Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/00958

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/01927 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: газар, хувийн сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: газар болон хувийн сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, *******, *******, *******, ******* хаягт байршилтай, 689 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус газар дээрх улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 273 м.кв талбай бүхий хувийн сууцны хууль ёсны өмчлөгч. Төрсөн ах *******ын гуйлтаар түүнийг өөрийн гэсэн орон байртай болтол нь уг хашаа, байшиндаа түр хугацаагаар амьдрахыг зөвшөөрсөн. Газар болон хувийн сууц одоогоор -ийн барьцаанд бүртгэгдсэн.

1.2 Би хөдөө аж ахуйн чиглэлээр тэжээл тарих зэргээр ихэнхдээ хөдөө байдаг тул хашаандаа ирж агуулах сав зэргээс эд зүйлээ авах гэхээр ах ******* намайг оруулахгүй хөөж туун, айлган сүрдүүлдэг болсон. Ахтайгаа учраа олох гэж хичээсэн ч дээрх газар болон хувийн сууцыг чөлөөлж өгөхгүй хохироож байна. Иймд *******ын хууль бус эзэмшлээс уг газар болон хувийн сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Дээрх газар болон хувийн сууцыг ******* зээлийн барьцаа хүрэхгүй үндэслэлээр өвчтэй аав, ээжийг хүчээр дагуулан явж өөртөө шилжүүлж аваад банкны барьцаанд тавьсан. Аав энэ хаяг дээр оршин сууж байгаад 2020 оны 07 дугаар сард нас барсан ба ээжийн хүсэлтээр энэ гал голомтыг цаашид авч явахаар ******* би уг хаяг дээр амьдарч ирсэн.

2.2 *******өөс газрыг буцаан авахад төлөөлөх итгэмжлэлийг ах эд ээж нотариатаар өгч байсан. *******ийн эзэмшлийг дуусгахаар шилжүүлж авахаар шаардах байсан. Гэвч бидэнд зээлээс чөлөөлж өгөхгүй байсаар өв залгамжлалын 1 жилийн хугацааг өнгөрүүлж, өөртөө шилжүүлж авсныг бид сүүлд мэдсэн.

2.3 Уг хашаа байшинг ******* шударгаар эзэмшиж байгаа. Харин ******* анхнаасаа дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийж, үүний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлж авсан тул тэрээр шаардах эрхгүй гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Дээрх газрыг анх 2000 онд аав , ээж нар 380,000 төгрөг, ******* миний бие 170,000 төгрөгийг тус тус нийлүүлж, нийт 550,000 төгрөгөөр худалдан авч, тус газар дээр хувийн сууцыг төрсөн ах барьж, миний бие аав, ээжийн хамт амьдарч ирсэн.

3.2 Ээж амьд байхдаа ах , , , , *******т нарт уг газар, хувийн сууцыг өвлүүлж үлдээхийг захиж, ахад итгэмжлэл хийж үлдээсэн боловч өвийн хугацааг хэтрүүлснээс болж газрыг *******өөс шилжүүлж авч чадаагүй.

3.3 ******* банкнаас зээл авахын тулд газрыг ээж, ааваас шилжүүлэн авч, банкны барьцаанд тавьсан. ******* нь газар, хувийн сууцны хууль ёсны өмчлөгч биш, ашиглаж эзэмшиж байгаагүй. Газар өмчлөх болон үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулахад хөрөнгө гаргаагүй, амьдарч байгаагүй. Зөвхөн зээл авахын тулд өөрийн нэр дээр түр шилжүүлж авсан. Тийнхүү шилжүүлж авсан гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл. Иймд *******ыг тухайн газар, хувийн сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Тухайн газар болон хувийн сууцны хууль ёсны өмчлөгч ******* би бөгөөд энэ хөрөнгө надад хуулийн хүрээнд шилжиж ирсэн.

4.2 Төрсөн ах *******ыг ...эхнэрээсээ салсан, өөрийн гэсэн орон гэргүй байна, ахдаа туслаарай гэхээр нь тус хашаа байшиндаа сууж байгаад өөрийн гэсэн орон байртай болтол нь түр хугацаанд амьдарч байхыг зөвшөөрсөн.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* хаягт байрлах 689 м.кв газар, тус газарт байрлах 273 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* хаягт байрлах 689 м.кв газар, тус газарт байрлах 273 м.кв талбайтай хувийн сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч *******ын нэхэмжлэгч *******өд холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тухайн газар болон хувийн сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ******* өөрийн өмчлөлд шилжүүлэн авч 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр -д 50,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан болох нь харагддаг. *******ын хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* банкнаас зээл авах зорилгоор өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан буюу дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж маргаж сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Энэхүү тайлбар, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох зорилгоор тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан авахаар ээж нь хүү дээ олгосон итгэмжлэлийг болон нэхэмжлэлийн зүйл болох газар, хувийн сууцыг нь *******т өвлүүлж үлдээсэн болон 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл ээж, аавын хамт амьдарч байсан тухай ах дүү нарынх нь тайлбар зэргийг гаргаж нотлох баримтаар өгсөн боловч шүүх үүнийг нотлох баримт гэж үзээгүй. 2000 оноос эхлэн эзэмшилдээ байлгасан гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Давж заалдах гомдол нь хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр нь ямар хуулийг буруу хэрэглэсэн, мөн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын ямар алдаа, дутагдал гарсан болохыг тодорхой дурдан үндэслэлээ гаргах шаардлагатай. Гэтэл зөвхөн үйл баримтын тайлбар давамгайлж, хууль зүйн үндэслэл болон процессын зөрчлийг хангалттай тодорхойлоогүй гэж үзэж байна.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг бөгөөд уг тохиолдолд нэхэмжлэгчийн өмчлөх, захиран зарцуулах эрх хууль ёсоор үүссэн. Иймээс барьцаанд тавих, чөлөөлөх, өмчлөгчийн бүртгэлд өөрчлөлт оруулах зэрэг эрхүүд хэрэгжих боломжтой.

7.2 Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор хариуцагч тал нотлох баримтаа бүрэн дүүрэн гаргаж өгөөгүй бөгөөд анхан шатны шүүх удаа дараа баримтаа бүрдүүлэх, тодруулах боломжийг олгож байсан. Гэвч хариуцагч талаас олон төрлийн тодорхойлолт, итгэмжлэл зэрэг баримтууд гаргаж ирдэг боловч тэдгээр нь хоорондоо зөрүүтэй, өв залгамжлалтай холбоотой асуудлыг үндэслэлтэйгээр нотолж чадаагүй. Харин дараа нь гарч ирсэн ах, дүү нарын гаргаж буй бичиг баримтууд нь нэг хүний сонирхлыг бүрэн илэрхийлж байгаа эсэх нь тодорхойгүй, зөрчилтэй, албан ёсны шаардлага хангаагүй баримтууд байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, *******, *******, *******, ******* хаягт байршилтай, 689 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус газар дээрх улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 273 м.кв талбай бүхий хувийн сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дээрх газар болон хувийн сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгохоор сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1 Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, *******, *******, *******, ******* хаягт байршилтай, 689 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар болон мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 273 м.кв талбайтай, хувийн сууцны хууль ёсны өмчлөгчөөр , нарыг 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн.

Улмаар, , нар дээрх газар болон хувийн сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг *******өд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлж, өмчлөгчөөр ******* улсын бүртгэлд бүртгэгдсэн.

3.2 Өмчлөгч өөрт ногдох хэсгээ худалдах гэрээний дагуу ******* нь дээрх газар болон хувийн сууцны өөрт ногдох хэсгээс од шилжүүлснээр *******, нар тухайн газар болон хувийн сууцны хамтран өмчлөгчөөр 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.

3.3 Улмаар, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хамтран өмчлөгч нь Өмчлөгч өөрт ногдох хэсгээ худалдах гэрээний дагуу өөрт ногдох хэсгээ *******өд шилжүүлснээр тэрээр газар болон хувийн сууцны өмчлөгчөөр тус тус улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон байна. /хх 66-69/

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Ийнхүү шаардах эрхийг хэрэгжүүлэхэд тэрээр тухайн эд хөрөнгийг хууль болон гэрээний дагуу олж авсан буюу хууль ёсны өмчлөгч байх, түүний эрхийг хөндөж буй этгээд нь шударга бус эзэмшигч байхыг шаардана.

4.1 Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар маргааны зүйл болж буй газар болон хувийн сууцыг тус үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч байсан , нартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөгч болсон байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тухайн газрыг *******ын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бий болоход хөрөнгө оруулсан, мөн өвийн журмаар хүлээн авсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн, хариуцагч тухайн газар болон хувийн сууцыг 2000 оноос эзэмшиж байгаа нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхийг түүнд үүсгэхгүй. Учир нь, хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь уг газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг бусдад буюу гуравдагч этгээдэд шилжүүлэх тохиолдолд хариуцагчийн шаардах эрхийг үүсгэх бөгөөд хэргийн баримтаар уг үйл баримт тогтоогдоогүй. Харин хууль ёсны өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардсан тохиолдолд дээрх хуулийн зохицуулалт үйлчлэхгүй.

Мөн дээрх газар болон хувийн сууцны өмчлөх эрх 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр *******өд үүссэн байх бөгөөд тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхээ хэрэгжүүлснээр хариуцагчийн эзэмшил хууль бус болно. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2000 оноос эхлэн эзэмшилдээ байлгасан гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Хариуцагч нь , болон ******* нарын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тухайлан шаардлага болон уг хэлцэлтэй холбоотой хүсэлтийг шүүхэд тус тус гаргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/01927 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

М.БАЯСГАЛАН