Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0413

 

 

 

 

“М а М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Д.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 339 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор “М а М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 339 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан “М а М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоол нь хууль бус байх тул хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тогтоосон газрын төлбөрийг өсгөж, бууруулж болох итгэлцүүрийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрт “...маргаан бүхий Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн нийт газар нутгийн ашиглалтын зориулалт, байгаль орчин инженерийн хангамж ногоон бүс зэргийг тодорхой тооны бүсчлэлд хувааж, Засгийн газраас тогтоосон газрын үнэлгээнд газар нутгийн онцлогийг харгалзсан байдлаар 0,12-1.0 хувь хүртэлх итгэлцүүрээр үнэлсэн нь хуульд заасан эрхээ хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй. Дүүргийн хэмжээнд мөрдөгдөх энэхүү тогтоол нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт төлбөрийн хэмжээ дээш доош болох нөхцөлийг бүрдүүлэх бус нийт дүүргийн газар дэвсгэрийн газрын онцлогоос шалтгаалж төлбөрийн хэмжээний дээд доод хязгаарыг зохицуулсан гэж үзнэ” гэжээ.

Анхан шатны шүүх “... Засгийн газраас тогтоосон газрын үнэлгээнд газар нутгийн онцлогийг харгалзсан байдлаар 0,12-1.0 хувь хүртэлх итгэлцүүрээр үнэлсэн нь хуульд заасан эрхээ хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн маргаж буй хууль зүйн үндэслэлийг буруу ойлгож улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хуульд заасан эрхээ хэтрүүлсэн гэж үзэн маргахгүй, харин хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлж улмаар газрын төлбөрийн хэмжээг тогтоосон гэж үзэн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Газрын төлбөрийн тухай хуульд заасан зохицуулалтаар Засгийн газрын тогтоосон суурь үнэлгээнд үндэслэн газрын төлбөрийн хэмжээг тогтоох хуулиар эрх олгосон этгээд нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Засгийн газар өөрөө юм. Тодруулбал, Засгийн газар газрын төлбөрийн хэмжээг тогтоох бөгөөд ийнхүү тогтоосон төлбөрийн хэмжээг өсгөж бууруулах хууль зүйн боломж байгаа юм. Ийнхүү өсгөж бууруулах итгэлцүүрийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3 дахь заалтад зохицуулжээ. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг тогтоохдоо түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь байхаар тогтоосон нь Газрын төлбөрийн тухай хуулиар тогтоосон газрын төлбөрийн хэмжээг тогтоох дээд, доод хязгаартай адил байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Баянзүрх дүүргийн газрын төлбөрийн хэмжээг тогтоогоогүй байна. Энэ тохиолдолд тухайн эрх хэмжээ нь сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжих үндэслэлгүй билээ.

Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт төлбөрийн хэмжээ дээш доош болох нөхцөлийг бүрдүүлэх бус нийт дүүргийн нутаг дэвсгэрийн газрын онцлогоос шалтгаалж төлбөрийн хэмжээний дээд доод хязгаарыг зохицуулсан гэж үзнэ...” гэжээ.

Газрын төлбөрийн хэмжээг тогтоох дээд доод хязгаарыг Газрын төлбөрийн хуулиар зохицуулсан. Энэхүү газрын суурь үнэлгээнээс тооцох хуулиар тогтоосон хувь хэмжээний хүрээнд Засгийн газар газрын төлбөрийн хэмжээг тогтоох бөгөөд ийнхүү тогтоосон хэмжээг ихэсгэх багасгах хууль зүйн боломжийг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон билээ.

2018 оны 06 дугаар тогтоол нь газрын суурь үнэлгээ дээр шууд хуульд заасан хувь хэмжээгээр тооцож төлбөрийн хэмжээг тогтоож байгаа нь Засгийн газарт хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болж байгаа юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “...улсын бүртгэлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4115 дугаарт бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийн 2019 оны №1 дугаарт хэвлэгдэж хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болсон хэм хэмжээний акт болох нь тогтоогдож байх тул...” гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс уг хэм хэмжээний актыг “Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд” бүртгэгдээгүй. Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдээгүй гэж үзэн маргаагүй билээ. Мөн ийнхүү бүртгэгдэж, нийтлэгдсэн л бол тухайн хэм хэмжээний акт хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл ийнхүү бүртгэгдэж, нийтлэгдэх нь хэм хэмжээний актын хувьд нэг л хуулиар тогтоосон шалгуур бөгөөд ийнхүү бүртгэгдэж нийтлэгдсэн хэм хэмжээний акт нь хууль зөрчсөн тохиолдолд тухайн хэм хэмжээний актыг хүчингүй болгохгүй байх үндэслэл болохгүй билээ.

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална” гэж заасан байдаг.

Тухайн хэм хэмжээний актын хуулиар эрх олгосон этгээд баталсан эсэхийг зөвхөн “Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд” бүртгэгдсэн эсэх “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд” нийтлэгдсэн эсэхээр тодорхойлогдох боломжгүй билээ. Үүнийг тодорхойлохын тулд хуулиар эрх олгосон эсэх асуудалд зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ...” гэж заасны дагуу давж заалдах гомдлын үндсэн дээр шүүхийн шийдвэрийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М а М” ХХК нь Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоол нь хууль бус байх тул хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тогтоосон газрын төлбөрийг өсгөж, бууруулах болон итгэлцүүрийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хуульд заасан эрхээ хэтрүүлсэн гэж үзэн маргахгүй, харин хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлж улмаар газрын төлбөрийн хэмжээг тогтоосон гэж үзэн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан...” гэжээ.

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-д заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, (бүс) суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолоор Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээг шинэчлэн тогтоож баталсантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцсэний дагуу маргаан бүхий акт болох Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай 06 дугаар тогтоолыг баталжээ.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”., Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д зааснаар тусгайлан олгогдсон эрхийн хүрээнд газар эзэмшигч, ашиглагч нарын эзэмшил, ашиглалтын газрын зааг хязгаар буюу хамрагдах бүсчлэл, түүнээс шалтгаалан төлөх газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг тогтоосноороо нийтээр дагаж мөрдөх, гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бүхий, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй байх тул захиргааны хэм хэмжээний акт байна.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3-д зааснаар “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн хүчин төгөлдөр акт болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “уг хэм хэмжээний актыг “Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд” бүртгэгдээгүй. Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдээгүй гэж үзэн маргаагүй” гэжээ.

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн нийт газар нутгийг ашиглалтын зориулалт, байгаль орчин, инженерийн хангамж, ногоон бүс зэргийг харгалзан тодорхой тооны бүсчлэлд хувааж, Засгийн газраас тогтоосон газрын үнэлгээнд газар нутгийн онцлогийг харгалзсан байдлаар 0,12-1,0 хувь хүртэл итгэлцүүрээр үнэлсэн нь хуульд заасан эрхээ хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй, дүүргийн хэмжээнд мөрдөгдөх энэхүү тогтоол нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт төлбөрийн хэмжээ дээш доош болох нөхцөлийг бүрдүүлэх бус, нийт дүүргийн нутаг дэвсгэрийн газрын онцлогоос шалтгаалж төлбөрийн хэмжээний дээд доод хязгаарыг зохицуулсан гэж анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан тогтоолыг “хуулиар эрх олгогдоогүй этгээд баталсан” гэж үзэж маргаан бүхий хэм хэмжээний актыг хүчингүй болгох, газрын төлбөрийг өсгөж, бууруулж болох итгэлцүүрийг хуульд заасан шаардлагад нийцүүлж батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.