| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2024/07145/И |
| Дугаар | 210/МА2026/00892 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00892
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/02040 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 38,138,954.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *******-тай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-г байгуулж, 15,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй зээлсэн.
1.2 Гэтэл зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд хугацаа хэтрэлт 39 сар буюу 1122 хоног, зээлийн үндсэн төлбөр 14,585,200.36 төгрөг, үүнээс бэлэн гүйлгээ 4,353,517.36 төгрөг, бэлэн бус гүйлгээ 10,231,683 төгрөг, зээлийн үндсэн хүү 19,628,128.25 төгрөг, үүнээс бэлэн гүйлгээний хүү 5,620,689.09 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 14,007,439.16 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 14,159,553.55 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 3,548,882.15 төгрөг, нийт 52,221,764.31 төгрөг төлөөгүй байна.
Хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний 3.6-д заасан сар бүрийн 15-ны дотор эргэн төлөлтийн доод дүнгээр төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс 1 хувиар хугацаа хэтрүүлсний хүү тооцно гэсэн нөхцөлийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 53 сар хугацаа хэтрүүлж нийт 3,548,882.15 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь 3.5-д заасан зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувиар тооцно гэсэн нөхцөлийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эрх 261,263.50 төгрөгөөр хэтэрч эхэлсэн тул 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 57 сарын хугацаанд нийт 14,459,553.55 төгрөг тус тус тооцсон.
1.3 Зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү болох зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 100 хувь буюу 3,548,882.15 төгрөгийг хөнгөлж, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 14,459,553.55 төгрөгөөс 10,533,927.90 төгрөг нийт 14,082,810.05 төгрөгийг хөнгөлж хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгээс үлдэх 3,925,625.65 төгрөгийг картын үндсэн төлбөр 14,585,200.36 төгрөг болон үндсэн хүү 19,628,128.25 төгрөгийг гаргуулна.
Иймд *******аас гэрээний үүрэгт нийт 38,138,954.26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол улсын хилээр гарсан бөгөөд *******-тай гэрээ байгуулсан гэх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Япон улсад байсан. Мөн 2011 оноос хойш *******-тай харилцаа үүсгээгүй буюу тухайн үед зөвхөн харилцах дансны үйлчилгээ авч байсан. Кредит картын үйлчилгээ авсан, картыг ашиглан гүйлгээ хийсэн гэх үйл баримтууд огт болоогүй буюу гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зурж, кредит картыг өөрийн биеэр хүлээн авч байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******т холбогдох 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 38,138,954.26 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсын хилээр гарсан байх ба үүний дараа 257 хоногийн дараа буцаж Монгол улсын хилээр орж ирсэн байгаа үйл баримт хавтаст хэргийн 192 дугаар хуудас, шинжээчийн дүгнэлтийн 1-р нүүр хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээж авлаа гэж тэмдэглэсэн үйл баримтаас харахад ******* нь шинжээч томилогдсон, дүгнэлт гарах үед Монгол улсад байгаагүй болох нь илт байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хилийн чанадад нотлох баримтыг бүрдүүлэх тохиолдолд шүүх эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандах байтал хандаагүй буюу зохих ёсоор нотлох баримт бүрдүүлээгүй зөрчсөн. 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/TM2026/02447 дугаар бүхий хурлын тэмдэглэлд ******* Япон улсад байсан шүүгчийн туслах *******гийн эзгүйд хажууд нь суудаг шүүгчийн туслах *******ад дамжуулж өгсөн зэрэг хэрэгт хэргийн материал ямар байдлаар ирүүлсэн зэрэг нь тодорхойгүй нэхэмжлэгчийн шүүхэд итгэх итгэл үнэмшлийг бууруулах үйлдэл, хууль хэрэглээний алдаа зэргийг удаа дараа гаргасан.
4.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.1, 43.8.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас гэрчээр асуулгах хүсэлт гаргасан *******ыг тус иргэний хэрэгт гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй хүн гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлэн гэрч оролцуулах хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан.
Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. ******* нь *******т холбогдуулан үндсэн зээл 14,585,200.36 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 19,628,128.25 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,925,623.65 төгрөг, нийт 38,138,954.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан гэх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/КР/550160*****4354 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ээр 15,000,000 төгрөгийн зээлийн эрхийг 2 жилийн хугацаатай, картын бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн мөнгө авсны жилийн хүү 42 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 1 хувь байхаар *******т зээлдүүлэхээр заасан байна. /1хх 8/
Дээрх гэрээнд банкийг төлөөлж *******, банкны ажилтан *******, карт эзэмшигчийг төлөөлж ******* гэж гарын үсэг зуржээ.
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны огноотой ЗГ/КР/550160*****4354 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ гэсэн баримтын Карт эзэмшигчийг төлөөлж гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн *******ын гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэж дүгнэсэн. /1хх 41-43/
4.1 Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2-4в/6359 дугаар тодорхойлолтод ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Буянт-Ухаа агаарын замын боомтоор гарч, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Чингис хаан агаарын замын боомтоор орж ирсэн талаар дурджээ. /1хх 192/
Дээрх үйл баримт болон Кредит картын тооцооллын хүснэгт гэх баримтуудаар хариуцагч ******* нь гэрээ байгуулсан гэх цаг хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол улсад оршин байгаагүй, мөн гэрээнд зурагдсан гэх гарын үсэг *******ын гарын үсэгтэй тохироогүй үйл баримтууд тогтоогдсон байна.
4.2 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр бусдад зээл олгохдоо мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурсан нөхцөлд хэлцэл хийсэн гэж үзнэ. Гэтэл, хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт болон Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2-4в/6359 дугаар тодорхойлолтоор хариуцагч тухайн гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Түүнчлэн, тухайн Кредит картын тооцооллын хүснэгтэд тусгагдсан /хх 9-10/ буюу хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан гэх 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол улсад оршин байгаагүй болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас дээрх мөнгөн хөрөнгийг шаардах эрхгүй.
5. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...хэргийн 51-56 дугаар талд авагдсан ******* гэж бичсэн бичвэрүүдийг үндэслэн *******ын гарын үсэг биш гэж дүгнэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.1 Түүнчлэн, шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/31802 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт цуглуулах хүсэлтээс ...Шүүх шинжилгээний ерөнхий газраас шинжээч *******ийн гаргасан дүгнэлтэд авсан *******ын гарын үсгийн чөлөөт загвар гэгдэх хэргийн 51-54 дугаар талд авагдсан *******, хэргийн 55-56 дугаар талд авагдсан бичвэрүүдийг шүүхэд хэрхэн, яаж ирүүлсэн тайлбарыг нотлох баримтын хамт гаргуулах, мөн Монгол улс дахь Япон улсын элчин сайдын яамнаас Япон улсын Такуми Шожи компанид ******* ажиллаж байхдаа авч байсан цалингийн дансны хуулгыг 2018 оны 11 сараас өнөөдрийг хүртэлх огноогоор, мөн ажилладаг тухай тодорхойлолтыг дахин гаргуулах зэргийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлэх бөгөөд энэ тохиолдолд тухайн хүсэлтэд дурдсан баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байх учиртай. Гэтэл нэхэмжлэгчийн дээрх хүсэлтэд дурдсан баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...зохих ёсоор нотлох баримт бүрдүүлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь гэрчээр *******ыг асуулгах хүсэлт гаргасныг тус шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШЗ2026/08442 дугаар захирамжаар ...шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо баримт, тайлбараар нотлоогүй гэрчийн оршин суух хаяг, холбогдох мэдээллийг шүүхэд ирүүлээгүй нь дуудан ирүүлэх боломжгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ....гэрч оролцуулах хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/02040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,645 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН