалтгаанаа тайлбарлая: Ажлын хэсгийнхэн надад хэлээгүй гэнэт ирсэн. Ирдэг юм байж ядахдаа Засаг даргын Тамгын газрын үүдэнд ирээд надыг дуудаж болно. Тэгвэл би угтаж аваад сайхан танилцаад сумын Засаг дарга руу дагуулж ороод ажлаа танилцуулна. Орлогч даргын өрөөнд дуудахаар нь орсон. Ороод гар барьж мэндээ мэдээд уулзсан. Энэ үед орлогч дарга гарсан. Энэ үед би н. байгаа болохоор манай халамжийнхан юм шиг, гэнэт ирснийг нь бодохоор хөндий хүмүүс шиг яагаад та нар хулгайч нохой шиг гэнэт ирэв гэж хэлсэн. Энэ бол миний алдаа мөн болно. Би үүнийг ойлгож байна. Энэ үед надад гэмт хэрэгтэн дээр нууцаар ирдэг байх, би гэж хэрэг хийсэн гэмтэн юм уу, ажлаа мэддэггүй, ажлаа хийж чаддаггүй арчаагүй албан хаагч юм уу гэсэн бодол төрсөн. Би нөөцөд бүртгэгдээд шалгалт өгч тэнцээд тангараг өргөсөн жинхэнэ албан хаагч, энэ байгууллагын хамгийн ахмад ажилтан. Би өмнө нь ийм явдал болж байгаагүй учраас гомдол төрөөд тэр гомдлоо илэрхийлсэн нь тэр болно. Дараа нь ахлаж яваа ахлагч нь чиний нэр хэн билээ гэсэн. Шалгахаар ирж байгаа ганц байцаагчийнхаа нэрийг мэдэхгүй байдаг гэсэн. Надад хөндий санагдсан учраас тэгж хэлсэн болно. Дараа нь орлогч даргаас суух өрөө асуусан. Халамжийн ажилтанд суух өрөө байдаг юм шүү дээ гэж хэлсэн. Би чинь ганцаараа суудаг өрөөтэй. Өрөөгүй гэж бодсон юм байлгүй. Би өрөөндөө ороод дараах зүйлийг хэлж, ярьж шүүмжилсэн болно. Өөрийнхээ талаар танилцуулсан. Би ажлаараа 1 дүгээр байр эзлэж байсан. Мөн амьжиргаа дэмжих зөвлөлийн ажлаараа 2014, 2015 онд шалгарч өргөмжлөл хүртсэн гэх мэт. Ажлаас чөлөөлөх мэдэгдэлийн талаар надад чөлөөлөх мэдэгдэл ирсэн. Үүнийг би эсэргүүцсэн. Би бүтцийн өөрчлөлтөнд ороогүй, хөдөлмөр, халамж байхад 1 орон тоотой ажиллаж байсан. Одоо хөдөлмөр, халамж үйлчилгээ болоход 1 орон тоо хэвээрээ байна. Энэ нь надыг чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн. Түр тушаалын тухайд би төрийн жинхэнэ албан хаагч болоод 9 дэх жил рүүгээ явж байна. Яахаараа би түр тушаалтан болдог юм. Би түр тушаалтан биш. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Манай дарга нараас нэг нь ч яриагүй. Ганц удаа ярьсан. Ганц ярихдаа тэдний дотор ажлаа өг, өгөхгүй бол бүтцийн өөрчлөлт байхгүй гэсэн. Би үгүй гэсэн. Энэ бол үнэхээр дарамт байлаа. Би үүнийг дарамталсан гэж үзнэ. 12 дугаар сарын 15-ны дотор амьжиргаа дэмжих зөвлөлийн тайлан, олон нийтийн орон нутгийн төслийн тайлан, үр дүнгийн гэрээ дүгнэсэн, нэгтгэсэн хуудсаар 86% дүгнэгдсэн. Ажлаа яагаад хуучин ондоо дүгнээгүй байгаа юм. Хуучин юм ярихгүй, шинэ юм яримаар байна. Надад шинэ хүч, шинэ санаа, шинэ арга барил хэрэгтэй байна. Ажил маш их удаан байна гэсэн. Та нар гарч ирээд халамжийн байгууллагын нэр хүндийг гутаасан явдал гаргасан. Энэ нь шалгалтаар очоод хөгшин хүний шүд татаж үзсэн гэсэн. Хамт олноос минь шүүх цагдаад гүтгэж өгсөн. Надыг бас өг. Би ажлаа шалгуулахгүй шүүхээр шалгуулна гэж хэлсэн минь үнэн болно. Энэ үед ямар нэгэн маргаан зөрчил гараагүй, би хэлэх зүйлээ хэлж санаа амарсан. Явахдаа яараад явсан. Би хүнийг аяганы амсар зуулгалгүй хүлээн авч, үдэж явуулж байгаагүй. Надад маш эвгүй байна гээд үдэж явуулсан. Би хоол унд хийж өгөөгүй дээ хөөсөн болдог юм уу гэсэн. Би хөөж явуулаагүй, хөөсөн зүйл байхгүй. Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлд Ө.******* дарга ажлаа шалгуулсан. Иймээс сануулах арга хэмжээ авъя гэсэн нь миний ажлаа шалгуулсныг нотлож байна. Надаас яагаад мэдээлэл авдаггүй юм, сонсож болдоггүй юм уу. Манай байгууллагын ёс зүйн хороонд албан тушаалтны дарамт байна. 6 хүний 4 нь удирдах албан тушаалтан байна. Хурал дээр сануулах, 3 сараар цалингийн хувь хасах санал гарсаар байтал санал хурааж, санал аваагүй байна. Шалтгааныг нь эндээс харж болно. Гаргасан зөрчлийг минь тодруулаад, надад ойлгуулаад арга хэмжээ авч болно. Ингэж хүчээр шийдэж болохгүй. Ингээд би өөрийгөө хамгаалж, хэтрүүлсэн гэсэн дүгнэлтэд хүрч байна. А/15 дугаар тушаалыг 2 дугаар сарын 20-ны үед суутгал хийхэд мэдсэн. Ня-бо н.******* болон дотоод ажил хариуцсан н.*******, хяналт шалгалтын мэргэжилтэн н.******* нараас лавлаж 3 сарын 8-ны өдөр н.*******аас өөрийн биеэр тушаал болон ёс зүйн хорооны дүгнэлтийг хүлээн авсан. 3 сарын 9-ны өдөр төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо гаргасны дагуу ажлын хэсэг 3 сарын 28-ны өдөр надаас тодруулга авсан. Энэ ажлын хэсэг дүгнэлт гаргаж 5 сарын 08-ны өдрийн 50 дугаар албан бичгээр хариу авсан. Энэ албан бичгийн дагуу дээрх асуудлаар би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд хандаагүй, яагаад гэвэл энэ албан бичигт шүүхэд хандаж болох чиглэл өгсөн байсан...гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын тушаалаар цалингаа 19 хувиар хасуулсан байгаа. Яагаад ийм арга хэмжээ авагдах болсон юм бэ гэхээр 2017 оны 01 дүгээр сарын07-ны өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ажлын хэсэг Дөрвөлжин суманд очсон. Ингэж ирэхдээ надад огт мэдэгдээгүй. Гэнэт ирсэн. Сумын Засаг даргын орлогчийн өрөөнөөс намайг дуудсан. Тэгэхэд нь би өрөөнөөсөө яваад орсон. Тэгээд ороод хүмүүстэй мэндлээд гар барьсан. Тэр үед орлогч дарга гаднаас сандал оруулж ирэх гээд өрөөнөөсөө гарсан. Тэр үед би та нар яагаад хулгайч нохой шиг гэнэт ирэв гэж би хэлсэн. Тэгээд удирдамж танилцуулсан. Тэгээд ажлын хэсгийг ахалж явсан Э.******* дарга миний нэрийг асуусан. Би энэ байгууллагад 8 жил ажиллаж байхад сумынхаа ганц байцаагчийг таньдаггүй юм бэ? гэж хэлсэн. Тэгээд удирдамж танилцуулж дуусаад Засаг даргын орлогчоос өрөө өгсөн. Тэгэхэд нь би халамжийн байцаагч суух өрөөтэй байдаг юм шүү гэж хэлсэн. Засаг даргын орлогчийн өрөөнд ийм л юм болсон. Тэгээд тэндээсээ гараад миний өрөөнд орсон. Би хулгайч нохой шиг гэж хэлсэндээ уучлалт гуйж байна. Яагаад ингэж хэлсэн юм бэ? гэхээр би энэ байгууллагад ажиллаж байх хугацаанд олон удаа шалгуулж байсан. Тэгэхэд шалгалт очих гэж байна гэж урьдчилж хэлээд би угтаж авдаг байсан. Ядаж Засаг даргын Тамгын газрын байрны үүдэнд ирээд надад хэлж болно. Тэгвэл би гарч ирээд угтаж авч дарга нартайгаа танилцаад, ажлаа танилцуулаад явах байсан. Би ахмад ажилтан, олон жил ажилласан. Гэтэл миний нэрийг мэдэхгүй асууж байсан нь надад таалагдаагүй. Миний өрөөнд ороогүй орлогчийн өрөөнд орсон байсан. Тэгээд би өрөөндөө ороод ажлаа танилцуулаад, гавьяа шагналаа танилцуулаад, ажлаа товчхон танилцуулсны дараагаар би хэд хэдэн зүйл дээр шүүмжлэлтэй хандсан. Нэгдүгээрт шинэ дарга ажлаа авсны дараа намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл ирсэн. Энэ тал дээр би эсэргүүцлээ илэрхийлсэн. Миний ажлын байр бүтцийн өөрчлөлтөд ороогүй, цомхотголд ороогүй учраас надад мэдэгдэх хуудас авах шаардлага байхгүй гэж хэлсэн. Хоёрдугаарт намайг ажилд авсан түр тушаал гаргасан. Би шалгалт өгч, тангараг өргөж төрийн албанд орж 9 дэх жилдээ ажиллаж байгаа төрийн албан хаагч хүн. Гэтэл яагаад намайг ажилд томилсон түр тушаал гаргадаг юм бэ гэж эсэргүүцсэн. Дараагийн асуудал бол тухайн үед он дуусаад шинэ он эхэлж байсан. Би 2016 оны ажлаа тайлагнаад 86.9 хувиар дүгнүүлсэн байсан. Бид одоо хуучин зүйл яримааргүй байна. Та бүхэн шинэ санаа, шинэ арга барилаар ажилламаар байна гэж хэлсэн. Дараа нь байгууллагынхаа нэр хүндийг бодож ажилламаар байна. Зарим сум дээр очоод хүний шүд ам татаж үзсэн асуудал гарсан байна. Мөн зарим сумын байцаагч нарыг шүүх, цагдаагийн байгууллагад өгсөн асуудал гарсан байна гэж хэлсэн. Байгууллагын дарга удирдлага бол биднийг удирдлага зохион байгуулалтаар хангах ёстой. Гэтэл шинэ дарга ажлаа авснаас хойш надтай огт яриагүй байж байгаад ганц удаа ярихдаа намайг ажлаа өг гэсэн. Тэгэхэд нь би ажлаа өгөхгүй гэж хэлсэн. Тийм байдлаа шалгалт дээр ирсэн хүмүүст хэлсэн юм. Ер нь та нар зарим байцаагч нарыг ажлаа өг гэж дарамталдаг гэсэн гэж хэлсэн нь үнэн. Би ажлын хэсгийнхэнд ажлаа шалгуулахгүй, шүүхээр ажлаа шалгуулна гэж хэлсэн. Тухайн үед ийм асуудал болсон. Тэр үед бидний хооронд ямар нэгэн маргаан гараагүй. Тэгээд ажлын хэсгийхэнд ажлаа зохих ёсоор үзүүлж, танилцуулсан гэж үзэж байна. Ядуурлаас гаргах өрхүүдийн хурлын шийдвэр, судалгаа, олон нийтэд түшиглэн хэрэгжүүлж байгаа төслүүдээ хэлж танилцуулсан. Хүнсний талоноор үйлчлэх хүнсний дэлгүүр сонгон шалгаруулсан талаараа танилцуулсан. Хүнсний талон авч байгаа өрхүүдийнхээ тайлан тооцоог шалгуулж танилцуулсан. Мөн хөдөлмөрийн ажлыг хүлээж авсан тухайгаа танилцуулж дуусаад олон нийтийн оролцоонд тулгуурлаж үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсээ дуудаж тэдний ажлын байраар хамт орж үзсэн. Ингэж үзэж дуусаад ажлын хэсгийнхэн явсан гэв.

Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.*******ын танайд хандаж гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын баталсан Сумдад хэрэгжүүлэх хяналт шинжилгээ дотоод аудитын ажлын удирдамж-ийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 10-аас 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Дөрвөлжин, Ургамал, Завханмандал Эрдэнэхайрхан сумдад дэд дарга Э.*******, Захиргаа хяналтын хэлтсийн дарга н., Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Т.*******, Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ө.*******, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.******* нар ажилласан юм. Дөрвөлжин сумд очих үеэр хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.******* ажлын хэсгийн гишүүдтэй зүй бусаар харьцсан асуудал гаргасан байсан. Тухайн үед ажлын хэсэг сумын Засаг даргын орлогчид ажлаа танилцуулж мэргэжилтэн Ш.*******ыг дуудаж ирүүлтэл ажлын хэсгийн гишүүд рүү Та нар хулгайч нохой шиг юу хийж яваа юм гэх зэрэг ёс зүйгүй харьцсан. Дараа нь ажлын хэсгийн гишүүд өрөөнд нь орж удирдамжаа танилцуулан ажил төрөлтэй нь танилцах гэтэл Та нар энэ тэнд очиж хүний шүд татаж явдаг гэсэн. Тэгэх гэж явна уу. Та нарт ажлаа шалгуулахгүй, шүүхэд шалгуулна гэж дахин зүй бус байдалтай харьцсан байна. Иймд Ш.*******ыг байгууллагын дэргэдэх ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцэх нь зүйтэй гэж дүгнэн дуудсан боловч хугацаанд ирээгүй бөгөөд дэд дарга Э.******* утсаар ярьж хурлаар авч хэлэлцэх талаар мэдэгдсэн байсан. Байгууллагын дэргэдэх ёс зүйн хороо 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж Дөрвөлжин сумын мэргэжилтэн Ш.*******ад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтын дагуу 5 сарын хугацаанд 19 хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсний дагуу 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байгууллагын даргын тушаал гарсан байна. Дээрх асуудлаар Ш.******* нь танайд нэхэмжлэл гаргасан боловч холбогдох журмын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх нь хууль зүйн үндэстэй болох юм. Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаар тогтоолоор тус салбар зөвлөлийн ажиллах журмыг баталж өгсөн байдаг. Журмын 2 дугаар зүйлийн 2.4.4-т яам, агентлагийн эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг Улсын Их Хурлын баталсан журамд заасны дагуу хянан шийдвэрлэх ажлыг зохион байгуулна гэж заасан байна.Ш.******* нь аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан ба 2017 оны 03 дугаар сарын 20-нд аймгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа болон бүрэлдэхүүнийг баталсан төрийн албаны зөвлөлийн тогтоол гаржээ. Ш.*******ыг гомдол гаргаснаас хойш 11 хоногийн дараа салбар зөвлөл шинээр батлагдсан ба 2017 оны 03 дугаар сарын 08-нд ажлын хэсэг томилон ажиллуулж мөн оны 05 дугаар сарын 08-нд дүгнэлт гаргажээ. Мөн Ш.******* нь Ёс зүйн хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тухайн арга хэмжээ авагдахаар шийдвэрлэсэн байна. Дээрх байдлаас үзэхэд Ш.*******ын гаргасан гомдол нь харьяалал болон цаг хугацааны хувьд хуульд нийцээгүй үйлдэл болж байна. Иймд Ш.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөдөлмөр, халамжийн сайдын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн тушаалаар Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалд томилогдсон. Ингэж намайг түр томилсон тушаалын хамт тухайн байгууллагын бүтэц орон тоог баталсан Ерөнхий газрын даргын тушаал ирсэн. Завхан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтэс хоорондоо нэгдээд нийт 89 орон тоотой байсныг 57 орон тоо болгохоор тушаал ирсэн. Хөдөлмөрийн хэлтэс, халамжийн хэлтэс 2 нэгдэхдээ бүх хүмүүсээ түр чөлөөлсөн тушаал гаргасан. Энэ утгаараа хууль зүйд нийцүүлж хүмүүсийг түр чөлөөлж эргээд дахин томилох ажил хийгдсэн. Сумын засаг даргатай зөвшилцөх, сумуудад ажлын хэсэг ажиллахаар болсон. Тэр үед иргэдээс өргөдөл гомдол олноороо ирсэн. Тухайн иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу ажлын хэсэг хөдөөгөөр явж ажиллаж байхдаа үзэж байсан. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу шалгалт хийхэд 4 шүд нөхчихөөд 16 шүд нөхсөн гэж мөнгө авч байсан. Энэ байдал нь нотлогдсон. Энэ ажлын хэсэг томилогдоод ажиллаж байх хугацаанд Ш.******* зүй бус авирласан гэсэн. Удирдах байгууллага нь холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдамж гаргаад ажлын хэсэг томилоод явуулахад тухайн ажлын хэсгийг хулгайч нохой шиг гэж хүлээж авдаг ямар ёс зүй байна вэ, хүн бухимдсан байж болно. Гэтэл төрийн албан хаагч хүн байгууллагынхаа дэд даргаар ахлуулсан, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг тэгж хэлж доромжлоно вэ. Би мэргэжлийн хяналтын байгууллагад 12 жил ажиллахдаа зөвлөн туслахаар, шалгахаар очихдоо нэрийг нь маш сайн мэддэг найз нөхөд байлаа ч нэрийг нь асуудаг. Ажлын хэсэг ирээд ажлаа танилцуулахад ийм байдлаар хандаж байсан талаар сонсоход надад маш их эмзэг туссан. Бид ажилчдын гаргасан зөрчлийн талаар шүүхэд хандаагүй. Тэд өөрсдөө л хандсан. Шүүхэд, Авилгатай тэмцэх газарт хандахаар маш олон асуудал байгаа. Гэхдээ бид тэгж хандаагүй. Яагаад 2016 оны ажлыг 2017 онд ажлын хэсэг үзэж шалгаж болдоггүй юм. Төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, удирдах, удирдуулах ёсыг зөрчсөн. Энэ хүн яагаад шүүхэд ажлаа шалгуулдаг юм бэ, шүүх бол хүний ажил шалгадаг байгууллага мөн үү. Хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд гомдол гаргах эрхтэй. Урагшаа харж ажиллая. Хойшоо харж ажиллахгүй гэж хэлсэн байсан. Өмнөх ажлаа харж түүн дээрээ дүгнэлт хийж байж дараагийн ажлаа төлөвлөж хийдэг төрийн зарчим, төрийн залгамж холбоо бий. Энэ утгаараа Ш.*******ын дээрх үйлдлийг ёс зүйн хороо авч хэлэлцээд Ш.*******ын үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулах ёстой гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ сахилгын шийтгэл нь хөнгөдөөгүй, хүнддээгүй гэж үзэж байгаа. Тухайн шалгалтын удирдамжид хүн эмзэглэж, цааргалаад байхаар, хардаж сэрдээд байх зүйл байхгүй. Ийм зан авир гаргаж байгаа нь төрийн байгууллагын нэр төрийг унагаж байна гэж үзэж байна. Төр төрийн байгууллагаа хамгаална гэж үзэж байна. Бид адилхан төрийн албан хаагчид, бид төрийн байгууллагын нэр хүндийг унагаж сэвтээж болохгүй. Сахилгын шийтгэл ногдуулсан нь иргэнийг хохироож, хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Өмнөх шиг ажиллахгүй. Маш өөрөөр ажиллана гэж би тунхаглан зарласан байгаа. Төрийн хүнийг төрийн үйл ажиллагааг хамгаалж ажиллана гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 онд Завхан аймгийн Тэлмэн сумд төрсөн, Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд дарга ажилтай. Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт оршин суудаг. Би төрийн албанд 8 дахь жилдээ ажиллаж байна. Хөдөө аж ахуйн яаманд 3 жил, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар 4 жил ажилласан. Дээрх хугацаанд ажиллаж байхдаа олон аймаг, олон сумдаар танилцах ажлаар явж олон ажилтан албан хаагчдийн ажлыг шалгаж, хяналтын ажлаар явж байсан. Гэхдээ Ш.******* гуай шиг хүнтэй таарч байгаагүй гэдгээ цохон хэлэх нь зүйтэй. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт зааснаар харьяа дээд шатны даргын хуульд нийцсэн шаардлагыг биелүүлэх талаар заасан байгаа. Бид хуулийн дагуу удирдамжаа танилцуулаад ажлаа шалгуул гэхэд ажлаа шалгуулаагүй. Нэхэмжлэгч сая хэлсэн тайлбартаа тухайн үед болсон үйл явдлыг арай ташаа байдлаар тайлбарлаж байна. Би тухайн үед тухайн ажлыг хэсгийг ахалж явсан хүний хувьд энэ талаар тайлбар хэлэхэд бид Дөрвөлжин сум дээр очоод Ш.******* гуайн өрөөнд очиход өрөөндөө байхгүй байсан. Тэгээд тамгын газрын байран дотуур нилээд хайсан боловч байхгүй байсан. Тэгээд хайгаад олдохгүй болохоор орлогчтой нь уулзаад орлогчийн өрөөнд ороод ямар ажлаар яваагаа танилцуулаад Ш.******* гуайг дуудаад өгөөч гээд дуудуулаад багагүй хугацаа өнгөрсний дараа Ш.******* гуай ирсэн. Би тухайн ажлын хэсгийг ахалж явсан. *******, *******, *******, нарын бүрэлдэхүүнтэй явсан. Тэгээд Ш.******* гуай өрөөнд орж ирээд төрийн албан хаагчид байж боломгүй үг хэлээр дайрч доромжлоод ер нь сум орон нутгаас хөөх маягтай эвгүй, хазгай үг хэлж байгаад өөрийнх нь өрөөнд ороход та нарт ажлаа шалгуулахгүй гээд ажил танилцуулсан зүйл байхгүй. Өөрийнх нь ярьж байсан зүйлийг бичиж тэмдэглэсэн тэмдэглэлтэй өөрөө танилцаж гарын үсэг зурсан байгаа. Дараагийн сум руу явахад дараагийн сумын ажилчид руу ярьж хулгайч нохой шиг юмнуудыг хөөгөөд явууллаа. Та нар ч бас хөөгөөд явуулаарай гэдэг байдлаар ярьсан гэсэн. Бидний хооронд хөдөлмөрийн харилцаа л үүссэн түүнээс өөр янз бүрийн хувийн харилцаа байхгүй. Буцаж ирээд газрын даргад энэ байдлыг танилцуулаад Ш.*******ын тухайн үйлдлийг байгууллагынхаа ёс зүйн хороогоор авч хэлэлцье гээд энэ хуралд ирж оролцоно уу гэж албан ёсоор дуудсан. Тэгэхэд та нар намайг 2 дахь өдөр дуудсан байна лээ. 2 дахь өдөр муу өдөр, би тийм өдөр явдаггүй гэж хэлсэн байсан. Тэгээд тэр өдөр нь бид хурлаа хийгээгүй. Дараагийн өдөр Ш.******* гуай ирсэн байсан боловч ёс зүйн хорооны гишүүд ажилтай гээд зарим нь байхгүй байсан учраас хурал хийх боломжгүй байна гэхэд би та нарыг хүлээж чадахгүй гээд явсан байдаг. Бид маргааш нь хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэсэн. Тухайн хурал дээр яригдсан бүх зүйл хавтаст хэрэгт авагдсан байгаа учраас дахин дурдах нь илүүц байх. Тухайн хурал дээр Ш.******* гуайг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авъя гэсэн санал гаргаж байсан. Би ёс зүй хорооны дарга учраас олон жил ажилласан ажилтанаа ажлаас нь халаад яах вэ гээд 5 сарын хугацаанд цалинг бууруулах арга хэмжээ авъя гэж хэлсэн. Үүнийг дагуу газрын даргын 2017 оны 02 сарын 15-ны өдрийн тушаал гарч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.5, 5.4.7, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авсан. Тиймээс Ш.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч Ш.******* нь Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, энэ тушаалын дагуу суутгасан 2 сарын суутгал 170.000 төгрөг, суутгасан мөнгөн дүн 680.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын баталсан Сумдад хэрэгжүүлэх хяналт-шинжилгээ дотоод аудитын ажлын удирдамж-ийн дагуу тус газрын ажлын хэсэг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1 дүгээр сарын 14-ний өдөр тус аймгийн Дөрвөлжин ... зэрэг сумдад ажилласан байна. Ажлын хэсгийг Дөрвөлжин суманд ирэхэд хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.******* Яагаад та нар хулгайч нохой шиг гэнэт ирэв..., Та нар гарч ирээд халамжийн байгууллагын нэр хүндийг гутаасан явдал гаргаж байна. Шалгалтаар очоод хөгшин хүний шүд татаж үзсэн гэсэн. Хамт олноос минь шүүх цагдаад гүтгэж өгсөн. Би ажлаа сайн хийж байгаа. Надад хийсэн хэрэг байхгүй. Надыг бас өг. Би ажлаа шалгуулахгүй шүүхээр шалгуулна... гэх зэргээр хэлсэн байна. Нэхэмжлэгчийн энэхүү үг, үйлдэл нь түүний шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдсон ба нэхэмжлэгч энэ талаар маргахгүй байна.

Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.1.2, 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4, 5.4.6, 5.4.7, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дүрмийн 3.6 дахь заалт, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн хорооны 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн албан тушаалын цалинг 5 сарын хугацаанд 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч нь би ёс зүйгүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч надад ногдуулсан сахилгын шийтгэл хүндэдсэн, мөн байгууллагын ёс зүйн хороогоор миний асуудлыг хэлэлцэхдээ намайг тайлбар гаргах боломжоор хангаагүй гэж, хариуцагч ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж бодит үйлдэл дээр сахилгын шийтгэлийг хуульд зааснаар ногдуулсан гэж маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гээд 26.1.2 дахь заалтад албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар байна. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 13.1.5 төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүргийг биелүүлээгүй, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4 захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх гэснийг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх орон тооны бус Ёс зүйн хороо нь миний асуудлыг хэлэлцэхдээ надаас тайлбар авах байсан гэж маргаж байна. Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 2.5.2-д зааснаар гомдол, мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харьяалах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах гэсэн нь Ёс зүйн хороо гомдол мэдээлэл үндэслэлтэй эсэхийг тогтоох зорилгоор эдгээр ажиллагааг явуулахаар журамласан зохицуулалт ба Ш.******* нь ажлын хэсгийг ирэхэд / ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус байгууллагын ёс зүйн хорооны дарга, 3 гишүүн багтсан байсан / ёс зүйгүй үйлдэл гаргасан нь бодитой, нийтэд илэрхий ба тэрээр энэхүү үйлдлийг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 2.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалыг эрхэлж байгаа төрийн захиргааны албан хаагч бүхий төрийн байгууллага бүрт төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн хороо ажиллана. 4.1 дэх хэсэгт зааснаар Ёс зүйн хороо дүгнэлтээ энэхүү журмын 2.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд танилцуулна, 5.1 дэх хэсэгт ... Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана. гэжээ.

Энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн гаргасан үйлдэлтэй холбогдуулж тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Ёс зүйн хороо 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хуралдаж олонхийн саналаар дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтийг үндэслэж эрх бүхий албан тушаалтан буюу Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр А/15 дугаар тушаал гаргаж Дөрвөлжин сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.*******ын албан тушаалын цалинг 5 сарын хугацаанд 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсаныг буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2 дахь заалтад заасныг баримтлан Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, энэ тушаалын дагуу суутгасан 2 сарын суутгал 170.000 төгрөг, суутгасан мөнгөн дүн 680.000 төгрөгийг гаргуулах иргэн Ш.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР