Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 503

 

 

 

 

 

 

 

 

 

        Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Э.Азбаяр,

     Н.Дөлгөөн нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                              

ялтан Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Э.Азбаяр, Н.Дөлгөөн нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Батдалай, Ч.Отгонбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Э.Азбаяр, Н.Дөлгөөн нарт холбогдох 201725030221 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.     

1. Тавичуул овгийн Баарайн Батдалай, 1989 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1-724 тоотод оршин суух,

2009 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 3 жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоож, 2009 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, суллагдсан. /регистрийн дугаар: ДГ89112210/

2. Боржигин овгийн Чулуунцэцэгийн Отгонбаатар, 1990 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн 58г-42 тоотод оршин суух,

2008 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, 2009 оны 7 сарын 9-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн. /РД:СЮ90060619/

3. Мянгат овгийн Эрдэнэбилэгийн Азбаяр, 1990 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 25-593 тоотод оршин суух,

2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн. /регистрийн дугаар: УУ90010616/

4. Боржигон овгийн Нямдаваагийн Дөлгөөн, 1990 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 29-726 тоотод оршин суух,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. /РД:УХ90010551/

Ч.Отгонбаатар, Б.Батдалай нар бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын эцсийн буудал, “Худалдаа үйлчилгээний төв”-д лангуу түрээслэгч Ж.Өлзийжаргалын лангууны араас бичиг баримт, 130,000 төгрөг бүхий цүнхтэй эд зүйл, “Аsus” брэндийн гар утас зэргийг хулгайлж 340,000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Э.Азбаяр, Н.Дөлгөөн нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчит шонхор” худалдааны төвийн лангуу түрээслэгч С.Одончимэгийн барааны 1 тоот павилионы хаалгыг эвдэн нэвтэрч 20,000 төгрөгийн үнэ бүхий цүнхтэй бэлэн 12,030,000 төгрөг хулгайлж нийт 12,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Э.Азбаяр, Н.Дөлгөөн нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Э.Азбаяр, Н.Дөлгөөн нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Э.Азбаяр нарт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сар хорих ял, Н.Дөлгөөнд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж, Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Э.Азбаяр, Н.Дөлгөөн нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Б.Батдалай, Ч.Отгонбаатар нарын цагдан хоригдсон 99 хоног, Э.Азбаярын цагдан хоригдсон 70 хоног, Н.Дөлгөөний цагдан хоригдсон 84 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 64-77 УНР улсын дугаартай, “Toyota pruis-11” загварын автомашиныг эзэмшигчид нь буцаан олгож, автомашины үнэ болох  4,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлого болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Азбаяраас 7,300,000 төгрөг гаргуулан хохирогч С.Одончимэгт олгож, Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Н.Дөлгөөн нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг “СD”-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Батдалай давж заалдах гомдолдоо: “... найз Э.Азбаярын ээжийнх нь бие муу байсан тул самар түүхээр 3 найзын хамт явах гэж байгаад уг хэрэгт холбогдсон. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ухаарч ойлголоо. Гэм буруугаа хүлээн учруулсан хохирол болох 1,740,000 төгрөгийг төлсөн. Мөн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялтай байдал арилж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж шүүх үзсэн болно. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна...” гэжээ.

Ялтан Ч.Отгонбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “... эхнэр, хоёр нялх хүүхдийн хамт түрээсийн байранд, улсаас өгдөг 21,000 төгрөгөөр амьдралаа залгуулж байгаа. Эхнэр, хүүхдээ орхиод хоригдож байгаа нь маш их хэцүү байна. Мөн миний бие бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Эдгээр байдлыг харгалзан үзэж хорих ялыг минь тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж, харамсаж байна...” гэжээ.

Ялтан Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Э.Азбаяр, Н.Дөлгөөн нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс ялтан Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Э.Азбаяр, Н.Дөлгөөн нарт оногдуулсан ял шийтгэлийн тухайд гомдол гаргаагүй. Хэрэг шийдвэрлэгдсэний дараа үйлчлүүлэгч нартаа хувийн байдал болон бусад байдлын талаар тодорхой ойлголт өгсөн. Гэвч Ч.Отгонбаатар, Б.Батдалай нар давж заалдах гомдол гаргасан байна. Иймд давж заалдах гомдлыг нь хангаж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Ч.Отгонбаатар, Б.Батдалай нар бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын эцсийн буудал орчим байрлах “Худалдаа үйлчилгээний төв”-ийн лангуу түрээслэгч Ж.Өлзийжаргалын лангууны араас бичиг баримт, 130,000 төгрөг бүхий цүнх, “Аsus” загварын гар утас зэргийг хулгайлж 340,000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Э.Азбаяр, Н.Дөлгөөн нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчит шонхор” худалдааны төвд байрлах С.Одончимэгийн дэлгүүрийн хаалгыг эвдэн орж 20,000 төгрөгийн үнэ бүхий цүнхтэй бэлэн 12,030,000 төгрөг хулгайлж нийт 12,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- хохирогч Ж.Өлзийсайханы: “... Би Хайлаастын эцэст байрлах худалдааны үйлчилгээний төвд жимс, ногооны лангуу ажиллуулдаг. 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 15 цагийн орчим 2 залуу орж ирээд “шуудай төмс, бөөний үнээр өгөх үү” гэж асуусан... өгөх гэж байтал “бид үсээ засуулах ёстой” гэж хэлээд надад тор авч өгөөд гараад явчихсан... нөгөө залуучууд ирэхгүй болохоор нь үсчин рүү очиход байхгүй байсан. Тэгтэл тэр залуучууд надад тор авч өгөхдөө миний цүнхийг аваад явчихсан байсан… Хар урт оосортой жижиг арьсан цүнх байсан. Дотор нь бэлэн 130,000 төгрөг, “Asus” загварын гар утас, цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр гэх мэт зүйлүүд байсан...” /1-р хх-75/,

- хохирогч С.Одончимэгийн “... 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өглөөний 06 цаг 20 минутын орчим миний ажиллуулдаг 01 дугаартай павилионд 2 эрэгтэй орж ирсэн. Тэд самрын шуудай 500 ширхэгийг, том гахай 100 ширхэгийг авна гэсэн. Лангуунд бэлэн байгаагүй учир хамт гарч агуулахаас шуудай болон гахай цүнх гаргаж өгч байхад нэг нь машин дуудаад байсан. Тэгээд агуулахын гадаа 20 минут болсон. Нэг эрэгтэй нь “машин ирлээ” гээд явсан. Нөгөө эрэгтэй нь зогсч байснаа “яачихав даа” гээд нөгөө эрэгтэйгийнхээ араас яваад өгсөн. Тэд шуудайгаа орхиод явчихаар нь сэжигтэй санагдаад лангуун дээрээ буцаж ирэхэд вакум цонхыг хөшиж онгойлгоод орхисон байсан. Ороод юмаа үзэхэд гар цүнхтэй мөнгө байхгүй байсан... Надад нийтдээ 12,072,000 төгрөгийн хохирол учирсан...” /1-р хх-47-48/ гэх мэдүүлгүүд,

- эд зүйлийн үнэлгээ /1-р хх-76/,

- хэрэг учрал болсон Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвийн шуудайны 1 тоот буюу хохирогч С.Одончимэгийн лангуунаас эд зүйлс алдсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-4-7/,

- Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /1-р хх-34-41, 44/,

- Н.Дөлгөөн нь хохирогч С.Одончимэгийн цүнхтэй бичиг баримтыг хулгайлан авч гэртээ нуусан гэж мэдүүлсний дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 29-726 тоот хашаанд байрлах гэрт нь үзлэг хийж, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-30-33/,

- Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Э.Азбаяр, Н.Дөлгөөн  нарын “нэр бүхий хохирогчдын эд зүйлсийг хулгайлан авсан” гэж үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлгүүд зэрэг болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Э.Азбаяр, Н.Дөлгөөн нарт оногдуулсан хорих ял тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин анхан шатны шүүхээс Б.Батдалай, Ч.Отгонбаатар, Э.Азбаяр, Н.Дөлгөөн нарын ялтай байдал нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын дагуу хэрэгсэхгүй болж, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа Э.Азбаяр, Н.Дөлгөөн нарыг “...давтан үйлдлээр...” бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинж болж байхад шүүх ял хүндрүүлэх нөхцөл байдалд давхар харгалзан үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй” гэж заасныг зөрчсөн болохыг цаашид онцгой анхаарвал зохино.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Б.Батдалай, Ч.Отгонбаатар нарыг давтан үйлдлээр, бүлэглэн агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Э.Азбаяр, Н.Дөлгөөн нарыг бүлэглэн агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээн, ялтан Б.Батдалай, Ч.Отгонбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

М.ПҮРЭВСҮРЭН