| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2024/02499/И |
| Дугаар | 210/МА2026/00956 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/00956
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/01774 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: гэрээг цуцалж, газар чөлөөлөхийг даалгаж, 4,000,000 төгрөг гаргуулах,
сөрөг нэхэмжлэлийн шаардлага: газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 136,729,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь нэгж талбарын ******* дугаартай, *******, *******, *******, *******од хаягт байршилтай, 17,091 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газар болон 2021/169 тоот техникийн нөхцөлтэй цахилгааны КТП-ийн хамт 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0422 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу *******д 230,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. ******* нь уг 230,000,000 төгрөгт нөхөр ын *******-ийн хотхон, Б блок барилгын 14 давхрын 41,1 м.кв талбайтай, 2 өрөө В загварын орон сууц, 16 давхрын 46,93 м.кв талбайтай, 2 өрөө Г загварын орон сууцыг 2024 оны 01 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулан, хүлээлгэн өгөхөөр Орон сууц захиалгын ЗГ-МR-22/53 дугаар гэрээ-г байгуулсан. Миний бие гэрээний үүргээ биелүүлж газар болон цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээний хамт хариуцагчид хүлээлгэн өгсөн.
Гэрээ байгуулахад дээрх орон сууцны барилгын карказ угсралт хийгдсэн, санхүүжилтгүй гэх шалтгаанаар барилга угсралтын ажил зогссон байдалтай байсан.
1.2 Хариуцагч нь тухайн газар дээр гэрийн буйр цутгаж, модон жорлон барьж газрыг ашиглаж байсан. 2024 оны 04 дугаар сарын 05-ны өдрөөс хойш мод тарьж үйл ажиллагаа явуулж байсан тул би дахин төлбөргүй ашиглуулахгүйн тулд хамгаалагч нар хөлсөлж хамгаалалтын зардалд 4,000,000 төгрөг зарцуулсан.
Иймд хариуцагч *******д холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0422 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалж, өөрт учирсан хохирол 4,000,000 төгрөгийг *******ээс гаргуулах, *******-д холбогдуулан a2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-МR-22/59 дугаар орон сууц захиалгаар барих гэрээг цуцалж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь тай харилцан тохирч дээрх газрыг 230,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар болсон. Төлбөрт нь *******-ийн барьж байгаа хотхоны Б блок барилгын 14 давхарт 41.1 м.кв талбайтай, 2 өрөө В загварын орон сууц, 16 давхрын 46.93 м.кв талбайтай, 2 өрөө Г загварын орон сууцыг тус тус шилжүүлэхээр Орон сууц захиалгын ЗГ-МR-22\59 дугаар гэрээ-г байгуулсан. Уг гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр. Иймд уг гэрээ хүчинтэй байхад газрын эзэмших эрх шилжүүлсэн гэрээ цуцлах боломжгүй.
2.2 ******* болон нар харилцан тохирч байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-г үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 0422 дугаар газар эзэмших гэрээ байгуулж газрыг миний нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь дээрх 2 гэрээнээс татгалзсан тухай надад ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй.
2.3 Нэхэмжлэгч нь манай эзэмшилд байгаа газрыг хамгаалах ямар ч шаардлага байгаагүй тул хамгаалалтын зардал гэх 4,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1 ******* болон ******* нар харилцан тохиролцож 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 0422 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, *******өөс уг газрыг шилжүүлэн авсан. Газрын төлбөрт *******-ийн барьж байгаа хотхоноос 2 ширхэг орон сууцыг 2024 оны 01 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон. Тус барилгын карказ угсралтын ажил бүрэн дууссан, ажлын явц гадна болон дотор заслын ажил дээрээ хэвийн явж байгаа.
3.2 Мөн төрийн байгууллагын шийдвэр хүлээгдсэн, барилгын материалын саатал зэргээс шалтгаалж барилгыг Улсын комисст өгөх хугацаа хойшилж байгаа тул бид *******өд гэрээний дагуу төлбөрөө бэлэн мөнгөөр буюу шилжүүлгээр өгөхөд бэлэн байгаа байгаа боловч тэрээр төлбөр авахаас үндэслэлгүйгээр татгалзсан.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч *******ийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:
4.1 *******ийн худалдсан газрын төлбөрт *******-ийн барьж байгаа хотхоны Б блокийн барилгын 2 ширхэг орон сууцыг 2024 оны 01 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан. Тус барилгын карказ угсралтын ажил бүрэн дууссан, ажлын явц өрлөг шавар, гадна болон дотор заслын ажил дээрээ хэвийн явж байгаа. Мөн төрийн байгууллагын шийдвэр хүлээгдсэн, барилгын материалын саатал зэргээс шалтгаалж байрыг Улсын комисст өгөх хугацаа хойшилж байгаа тул бид *******өд гэрээний дагуу төлбөрөө бэлэн мөнгөөр буюу шилжүүлгээр төлөхийг хүсэж байгаа боловч тэрээр төлбөр авахаас үндэслэлгүйгээр татгалзсан.
4.2 *******өөс авсан тус газар дээр ******* нь 6 ширхэг гэрийн буйр цутгаж бетон 18,135,000 төгрөг, гэрийн буйр цутгах, хашаа будах, явган зам будах, хаалга хийх, гадна тохижилт хийх, ажлын хөлс, материал нийт 42,000,000 төгрөг, модон жорлон 2 ширхэг 5,150,000 төгрөг, 181 ширхэг мод тарьсан 58,825,000 төгрөг, манаачын цалин 4,500,000 төгрөгийн ажлуудыг тус тус хийж, бүгд 128,610,000 төгрөгөөр тус хашаанд өөрийн зардлаар тохижилт хийсэн.
4.3 Мөн энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 58, 59 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.
Иймд ******* ******* нарын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0422 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээ байгуулснаас хойш тухайн газар дээр тарьсан 180 ширхэг гацуурын үнэ 50,400,000 төгрөг, газраас салгаж авах боломжгүй эд хөрөнгийн үнэ, 86,329,000 төгрөг, нийт 136,729,000 төгрөгийг *******өөс гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
5.1 Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлцлийн хүчин төгөлдөр агуулгыг хангасан тул гэрээг хүчин төгөлдөр. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсан.
5.2 Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь маргаантай газарт мод тарьж, тохижилтын ажил хийсэн тул уг сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
6.1 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дүгээр зүйлд зааснаар хариуцагч ийг Нийслэлийн ******* ******* *******од байрлах 17091 м.кв газрыг нэхэмжлэгч *******өд хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохиролд 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ******* , ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 13-ний өдөр 0422 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1 дэх хэсэгт зааснаар *******өөс 51,775,000 төгрөг гаргуулж, д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84,954,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,507,486 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 699,075 төгрөгийг, хариуцагч ээс 689,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа төлсөн 1,452,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 416,825 төгрөгийг гаргуулан хариуцагч д тус тус олгож шийдвэрлэсэн.
7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
7.1 Шүүгч шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж, сөрөг нэхэмжлэлийн талаар танилцуулахдаа *******өөс 25,887,500 төгрөгийг гаргуулж *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 84,954,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, *******, *******-ийн буруутай үйл ажиллагаанаас *******д учирсан хохирлыг арилгуулах нь зүйтэй гэж тайлбарласан. Уг шийдвэрийг би хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл шүүхийн шийдвэр албажсаны дараа бичгээр хүлээн авч танилцахад шүүх хуралдаан дээр тайлбарласан шийдвэрээс өөрөөр, зөрүүтэй шийдвэрийг гардуулсан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шүүгч өөрийн тайлбарласнаас өөрөөр, зөрүүтэй шийдвэр гаргасан.
Тус шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн бичлэгт ...Иргэн *******өөс 25,887,500 төгрөгийг гаргуулан *******д олгоё, учир нь ******* нь Орон сууц захиалгын гэрээ-г *******-тай 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийсэн боловч Орон сууц захиалгын гэрээ-г цуцлах нэхэмжлэлийг хожуу буюу 1 жилийн дараа 2025 оны 08 дугаар сард гаргасан нь *******ийн буруу гэж шүүх шийдэж байна. ...Газар худалдах, худалдан авах гэрээ хийгдсэнээс 1 сарын дараа тус газарт 40,815,000 төгрөгийн гэрийн буйр болон явган зам, 10,960,000 төгрөгийн жорлон, нийт 51,775,000 төгрөгийн зардал гарсан байна. Иймд гэрээний үүргээ биелүүлж байраа одоо болтол ашиглалтад оруулаагүй ******* нь 50 хувь буруутай байгаа учир нийт зардлын 25,887,500 төгрөгийг хариуцах нь зөв. Учир нь бүх эрсдэлийн тал буюу 50 хувийг ******* хариуцах нь зөв гэж танилцуулсан байна.
Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт *******өөс гаргуулах үнийн дүнг 25,887,500 төгрөг гэж шүүх хуралдаанаас гаргасан шийдвэр, шүүгчийн тайлбарласнаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
8.1 Анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрээ танилцуулахдаа 25,000,000 төгрөг гэж андуурч хэлсэн. Учир нь, анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрийн үндэслэлдээ 51,775,000 төгрөг гэж дурддаг.
8.2 Хариуцагч нь маргаан бүхий газраас хөөн гаргасан бөгөөд холбогдох баримтыг устгасан. Тухайн үйл баримт тогтоогдсон учир анхан шатны шүүх аудио бичлэгт гацуурыг буцааж өгөөрэй гэж хэлсэн. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг шалгуулж шийдээгүй процессын алдаа гарсан.
8.3 Эзэмшиж байгаа газрыг шилжүүлж зохих хэмжээний үнэлгээ хийж, татвар төлдөг хүн цөөхөн байхад тухайн газрыг худалдан борлуулсан. Өөрөөр хэлбэл, 2 эрэгтэй хүн газар худалдах, худалдан авахаар тохиролцож эмэгтэй хүнд нэрийг нь шилжүүлж өгсөн. Тухайн этгээд өөрийн итгэл үнэмшлээр тохижуулсны дараа газрын үнэлгээ өсөхөд газраа авъя гэж хэлсэн. Энэ хэрэг нь бохир процессоор явагдсан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0422 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалж, хохирол 4,000,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч *******-д холбогдуулан, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-МR-22/59 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг ...барилгын ажлын явц гадна болон дотор заслын ажил хэвийн явж байгаа. Мөн төрийн байгууллагын шийдвэр хүлээгдсэн, барилгын материалын саатал зэргээс шалтгаалж байрыг улсын комисст өгөх хугацаа хойшилж байгаа. *******өд гэрээний дагуу төлбөрөө бэлэн мөнгөөр өгөхөд бэлэн байгаа боловч тэрээр төлбөр авахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэж маргасан.
2.2 Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг ...гэрээ хүчинтэй байхад газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээг цуцлах боломжгүй. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тухай мэдэгдээгүй. Манай эзэмшилд байгаа газрыг хамгаалах шаардлага байгаагүй гэж эс зөвшөөрч, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0422 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, тухайн газарт суулгасан 180 ширхэг гацуур модны үнэ 50,400,000 төгрөг, тухайн газраас салгаж үл болох засан сайжруулалтын зардал 86,329,000 төгрөг, нийт 136,729,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасныг, нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т ...хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаас үзвэл гэрийн буйр, явган ажлын замын зах зээлийн үнэлгээ 40,815,000 төгрөг, хашаа болон боловсон жорлонгийн зах зээлийн үнэлгээ 10,960,000 төгрөг байх ба эдгээр зардлуудыг *******өөс гаргуулахаар шийдвэрлэв ...Ийнхүү нийт 51,775,000 төгрөгийг нэхэмжлэгч *******өөс гаргуулж, хариуцагч д олгов. гэсэн дүгнэлт хийж, тогтоох хэсгийн 2 дахь заалтаар ...*******өөс 51,775,000 төгрөг гаргуулж, д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84,954,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж шийдвэрлэсэн байхаас гадна уг шийдлийн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
4. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч нарын өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн дээрх давж заалдах гомдолд ...анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрээ танилцуулахдаа 25,000,000 төгрөг гэж андуурч хэлсэн. Учир нь анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрийн үндэслэлдээ 51,775,000 төгрөг гэж дурддаг гэсэн тайлбар гаргасан.
5. Зохигчийн дээрх тайлбараас үзвэл шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулснаас өөр байдлаар шийдвэр бичгийн хэлбэрээр гарсан байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5.1 Улсын Дээд шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаар тогтоолын 7-д Шийдвэр, магадлал хүчинтэй болсноор анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрээ өөрчлөх, уншиж танилцуулснаас өөр байдлаар шийдвэр, магадлал гаргах, шийдвэрлээгүй асуудлыг шийдвэр, магадлалд тусгах, хянан шийдвэрлэсэн асуудлыг тусгахгүй орхигдуулах эрхгүй. Хүчинтэй болсон шийдвэр, магадлалыг уншиж танилцуулсан агуулгаар нь бичгийн хэлбэрт оруулж, зохигчдод хүргүүлнэ. гэж заасан. Үүнээс үзвэл, шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш шүүх шийдвэрийг бичгийн хэлбэрт боловсруулан гаргахдаа уг танилцуулан сонсгосноос өөрөөр гаргасан бол энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчилд тооцогдож, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс 51,775,000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ техникийн шинжтэй алдаа гаргаж 25,887,500 төгрөг гэж уншиж танилцуулсан гэж үзэх боломжгүй байна.
6. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/01774 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ийн төлсөн 416,825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
М.БАЯСГАЛАН