Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 218/МА2026/00012

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Г.Мөнхбат, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 310/ШШ2026/00183 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: ...Би 1977 онд төрсөн, 45 настай, улсад 1 жил 6 сар ажилласан. Үүнээс 1993 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1995 оны 01 сарын 01 өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д ээжийн хамт нэгдэл тарж компанийн мал маллаж байсан. Тухайн үед Гурвансайхан сумын Давших зам нэгдэл болон Давших зам ХК-н малчин ажилчдын хөдөлмөрийн дэвтэр, холбогдох бичиг баримтууд Давших зам ХК-н контор шатахад устаж алга болсон. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас дөхөж байгаа бөгөөд шүүхээр ажиллаж байсан хугацаагаа тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Иймд ******* миний биеийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д 1993 оны 06 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 1977 онд төрсөн. 1993 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д ээжийн хамт нэгдэл тарж компанийн мал маллаж байсан. Тухайн үед Гурвансайхан сумын Давших зам нэгдэл болон Давших зам ХК-н малчин ажилчдын хөдөлмөрийн дэвтэр, холбогдох бичиг баримтууд Давших зам ХК-н контор шатахад устаж алга болсон. ******* нь өндөр насны тэтгэвэрт гарах нас дөхөж байгаа тул шүүхээр ажиллаж байсан хугацаагаа тогтоолгох шаардлагыг Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тавьсан.

******* нь сүүлийн 10 жилд харааны бэрхшээлтэй болоод юм харж чадахаа байсан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаар гэрч асуух үед бид айл саахалт мал маллаж байсан, ******* нь ерөнхий боловсролын сургууль төгссөн өсвөр насны хүүхэд байсан, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д 1993 оны 07 сараас өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа нь үнэн болохыг мэдүүлсэн. Иймд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д 1993 оны 07 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт ******* овогт *******ын ******* /*******/-ын 1993 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд ******* миний бие нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д 1993 оны 6 сараас 1994 оны 12 сарын 31- ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

*******ын хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас 2027 онд болох тул Дундговь нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч 1993 оны 7 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ий өдөр нь шүүхэд хандаж тогтоолгох шаардлага үүссэн. Ингээд Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг харахад 1993 оны 07 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам хувьцаат компанид малчнаар ажиллаж бага мал малладаг байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж анхан шатны шүүхэд тодорхой мэдүүлсэн байдаг. Гэвч анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрч нарын мэдүүлэг, гэрч *******ын шүүхийн шийдвэрийг үнэлэхгүйгээр шийдвэр гарсан. Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн бичиг баримт устаж, холбогдох баримтуудыг гаргаж өгөх боломжгүй талаарх баримт Дундговь аймгийн Онцгой байдлын газрын албан бичиг, болон Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн конторын барилга шатсан, үрэгдсэн материалын баримт хэрэгт авагдсан байдаг. Тиймээс Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 сарын 06-ны өдрийн 183 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1993 онд ээжтэйгээ хамт мал маллаж байсан. Түүнийгээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

3. Нэхэмжлэгч ******* нь 1993 оны 06 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан хэдий ч тэрээр хүүхэд наснаасаа аав ээжтэйгээ, насанд хүрч гэр бүл болсон цагаасаа нөхөртэйгөө өнөөдрийг хүртэл тасралтгүй мал маллаж байгаа талаараа тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай 2012 оны хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн эсэх хэрвээ энэ эрхээ эдэлсэн бол 1993-1994 оныг дуустал хугацаанд мал маллаж байсныг шүүхээр тогтоолгох шаардлагатай эсэх нь тодорхойгүй, энэ тухай Нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн албан тоот байхгүй, энэ талаар мэдлэг хомс харааны бэрхшээлтэй иргэн байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаанд мэтгэлцэх зарчим үйлчлэхгүй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хийж гүйцэтгэх бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх энэ хуулийн зарчимд нийцнэ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 117 дугаар зүйлийг хамтад нь баримтлан энэ хуулийг зөрчсөн бөгөөд 117 дугаар зүйл нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрхийг хязгаарлах зохицуулалт тул нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчих үндэслэл болно.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 310/ШШ2026/00183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хүсэлт гаргагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.БАЯРДАВАА

 

 

ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ

 

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ