Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2017/0032/З |
Дугаар | 55 |
Огноо | 2017-08-23 |
Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 55
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Н.*******гийн нэхэмжлэлтэй тус аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн даргаар Ш.Дорж-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 169 дүгээр захирамжийн үйлчлэлийг зогсоох асуудлыг шийдвэрлэсэн захиргааны акт байхгүй болно. 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжийг миний нөхөр Ж.******* 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ж.гээс хүлээн авч миний биед 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн биеэр танилцуулсан. 2017 оны 1 дүгээр сарын актыг өөрийн биеэр 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээж авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 4 дүгээр сарын 5-наас 23-ны өдрийг хүртэл нөхөр Ж.******* маань хөдөө ажлаар явсан байсан. Мөн миний бие энэ хугацаанд хөдөө томилолтоор ажиллаж байсан. А/25 дугаар захирамжийг миний нөхөр Ж.******* 4 дүгээр сарын 05-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас А/25 дугаар захирамжийг хүлээн авсан тухай гарын үсэг зурсан баримтыг ирсэн, явсан баримт бичгийн бүртгэлээс баримт болгон авах хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй болно гэжээ. Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 4 сарын 28-ны өдрийн дуудлага худалдаа явуулах тухай 104 дүгээр захирамж гарснаар Ахмадын хорооны урд талд зочид буудлын зориулалтаар газрын дуудлага худалдаанд орж 800 000 төгрөгөөр тухайн газрыг авахаар болсон. 2008 оны 7 сарын 30-ны өдрийн 169 дугаар захирамжаар Улиастай сумын Жинст багийн төвийн хэсгийн нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хорооны урд 300 м2 газрыг 15 жилийн хугацаатай зочид буудал, үйлчилгээний зориулалттай газрыг эзэмшиж авсан. Уг газартаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн боловч замын трасст орсон гэдэг шалтгаанаар 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 2010 онд Улиастай сумын Засаг дарга Б.ын 2010 оны 11 сарын 10-ны өдрийн 1\817 дугаар албан бичгээр мэдэгдсэнээр авсан газрын тал хэсэг нь хот төлөвлөлтөнд орж авто зам баригдах болсон. 2014 онд Ахмадын хорооны барилга баригдсанаар тал хэсэг нь чөлөөлөгдөж, барилга барих боломжтой болсон тул газрын нэгж талбарыг өөрчилж, хойш нь газрыг сунгаж олгуулахаар 2016 оны 4 сарын 22-ны өдөр тухайн үеийн аймгийн Засаг даргад өргөдөл гаргаж 2016 оны 8 сарын 04-ний өдрийн А\193 дугаар захирамжийг гаргуулж авсан. Гэтэл газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2016 оны 10 сарын 20-ны өдөр мэдэгдэл хүлээн авч, танилцан хариу саналаа холбогдох тайлбар нотлох баримтуудын хамт хүргүүлсэн. 2017 оны 1 сарын 20-ны өдрийн А\25 дугаар захирамжаар тухайн газрын захирамжийг хүчингүй болгосон байна. Иймд А\25 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байгаа. 2008 онд дуудлага худалдаагаар авсан газрыг өдий хүртэл төрийн байгууллагаас иргэнд эдлүүлэх боломжийг хангахгүй байгаа. Энэ асуудлыг шүүхэд удаа дараа нотлох баримттайгаар гаргасан байгаа. 2008 онд дуудлага худалдаагаар авсан газарт 2010 онд хот төлөвлөлтийн байдалтайгаар танай газарт зам тавина гэж тухайн үеийн Улиастай сумын Засаг дарга Б.. албан тоотоор мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн үеийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга н.******* бид нарт өгөх боломжгүй гэдгийг аман байдлаар хэлж, кадастрын зураг хийх тал дээр татгалзаж байсан. 2016 оны 4 дүгээр сард Ахмадын хорооны барилга баригдаж түүний урд дуудлага худалдаагаар авсан газрын тал хэсэг нь замд орсон, тал хэсэг нь замын хойд талд байгаа. Урд газар суларсан учраас газрыг нөхөн олгож өгөөч гэж 2016 оны 4 дүгээр сард өргөдөл өгсөний дагуу 2016 оны 08 дугаар сарын 04-нд эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн газар эзэмшүүлэх захирамж гарсан. Ийнхүү газрын захирамж гараад байж байтал 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдэгдэл ирж ямар учиртай захирамж гарсан юм бэ? үүнийхээ талаар нотлох баримт бүрдүүлнэ үү гэсэн байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр газрыг маань хүчингүй болгосон байгаа. Тийм учраас Захиргааны хэргийн шүүхэд хандаж уг асуудлаа шүүхээр шийдвэрлүүлье гэсэн юм. Аймгийн засаг даргатай уг асуудлаар эвлэрэх санал тавьсан боловч хүлээж аваагүй. 2008 онд дуудлага худалдаагаар газар худалдан авснаас хойш газрын төлбөр төлөх ямар ч боломжгүй байсан. Яагаад гэвэл дуудлага худалдаагаар иргэн хүн авсан газраа кадастрын зураг болон гэрчилгээ авч тухайн газар дээр барилга барих боломжгүй байсан. Төр засаг 4 жилд нэг удаа солигддог байгаа. Энэ нь иргэн хүнд нэг талаасаа хүндрэлтэй зүйл ажиглагдаж байгаа. 2008 оноос хойш Улиастай сумын Засаг дарга Б. манай газрыг хүчингүй болгох, цуцлах талаар мэдэгдэл ирүүлээгүй. Энэ газарт чинь Улиастай сумын ерөнхий төлөвлөгөөний дагуу зам тавигдах гэж байна. Ийм учраас барилга байгууламж барих боломжгүй байна.Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай очиж өөр газар авах талаас ярилцаач гэж байсан. Тухайн үеийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын даргаар н.******* дарга ажиллаж байсан. Удаа дараа иргэнийхээ хувьд уулзаж төр дуудлага худалдаагаар авсан газраа иргэнээс авах гэж байгаа бол эргүүлээд бид бүхнийг хохиролгүй болгож газар өгөөч гэсэн асуудал тавигдаж байсан. Тухайн үед ямар хариу хэлж байсан бэ гэхээр өөрийнхөө сонирхож байгаа газар байвал тэрийгээ олоод ир бид нар өгөхөд бэлэн байна гэсэн тайлбар өгч байсан. Тийм учраас би тухайн газрынхаа хураамж төлбөрийг төлөх ямар ч боломжгүй байсан. Яагаад гэвэл тухайн дуудлага худалдаагаар авсан газар дээр барилга барих боломж, төлөвлөсөн зүйлээ хийх боломжгүй байсан учраас газрын хураамжийг төлж байгаагүй юм. Аймгийн засаг даргын ажлын хэсэг 2016 оны 9 дүгээр сард байгуулагдаж байсан. Үүнд бол хариу тайлбараа өгч байсан. Тухайн үеийн Улиастай сумын Засаг дарга Б.аас тодруулга авсан юм байна. Энэ үед өөрийнхөө хүссэн газрыг олоод ир бид нар өгөхөд бэлэн байна гэж байсан. Аж ахуй нэгж байгууллагын газрыг иргэнтэй холбож болохгүй гэж үзэж байгаа. Тийм учраас энэ бол хольж хутгаад байх зүйл байхгүй. ******* ХХК гээд манай ээжийн нэр дээр байсан компаний баруун талын газар руу эмнэлэг барихаар улаан шугам тавигдаж орж ирсэн. Тухайн үед манай эзэмшилд байгаа газраа өгөхгүй гэдэг маргаан гарч байсан. Тухайн маргаан нь урд байгаа газрыг оронд нь аваач гэсэн саналыг удирдлагуудтай тохиролцоонд хүрэх гэж 2 сар болсон. Тухайн үеийн аймгийн Засаг дарга н.******* Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга н.******* Мөнхөд-Мандах компаний захирал болох Мэндээ гэж миний ээж, миний бие Тогтвортой амьжиргаа 2 төслийн зохицуулагч байсан. Тухайн газар дээр бид нар очиж, гүйцэтгэгч байгууллагын хүмүүс ирж 2 сарын дараа ойлголцолд хүрсэн. 2008 онд дуудлага худалдаагаар авсан газрын талаар ганц ч хөндөгдөөгүй. Тухайн үед Улиастай сумын Засаг даргаар Б. байсан. Баруун талаас манай газар руу орох гэж байгаа бол зураг зохион байгуулалт, төлөвлөлт байх ёстой. Манай газар руу оруулж ирж төлөвлөлт хийсэн байна. Тухайн үед бид нарт мэдэгдээгүй учраас бид нар газраа өгөх боломжгүй гэсэн тайлбар тавьж байсан. Тухайн үеийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдийн алдаа байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламж барихдаа тухайн ондоо сууриа тавьж эхлэх ёстой. Ийм учраас баруун талын газраас чинь авах зайлшгүй шаардлагатай байна. Урд байгаа газрыг чинь өгье гэсэн. Тухайн үед авто угаалга баруун талд барилга байгууламж, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан боловч, тэр гражийн баруун талын блокон хашааг буулгаж манайх руу орж ирсэн байгаа. Халдвартын эмнэлгийн суурь тавигдаж манайх руу орж ирсэн байгаа. Одооны програм дээр суулгахаар Улиастай хотоос бүр урагшаа Дэнж рүү тавигдчихаад байгаа юм байна лээ. Одоо ашиглаж байгаа програм, тухайн үеийн 2008 онд ашиглаж байсан программ хоёр хоорондоо өөр учраас энэ хоёр программын зөрүүгээс болж нэгж талбар нь урагшаагаа тавигдахгүй байгаа. Тэрнээс биш хөрвүүлэлтийн ажлыг тодорхой хэмжээнд хийвэл энэ газар нь Ахмадын хорооныхоо урд талд бууна гэж бодож байгаа юм. Хугацаа хэтэрсэн гэсэн. Ер нь бол аливаа төрийн ажил ч гэсэн иргэн, албан байгууллага ч гэсэн албан бичиг, аливаа хүнд мэдэгдэл өгөхдөө өгсөн он, сар, өдөртэй, хүлээж авсан он, сар, өдөртэй явагддаг. Тухайн үед Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас яг өөрийн биеэр гардаж аваагүй. Ерөнхийдөө албан бус байдлаар танилцсан гэж хэлмээр байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхөөр 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрүүдийг хянан үзээд нийт 26 захирамжийг түдгэлзүүлэн иргэдэд мэдэгдэж, энэ хугацаанд холбогдох хууль журам, бодит нөхцөл байдал, газар дээр нь очиж ажилласан дүгнэлт зэргийг үндэслэн хариу тайлбар ирүүлэх тухай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017.10.14-ний өдрийн 331 тоот албан шаардлагыг хүргүүлсэн билээ. Энэ дагуу иргэн Н.*******гийн ирүүлсэн тайлбар, нотлох баримт хангалтгүй байсан тул хууль журамд нийцүүлэн холбогдох арга хэмжээг авч газар эзэмших эрхийг нь цуцалсан болно. Иргэн Н.******* нь анх аймгийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 169 тоот захирамжаар Жинст багийн нутаг дэвсгэр, Ахмадын ордны урд байрлалтай 300 м2 газрыг зочид буудал үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаагаар авсан боловч тухайн газраа ашиглалгүй 2 жил болсон, улмаар тус газар нь төв замын трасст орсон тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон зэргээс үүдэн нөхөн олговроор газрын байршлыг өөрчилж шийдвэрлэхээр тухайн үеийн удирдлагууд аман хэлбэрээр ярилцан эрх зүйн актууд үйлдээгүй нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архивт байхгүйгээс илт харагдаж байна. Ийнхүү газар эзэмших эрхийг цуцлах бүрэн үндэслэлтэй байтал Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/193 тоот захирамжаар иргэн Н.*******д дахин захирамж гаргаж, уг захирамж нь нөхөн олговороор газар олгох бус гэрээ шинэчлэх тухай захирамж төдийгүй газрын талбайн хэмжээг нэмсэн, байршил тодорхойгүй, газрын улсын мэдээллийн санд бүртгэлгүй, тухайн үеийн удирдлагын иргэнд зааж өгсөн гэх газар нь бодит байдал дээр байгууллагын эзэмшил газартай давхацсан ба энэхүү шийдвэр нь хууль эрх зүйн чадамжгүй, Захиргааны ерөнхий хуулийн дагуу иргэнээс ирүүлсэн тайлбар, нотлох баримт нь шаардлагад үл нийцэж байна гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан тул дээрх шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авсан болно. Цаашид бид хууль журмыг мөрдөж, албан тушаалын давуу эрхээр газрын тухай хууль тогтоомжид үл нийцсэн шийдвэр гаргахгүй байх дээр анхааран ажиллаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.*******д 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамжаар 300 мкв газар олгосон байдаг. Уг газрын гэрчилгээг олгохдоо 2008 оны 11 дүгээр сарын 10-нд олгосон байдаг. Гэрээ байгуулсан боловч огноогүй, хэзээ байгуулсан нь тодорхой бус гэрээ байсан. Гэрээний зүйл заалтыг уншихад улирал бүр төлбөр төлөхөөр, гэрээний 5 дахь заалт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-6 дахь хэсгийг зөрчвөл хүчингүй болгоно гэсэн заалт орсон байсан. 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 40.1.6 дахь заалтын дагуу тухайн газар дээр хүндэтгэн үзэх шалтгаангүй үйл ажиллагаа явуулаагүй бол хүчингүй болгоно гэсэн заалтын дагуу Улиастай сумын Засаг даргын албан тоотыг 2010 оны 11 дүгээр сарын 10-д 1/217 тоотоор хүргүүлсэн байдаг. Ингээд Н.*******гаас өргөдөл аваад судалж үзсэн. Сумын Засаг дарга Б.аас тодруулахад нөхөн төлбөрт өөрийнх нь эзэмшиж байсан уурын зуухны урд талд машин угаалгын хэсэг газар олгосон гэж хэлдэг. Кадастрын зургийг нь хараад үзэхэд хуучин кадастрын зураг нь 3718 мкв байсан бол шинэ кадастрын зургаар 3478 мкв газар болгосон байгаа. Энэ бол өөрийнх нь газрын ард эмнэлэг барихдаа газраас нь аваад эргүүлээд нөхөн төлбөр олгосон юм байна лээ. Түүн дээрээ нэмэгдүүлээд 233 мкв газрын олгосон юм байна. Тийм учраас би тэгж ойлгож байгаа. Тухайн нөхөн төлбөрт нь машин угаалгын газар олгосон юм байна гэж ойлгосон. Үүний дараа 2016 оны 09 дүгээр сард эрх зүйн зөрчилтэй захирамжуудыг хянан шийдвэрлэх ажлын хэсэг гаргаад судалж үзсэн. Түүний дараа бид нар эрх нь зөрчигдөж байгаа, Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх нь зөрчигдөж байгаа хүмүүст мэдэгдэл хүргүүлсэн. Үүн дээр манай ажилтан хүргэсэн тухай архивын баримтад байгаа. Ингээд тухайн захирамжийг ирүүлсэн бусад бичиг баримтыг судлаад 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр А/25 тоот захирамжаар тухайн газрыг 2016 онд авсан захирамжийг хүчингүй болгосон. 2016 онд гарсан захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 21.3.2, 61.1 гэсэн хоёр заалтыг үндэслэл болгосон байдаг. Мөн хамгийн ноцтой нь техникийн нөхцөл мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тухайн газрын байршлыг харуулсан зураг бол эд мөрийн баримт юм. Эдгээр зүйлс байхгүй учраас нотлох баримт байхгүй гэж үзэж байгаа. Тэгээд түүний дараагаар захирамжийг хүчингүй болгохдоо гэрээ гэрчилгээ шинэчлэх захирамж гарсан. Шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор давж заалдах ёстой гэж Газрын тухай хуулинд байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 20-нд манай ажилтан Ж.*******т биечлэн захирамжийг хуулбарлаж өгсөн гэсэн. Үүний өмнө албан бичгээр тайлбар гаргаж өгсөн байгаа. Захирамж гарсны дараа 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр биечлэн хэлсэн. Түүнээс өмнө бүх хүмүүст утсаар мэдэгдсэн байгаа. Захирамж гарсан өдрөөс хойш 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 26 захирамж гарсан учраас бүх хүмүүст манай мэргэжилтэн ******* хэлсэн. Хамгийн гол нь гарын үсэг зуруулаагүй байна лээ. Тэгээд хугацааны хувьд бол хоёр үндэслэлээр тухайн газрыг авсанаас хойш 8 жил болсон, Захирамжийг хүлээн авсанаас хойш Газрын тухай хуулиар эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байтал тухайн үед нь гомдол гаргаагүй. Ер нь бол Газрын хууль тогтоомж маш нарийн болсон. Кадастрын зураг болон мэдээллийн сан байхгүйгээр аливаа дуудлага худалдаа сонгон шалгаруулалт, газар эзэмших энэ бүх үйл ажиллагаа хориотой. 2008 онд дуудлага худалдаа зохион байгуулахдаа 2003 оны дуудлага худалдаа зохион байгуулах журмын дагуу явагдсан байх гэж бодож байна. Одоо уг дуудлага худалдааны журам өөрчлөгдсөн. Би өмнөх журам болон өөрт байгаа материалыг авч үзсэн. Миний хувьд дуудлага худалдаанд оролцоогүй учраас архивын баримтад дүгнэлт хийж ярьсан юм. Дуудлага худалдаа зохион байгуулахын тулд эхлээд техник нөхцөл, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаад тухайн нэгж талбарын зураг гараад, энэ талбайг дуудаж байгаа гэдгийг хэн бүхэнд ойлгомжтой тавиад Ж.*******ын хэлсэн зарлалаа тавиад, нийтэд мэдэгдээд явах ёстой. Хамгийн гол нь үлдэж байгаа баримтыг шүүж үзэхэд, техник нөхцөл байдлын үнэлгээний байгууллагын дүгнэлт, зураг төсөл, газрын байршлыг харуулсан зураг, оролцож байгаа байгууллагаас ирүүлсэн хүсэлт, тухайн дуудлага худалдаа зохион байгуулсан тэмдэглэл дэнчингийн баримт болон банкны өр авлагагүй гэсэн тодорхойлолт байгаа. Мөн дуудлага худалдаа явуулснаас хойш 3 хоногийн дотор гэрээ байгуулах ёстой. Энэ дуудлага худалдаанд гэрээ болон тэмдэглэл байхгүй байгаа. Ер нь ******* хэлсэн, манай мэргэжилтнүүдийн алдаатай үйл ажиллагаа байгаа. Бүх хүмүүст утсаар мэдэгдсэн. Би энэ талаар ******* мэргэжилтэнд даалгавар өгсөн. Бүх хүмүүст утасдаж хэлсэн байгаа. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ж.******* даргатай коридорт явж байгаад таараад захирамжийг канондож өгсөн гэсэн. Өмнө захирамжийг өгөхдөө таниар гарын үсэг зуруулаад хуулбарлаад өгсөн байгаа гэв.
Гуравдагч этгээд Ү.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Ахмадын хороо нь 2007 онд Улиастай сумын Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар захирамжаар 2134 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр шийдвэрлүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ авч жил бүр газрын төлбөрөө хуульд заасан хэмжээгээр төлж ирсэн юм. Гэтэл 2012 онд эзэмшиж буй газрын хэмжилт зөрүүтэй газрын кадастрын зураггүй учир дахин хэмжилт хийлгэх хүсэлт гаргасанаар Улиастай сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 тоот захирамжаар 2227 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр газрын кадастрын зураг, гэрээ хийж гэрчилгээг авсан билээ. 2014 онд Ахмадын ордоныг шинээр барих болж хуучин барилгыг буулган суурин дээр нь шинээр Ахмадын ордон барьж эхэлсэн юм. Манайх дээрх газрыг өдийг хүртэл 10 шахам жил эзэмшиж татварыг нь жил бүр төлсөөр 2017 хүрсэн. Гэтэл 2016 оны 08 дугаар сард манай эзэмшлийн газартай давхцуулан 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/193 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Үүнийг аймгийн Засаг дарга Д.******* 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаартай захирамжаар хүчингүй болгосон юм. Манай байгууллага 2 удаа газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулан, эзэмшиж буй газрын татварыг 2003-2017 онд хүртэл 15 жил тасралтгүй төлж, газраа зориулалтын дагуу эзэмшин ашигласаар ирсэн, цаашид ашиглана гэж үзэж байна. Байгууллагын эзэмшлийн газарт дураараа шийдвэр гаргаж өөр байгууллага иргэнд газар эзэмшүүлдэг эрх хэнд ч байхгүй. Газрыг давхардуулан олгосон нь аймагт газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгодог хуулиар хүлээсэн үүрэгтэй Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамж нь хуулийн хүрээнд алдааг засах чиглэлээр гарсан зөв шийдвэр байна. Газрыг давхардуулан олгосон хариуцлагагүй хүмүүсээр иргэн байгууллагын хохирлыг барагдуулах нь зөв байхаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Н.******* нь Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/25 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжид шүүхэд гомдол гаргах 10 хоногийн хугацаа өнгөрсөн гэж, нэхэмжлэгч нь уг маргаан бүхий захирамжийг надад мэдэгдээгүй, албан ёсоор гардуулаагүй ба 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр нөхөр Ж.******* тус газрын ахлах мэргэжилтэн Ж.гээс хүлээн авч надад 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр танилцуулсан тул 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хандсан гэж маргаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн маргаан бүхий Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдсэнээ Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д зааснаар баримтжуулаагүй, ... албан ёсоор өөрт нь гардуулалгүй захиргааны актыг мэдэгдэх журмыг зөрчсөн байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
2. Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/25 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/193 дугаар Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчлэн газар эзэмшүүлэх тухай захирамжаар Зочид буудал үйлчилгээний зориулалтаар 400м2 газрыг хууль ёсоор эзэмшиж байсан гэж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.*******д эзэмшүүлсэн дээрх газар нь тус аймгийн газар зохион байгуулалтын тухайн оны төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлчилгээний зориулалтаар, дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр тусгагдаагүй, мөн Н.*******д дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн газар нь бусдын эзэмшил газартай давхацсан, тодорхойгүй шалтгаанаар 300 м2 газрын хэмжээг 400м2 болгон нэмэгдүүлсэн байсан тул А/193 дугаар захирамжийг 2017 оны А/25 дугаар захирамжаар хүчингүй болгосон гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Н.******* нь анх Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 169 дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Жинст багийн Ахмадын хорооны хашааны урд талд зочид буудлын зориулалтаар 300м2 газрыг ******* дугаар эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшсэн боловч газар эзэмшигч, газар эзэмшүүлэгч нарын хооронд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаагүй байна. Дээрх 169 дүгээр захирамжийг тус аймгийн Засаг даргын 2016 оны А/193 дугаар Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчлэн газар эзэмшүүлэх тухай захирамжаар хүчингүй болгон Н.*******д зочид буудлын зориулалтаар тухайн байршилд 400 м2 газрыг шинэчлэн эзэмшүүлсэн захирамж гаргасан боловч энэхүү захирамжийн дагуу нэхэмжлэгчийн газар эзэмшлийн гэрээ, гэрчилгээгшинэчлээгүй, тухайн эзэмшил газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байх ба тус аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжаар уг А/193 дугаар захирамжийг хүчингүйд тооцсон байна. Энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд хариуцагчаас нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх үүсгэсэн шийдвэр нь хуульд заасан журмын дагуу гарсан эсэх, нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу газар эзэмшсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Нэхэмжлэгчид газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлэн газрыг нь нэмэгдүүлж олгосон 2016 оны А/193 дугаар захирамж нь газар эзэмшүүлэх эрх үүсгэсэн захирамж бус 2008 оны 169 дүгээр захирамжаар үүссэн газар эзэмших эрхийг баталгаажуулж, тухайн байрлалд газар эзэмшлийн гэрээ, гэрчилгээг шинэчилсэн, мөн газрын хэмжээг нэмэгдүүлсэн агуулгатай байна. Иймд 2008 оны 169 дүгээр захирамжийн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд баримтлах журмын талаар зохицуулжээ. Уг хуулийн 33.4-т аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно хэмээн заасан байна. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан тус аймгийн 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Улиастай сум, Жинст багт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээ болон бусад зориулалтаар дуудлага худалдаагаар ээзмшүүлэх газарт маргаан бүхий Ахмадын ордны баруун урд талд 300 м2 газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх асуудал тусгагдаагүй байна. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр хариуцагчаас 2016 оны А/193 дугаар захирамжийг хүчингүй болгох асуудлыг маргаан бүхий захиргааны актаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар бусдын эзэмшил газартай давхцсан, тодорхойгүй шалтгаанаар газрын хэмжээг нэмэгдүүлсэн гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ахмадын ордны барилгыг тойруулан урд хэсгээр нь хайсаар хашиж хүрээлсэн хэсэгт, хайсны баруун урд өнцгөөс урагшаа хар зам хүртэл өөрийнх нь дуудлага худалдаагаар авсан 300 м2 газар байгаа гэж тайлбарлаж байна. Гэвч энэхүү газар нь аймгийн Ахмадын хорооны эзэмшиж буй газрын хэсэгтэй давхцаж байна. Ахмадын хороо нь үндсэн үйл ажиллагаагаа явуулах зорилгоор нэхэмжлэгчийн маргаж буй Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэр дэх байршилд Улиастай сумын Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар захирамжийн дагуу 2134 м2 газрыг эзэмшиж байгаад 2012 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр захирамжийн дагуу 2134 м2 газрыг эзэмшиж, газрын төлбөрийг төлж ирсэн нь хэрэгт авагдсан дээрх захирамжууд болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, 2007-2016 онуудад төлсөн газрын төлбөрийн тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн гэх 300 м2 газар бусдын эзэмшил газартай давхцсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэстэй байна. НэхэмжлэгчН.*******д дээрх 300 м2 газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн 169 дүгээр захирамж нь 2008 онд гарсан ба 2016 онд уг газар эзэмшлийн гэрээ гэрчилгээг шинэчлэн хэмжээг 400 м2 болгосон нь хуулийн үндэслэлгүй, тухайн газрын эзэмшил нь газрын кадастрын нэгдсэн санд бүртгэлгүй байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна., 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заажээ. Уг зохицуулалтуудаар бусдын эзэмшил газарт давхар газар эзэмшүүлэхийг хориглосон байна.
Түүнчлэн 2008 оны 169 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшилд дуудлага худалдаагаар олгосон газрын уртраг, өргөрөгийн хэмжээсийг одоо ашиглагдаж буй газрын кадастрын мэдээллийн санд хөрвүүлэхэд уг хэмжээс Улиастай сумын хилийн гадагш бууж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.*******д газар эзэмших эрх хуульд заасны дагуу үүсээгүй байна гэж шүүх дүгнэлээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө... өөрчлөх буюу хүчингүй болгоно хэмээн заажээ. Түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох эрх нарийвчлан зохицуулагдсан байна. Дээрх зохицуулалтаас харвал хууль тогтоомжид нийцээгүй захирамжийг өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгох эрх Засаг даргад олгогдсон байх ба уг эрх хэмжээний хүрээнд, нэхэмжлэгч Н.*******д газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн 2016 оны А/193 дүгээр захирамжийг хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжаар хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд дээрх хуулиудад заасантай нийцсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргад холбогдох 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Н.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР