| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2024/03141/И |
| Дугаар | 210/МА2026/00957 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/00957
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01496 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг, хохиролд 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн *******той хамтран ажиллах гэрээ байгуулан ******* амины орон сууц барих ажлын өртөг, дээврийн хучилт, цутгалт, модон дээврийн хучилт зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр аман гэрээ байгуулан ажилласан. Би 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд энэ хугацааны цалин 12,000,000 төгрөг болон кранистаар ажилласан 4,500,000 төгрөг нийт 16,500,000 төгрөгийг авч чадаагүй.
1.2 Ажлын хөлсөнд ******* маркийн автомашиныг өгсөн. Автомашинаа шилжүүлж өгөөч гэтэл уг автомашиныг 6,000,000 төгрөгийн барьцаанд тавьчих, тэгээд 6,000,000 төгрөгийг машины эзэнд өгөөд чам руу шилжүүлнэ гэсэн. Би автомашиныг нь 6,000,000 төгрөгт банк бусад тавьж машины эзэнд шилжүүлж, машинаа унаж байтал машины эзэн надад автомашинаа өгөлгүй цагдаа дагуулж ирээд машинаа авсан.
Иймд ажлын хөлс 16,500,000 төгрөг, түүний өмнө банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүд төлсөн 8,500,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг *******оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь *******тэй 2023 оны 06 дугаар сарын дундуур хамтран ажиллахаар ******* амины орон сууцны ажлыг үргэлжлүүлэн хийхээр тохирч эхлүүлэн 2023 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. Гэвч энэ хугацаанд бид ажилчдаа авч ирж ажлаа эхлүүлэн ажиллаж байсан бөгөөд ******* нь ажиллах явцад хүмүүсийг хариуцаж, бараа материалаа захиалаад байж байх үүрэгтэй байсан боловч ихэнх тохиолдолд өөрөө байхгүй ирэхгүй бараа, материал захиалах ажлаа хийхгүй байсанд захиалагч тал удаа дараа гомдол гаргаж би *******г хийсэн ажлынхаа тайланг гаргаад ир гэсэн боловч юу ч гаргаж өгөөгүй. Ингээд 09 дүгээр сарын сүүлээр өөрөө алга болсон.
2.2 Би ажилчдын цалинг тавь гээд хийсэн ажлынх нь гүйцэтгэлээр мөнгийг нь *******д цаг тухайд нь өгч байсан. Би энэ хүнд ямар ч ажлын хөлс өгөх өр байхгүй. Автомашины асуудал ажлын хөлстэй огт хамааралгүй.
Иймд хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 12,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 12,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 206,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзэж байна. Учир нь, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар тухайн цаг хугацаанд ******* нь өөрийн хөрөнгөөр тус ажил үйлчилгээг явуулах мөнгөн хөрөнгийг гаргасан бөгөөд мөн ******* нь өөрийн хамтран ажилладаг бригадын тусламжтай тухайн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч талуудын тайлбар болон хариуцагчийн зүгээс *******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас харвал тухайн ажил нь хийгдэж дуусаагүй ямар нэгэн ажлын үр дүн бий болсон гэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Гэтэл анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Хэрэгт *******, *******, ******* нарын цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар шалгагдаж байх үедээ өгсөн бичгийн мэдүүлгүүд нотлох баримтаар авагдсан. Үүнээс үзэхэд ******* нь эрүүгийн журмаар шалгагдаж байх үедээ хэргийн бодит нөхцөл байдлын талаар нэг төрлийн мэдүүлэг өгсөн атлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад өөр агуулгатай тайлбар гаргаж байгаа нь зөрүүтэй байна. Хариуцагч *******г ямар нэгэн ажил гүйцэтгээгүй, үр дүн гаргаагүй гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хэрэв *******г тодорхой ажил гүйцэтгээгүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй гэж үзэж байгаа бол шүүхийн журмаар үзлэг хийлгэх, шинжээч томилуулах зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.
5.2 Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхэд буцаан шийдвэрлүүлэх тухай гомдол гаргасан. Гэвч давж заалдах шатны шүүх нь зөвхөн гомдлоор хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах, хууль хэрэглээг зөвтгөх, шаардлагатай тохиолдолд шийдвэрт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй. Иймээс уг маргааныг заавал анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүхийн хууль хэрэглээ, шийдвэрийн хүрээнд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан, ажлын хөлс 16,500,000 төгрөг, хохирол буюу зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 8,500,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...ажилчдын цалин тавь гээд хийсэн ажлынх нь гүйцэтгэлээр мөнгийг нь *******д цаг тухайд нь өгч байсан. Ажлын хөлс өгөх өр байхгүй. Автомашины асуудал ажлын хөлстэй хамааралгүй гэж үгүйсгэн маргасан.
3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.
3.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр авсан мэдүүлэгт ******* ...Би 2023.05 дугаар сараас эхлээд ******* гэх хүнтэй барилгын ажил дээр хамтран ажилласан. Тэгээд уг ажил дээр ажиллаад ******* надад би чиний машиныг чинь сайжруулаад өгье харин цаашдын цалингаасаа хасаж бодъё цаашдаа ч хамтран ажиллана гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд 2023.07 сарын дундуур ******* гэх хүнээс ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг хүлээж авсан тэр үед ******* хамт байсан. Тэгээд тухайн үедээ би мөнгө өгөөгүй учир ******* барилгын ажлын цалингийн хөлсөнд авч өгсөн. Тухайн үед гэрчилгээгээ би өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй, ******* унаад явж бай гэж хэлсэн. Тэгээд 2023.10 дугаар сард ******* над руу уг машинаа банк бусд тавиад 6,000,000 төгрөг гаргаад өг гэхээр нь би Лотус банк бусд тавьж 6,000,000 төгрөгийг Түмэндэлгэр рүү шилжүүлсэн гэж мэдүүлсэн. /хх 129-130/
Мөн гэрчээр авсан мэдүүлэгт ******* ...2023.07 дугаар сард манай нагац дүү ******* өөрийн ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг зарна гэж байсан. Тэгээд тухайн үед би уг тээврийн хэрэгслийг нь 18,000,000 төгрөгт бартердаад өгье гэж хэлсэн, тэгээд би тухайн үед *******д ажлын хөлсийг нь өгөх ёстой байсан, тэр ажлын хөлснийх нь уг машиныг авчих гэж санал тавихад ******* зөвшөөрсөн, ******* ч мөн адил зөвшөөрсөн, *******гийн ажлын хөлс орж ирэхээр би шууд Түмэндэлгэрт машины мөнгө болох 18 000 000 төгрөгийг нь өгөх ёстой байсан, бид 3 амаар итгэлцсэн. ...2023.07 дугаар сараас хойш *******гийн ажлын хөлс нь орж ирэхгүй, одоог болтол ажлын хөлс нь орж ирээгүй л байна. Пүрэвсүрэн надаар дамжуулж, өөр барилгын компани дээр ажил хийсэн тул уг ажлын хөлсийг цаад компани нь өгөхгүй байгаа болохоор *******ийн машины мөнгийг өгч чадахгүй байгаа. Тэгээд ******* машины мөнгө нэхээд байсан болохоор 2023.10 дугаар сард уг машины гэрчилгээг *******ийнхээс *******гийн нэр рүү шилжүүлээд ******* нь уг машиныг банк бусд зээлд тавьж 6,000,000 төгрөг гаргаж *******т өгсөн, би бас хувиасаа *******т 2,000,000 төгрөг өгсөн. Одоо ингээд нийтдээ 8,000,000 төгрөгийг нь өгсөн, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг нь өгөөгүй байгаа. Барилгын ажлын хөлс нь орж ирвэл л өгнө гэсэн бодолтой байгаа боловч уг барилгын ажлын хөлс нь одоо болтол орж ирэхгүй байна гэж тус тус мэдүүлсэн. /хх 131-132/
3.2 болон ******* нар 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 23/47 дугаар Зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр ******* нь 6,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. /хх 56-57/ Зээлийн барьцаанд ******* улсын дугаартай маркийн автомашиныг барьцаалсан.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримт болон зохигчийн тайлбарыг үндэслэн талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцжээ.
4.1 Учир нь, зохигчийн тайлбар болон дээрх нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь ******* амины орон сууц барих ажлын өртөг, дээврийн хучилт, цутгалт, модон дээврийн хучилт зэрэг ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь хөлс төлөхөөр тохирсон нь агуулгын хувьд хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад илүү нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Талуудын тайлбараар нэхэмжлэгч нь барилгын ажлыг тодорхой хэмжээгээр хийж гүйцэтгэсэн, хариуцагч нь үр шимийг хүртсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан ажлын гүйцэтгэлд үр дүн шаардахгүй. Энэ нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээнээс ялгагдана.
4.2 Түүнчлэн, хэргийн баримтаар мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Ажлын хөлсний тухайд анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгт буюу ..тээврийн хэрэгслийг нь 18,000,000 төгрөгт бартердаад өгье гэж хэлсэн, тэгээд би тухайн үед *******д ажлын хөлсийг нь өгөх ёстой байсан, тэр ажлын хөлснийх нь уг машиныг авчих гэж санал тавихад ******* зөвшөөрсөн гэх тайлбарт үндэслэн 4 сарын ажлын хөлс нийт 12,000,000 төгрөгийг нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь уг үндэслэлийг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас кранистаар ажилласан хөлс 4,500,000 төгрөг гаргуулах шаардлагын хариуцвал зохих этгээд хариуцагч биш гэх үндэслэлээр, хохирол буюу зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 8,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд хамаарахгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байхаас гадна нэхэмжлэгч уг шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийгээгүй болно.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
М.БАЯСГАЛАН