Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00768

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-10-56 тоотод оршин суух Ломбодоржийн Дуламхандын нэхэмжлэлтэй, Орхон аймаг Булаг багийн 1-19 тоотод оршин суух Баатарсүрэнгийн Оюун-Эрдэнэд холбогдох 45.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Дуламханд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны өдөр хамт ажилладаг эгч Б.Оюун-Эрдэнэд 35.000 төгрөгийн бараа буюу өмд дээлээр өгсөн. Б.Оюун-Эрдэнэ цалингаа буухаар өгнө гээд өгөөгүй өдийг хүрлээ. Утсаар нь залгаж хэлсэн боловч өгнө өгнө гээд сүүлдээ утсаа авахаа больж эсвэл хүүхэд дүү гэх мэт хүмүүсээр утсаа авахуулан өгөхгүй байгаа тул барааны мөнгө болох 35.000 төгрөг олон удаа нааш цааш явсан такси унааны мөнгө 10.000 хийт 45.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч  Б.Оюун-Эрдэнэ  хариу тайлбартаа:  Б.Оюун-Эрдэнэ би нэхэмжлэгч Дуламсүрэнгийн нэхэмжилж буй 45.000 төгрөгийг 2016 оны 7 сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б.Оюун-Эрдэнэ нь нэхэмжлэгч Л.Дуламхандын нэхэмжлэлийн шаардлага 45.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч Л.Дуламхандын нэхэмжлэлийн шаардлага 45.000 төгрөгийг хариуцагч Б.Оюун-Эрдэнэ нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 2275 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагч Б.Оюун-Эрдэнээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Дуламхандад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ