Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 218/МА2026/00011

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 310/ШШ2026/00169 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй, *******, ******* нарт хариуцагдах 15377300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч ******* /цахим/, нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага: ...*******, ******* нар нь миний эзэмшлийн объектыг цайны газрын зориулалтаар түрээсэлдэг байсан. ... 2024 оны 07 сарын 15-ны өдрөөс 2025 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэлх түрээсийг төлсөн. 2025 оны 07 сарын 24 өдөр обьектыг манайд хүлээлгэж өгсөн. Түрээсийг төлбөрийг эхлээд 7.000.000 төгрөгөөр тохирсон. 2025 оны 01 сарын 01-нээс эхлэн түрээсийг төлбөрийг 7.500.000 төгрөг болгосон. Мөн эдгээр хүмүүс цайны газрын үйлчилгээ явуулахдаа манай махны дэлгүүрээс мах зээлээр худалдан авдаг байсан. ... Дээрх хүмүүс манай цайны газрыг түрээсэлж байхдаа ахуйн газны баллон алга болгосныг 170.000 төгрөгөөр, гал тогооны том ус буцалгагч шатаасныг 120.000 төгрөгөөр тогны уртасгагч шатаасныг 28.000 төгрөгөөр, ариун цэврийн өрөөний суултуур эвдэрснийг 40.000 төгрөгөөр, гал тогооны 2 крант эвдэрснийг 120.000 төгрөгөөр тус тус бид худалдан авч засварласан. Иймээс 2025 оны 06 сарын 15-ны өдрөөс 2025 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 9.750.000 төгрөг, махны төлбөр 5.149.300 төгрөг, цайны газрын эвдсэн эд хөрөнгийн үнэ 478.000 төгрөг, нийт 15.377.300 төгрөгийг *******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбар: ...Бид анх 2024 оны 07 сарын 16-ны өдрөөс эхлэн *******ын эхнэр ******* эгчтэй ярилцаж сарын 5.000.000 төгрөгөөр зоогийн газрын зориулалтаар 50 гаруй метр квадрат талбай бүхий байрыг нь түрээслэхээр тохиролцож, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй. Орсоны дараах сараас эхлэн түрээсийн төлбөрөө 7.000.000 төгрөг болгож нэмсэн. Дараа нь 2025 оны 01 сард түрээсээ 7.500.000 төгрөг болгож нэмсэн. Бид ******* болон эхнэрийнх нь данс руу дээрх төлбөр түрээсийг төлсөөр ирсэн. Цахилгааны гэмтлээс шалтгаалж хөргүүр, зурагт, ус буцалгагч зэрэг нь шатсан. Биднээс шалтгаалсан гэмтэл биш учраас эдгээр төхөөрөмжөө засаж өгөхийг хүсэхэд өөрсдөө засуул гэсэн. Ингээд Улаанбаатар хотоос хөргүүрийнх нь моторыг худалдан авч, .. засварлуулсан. Ус буцалгагч нь мөн засагдахгүй гэсэн. ... Ингээд 2025 оны 07 сард дахин түрээсийн төлбөрөөс гадна сард тог, усны мөнгө 1.000.000 төгрөг өг гэж нэхсэн тул уг байрыг түрээслэхээ болихоор шийдэж 2025 оны 07 сарын 24-ний өдөр ******* эгчид хүлээлгэн өгсөн. Тэр үед бүх тоног төхөөрөмж хэвийн ажиллагаатай байсан. ... Газны баллон тэднийд 2 ширхгийг ээлжлэн зөөж Гор газ ХХК-аар цэнэглүүлэн ашигладаг байсан ба одоо ч тэднийх 2 газны баллоноо хэрэглэсээр байгаа. Харин мах худалдан авах үедээ тухай бүрд нь бэлнээр болон дансаар тооцоог нь хийж төлж ирсэн. ... Махны тооцооны үлдэгдэл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Анх түрээслэхээр тохирох үед бэлэн мөнгө өгч байж ор гэсэн шаардлага тавьсан тул бид 5.000.000 төгрөг бэлэн өгсөн. гэжээ.

3. Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... *******ын эзэмшлийн объект нь төвлөрсөн системд холбогдоогүй тул бохирын шугамаа соруулдаг байсан. Долоо хоногт 2 удаа Дундговь- Ус ОНӨААТҮГазраас ажилтнууд нь ирж соруулдаг байсан. Нэг удаагийн төлбөр нь 66.000 төгрөг ба энэ төлбөрийг ******* нь өөрийн үйлчилгээний болон гэр орных нь бохир цэвэр цуг тул тэнцүү хувааж төлж байна гэж тохирсон боловч огт төлөөгүй, бид бүх төлбөрийг төлж ирсэн. 2024 оны 07 сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл долоо хоногт хоёр удаа буюу сар бүр 8 удаа бохир соруулдаг байсан. Түрээсэлж байх хугацаандаа бид нийт 62 удаа бохир соруулсны төлбөрт 4.092.000 төгрөг төлсөн. Иймд *******аас анх тохиролцсоны дагуу дээрх төлбөрийн тал үнэ болох 2.046.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

4. Нэхэмжлэгч ******* хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар ирүүлээгүй байна.

5. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 9.750.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас 5.627.300 төгрөгт ногдох хэсгийг, хариуцагч *******, ******* нарын 2.046.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.997 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.686 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 170.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хариуцагч бидний тайлбар, тооцоолол, баримтыг үнэлэлгүй анх түрээсэлж орохдоо *******ын эхнэр ******* эгчид шаардлага тавьсны дагуу 5.000.000 төгрөгийг бэлнээр өгснийг дурдаагүй, хасаж тооцоогүй, мөн анхнаасаа түрээсийн төлбөрийг 5.000.000 төгрөгөөр эхэлж тохиролцсон байхад 7.000.000 төгрөгөөр тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бидний бэлнээр анх өгсөн 5.000.000 төгрөгийг хасаж 4.750.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн ярьж байгаа шиг 5,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэдэг огт худал зүйл. Тийм зүйл яриагүй. Эхний сарын түрээс 7,000,000 миний дансанд орсон. Түүнээс хойш 11 сар хүртэл манай эхнэрийн дансанд орж байгаад үргэлжлүүлээд миний дансанд орсон. 10 сард тогны мөнгө огцом өссөнтэй холбогдуулж 2025 оны 01 сарын 01-ний өдрөөс түрээсийг 7,500,000 төгрөг болгож нэмсэн. Иймд хариуцагч талын гаргаж байгаа гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 07 сарын 25-ны өдөр Чингэлбаатар болон ******* нартай цайны газар сарын 5 сая төгрөгөөр түрээслэхээр тохиролцож орсон. Гэрээг бичгээр байгуулах гэсэн боловч бичгээр гэрээ байгуулахгүй гэсэн. Банкны зээл хийх гэж би гар хөлийн үсэг, тамгатай гэрээг цаасаар хийсэн. Түрээс эхлээд 2 сар болоогүй байхад 7,000,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Анх түрээсээр ороход ******* огт таньж мэдэхгүй хүмүүс учир 5,000,000 төгрөг өгч ор гэсэн. Тэгээд бид 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч орсон. Түрээсээ цаг тухай бүрд нь өгч байсан боловч тог цахилгааны мөнгө нэмэгдсэн гэж түрээсээ нэмэгдүүлэх зарчмаар явсан. Махны тухайд тооцоог нь цаг тухайд нь хийж явж байсан. Анх бэлнээр өгсөн 5,000,000 төгрөгийг тооцоогүй байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг болон тоног төхөөрөмж тавилга эд хогшлын хохирол, махны үнэ нийт 15.377.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нар нь миний эзэмшлийн талбай, объектыг цайны газрын зориулалтаар 2024 оны 07 сарын 15-наас 2025 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсэлсэн. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 9.750.000 төгрөг, мах зээлээр авсны үлдэгдэл төлбөр 5.149.300 төгрөг, цайны газрын эд зүйл эвдсэн, эд зүйлийн үнэ 478000 төгрөг, нийт 15.377.300 төгрөг гаргуулна. Анх түрээсийн төлбөрийг 7.000.000 төгрөгөөр тохиролцсон, 2025 оны 01 сараас түрээсийн төлбөрийг 7.500.000 төгрөг болгосон. Мах зээлээр авдаг байсан, цайны газрын эд зүйл эвдсэн тул үнийг гаргуулна гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...Бид анх 2024 оны 07 сарын 16-наас эхлэн зоогийн газрын зориулалтаар сарын 5.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй. Орсны дараа сараас эхлэн түрээсийн төлбөрөө шууд 7.000.000 төгрөг болгож нэмсэн, түрээсийн төлбөрт нийт 85.000.000 төгрөг төлсөн, Биднээс шалтгаалахгүй цахилгааны гэмтлээс шалтгаалж зарим эд хөрөнгө шатсан. Эд хогшлыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Мах худалдаж авах үедээ тухай бүрт нь бэлнээр болон дансаар тооцоог нь хийж байсан, төлбөрийн үлдэгдэл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 62 удаа бохир соруулсны төлбөрт 4.092.000 төлсөн бөгөөд, анх объектыг түрээсэлж үйл ажиллагаа явуулахдаа бохирын төлбөрийг хувааж төлнө гэсэн тохиролцоог нэхэмжлэгч тал биелүүлээгүй тул бохирын зардлын тал хувь болох 2.046.000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

5.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч тал хариу тайлбар ирүүлээгүй байна.

6.Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн тул түрээслэгч тал гэрээний дагуу түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн хариуцагч талаас 9.750.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас мах зээлээр худалдсаны төлбөрийн үлдэгдэл гаргуулах шаардлага хангалттай нотлогдоогүй, эвдсэн шатаасан эд хөрөнгийг шинээр худалдан авсан, засварласан зардал гаргуулах шаардлагаа нэхэмжлэгч тал өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгө шатсан нь хариуцагч талын буруугаас болоогүй нь тогтоогдсон гэж, сөрөг нэхэмжлэл болох бохир соруулсны тал төлбөр 2.046.000 төгрөг гаргуулах шаардлага нотлогдоогүй, хариуцагч тал өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж тус тус дүгнэн үндсэн нэхэмжлэлээс 5.624.300 төгрөг гаргуулах шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

7.Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулахаар, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр хуульчилсан байх боловч талууд гэрээг аман хэлбэрээр байгуулсан, гэрээний харилцаа 12 сар 9 хоног үргэлжилсэн, түрээслүүлэгч тал аж ахуйн үйл ажиллагаанд нь зориулан өөрийн эзэмшлийн объектыг түрээслэгч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, түрээслэгч тал түрээсийн төлбөрийг төлөх үүргээ 11 сар биелүүлсэн, бичгээр байгуулаагүй үндэслэлээр түрээслэгч тал гэрээг цуцлах санал гаргаагүй, түрээсэлсэн хөрөнгө болох объект биет байдлаар цогц үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, тусдаа үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэлтэй болох нь баримтаар нотлогдоогүй байх тул зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

8.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

9.Хариуцагч тал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд түрээсийн гэрээний барьцаа болгож 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр анх түрээсэлж орохдоо өгснийг хасч тооцоогүй, түрээсийн төлбөрийг анх 5.000.000 төгрөгөөр тохирсон байхад 7.000.000 төгрөг гэж үндэслэлгүй дүгнэсэн гэх тайлбар гаргаж байх боловч дээрх тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. 

Хэргийн 154-165 дугаар хуудсанд авагдсан үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан сар болгоны 15-наар /5 сая/ түрээсээр эхлэв , 7.15-8.15/ 5 сая бэлнээр Сараа эгчид өгсөн гэх гар бичиглэл бүхий хуулбар баримтууд нь нэг талын гар хөтөлгөө бүхий баримтууд байна. Нэхэмжлэгч тал дээрх тайлбар, баримтыг эс зөвшөөрч маргаж байх тул хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй, нэг талын баримтыг үнэлэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй, тайлбар гаргаагүй байх боловч сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч тал гомдол гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 310/ШШ2026/00169 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ

 

ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

Г.БАЯРДАВАА