| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 192/2025/04402/И |
| Дугаар | 210/МА2026/00904 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00904
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/09739 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 49,764,033 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******тай 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1060109305 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 44,818,500 төгрөгийг, 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлүүлсэн.
1.2 Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 3,161,911.64 төгрөг, зээлийн хүү 1,517,106.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,371.30 төгрөг төлсөн. ******* нь зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил үндсэн зээлийн үлдэгдэл 41,656,588.36 төгрөг, зээлийн хүү 7,768,536 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 338,909 төгрөг, нийт 49,764,033 төгрөг байна.
Зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан боловч биелүүлэхгүй 195 хоног хэтрүүлсэн, үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 49,764,033 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Миний бие 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *******-тай 1060109305 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийн зээлийг авсан боловч төлж байх хугацаанд ар гэрт асуудал гарч, зээлийн эргэн төлөлтөө төлж чадахгүйд хүрсэн. Учир, хадам ээж хорт хавдрын эмчилгээнд орж, одоо хэвтэрт эмчийн хяналтанд, асаргаанд байдаг. Мөн манай гэр бүлийн хүн болон хүүхэд хоёр авто осолд орж, эхнэр суга таягтай болж, одоо хоёулаа эмчилгээтэй, ажил хийх боломжгүй болсны улмаас цалингийн зээлээ төлж чадахгүй өдийг хүрсэн.
2.2 *******-ийн эдийн засагчтай тохиролцох гэж ярилцсан боловч ар гэрийн асуудлыг авч хэлэлцээгүй, мөн нийгмийн даатгал харж сарын 8,000,000 төгрөг төл гэсэн тул тохиролцож чадаагүй.
2.3 Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрөө төлж чадаагүй тул гэрээгээ цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарын байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1060109305 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 49,764,033 /дөчин есөн сая долоон зуун жаран дөрвөн мянга гучин гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 461,303 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******аас 461,303 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Зээлээ төлж байх хугацаанд манай гэр бүлийн хүн болон хүүхэд осолд орсны улмаас ажлаасаа түр чөлөө авч эмчилгээ болон эмнэлэгт асарсан. Мөн хадам ээж хорт хавдар тусаж хавдрын эмчилгээнд орж хэвтэрт байгаагийн улмаас маш их зардал гарч миний бие банкны зээлээ түр хугацаагаар төлөх боломжгүй байдалд хүрсэн. Одоо би ажлаа хийж байгаа бөгөөд гэр бүл дотроо ганц орлого олж байгаа хүн. Зээлийн хугацаа дуусаагүй байхад төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Хариуцагч нь зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаж байгаагүй. Мөн гэр бүлийн болон санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул гэрээний нөхцөлийг өөрчлөх шаардлагатай талаар албан ёсны санал, хүсэлт гаргаагүй бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн хариуцагч нь өөрийгөө гэр бүлийн ганц тэжээгч гэж тайлбарлаж байгаа боловч уг нөхцөл байдлаа нотлох баримтаар хангалттай нотлоогүй.
5.2 Зээл хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч зээлдэгчид удаа дараа холбогдож, зээлийн гэрээний үүргээ биелүүлж, сар бүрийн төлбөрөө төлөх талаар анхааруулж байсан.
Иймд хариуцагчийн гаргасан гомдол нь нотлох баримтаар нотлогдоогүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 41,656,588 төгрөг, хүүгийн төлбөрт 7,768,536 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 338,908 төгрөг, нийт 49,764,033 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрөө төлж чадаагүй тул гэрээгээ цаашаа үргэлжлүүлэх хүсэлтэй гэж тайлбар гарган маргасан.
3. ******* болон ******* нар нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хасбанкны харилцагчид үйлчилгээ үзүүлэх мастер гэрээ-г байгуулсан. Гэрээгээр хариуцагчид 50,000,000 төгрөг хүртэлх дүнтэй бичил бизнесийн болон хэрэглээний зээлийг банкны цахим суваг, салбар, тооцооны төвөөр дамжуулан авах эрхийг нээсэн байна. /хх 60/
3.1 Улмаар, ******* болон ******* нар нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1060109305 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 44,818,500 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай *******д зээлүүлэх, зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцсон байна. /хх 8-9/
4. Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох 44,818,500 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.
4.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.
5. Хариуцагч гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 3,161,911 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,517,106 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,371 төгрөг төлсөн. /хх 57/ 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн гэрээний хуваарийг зөрчсөн болох нь Нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол-оор тогтоогдож байхаас гадна хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Хариуцагч нь хуваарийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Зээлийн хугацаа дуусаагүй байхад төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 41,656,588 төгрөг, хүүгийн төлбөрт 7,768,536 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 338,909 төгрөг, нийт 49,764,033 төгрөг төлөөгүй болох нь Нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол гэх нотлох баримтаар тогтоогдсон гэж үзнэ. Учир нь, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцооллын талаар маргаж, мэтгэлцээгүй. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 49,764,033 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцсэн байна.
8. Хэргийн 36-39 дүгээр талд авагдсан эмчийн үзлэгийн тэмдэглэл, Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14-1к/161 тоот Өргөдлийн хариу гэх баримтууд нь хариуцагчтай хамааралтай баримт биш байхаас гадна хариуцагч нь ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлийн гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй байсан талаар зээлдүүлэгчид мэдэгдэх, төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргаагүй.
Мөн ар гэрийн гачигдалтайн улмаас зээлийн төлбөрийг төлөөгүй гэх тайлбар, гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, уг байдлаа хариуцагч нотлоогүй байна. Иймд энэ агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/09739 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,770 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН