Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00770

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутагт байрлах ЭМПИПИ ХЗХ-ны гүйцэтгэх захирал Төрбатын Өсөхжаргалын нэхэмжлэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 37-2Б тоотод оршин суух Монгол овогт Маналжавын Отгонтуяад холбогдох 3 289 009 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Отгонтуяа нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЭМПИПИ ХЗХ-ноос 2 000 000 төгрөгийг сарын 4.5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэж аваад гэрээний хугацаа аль эрт дууссан боловч төлбөр тооцоогоо бүрэн хийж дуусгахгүй хоршоог хохироосоор байна. М.Отгонтуяагаас авах учиртай мөнгө тооцвол 1. Үндсэн зээлийн үлдэгдэл 1 762 920 төгрөг 2. Зээлийн хүүгийн үлдэгдэл 1 418 089 төгрөг 3. Нэмэгдүүлсэн хүү 108 000 төгрөг нийт 3 289 009  төгрөг гаргуулан авна. Зээлдэгчийн төлөх учиртай нийт төлбөрөөс үндсэн зээл болон зээлийн хүүд төлсөн 978 991 төгрөгийг хасаж тооцсон болно. Иймд М.Отгонтуяагаас 3 289 009 төгрөгийг  гаргуулан ЭМПИПИ ХЗХ-нд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч  М.Отгонтуяа  хариу тайлбартаа:  Миний бие М.Отгонтуяа нь ЭМПИПИ ХЗХ-оос мөнгө зээлсэн нь үнэн. Энэ мөнгийг өгөх нь үнэн учир шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч М.Отгонтуяа нь нэхэмжлэгч ЭМПИПИ ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлага 3 289 009 төгрөгийг  хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ЭМПИПИ ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлага 3 289 009  төгрөгийг хариуцагч М.Отгонтуяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 67 575 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 33 788  төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 33 788 төгрөгийг хариуцагч М.Отгонтуяагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ЭМПИПИ ХЗХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ