| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00756/И |
| Дугаар | 00774 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 00774
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах ЭМПИПИ ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 60-р гудамж 5 тоотод оршин суух Даншийгийн Өвгөнхүүд холбогдох
3 548 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Өвгөнхүү 2015 оны 01 дүгээр сарын 19-нд тус хоршооноос 2 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлдэж аваад зээлийн гэрээний хугацаа аль эрт дууссан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй хоршоог хохироосоор байна. Зээлдэгч Д.Өвгөнхүүгээс авах учиртай мөнгөө тооцвөл үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүү 1 440 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108 000 төгрөг, нийт 3 548 000 төгрөг гаргуулан авна. Зээлдэгч Д.Өвгөнхүү зээл авсан цагаасаа хойш нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй болно. Иймд зээлдэгч Д.Өвгөнхүүгээс 3 548 000 төгрөгийг гаргуулан ЭМПИПИ ХЗХ-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Өвгөнхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Өвгөнхүү би энэ зээлийн хоршооноос 2 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Уг хоршооноос нэхэмжилж байгаа үндсэн мөнгө болон хүү, алдангийг хүлээн зөвшөөрч байна. Зээлж авсан мөнгөө болон хүү алдангийг сар бүрийн 15-наас 20-ны хооронд 200 000-250 000 төгрөгөөр өөрийн биеэр аваачиж өгч байх хүсэлтэй байна. Учир нь цалин дээрээсээ шууд суутгах гэхээр цалингийн зээлтэй байгаа болон дахин зээл авахад нөлөөлөх юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Д.Өвгөнхүү нь нэхэмжлэгч ЭМПИПИ ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 3 548 000 төгрөгийг сар бүрийн 15-ны өдрөөс 20-ны өдрүүдэд 200 000-250 000 төгрөгөөр өөрийн биеэр очиж төлж байхаар хүсэлт гаргасаныг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ЭМПИПИ ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлага 3 548 000 төгрөгийг хариуцагч Д.Өвгөнхүү нь сар бүрийн 15-ны өдрөөс 20-ны өдрүүдэд 200 000-250 000 төгрөгөөр өөрийн биеэр очиж төлж байхаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 71 718 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 35 859 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 35 859 төгрөгийг хариуцагч Д.Өвгөнхүүгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч ЭМПИПИ ХЗХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ