Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/01043

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/02686 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

48,570,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* нь машин авах хэрэгтэй байна, мөнгө зээлээч гэсний дагуу 48,570,000 төгрөгийг ******* гэх хүний дансанд шилжүүлсэн ч өнөөг хүртэл буцааж өгөөгүй.

Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаад *******ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй.

Иймд хариуцагчаас хохиролд 48,570,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Эхнэр ******* ээж ******** нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт ажилладаг байсан талаараа хэлсэн, ингэхдээ надад квотын байр байна, зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээтэй гэж байраа танилцуулж байсан.

Тухайн үед байрны үнийг надад хэлэхдээ цагдаагийн албан хаагчдад олгох хөнгөлөлттэй байрны квотод багтаж 52,38 м.кв байрыг 52,118,000 төгрөгөөр худалдан авах боломжтой гээд захиалгын гэрээг эхнэр *******, эсхүл хадам ээж ******** хэн нэг нь *******-тай байгуулсан.

Тухайн байрны төлбөрийг аав н.Батбаатар төлж дуусгасан, квотын байр гэдэг шалтгаанаар байрны гэрчилгээ хадам ээж ******* нэр дээр гарсан.

Миний бие 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ипотекийн зээл авч, 78,570,000 төгрөгийг ******** рүү шилжүүлсэн. Хадам ээж ******** нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 78,570,000 төгрөгөөс энэ хэрэгт нэхээд байгаа 48,570,000 төгрөгийг *******ийн авга эгч н.Энхтунгалагийн данс руу шилжүүлсэн. Ингээд хадам ээж ******** өөрт хэрэгтэй байгаа гэж байсан 30,000,000 төгрөгөө авч үлдсэн.

Иймд хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 48,570,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тухайн үед миний хүргэн байсан ******* өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10-р хороо Амгаланд байршилтай *******-р байрны 22 тоотод 52.33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, грашийн хамт 78,570,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж зарсан бөгөөд ******* надад 78,570,000 төгрөгийг шилжүүлж өгсөн.

Байрны мөнгийг төлсний дараа автомашин авах хэрэгтэй байна, амралтын өдрүүдэд хүүхдээ салхинд гаргахад амар юм гэсэн тайлбарыг удаа дараа хэлж надаас байр зарсан мөнгөнөөсөө өгөхийг гуйсан бөгөөд би охин, зээ хүү хоёроо бодоод түүний автомашин авна гэсэн зорилгыг нь дэмжиж мөнгө өгсөн боловч өнөөг хүртэл буцааж өгөөгүй.

Хариуцагч нь хууль бус үйлдлээр миний эд хөрөнгөд гэм хор учруулсан бөгөөд түүний үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3084 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа.

Анхан шатны шүүх хариуцагчийн миний эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

4.2. Анхан шатны шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх хэргийг дангаар хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Шүүх хурлыг хойшлуулах талаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг би дэмжсэн бөгөөд хариуцагчийг шүүх хуралд оролцуулах, мэтгэлцэх, асуулт тавих, хариулт авах шаардлагатай гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн. Гэтэл шүүх хүсэлтүүдийг хангахгүйгээр хэргийг хянан хэлэлцэж, бид хариуцагчтай мэтгэлцэх боломжгүй болсон.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******* холбогдуулан гэм хорын хохиролд 48,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгийг нэхэмжлэгчийг орон сууц худалдан авахад нь зориулж бусдаас авч өгсөн зээлийн төлбөрийг барагдуулахад зарцуулсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дангаар шийдвэрлэхээс бусад хэргийг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх тухай зохицуулалтыг зөрчсөн, маргаанд хамаарах үйл баримтыг бүрэн тогтоогоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3084 дугаар тогтоолд үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 48,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх маргаанд хамаарна.

Гэвч шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэл болж байна.

Нэгэнт нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулах тухай шаардлага гаргасан тул уг хэргийг шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх ёстой бөгөөд харин тухайн маргаан нь гэм хорын эрх зүйн харилцаанд хамаарах эсэх, эсхүл өөр төрлийн иргэний эрх зүйн маргаан мөн эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны үйл баримт, эрх зүйн үндэслэлд тулгуурлан эцэслэн дүгнэх учиртайг дурдвал зохино.

 

3.2. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгалан, ******* дугаар байр, 22 тоотод байрлах 52.38 м.кв орон сууцыг хариуцагчид 78,570,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, үүний дагуу хариуцагчаас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 78,570,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 48,570,000 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлсэн.

Эдгээр үйл баримттай холбоотойгоор хариуцагч нь нэхэмжлэгчийг 52.38 м.кв талбай бүхий орон сууцыг анх худалдан авах үед шаардлагатай мөнгөн хөрөнгийг өөрөө болон эцэг, эхийн хамт төлж барагдуулсан тул нэхэмжлэгчээс буцаан шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр орон сууц худалдан авахад бусдаас авсан зээлийг төлсөн гэж тайлбар гаргаж маргасан.

Гэвч анхан шатны шүүх нь дээрх тайлбарт хамаарах үйл баримтыг бүрэн тогтоогоогүй. Тодруулбал, нэхэмжлэгчийг орон сууц худалдан авахад зориулж хэдий хэмжээний мөнгөн хөрөнгийг хэн, ямар эх үүсвэрээс гаргасан, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 48,570,000 төгрөг нь өмнө гарсан зардал, зээл, эсхүл бусад төлбөрийг буцаан барагдуулах зориулалттай байсан эсэх зэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг баримтаар тогтоогоогүй орхигдуулжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол мөн эсэх, эсхүл талуудын хооронд өмнө үүссэн иргэний эрх зүйн харилцааны хүрээнд шилжүүлэгдсэн төлбөр, тооцоотой холбоотой эсэх асуудалд эрх зүйн дүгнэлт өгөхийн тулд дээрх үйл баримтыг бүрэн тогтоох шаардлагатай байжээ.

Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлах замаар хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх ёстой боловч дээрх нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан зөрчилд хамаарч байна.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4-т заасан зөрчил гаргасан байгааг одоо залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/02686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Т.БАДРАХ