Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 913

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-д холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори ирээдүй цогцолборын ................ манаач ажилтай.................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Ц.Ц /РД:................../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ............. тоотод иргэн Г.Э-тэй “Хөргөгчнөөс архи хулгайллаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Г.Э-гийн мэдүүлэг /хх10-11/, гэрч Ч.М-ын мэдүүлэг /хх13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх22/, шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг /хх25-26/, гэрч Г.О-гийн мэдүүлэг /хх19/, Ц.Ц-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх37-38/, Ц.Ц-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх50/, ял шалгасан хуудас /хх38/, ажлын газрын тодорхойлолт /хх54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Ц.Ц-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Г.Э-гийн “...Би 2019 оны 5 дугаар сарын 30-ны өглөө найз М-ын ажил буюу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ирээдүй Цогцолбор сургуулийн хөлбамбөгийн талбай буюу жижүүрийн өрөөнд нь очсон юм. Тэгээд М ажлаасаа буух гээд байж байхад М-тэй хамт ажилладаг Ц гэдэг ах М-ын гар утас руу залгаж бид хоёрыг гэртээ хүрээд ир гэж дуудсан юм. Тэгээд М бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо ............. тоот буюу Ц-ын гэрт нь очсон юм. Тэгтэл Ц М-д банкны картаа өгөөд дэлгүүрээс 0,5 граммын хараа архи аваад хөргөгчид байсан лаазтай 3-н пиво гаргаж ирээд бид 3 хуваагаад уугаад сууж байхад Ц намайг унтья гээд байсан. Би тухайн үед тоогоогүй архиа ууж дуусаад М бид хоёр гараад М-ын ажил дээр ирсэн. ...Тэгтэл Ц архи аваад гарчихлаа гээд над руу уурлахаар нь би Ц-д хандан одоо танай гэрт ууж болохгүй эхнэр чинь ирнэ архи чинь М-ын машинд байгаа та ууж идэж чадахгүй унтъя хэвтье гээд байгаа биз дээ гээд бид хоёр маргалдаад барьцалдаад авахад М дундуур ороод салгасан. Тэгээд бид 3 ширээний 3-н талд ярилцаад сууж байхад Ц ах шууд миний ам руу гараараа нэг удаа цохиход миний үүдэн дээд нэг шүд булгарч хоёр шүд хугарсан. Тэгээд дахиад цохих гэхэд М салгасан. Тэгээд маргалдаад байж байхад М миний унасан шүдийг газраас олж авч өгсөн. Тэгээд Ц бид хоёр маргалдаж байхад гараад явсан. Тэгээд би цагдаад дуудах гэхэд миний гар утас авчихаад өгөхгүй хоёулаа эмнэлэг оръё шүдийг чинь хийлгээд өгнө гээд намайг гэрээсээ дагуулаад гарсан. Тэгээд бид хоёр шүдний эмнэлэг ороод үнийг нь асуусан чинь авдаггүй шүд 1 нь 2.500.000 төгрөг гэж хэлэхэд Ц би чиний шүдийг хийлгэж өгч чадахгүй цагдаадаа өг гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх10-11/,

2. Гэрч Ч.М-ын “...Би 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа буугаад найз Эгийн хамт байж байхад манай нөгөө ээлжийн жижүүр Ц над руу залгаад манай гэрт ороод ир гэхээр нь би Э-тэй хамт орсон юм. Тэгээд Ц надад банкны картаа өгөөд дэлгүүрээс 0,5 граммын хараа архи хоёр лаазтай боргио пиво авсан юм. Тэгээд Ц-ын гэрт нь Э бид гурав дэлгүүрээс авсан архиа хувааж ууж дуусаад Э бид хоёр гэрээс нь гараад яваад явсан. Тэгээд ажил дээрээ очоод явах гээд байж байхад Э Ц өвгөн дуудаад байна очоод ирье гээд явсан. Тэгээд удалгүй Ц над руу залгаснаа нөгөө хүүхэн чинь архи хулгай хийгээд явчихлаа хүрээд ир гээд дуудахаар нь би Ц-ын гэрт нь ороод юу болсон бэ гээд асуухад хөргөгчинд байсан архи аваад гараад явчихлаа гэхээр нь Би Э рүү залгаад ороод ир гэж хэлэхэд удалгүй Э Ц-ын гэрт орж ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо нэг нь архи хулгай хийсэн нэг нь архи хулгай хийгээгүй гээд маргалдаж байгаад Ц Э-г гарынхаа араар ам руу нь нэг удаа алгадахад Э шүд уначихлаа гээд орилсон. Би шалан дээрээс Эгийн шүдийг авч өгсөн. Тэгээд Э Ц-тэй маргалдаад байхаар нь Э-г гаръя гэхэд гарахгүй байхаар нь орхиод гараад явсан. Тэрнээс хойш юу болсонг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх13/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6732 дугаартай дүгнэлтээр  “...Г.Э-гийн биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 5% нөлөөлнө...” гэх дүгнэлт /хх22/,

4. Шинжээч эмч О.Болороогийн “...иргэн Г.Э-гийн биед учирсан 1 дүгээр шүдний булгарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэл. 1 шүдний гэмтэл, 3 шүдний гэмтэл ялгаа байхгүй хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. Харин 3 шүдний гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувь нөлөөлнө. Үзүүлэгч иргэн Г.Э-гийн хувьд зүүн дээд 3, 4 дүгээр шүднүүд нь харласан ёзоортой шүд байсан. Дээрх 2 шүд нь гэмтсэн гэх шинж тэмдэг байхгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх25-26/,

5. Ц.Ц-гийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 41А-64 тоот гэртээ ганцаараа байж байхад хамт ажилладаг М зүс таних Э гэдэг эмэгтэйтэй хамт ирсэн. Тэгээд би нэг шил 0,75 граммын архи 4 лааз пиво аваад бид 3 манай гэрт уусан юм. Тэгээд архиа ууж дуусаад М Э хоёр гараад явсан. Би гэртээ үлдсэн. Тэгээд би гэртээ байж байхад Э буцаад манай гэрт нэг танихгүй эмэгтэйтэй орж ирэхэд би нойл орчихоод гараад ирэхэд Э хөргөгчинд байсан 0,75 граммын “хар чингис” архийг барьсан зогсож байхаар нь орой манай гэрт хүн ирнэ тэр хүнд авсан юм буцаагаад хий гэж хэлсэн тухайн үед миний давсаг чинэрээд буцаад нойлд ороод гараад ирэхэд Э нөгөө эмэгтэйтэй гараад явчихсан байхаар нь хөргөгчөө нээгээд харахад архи алга болчихсон байхаар нь М руу залгаад наад балай юмнууд чинь архи аваад гарчихсан аваад ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй М Э хоёр архигүй буцаад ороод ирэхээр нь миний уур хүрээд хүний юмыг дураараа авлаа гээд Эг алгадахад амнаас нь цус гарсан. Э надруу нулимж харааж байгаад шүд уначихлаа гээд явахаар нь би араас нь гараад Э-тэй уулзаад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонголт дэлгүүрийн ар талд байдаг шүдний эмнэлэг орж үзүүлэхэд шүдний зургаа аваад ир гээд бид хоёрыг гаргаад явуулсан. Тэгээд шүдний эмнэлгийн үүдэнд гараад бид хоёр маргалдахад намайг цагдаа дуудаад өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх35-38/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ц.Ц:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ............. тоотод иргэн Г.Э-тэй “Хөргөгчнөөс архи хулгайллаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Э, гэрч Ч.М нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Э-гийн эрүүл мэндэд “...зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, зүүн хацарт зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6732 дугаартай дүгнэлт, шинжээч эмч О.Болороогийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Ц нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Г.Э нь хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар, баримтаар нэхэмжлэл гаргаж ирүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж заасны дагуу хохирогч нь гэмт хэргийн улмаас өөр учирсан хохирлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.

Мөн шүүгдэгч Ц.Цоос хохирогчийн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхэд төлсөн 8.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Эд олгуулан шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх хүлээлгэх дүгнэлт, санал гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.  

Шүүгдэгч Ц.Ц нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ...” гэсэн нөхцөлүүдийг тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Ц-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, насны хувьд 60 хүрч байгаа, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-гийн цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон торгох ялаас хасч тооцох буюу 90.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-гийн цагдан хоригдсон 6 хоногийг торгох ялд шилжүүлэн тооцож, 90.000 /ерөн мянган/ төгрөгийг торгох ялаас хасч тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Цоос 8.000 /найман мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Эд олгуулж, хохирогч Г.Э нь гэмт хэргийн улмаас өөр учирсан гэм хортой холбоотой зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР