| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2016/0537/И |
| Дугаар | 522 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 522
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 39 дүгээр байр 10 тоотод оршин суух, Боржигон овгийн Цэдэнгийн Чимгээ /РД:УД61122701/-ийн
Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 38 дугаар байр 16 тоотод оршин суух Бэйл овгийн Батын Дорж /РД:УЕ50071519/-д холбогдох Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Чимгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорж нь 39 дүгээр байрны ард байдаг манай гражийн ард хууль бусаар контейнер авчирч тулгаж тавьсаны улмаас ус орж хана нэвтэрч эд зүйлийг норгож, байнга чийгтэй байдаг. Энэ талаар Доржид хэлсэн боловч хэл амаар доромжлоод контейнероо авахгүй байна...Хүйтэн болохоос өмнө засвар хиймээр байгаа тул гражийн ар талын газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Дорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чимгээгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Гражийн газрыг чөлөөлж өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Чимгээ нь хариуцагч Б.Доржоос Налайх дүүргийн 2 дугаар хороо, 39 дүгээр байрны ар талд байрлах гражид тулгаж тавьсан контейнерыг холдуулж, газрыг нь чөлөөлүүлэхийг шаарджээ.
Хариуцагч Б.Дорж Налайх дүүргийн 2 дугаар хороо, 39 дүгээр байрны ар талд байрлах Ц.Чимгээгийн гражид тулгаж тавьсан контейнерыг холдуулж, газрыг нь чөлөөлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч бичгээр тайлбар /хх-14/ ирүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй хуульд нийцсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн тал хувь болох 35.100 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 35.100 төгрөгийг хариуцагч Б.Доржоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Боржигон овгийн Цэдэнгийн Чимгээ нь хариуцагч Бэйл овгийн Батын Доржоос Налайх дүүргийн 2 дугаар хороо, 39 дүгээр байрны ар талд байрлах гражид тулгаж тавьсан контейнерыг холдуулж, газрыг нь чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Дорж зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Чимгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг хариуцагч Б.Доржоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Чимгээд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН