Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00795

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2016/00795

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 5-р баг Уртбулаг 5-р хороолол 4-байрны 55 тоотод оршин суух Гүнсмаа овогт Шүхэртийн Одгэрэл /ГА:73011667/

 Д.Батчулууныг эрэн сурвалжлуулах тухай  хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 13--ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч Ш.Одгэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дарамжав овогтой Батчулуун бид хоёр 1994 оны намар анх танилцаж улмаар 1995 оны 02 дугаар сарын 06-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулж амьдарсан ба бид хоёрын дундаас 1995 оны 05 дугаар сарын 07-нд хүү Б.Дашцэрэн, 1999 оны 06 дугаар сарын 17-нд охин Б.Номин-Эрдэнэ нар төрсөн. Д.Батчулуун бид хоёр боломжийн сайхан амьдарч байсан бөгөөд тэрээр 2006 оны 04 дүгээр сарын 15-нд Солонгос улс руу гэрээгээр ажиллахаар явсан. Очоод нэг жил орчим харилцаатай байсан. 2007 оны зунаас хойш ямарч холбоогүй болсоор өдий хүрч байна. Аав, ээж, ах, дүү нараас нь асуухаар тэндээ эхнэр хүүхэдтэй болсон. Сураг гаргаад өгөөч гэхээр бид мэдэхгүй бидэнтэй холбоо барихгүй байгаа гэсээр 10 жил болж байна. Би орон сууц лизингээр байр авах гэхэд Д.Батчулуунтай гэрлэсэн гэж гарч ирээд байр авах боломжгүйд хүрч улмаар банкнаас салсан болон сураггүй болсон гэдгийн аль нэгнийг албан ёсоор шийдвэр гаргуулж ир гээд байгаа тул энэ хүсэлтийг гаргаж байна. Бид тусдаа амьдраад 10 гаран жил болсон тул гэр бүлээ цуцлуулах гэхээр Д.Батчулууны хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Хүсэлт гаргагч Ш.Одгэрэл нь Д.Батчулууныг  эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

Д.Батчулуун Ш.Одгэрэл нар нь 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ батлуулсан болох нь 37 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Ш.Одгэрэл нь Д.Батчулуунтай 2006 оноос хойш хамт амьдраагүй бөгөөд түүнийг Солонгос улсад ажиллахаар явснаас хойш сураг тасарсан, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа боловч Д.Батчулууны хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжлуулах зайлшгүй шаардлага гарсан байна.

Иймд Боржигон овогт Дарамжавын Батчулуун /ГЮ:72041275/ нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд оршин суугаа газар нь тодорхойгүй тул Д.Батчулууны оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй.

Эрэн сурвалжлах ажиллагааг 7 дугаар тойргийн Тахарын албаар гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлэв.

 

 Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Дарамжавын Батчулуун /ГЮ:72041275/-ыг эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Батчулууныг  эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газар, Тахарын ерөнхий газрын харъяа 7 дугаар тойргийн Тахарын албанд үүрэг болгосугай.

            3. Д.Батчулуун нь Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 27-3 тоот, Уртбулаг баг 5-4-55 тоот хаягт тус тус оршин сууж байсан болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ