| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00286/И |
| Дугаар | 00289 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 00289
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Аудитын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын Прокурорын газарт холбогдох 676.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Аудитын газрын 2015 оны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн тэргүүлэх аудитор Ч.Энхтуяагийн баталсан хуваарийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын 1-р Прокурорын газрын 2014 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Уг аудитаар Мандал сум дахь Сум дундын 1-р Прокурорын газрын ахлах прокурор Ү.Содномцог, нягтлан бодогч Т.Төмөрсүх нар нь албан хаагчдад цалингийн урьдчилгаа олгоод буцаан суутгаагүй, санхүүгийн тайланд авлага үүсгээгүй 1756,9 мянган /Нэг сая долоон зуун тавин зургаан мянга есөн зуун/ төгрөгийн зөрчил илэрсэн.
Энэ нь МУ-ын Төсвийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.4.8, НББ-ийн тухай хуулийн 4- р зүйлийн 4.1, 9-р зүйлийн 9.1 дах заалтуудыг зөрчсөн тул холбогдох этгээдээр нөхөн төлүүлэх тухай төлбөрийн акт тогтоож, биелэлтийг Мандал сум дахь Сум дундын 1-р Прокурорын газрын ахлах прокурор Ү.Содномцог, нягтлан бодогч Т.Төмөрсүх нарт хариуцуулсан боловч өнөөдрийг хүртэл актыг бүрэн биелүүлээгүй байна. Иймд тухайн актын үлдэгдэл 676.900 мянган төгрөгийг төлүүлж, актын биелэлтийг хангуулж өгнө үү гэжээ
Хариуцагч Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Аудитын газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Тус газраас ирүүлсэн ажиллагсдад цалингийн урьдчилгаа олгоод буцаан суутгаагүй илүү олгосон цалингийн үлдэгдэл 676.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй төлж барагдуулах болно гэжээ.
Үндэслэх нь:
Сэлэнгэ аймгийн Аудитын газрын 676.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын ахлах прокурор Б.Эрхэмбаатар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Аудитын газрын 676.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын Прокурорын газар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН