| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00285/И |
| Дугаар | 00288 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 00288
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Аудитын газрын нэхэмжлэлтэй Мандал сумын Түнхэл тосгоны цэцэрлэгт холбогдох 1.705.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Аудитын газрын 2015 оны бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн Дарга, тэргүүлэх аудитор Ч.Энхтуяагийн баталсан хуваарийн дагуу тус цэцэрлэгийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Санхүүгийн тайлангийн аудит хийсэн. Уг аудитаар Түнхэл тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Т.Лхагважавт ээлжийн амралтын цалинг биеэр эдлүүлэлгүйгээр 1,121.7 мянган төгрөгийн цалинг илүү олгосон, галч, сахиул Т.Сумъяажав, Н.Оюунчимэг, Н.Балжинням туслах багш З.Амонжол, нярав Н.Оюундулам нарт 551.3 мянган төгрөгийн илүү цагийн нэмэгдлийг илүү олгосон, арга зүйч Н.Ундармаад 776.3 мянган төгрөгийн цалинг илүү олгосон зэргээр нийт 2,449.3 мянган /Хоёр сая дөрвөн зуун дөчин есөн мянга гурван зуун / төгрөгийн цалин хөлсийг илүү олгосон зөрчил илэрсэн.
Энэ нь МУ-ын Төсвийн тухай хуулийн 6.4.1, 16.5.5, 41.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн НББ-ийн тухай хуулийн 4.1.2 дахь заалтуудыг зөрчсөн байх тул холбогдох албан тушаалтнуудаар нөхөн төлүүлэх төлбөрийн акт тогтоож, биелэлтийг Түнхэл тосгоны цэцэрлэгийн нягтлан бодогч Д.Ариунжаргалд хариуцуулсан боловч 744.3 мянган / долоон зуун дөчин дөрвөн мянга гурван зуун / төгрөгийг барагдуулж, үлдэгдэл 1,705.0 мянган төгрөгийн актыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд тухайн актын үлдэгдэл төлбөр 1,705,0 төгрөгийг холбогдох хүмүүсээр төлүүлж актын биелэлтийг хангуулж өгнө үү гэжээ
Хариуцагч Мандал сумын Түнхэл тосгоны Төгөлхөн цэцэрлэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Аудитын газраас нэхэмжилсэн багш ажилчдад илүү олгосон цалин амралтын мөнгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл бүрэн төлж барагдуулна гэжээ.
Үндэслэх нь:
Сэлэнгэ аймгийн Аудитын газрын 1.705.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Мандал сумын Түнхэл тосгоны Төгөлхөн цэцэрлэгийн эрхлэгч Б.Гантөмөр нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Аудитын газрын 1.705.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Мандал сумын Түнхэл тосгоны Төгөлхөн цэцэрлэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН