Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1084

 

 

 

 

 

 

 

Д.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/03176 дугаар шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: Д.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: “Их наяд хөгжил” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 832 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хэлцэл хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Б.Нармандах,

         Хариуцагчийн өмгөөлөгч: С.Батболд,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Цэрэндорж нь 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Их наяд хөгжил” ХХК-тай №12/012 дугаартай орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, Төв аймгийн Зуун мод суманд “Цагдаа-70” гэсэн хотхоны 1 дүгээр давхрын “Г” тоот, 2 өрөө, 58 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 600 000 төгрөгөөр тооцон нийт 34 800 000 төгрөг төлөхөөр захиалан бариулахаар тохирч гэрээний үнийн 30 хувь буюу урьдчилгаа 10 890 000 төгрөгийг “Их наяд хөгжил” ХХК-д төлж гэрээгээ баталгаажуулан, үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь төлж өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Барилга ашиглалтад орж улсын бүртгэлийн Ү-1427002651 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан ба орон сууцны хаяг нь Төв аймгийн Зуун мод сум, 1 дүгээр баг, “Номт 3” дугаар хороолол, 24 дүгээр байрны 3 тоот гэж бүртгэгдсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээнд хүртэл орон сууцны талбайн хэмжээ 58 м.кв талбай гэж бүртгэсэн. Ингээд орон сууцыг хүлээн авснаас хойш тусгай зөвшөөрөл бүхий “Тоонто гранд” ХХК-иар байрныхаа талбайг хэмжүүлэхэд 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 108 дугаар дүгнэлтээр 47.9 м.кв талбайтай гэж дүгнэлт гарсан ба гэрээнд заасан хэмжээнээс 10.1 м.кв талбай дутсан. “Их наяд хөгжил” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих тухай гэрээгээр 1 м.кв талбайг 600 000 төгрөгөөр тохирсон тул энэ үнийг баримтлан дутуу талбайн үнэ 10 060 000 төгрөг, “Тоонто гранд” ХХК-аар орон сууцны талбайн хэмжилт хийлгүүлэхэд төлсөн 95 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчийн хүсэлтээр шинжээчээр томилогдсон “Инженер геодези” ХХК нь байрны талбайг хэмжиж 48.27 м.кв талбай гэсэн дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч тал энэ дүгнэлтийг зөвшөөрч байгаа тул талбайн зөрүүг 9.73 м.кв гэж үзэн 5 832 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 95 800 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч “Их наяд хөгжил” ХХК-иас шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон талбайн зөрүүний үнэ 5 832 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их наяд хөгжил” ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газартай тус байгууллагын албан хаагчдын 24 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг дотор засалгүйгээр хийж гүйцэтгэхээр 01/03 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зөвхөн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн ба уг байрны хувиарлалт болон борлуулалтын ажлыг Төв аймгийн цагдаагийн газар дангаараа хариуцан хийсэн учраас хэнд хэдэн төгрөгөөр борлуулсан, хуваариласан зэрэг ажилд манай компани оролцоогүй. Мөн барилгын зураг төслийг Төв аймгийн цагдаагийн газраас олгосон зураг төслийн дагуу гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ зураг төслөөс дутуу барьсан зүйл байхгүй. Манай компани Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр баг, “Номт 3” хороолол, 24 дүгээр байрны 3 тоот, 58 м.кв талбайтай, 2 өрөө байрыг Д.Цэрэндоржид шууд худалдан борлуулаагүй ба харин захиалагч, борлуулагч нь Төв аймгийн цагдаагийн газар юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Төв аймгийн цагдаагийн газар нь “НГ” ХХК-тай 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчдад зориулсан 25 айлын орон сууцны барилгын зураг төсөл зохиож боловсруулах гэрээг байгуулсан. Манай компани нь Төв аймгийн цагдаагийн газар буюу захиалагчтай 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 01/03 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу захиалагч талаас гаргаж өгсөн буюу “НГ" ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу манай компани 25 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Тухайн үед барилгын ажлыг зураг төсөл, чанар стандартын дагуу баригдаж байгааг захиалагч тал буюу Төв аймгийн цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч байнга хянаж байсан ажлын хэсэг, улсын комисс актын дагуу хүлээж авсан билээ. Төв аймгийн Цагдаагийн газар нь төрийн байгууллага учраас аж ахуйн шинжтэй үйл ажиллагааг явуулах, орон сууцыг бусдад худалдах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах зэрэг нь хуулиар хориглогдсон байсан тул захиалагчийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу дээрх 25 айлын орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх зорилгоор манай компани нь Д.Цэрэндоржтой орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулж, улмаар Д.Цэрэндоржийн өмчлөлийн гэрчилгээг гаргуулсан. Энэхүү гэрээ нь талуудын хооронд талбайн хэмжээ, төлбөр төлөх, авах эрх, үүрэг үүсгэх талаар хийгдсэн бодит гэрээ гэж үзэх боломжгүй юм. Учир нь Төв аймгийн цагдаагийн газрын эзэмшил газарт, тухайн байгууллагаас гаргаж өгсөн зураг төсөл, төсөв мөнгөний хүрээнд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд орон сууц өмчлөгч цагдаагийн байгууллагын ажилтнуудын өмнө гэрээгээр хүлээсэн өмнө төлбөр мөнгө, талбайн хэмжээний асуудлаар бодитой үүрэг хүлээгээгүй юм. Өөрөөр хэлбэл Д.Цэрэндоржтой орон сууц захиалгаар барих тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн холбогдох хэсэгт заасан хүчин төгөлдөр бусад тооцогдох хэлцэл юм. Иймд талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар барих тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

     Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талууд 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.8-д зааснаар гол нөхцлүүдээ тохирсон. Д.Цэрэндорж нь гэрээний дагуу үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч Төв аймгийн цагдаагийн байгууллагад мөнгөө тушаасан байсан бол сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэтэл нэхэмжлэгчийн төлсөн мөнгө цагдаагийн байгууллагын дансанд биш “Их наяд хөгжил” ХХК-д орсон. Мөнгө авах болохоороо авчихаад өөрсдийнх нь барьсан байрны талбайн зөрүүг авах гэхээр ийм тайлбар, нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Сөрөг нэхэмжлэлийн дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хуулийн ямар ч үндэслэлгүй байхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

               Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3-д заасныг баримтлан хариуцагч “Их наяд хөгжил” ХХК-иас 5 832 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цэрэндоржид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 435 710 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэрэндоржид холбогдуулан гаргасан 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн орон сууц захиалгаар барих тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч “Их наяд хөгжил” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэрэндоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Их наяд хөгжил” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 150 төгрөгөөс илүү төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, үлдэх 331 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Их наяд хөгжил” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 108 262 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Цэрэндоржид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

                  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг баримтлан дээрх хэргийг Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасан. Учир нь Төв аймгийн шүүхэд нэр бүхий 16 иргэний нэхэмжлэлтэй мөн "Их наяд хөгжил" ХХК-д холбогдох орон сууцны талбайн зөрүүнд тооцож мөнгө буцаан гаргуулах яг ижил төрлийн орон сууцны зориулалттай, 1 барилгатай холбоотой иргэний хэрэг хянагдаж байгаа юм. Төв аймгийн цагдаагийн газар нь "НГ" ХХК-тай 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчдад зориулсан 25 айлын орон сууцны барилгын ураг төсөл зохиож боловсруулах гэрээ"  байгуулсан байдаг. Хариуцагч "Их наяд хөгжил" ХХК нь Төв аймгийн цагдаагийн газартай 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 01/03 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу захиалагч талаас гаргаж өгсөн буюу "НГ" ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу 25 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан. Төв аймгийн шүүхэд хянагдаж буй иргэний хэрэгт Төв аймгийн цагдаагийн газар нь "НГ" ХХК-тай байгуулсан зураг төсөл зохиож боловсруулах гэрээ, гэрээний дагуу боловсруулсан зураг төсөл, Улсын бүртгэлээс гаргаж өгсөн лавлагаа, Төв аймгийн цагдаагийн газраас гаргаж өгсөн хэрэгт ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтууд, мөн Төв аймгийн цагдаагийн газрын холбогдох эрх бүхий албан тушаалтнуудыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлт зэрэг шаардлагатай нотлох баримт, хүсэлтүүд цугларсан. Ийм учраас дээрх хуулийн зүйл заалтыг үндэслэн хэргийг нэг мөр хянан шийдвэрлүүлэхээр хэрэг шилжүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг үндэслэлгүй байна хэмээн үзэж хүлээн авахаас татгалзан хэргийг хянан шийдвэрлэсэн. Улмаар өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг минь мөн хүлээн аваагүй. Хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлдээ “өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах эрхээ эдлээгүй, өмгөөлөгч авна гэж шүүх хуралдааныг хойшлуулсан хэдий ч өмгөөлөгч аваагүй тийм учраас энэ хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна” гэсэн. Өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах эрхээ эдлээгүй нь миний өмгөөлөгч авах эрхийг хязгаарлах хангалттай бөгөөд хууль ёсны үндэслэл биш юм. Дээрх үндэслэлүүдээс үзэхэд шүүгч хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаж чадаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж, хуульд заасан эрхээ эдлэх боломж олгож өгнө үү гэжээ.

 

                                                                 ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Цэрэндорж нь хариуцагч “Их наяд хөгжил” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү төлбөрт нийт 6 267 710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 5 832 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн орон сууц захиалгаар барих тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Талууд 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдөр орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр  “Их наяд хөгжил” ХХК нь Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр баг, 3 дугаар хороолол, “Цагдаа-70” хотхонд, 5 давхар орон сууцны 1 дүгээр давхар, “Г” тоотод байрлах, 58 м.кв, 2 өрөө орон сууцыг чанартай барьж хүлээлгэн өгөх, Д.Цэрэндорж нь 34 800 000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв./хх-ийн 4-5 дугаар тал/

 

            Захиалагч  ажлын хөлс болох  34 800 000 төгрөгийг  “Их наяд хөгжил” ХХК-д хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй ба үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгснөөр өмчлөх эрх Д.Цэрэндоржийн өмчлөлд шилжсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд орон сууцны талбайн хэмжээ 58 м.кв гэж бичигдсэн байна. /хх-ийн 7, 52-56 дугаар тал/

 

            Шинжээчийн дүгнэлтээр орон сууцны талбайн хэмжээ 48.27 м.кв болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүх доголдлын улмаас ажлын үр дүн буурсан хэмжээнд хөлсийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасантай нийцжээ.

 

            Хариуцагч “Их наяд хөгжил” ХХК нь Төв аймаг дахь цагдаагийн газрын захиалгаар уг орон сууцыг барьсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахын тулд Д.Цэрэндоржтой орон сууц захиалгаар барих тухай гэрээ хэрэгжсэн үйл баримтаас үзэхэд дүр үзүүлж байгуулсан гэж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч  гэрээ дүр үзүүлсэн гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна.

 

            Түүнчлэн  анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.1-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх үндэслэлгүй гэж үзсэн нь зөв.

 

            Өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулсан ба энэ хугацаанаас хойш хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах бүрэн боломжтой байсан, шүүх өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хариуцагчийн эрхийг Иргэний  хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан  хүртэлх хугацаанд хязгаарлаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/03176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ        

                                   

                                            ШҮҮГЧИД                                       А.МӨНХЗУЛ                                                                                    

                                                                                                  Г.ДАВААДОРЖ