Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 518

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 6 дугаар хороо, Өлийн булан гудамж 05 тоотод оршин суух  Боржигон овгийн Мягмарсүрэнгийн Бүрэнзэвсэг /РД:УД87102630/-ийн

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 46 дугаар байр 1 дүгээр орц 03 тоотод оршин суух Боржигон овгийн Ядмаагийн Тунгалаг /РД:ФГ67102302/-т холбогдох

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан  нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Бүрэнзэвсэг  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үхэр маань бэлчээртээ явж байгаад тал дээр хар гялгар уутаар бүтээсэн уурхайн нүхэнд унаж үхсэн. Тугал нь өнчирч үлдсэн. Уурхайн эзэн Тунгалагтай очиж уулзсан боловч надад ямар хамаатай юм, манай манаач байгаа гэсний дагуу тэр аман дээр нь очсон боловч ямар ч айл, хүн байгаагүй. Иймд үнээгээ 1.000.000 төгрөгөөр үнэлж байгаа тул Я.Тунгалагаас  1.000.000 төгрөг  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Тунгалаг  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр М.Бүрэнзэвсэгийн саалийн үнээ миний нүүрс олборлох зориулалтаар ухаж байсан аманд унаж үхсэн нь үнэн. Иймд М.Бүрэнзэвсэгийн хохирол 1.000.000 төгрөгийг барагдуулж өгнө гэжээ.

Шүүх энэ хэрэгт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын   дагуу   цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  М.Бүрэнзэвсэг нь  хариуцагч  Я.Тунгалагаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Я.Тунгалаг 1.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар /хх-22/ ирүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй хуульд нийцсэн болно.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.500 төгрөгийн тал хувь болох 14.250 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 14.250 төгрөгийг хариуцагч Я.Тунгалагаас гаргуулж нэхэмжлэгч  М.Бүрэнзэвсэгт олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Боржигон овгийн Мягмарсүрэнгийн Бүрэнзэвсэг нь хариуцагч Боржигон овгийн Ядмаагийн Тунгалагаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Бүрэнзэвсэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.500 /хорин найман мянга таван зуу/ төгрөгийн тал хувь болох 14.250 /арван дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, 14.250 /арван дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг хариуцагч Я.Тунгалагаас гаргуулж нэхэмжлэгч М.Бүрэнзэвсэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                     ШҮҮГЧ                                               Н.БАЯРСҮРЭН