Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00123

 

Ш.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01403 дугаар шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2016 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Ш.М

           Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

     Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1628 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Э.Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Н.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  тайлбартаа: “Т” ХХК-ийн Өмнөговь салбарын захирлаар ажиллаж байсан Ш.Мыг Тны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016-12-07ны өдрийн Б/1628 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, 2016 оны автомашины засварын батлагдсан төсвөөс 2,8 сая төгрөгийн зардлыг хэтрүүлэн гаргасан, салбарын кассын лимит, бэлэн мөнгөний зохистой үлдэгдэлд хяналт тавьж ажиллаагүйгээс нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журмын 3.1, 3.4 дэх заалтыг зөрчсөн, Тны зээлийн бодлогын 10.5 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс салбарын зээлийн багцын чанарыг 4.7 хувьд хүргэсэн, нийт зээлийн багцын 6.4 хувь нь хугацаа хэтэрсэн, ажлын гүйцэтгэлийг улирал бүрээр дүгнэхэд 2016 оны 1, 2, 3 дугаар улирлуудад дараалан сүүлийн 2 дугаар байранд орсон муу үзүүлэлттэйгээр дүгнэгдсэн, тус салбарын харьяа Номгон тооцооны төв нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний их засварт тусгагдаагүй 2 900 000 төгрөгийг өргөтгөл хийхэд зарцуулсан гэж халсан. Тинд эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй, тушаалд дурдагдсан ажлаас халсан үндэслэлүүд нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт хамаарахгүй. Иймд Тны гүйцэтгэх захирлын 2016 оны Б/1628-р тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, олговор 18 426 952 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  хариу тайлбартаа: Ш.М нь 2013-09-11-ний өдрөөс “Т” ХХК-ийн Өмнөговь салбарын захирлаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016-12-07-ны өдрийн Б/1628 тоот тушаалаар Ш.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5, 40.1.4р цуцалсан. Ш.М өөрийн ажлын байрны тодорхойлолт дахь Салбар нэгжийн түвшинд зардлын удирдлагыг хэрэгжүүлэх, зарцуулалтанд хяналт тавьж ажиллах, тухайн жилийн гаргасан санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд багтаан салбарын хэмжээнд хэрэгжүүлэх, мөнгөн болон бусад хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, хэрэгжилтийг зохион байгуулах гэсэн заалтыг зөрчиж 2016 онд 9,3сая  төгрөгийн автомашины засварын зардал батлагдсан байхад 2,8 сая төгрөгийн зардал зөвшөөрөлгүйгээр хэтрүүлсэн, Номгон тооцооны төвд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд их засвар тусгагдаагүй байхад 2,9сая төгрөгөөр үүдний тамбар бариулж, үндсэн хөрөнгийн санхүүжилт дансанд бүртгэж, төлөвлөгдөөгүй зардал гаргасан. Ажлын байрны тодорхойлолт дахь “бэлэн мөнгөний зохистой үлдэгдэл хүргэлт, татан авалт түүний аюулгүй байдалд хяналт тавих, зохион байгуулах” гэсэн заалт, Тны нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журмын 3.1, 3.4 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчиж, салбарын кассын үлдэгдлийг 829 000 төгрөгөөр тогтоож өгсөн байхад 2016 оны 06 сараас бусад саруудад кассын лимитийг хэтрүүлсэн, удирдлагын зүгээс журамд заасны дагуу хяналт тавьж ажиллаагүй байх бөгөөд уг зөрчил нь Хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон. Ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болох Салбар харьяа нэгжүүдийн харилцагчийн тоог өсгөх, зах зээл эзлэлтийг нэмэгдүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, банкны нэр хүндийг олон нийтэд таниулан дээшлүүлэх талаар бизнесийн гадаад орчинд илүү анхаарал хандуулах гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс салбар болон харъяа нийт 20 нэгжийн 11 нэгж нь 2016 оны 10 сард дотоод хүү тооцсоны дараах байдлаар 736 600 000 төгрөгийн алдагдалтай ажилласан нь Орон нутгийн банкны газрын дүгнэлтээр тогтоогдсон. Тны зээлийн бодлогын 10.5 дахь хэсэгт нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийг 2.5 хувиас хэтрүүлэхгүй байлгана гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс салбарын хувьд 2016-11-24-ний өдрийн байдлаар нийт зээлийн багцын 4.7 хувь буюу нэг тэрбум төгрөг чанаргүй ангилалд шилжсэн буюу чанаргүй зээлд байгуулсан нийт сан 821 200 000 төгрөгт хүргэсэн. Тны нэгжийн ажлын гүйцэтгэлийг дүгнэхэд Өмнөговь салбар нь 2016 оны 1, 2, 3 дугаар улиралд сүүлийн 2 дугаар байранд орсон муу үзүүлэлттэй байх бөгөөд салбарын захирлын хувьд өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн ажил, үүргээ ханалттай биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4., 40.1.5., Тны хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2., 5.28.4., 5.28.17 дахь заалтууд, хөдөлмөрийн гэрээний 7.4.2., 7.4.5., 7.4.18 дахь заалтууд, хүний нөөцийн хорооны 2016-12-07-ны өдрийн 82 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01403 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны Б/1628 тоот тушаалыг хүчингүй болгож, Ш.Мыг “Т” ХХК-ийн Өмнөговь салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, 18 426 952 төгрөгийг “Т” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж, төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 250 085 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 08-ны өдрийн 2016 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Тны 2016 оны Санхүүгийн төлөвлөгөөнд /1-р хавтас 68-71 хуудас/ Өмнөговь аймагт байшингийн урсгал засварт хх 1-70 хуудас/ 15.399.900 төгрөг төсөвлөгдсөн байдаг. Харин их засвар хийх мөнгөн хөрөнгө төсөвлөгдөөгүй байтал Өмнөговь салбарын захирал нь Номгон тооцооны төвд 2.952.500 төгрөгийн засварын ажил хийлгэж, тамбар бариулсан. Номгон тооцооны төв нь 53сая төгрөгийн үлдэгдэл өртөгтэй /хх-I 223, 224 хуудас/ үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд Аж ахуйн орлогын албан татварын тухай хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу Номгон тооцооны төвийн үлдэгдэл өртгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүн /1.060.000 төгрөг/-д тааруулан урсгал засвар хийх ёстой байтал үлдэгдэл өртгийн 2%-с хэтэрсэн үнийн дүн буюу 2.952.500 төгрөгөөр засвар хийж, түүнийг Үндсэн хөрөнгийн санхүүжилт дээр нэмж бүртгэн төлөвлөгдөөгүй зардлыг “Тны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, зөвшөөрөх, батлах эрх хэмжээний журам”-ын /1-р хавтас 146-155 хуудас/ 3.4 дэх хэсэгт “Санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдсан аливаа зардлыг төсвөөс хэтрүүлэхгүй байх, төсөвлөгдөөгүй зардлыг гаргахгүй байх үүргийг банкны бүх ажилтнууд хүлээх бөгөөд банкны үйл ажиллагаанд зайлшгүй зарцуулагдах төсөвлөгдөөгүй зардлын зөвшөөрлийг ... Улаанбаатар хот, орон нутгийн нэгжүүдийн хувьд хавсралт 2б маягтын дагуу ...зөвшөөрөл авна” гэж заасныг зөрчиж, Тны зөвшөөрөлгүйгээр гаргасан байдаг. Гэтэл холбогдох нотлох баримтууд болох Өмнөговь салбарын санхүүгийн төлөвлөгөө /1-р хавтас 68-71 хуудас/, тайлан /1 хавтас 193-201 хуудас/, хяналт шалгалтын газрын 16/А/162 тоот  илтгэх хуудас /хх 144-145/ болон санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, зөвшөөрөх, батлах эрх хэмжээний журам /хх 146-155/ зэрэг баримтууд нь хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх огт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн байгаа нь дээрх байдлаас харагдаж байна. Давж заалдах шатны шүүх Тны “Автомашин ашиглалтын журам”, “Санхүү гүйлгээний баримтыг хянах, зөвшөөрөх, батлах эрх хэмжээний журам”-д заасныг мөн Өмнөговь салбарын санхүүгийн төлөвлөгөө”, “Төсөвт гүйцэтгэлийн тайлан”, “Хяналт шалгалтын газрын 16/А/162 тоот илтгэх хуудас”-т тус тус заасан мэдээлэл болон баримтыг  зөв үнэлээгүй. Өмнөговь салбарын 2016 оны санхүүгийн төлөвлөгөөнд авто зардалд 9.331.500 төгрөг төсөвлөгдсөн байдаг, энэ тухай давж заалдах шатны шүүх дурдсан байдаг бөгөөд 2016 оны төсөвт гүйцэтгэлийн тайлан /хх 199/-гаар нийт 12.149.600 төгрөгийн зардал гаргаж, батлагдсан төсвөөс 2.818.100 төгрөгийг хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд нэхэмжлэгч уг зардлыг гаргасан талаар хүлээн зөвшөөрдөг. Дээрх зардлыг хэтрүүлэн гаргахдаа Тны “Санхүүгийн гүйлгээний хянах, зөвшөөрөх, батлах эрх хэмжээний журам”-ын 3.4 дэх хэсэгт “Санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдсан аливаа зардлыг төсвөөс хэтрүүлэхгүй байх, төсөвлөгдөөгүй зардлыг гаргах үүргийг банкны бүх ажилтнууд хүлээх бөгөөд банкны үйл ажиллагаанд зайлшгүй зарцуулагдах төсөвлөгдөөгүй зардлын зөвшөөрлийг … авна” гэж заасныг, Тны “Автомашин ашиглалтын журам”-ын  4.6.1 дэх хэсэгт “Автомашины сэлбэг, хэрэгслийн тогтоосон  хугацаанаас өмнө эвдэрсэн, ашиглах боломжгүй нь тогтоогдож 2сая төгрөг хүртэл үнэ бүхий зардалтай засвар үйлчилгээ хийх тохиолдолд авто инженерийн дүгнэлтийг үндэслэн ОНСУГ-аас зөвшөөрөл авч нэгжийн техникийн комисст шилжүүлэн орон нутгийн засварын газраар засварлуулна”, 4.6.2 дахь хэсэгт “Сэлбэг, засвар үйлчилгээний зардал 2сая төгрөгөөс хэтэрсэн тохиолдолд ОНСУГ-т хандан төв банкны авто инженерийн дүгнэлт гаргуулан төв банкны техникийн комисст шилжүүлж, төв банкнаас зөвшөөрөл авсны дагуу засварлана” гэж тус тус заасныг зөрчиж, огт зөвшөөрөл ирээгүй шийдвэрлэж олгосон байхад анхан шатны шүүх Тны “Автомашин ашиглалтын журам”-ын 4.6.1 дэх хэсэгт заасныг илтэд буруу хэрэглэж, “ОНСУГ-аас зөвшөөрөл авч” гэсэн хэсгийг хасч тайлбарлан шийдвэрлэсэн нь тус шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, бүхий л талаас үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Давж заалдах шатны шүүх хууль, эрх зүйн хувьд буруу дүгнэлт хийсэн нь дараах байдлаар харагдаж байна. Тны “Зээлийн бодлого”-ын /хх 206-211/ 10.5 дахь хэсэгт “Нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийг 2,5 хувиас хэтрүүлэхгүй байлгана” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүйгээс Өмнөговь салбарын нийт зээлийн багцад чанаргүй зээлийн эзлэх хувь 4,7 хувьд хүрсэн, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн багц нийтдээ 6,4 хувьд хүрсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь салбарын зээлийн багцын чанарын үзүүлэлт бүхий тайлангаар /хх 212, 213/ тогтоогдож байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн нь харагдаж байна.  Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил  тогтоогдсон. Бодит байдал дээр Өмнөговь салбарын кассын лимитыг салбарын хэмжээнд /хх 202-203/ 928.605.788 төгрөгөөр баталж өгсөн байдаг бөгөөд 2016-11-07-ны өдрөөс 2016-12-07-ны өдрийг хүртэл хугацаанд 17 удаа кассын лимит хэтэрсэн байдаг. Тны “Нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журам”-ын /хх 92-95/ 3.1 дэх хэсэгт “АПУХ-оос нэгжийн кассын үлдэгдэлд тогтоосон лимитийг тухайн нэгжийн захирал, ерөнхий нягтлан бодогч, ахлах теллер хариуцах ба лимитийг мөрдөж ажиллана”, 3.4 дэх хэсэгт “Нэгжийн тухайн сарын өдөр бүрийн дундаж кассын үлдэгдэл нь тогтоосон лимитээс хэтрэхгүй” гэж заасныг тус тус зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Кассын лимит удаа хэтэрсний улмаас Тны “Нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журам”-ын 3.7 дахь хэсэгт “Кассын үлдэгдлийн лимитийг хэтрүүлсэн тооцогдсон байдаг бөгөөд алдагдлын хэмжээ 672.576.000 төгрөгт хүрсэн байгаа юм. Гэтэл кассын лимитийн тайлан /хх 202-203/ болон Өмнөговь салбарын 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ашиг, алдагдлын тайлан /хх 204/, нарийвчилсан мэдээ /хх 205/-ээр тогтоогдож байхад анхан шатны шүүх дээрх тайлан, мэдээ болон холбогдох журамд үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн байна. Ш.Мын ажлын байрны тодорхойлолтын /хх 12-13, 142-143/ Удирдлага зохион байгуулалтын хэсгийн 5-д “Салбар, нэгжийн активыг оновчтой удирдах ОН-ийн зээлийн багцын чанарыг 2 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж, хүү олдоггүй активыг хэрэгцээнээс илүү нэмэгдүүлэхгүй, найдваргүй авлага үүсгэхгүй ажиллах” гэж заасан байхад анхан шатны шүүх “зээлийн багцын чанарыг 2 хувиас хэтрүүлэхгүй ажиллах заалт байхгүй...” гэж илтэд худал тэмдэглэж, шийдвэрлэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх түүнийг хүлээн зөвшөөрч дүгнэсэн хирнээ анхан шатны шүүхийг ИХШХШТХуулийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчиж, нотлох баримтыг илтэд худал үнэлж дүгнэсэн байхад түүнийг ялимгүй алдаа гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэлэлцэх бус үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгсөн нь хууль, эрх зүйн хувьд үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ш.М 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Т ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2016 оны Б/1628 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Тны Өмнөговь аймгийн салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг шаарджээ. /хх1-ийн 1-3/. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 1-ийн 24-26/.

        Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус  хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Т ХХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр   Б/1628 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5.,Тны дүрмийн 9.2.13, 9.2.20., хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.28.2, 5.28.4, 5.28.17, хөдөлмөрийн гэрээний 7.4.2, 7.4.5, 7.4.18., Хүний нөөцийн хорооны 2016 оны 12 сарын 07-ны өдрийн хурлын 82 дугаар шийдвэрийг /хх 1-ийн 56/ үндэслэн Өмнөговь салбарын захирал Ш.Мыг ажлаас нь чөлөөлсөн байна.

       Ажил олгогчийн тушаалаас үзвэл, хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас нь халахдаа хөдөлмөрийн гэрээний 7.4.2, 7.4.5, 7.4.18-г буюу ажилтан “...банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн нь... мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон... ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй...” бол “ноцтой” зөрчилд хамаарах тухай талуудын тохиролцоог үндэслэжээ.     

       Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг нэрлэн заах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 40 дүгээр зүйлийн 40.1.4-н зохицуулалтад нийцнэ.

      Нэхэмжлэлийн үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээний 7.4.2, 7.4.5-д “...дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон...” ямар зөрчлийг “ноцтой”-д тооцох нь тодорхойгүй,  хяналт шалгалтаар тогтоогдсон бүх зөрчлийг “ноцтой”-д тооцохоор талууд тохиролцсон гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г зөрчих тул  хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна. .  

      Шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг нэг бүрчлэн үнэлж, дүгнэлт хийсэн байх бөгөөд үүнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй. 

       Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01403 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2016 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 -т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 250.058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ