Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/309

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагчаар, ахлах прокурор Л.Отгончимэг,

Шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч П.Э-, түүний өмгөөлөгч А.Ууганбаяр,

Хохирогч Р.Ц-,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С- нарт холбогдох эрүүгийн 1838005540408 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.Э.

Монгол Улсын иргэн, Д.С.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э- нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд ... улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 7.6 гэсэн заалтуудыг зөрчин ... улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашинтай мөргөлдөж уг автомашины жолооч Д.С-, зорчигч Р.Ц- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар,

Шүүгдэгч Д.С- нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд ... улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 , 8.11 гэсэн заалтуудыг зөрчин ... улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашинтай мөргөлдөн зорчигч Р.Ц-гийн хүндэвтэр хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХнь:

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Э- нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд ... улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а: “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 7.6 “Жолооч ...хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчин, тээвийн хэрэгслийнхээ хөдөлгөөнийг эхлүүлэн, буцаж эргэх үйлдэл хийх үедээ ... улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашинтай мөргөлдөж уг автомашины жолооч Д.С-, зорчигч Р.Ц- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар”,

Шүүгдэгч Д.С- нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд ... улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 8.11 “Жолооч нь ...хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, гэсэн заалтуудыг зөрчин, анхаарал болгоомжгүй явж, зам дээр саад бий болох үед зогсоох арга хэмжээг авалгүй, буцаж эргэх үйлдэл хийж байсан ... улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашинтай мөргөлдөн зорчигч Р.Ц-гийн биед хүндэвтэр хохирол учруулж “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг” тус тус

үйлдсэн байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-25 дугаар хуудас/,
  • Хохирогч Р.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 18-ны үдээс хойш Хатгал тосгоны усан замын урд талд байх манайхаас гараад банк орохоор охин Д.С-, хүргэн Н-, зээ охин С- нарын хамт хүргэний машинтай явж байтал хуучин “ХААН” банкны зүүн тал, “Гангирс” жуулчны баазын баруун талын засмал зам дээр урд явсан хар өнгийн машин урдуур зүүн гар тийшээгээ эргэхэд манай машин тэр машины зүүн тал руу мөргөж замаас гарч нөгөө хар өнгийн жип баруун тал руугаа хажуулдсан. Энэ үйл явц маш богино хугацаанд болсон. Тухайн үед манай охины зүүн хөл, миний баруун гар гэмтсэн. ...Нэг их хурдтай яваагүй. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Тухайн үед миний охин Д.С-ийн унаж явсан машинтай мөргөлдсөн хар өнгийн машин нь замын хажуу тал руу шахсан байдалтай зогсож байсан. Машин гэнэт эргэсний улмаас мөргөлдсөн. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө сандарсан байсан болохоор зогсож байгаад хөдөлсөн талаар нь хэлээгүй байна” гэх мэдүүлэг /1-хх-ийн 30-31, 2-р хх-ийн 42 дугаар хуудас/,
  • Хохирогч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 16, 17 цагийн үед ямар ч байсан “ХААН” банк арай хаагаагүй байсан. Би банк хаахаас нь өмнө мөнгө хийх гээд явж байсан. Харин манай ээж Ц- дансанд мөнгө хийхээр явж байсан.Тухайн үед манай нөхөр Н-,ээж Ц-, бага охин С- бид нар цуг явж байсан.юм.Бид нар ээжийн гэрээс гараад миний нэр дээр бүртгэлтэй ... улсын дугаартай Карина маркийн тээврийн хэрэгслээр би өөрөө жолоо бариад засмал замаар уруудаад /хойноос урагш чиглэлтэй/ явж байтал “Гангирс” жуулчны баазын баруун талд замын дагуу шороон хэсэг дээр замаа чөлөөлсөн маягтай зогсож байсан хар өнгийн машин намайг тэр машинтай зэрэгцээд очихын барагцаанд гэнэт урдуур ямар ч дохио өгөлгүй гэнэт эргэсэн. Энэ үед би тоормосоо гишгэсэн боловч яах ийхийн зуургүй нөгөө машины зүүн тал руу нь мөргөж замын хажуу руу ороход тэр машин баруун талаараа хажуулдсан. Тухайн үед миний зүүн хөл, манай ээжийн баруун гар хугарсан байсан. Одоо Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад овоо гайгүй болж байна. Тухайн машины жолоочийн нөхөр Түмэннаст гээд нэг залуу намайг Улаанбаатар хотод эмчилгээнд байхад очоод эхлээд 500.000 төгрөг, дараа нь 320.000 төгрөгөөр тэрэг авч өгсөн. Мөн буудлын хөлс 200.000 төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн хохирол төлсөн зүйл байхгүй байгаа. Би гомдолтой байна. ...Би ямар нэгэн хориотой зүйл хэрэглэсэн, ядарсан зүйл байгаагүй. ...Би тухайн үед хурд багатай явсан. ...Би эсрэг урсгал руу ороогүй, өөрийнхөө явж байсан урсгалд явж байсан. Тэгээд нөгөө машиныг гэнэт эргэнгүүт сандраад зүүн тал руугаа дарсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,
  • Гэрч В.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед санагдаад байна. Цагийг нь сайн санахгүй байна. Би Хатгал тосгоны усан замаас “ХААН” банк орохоор эхнэр Д.С-, хадам ээж Ц-, бага охин С- нарын хамт манай эхнэрийн эзэмшлийн Карина маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байтал “Гангирс” жуулчны баазын баруун талын засмал зам дээр урд нь явсан хар өнгийн “Харьер” маркийн машин гэнэт урдуур зүүн гар тийшээгээ огцом эргэсэн. Энэ үед яах ийхийн зуургүй нөгөө машины зүүн тал руу манай машин мөргөж замаас гарсан. Нөгөө Харьер баруун тал руугаа хажуулдаж манай машины хамар чихэгдсэн. Тухайн үед манай эхнэрийн зүүн хөл, хадам ээжийн баруун гар гэмтсэн. Харин охин бид хоёрын хувьд арай гайгүй байсан. ...Хурд багатай явсан. Би яг хэдэн миллтэй явсныг нь мэдэхгүй байна. “Тухайн үед таны урд явсан тээврийн хэрэгсэл эргэхдээ дохиогоо өгсөн үү?” гэх асуултад ямар нэгэн дохио өгөлгүй шууд эргэсэн. ...Тухайн үед замын хажуу руу зам чөлөөлөөд зогссон байсан хар өнгийн машин манай машиныг хажуугаар нь гарахын зуургүй гэнэт урдуур огцом эргэж мөргөлдсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44, 2-р хх-ийн 44 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 384 дугаартай: “1.2. Д.С-ийн биед зүүн шилбэ болон тахилзуур ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. 4. Д.С-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 382 дугаартай: “1.2. Р.Ц-гийн биед баруун шуу ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. 4. Р.Ц-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 82 дугаар хуудас/,
  • Тээврийн цагдаагийн албаны шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэм, цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаатар, цагдаагийн хошууч Л.Ундармаа, цагдаагийн хошууч Я.Соронзонболд, цагдаагийн хошууч Т.Ганзориг нарын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 808 дугаартай: “...2. Зам тээврийн ослын үеийн фото зурагт авагдсан замын зорчих хэсэг дээр үүссэн мөр болон тээврийн хэрэгслийн эвдрэл зэргээс харахад Тоёота Харриер маркын ... улсын дугаартай автомашины жолооч нь зүү гар тийшээ эргэж байх үед зам тээврийн хэрэг, осол гарсан байна. 3. Уг зам тээврийн осол нь хэний буруугаас болж үйлдэгдсэн болохыг шүүх тогтооно. 4. Тоёота Харриер маркын ... улсын дугаартай автомашины жолооч П.Э- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 7.6 “Жолооч ...хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 5. Тоёота Карина маркын ... улсын дугаартай автомашины жолооч Д.С- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 8.11 “Жолооч нь ...хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 109-110 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрөө зүүн гар тийшээ гарц руу эргэх дохио өгч эргээд эсрэг урсгалд орсон байхад нөгөө машин миний машины хажуу тал руу ирж мөргөсөн. Өөрөөр хэлбэл би тэр тээврийн хэрэгслийн явж байсан урсгалын чөлөөлчихсөн байсан. Би тэр машиныг хурдтай явсан, зогсоох арга хэмжээ аваагүй гэж бодож байна. Энэ хэрэгт дан ганц миний буруу байгаа гэж бодохгүй байна. Хэн хэнийх нь буруу байсан гэж үзэж байна. ...Би 2018 оны 07 дугаар сарын 17-ны орой Жанхайд байхад найзуудтайгаа вино уусан байсан. Тэгээд Жанхайгаас 2018 оны 07 дугаар сарын 17-ны орой орж ирсэн. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэднэ. Урьд орой нь хэрэглэсэн болохоор тухайн үед зүгээр л гэж бодож байсан. ...Би гарц руу эргэх үйлдэл хийхдээ араас ирж яваа тээврийн хэрэгслийг толиндоо харсан. Тухайн үед хол яваа харагдаж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл хурдтай явсан учраас тэгж хурдан орж ирсэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...1.120.000 төгрөгийг хохирогчид өгсөн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Э-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын: тодорхойлолт /хх-ийн 166 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч П.Э-ийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 174 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176 дугаар хуудас/,
  • П.Э-, ... нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 179 дүгээр хуудас/,
  • ... төрсний гэрчилгээний хуулбар, гадаад паспортын хуулбар зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Д.С-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Д.С-ийн жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 175 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 177 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч П.Э- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нараас авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч П.Э-ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, мөн шүүгдэгч нарын замын хөдөлгөөний дүрэм, журам, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч П.Э-, Д.С- нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч П.Э- нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд ... улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а: “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 7.6 “Жолооч ...хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчин ... улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашинтай мөргөлдөж уг автомашины жолооч Д.С-, зорчигч Р.Ц- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар” үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-25 дугаар хуудас/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан  “П.Э-өөс Alcotest AL7510 багаж ашиглан шалгахад 1.09 хувь” гэх тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/, хохирогч Р.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, хохирогч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/, гэрч В.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 384 дугаартай дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 382 дугаартай дүгнэлт /хх-ийн 82 дугаар хуудас/, Тээврийн цагдаагийн албаны шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэм, цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаатар, цагдаагийн хошууч Л.Ундармаа, цагдаагийн хошууч Я.Соронзонболд, цагдаагийн хошууч Т.Ганзориг нарын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 808 дугаартай дүгнэлт /хх-ийн 109-110 дугаар хуудас/, шүүгдэгч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр,

Шүүгдэгч Д.С- нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд ... улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 8.11 “Жолооч нь ...хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, гэсэн заалтуудыг зөрчин ... улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашинтай мөргөлдөн зорчигч Р.Ц-гийн биед хүндэвтэр хохирол учруулж “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг”үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/, хохирогч Р.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч В.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 382 дугаартай дүгнэлт /хх-ийн 82 дугаар хуудас/, Тээврийн цагдаагийн албаны шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэм, цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаатар, цагдаагийн хошууч Л.Ундармаа, цагдаагийн хошууч Я.Соронзонболд, цагдаагийн хошууч Т.Ганзориг нарын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 808 дугаартай дүгнэлт /хх-ийн 109-110 дугаар хуудас/ зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч П.Э-, Д.С- нар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг шүүгдэгч П.Э-ийн хувьд согтуугаар, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, шүүгдэгч Д.С-ийн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруутайгаар, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг зөрчсөн, зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд, тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгийн хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч П.Э-ийн: “...Би өөрөө зүүн гар тийшээ гарц руу эргэх дохио өгч эргээд эсрэг урсгалд орсон байхад нөгөө машин миний машины хажуу тал руу ирж мөргөсөн. Өөрөөр хэлбэл би тэр тээврийн хэрэгслийн явж байсан урсгалын чөлөөлчихсөн байсан. ...Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэднэ. Урьд орой нь хэрэглэсэн болохоор тухайн үед зүгээр л гэж бодож байсан. ...Би гарц руу эргэх үйлдэл хийхдээ араас ирж яваа тээврийн хэрэгслийг толиндоо харсан. Тухайн үед хол яваа харагдаж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл хурдтай явсан учраас тэгж хурдан орж ирсэн” гэх мэдүүлгээс үзвэл Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 7.6 “Жолооч ...хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтуудыг,

Шүүгдэгч Д.С-ийн: “...“Гангирс” жуулчны баазын баруун талд замын дагуу шороон хэсэг дээр замаа чөлөөлсөн маягтай зогсож байсан хар өнгийн машин намайг тэр машинтай зэрэгцээд очихын барагцаанд гэнэт урдуур ямар ч дохио өгөлгүй гэнэт эргэсэн. Энэ үед би тоормосоо гишгэсэн боловч яах ийхийн зуургүй нөгөө машины зүүн тал руу нь мөргөж замын хажуу руу ороход тэр машин баруун талаараа хажуулдсан. ...Би эсрэг урсгал руу ороогүй, өөрийнхөө явж байсан урсгалд явж байсан. Тэгээд нөгөө машиныг гэнэт эргэнгүүт сандраад зүүн тал руугаа дарсан” гэх мэдүүлгээс үзвэл Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 8.11 “Жолооч нь ...хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг гэм буруутайгаар зөрчсөн нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь 2 хүний эрүүл мэнд хүндэвтэр хохирол учирсан, ба эд хөрөнгөд 9.813.400 төгрөгийн хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Тоёота Карина маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын “Үнэлгээгээр тогтоосон дүн: 1.807.000 төгрөг” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 114,116/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Д.С-ээс. хохирлын үнэлгээний үнэ төлөв 78.000 төгрөг, дуудлага үзлэгт 75.000 төгрөг” гэх бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 118/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн: ... улсын дугаартай, хар өнгийн Тоёота Харриер маркын тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирол “засварын шууд зардал 7.613.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 114/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн: ... улсын дугаартай, хар өнгийн Тоёота Харриер маркын тээврийн хэрэгслийн эвдрэл, хохиролд үнэлгээ хийсний хөлс 240.400 орлогын баримт /хх-212/ зэрэг болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Ц-, Д.С- нар мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч П.Э-өөс хохирол нэхэмжилнэ гэсэн боловч баримтаа гаргаж өгөөгүй, П.Э-өөс 1.120.000 төгрөгийг хохирогч Д.С-т өгсөн,  хохирол төлөгдсөн, /шүүх хуралдаанд шүүгдэгч П.Э- 1.120.000 төгрөг өгсөн, иргэний нэхэмжлэгч Г.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр нь шүүгдэгч Д.С-ээс автомашинд засвар хийлгэлгүй хямд худалдсан, үнэлгээний үнийн зөрүүний хагас болох 7.613.000 төгрөгийн хохиролын 50 хувийг Д.С-ээс нэхэмжилнэ, 50 хувийг нь эхнэр П.Э-өөс нэхэмжлэхгүй гэж байна.

Шүүхээс шүүгдэгч  нарын гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршиг тус бүрийг харгалзан үзэж шүүгдэгч нар нь өөрсдийн автомашинд учирсан хохирлоо өөрсдөө хариуцах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 128-130 дугаар зүйлд заасны дагуу гэр бүл болсноос хойших үүссэн бүх эд хөрөнгө нь дундын хөрөнгө тул иргэний нэхэмжлэгч Г.Т-ын ... улсын дугаартай хар өнгийн Тоёота Харриер автомашин нь мөн П.Э-ийн өмчлөлийнх юм. Иймээс иргэний нэхэмжлэгчийн “50 хувийг нь эхнэр П.Э-өөс нэхэмжлэхгүй” гэх тайлбар болон дээрх нөхцөл байдлыг шүүх харгалзан иргэний нэхэмжлэгч Г.Т-ын буюу П.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүл мэндээрээ хохирсон хохирогч Р.Ц-, Д.С- нар нь биед учирсан хохиролын талаараа нотлох баримт хэрэгт тусгуулаагүй тул шүүх энэ талаар хохирол гаргуулах боломжгүй ч хойшид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв. Ингэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан зөвхөн шүүгдэгч П.Э-өөс нэхэмжлэх эрхтэйг шүүх дурдаж байна.

Харин мөрдөн шалгах ажиллгааны явцад шүүгдэгч П.Э- нь хохирогч Д.С-т 1.120.000 төгрөг өгсөн нь сайн дураараа илүү мөнгө төлсөн байна. Иймд хойшид эрүүл мэндтэй холбоотой нэхэмжлэл гарсан тохиолдолд уг мөнгийг өгснөөр тооцох нь шудрага ёсонд нийцнэ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай: 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйл “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” буюу шүүгдэгч Д.С-ийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд ... улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 8.11 “Жолооч нь ...хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, гэсэн заалтуудыг зөрчин ... улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашинтай мөргөлдөн зорчигч Р.Ц-гийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хамаарч байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Э-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан шүүгдэгч П.Э-ийн “автотээврийн хэрэгслийн жолооч согтуугаар, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Э-ийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, хохирол төлбөрт гэж тодорхой хэмжээний төлбөр төлж байгаа, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг шүүх харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч П.Э-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.

Шүүгдэгч П.Э-, П.Д.С- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Э-ийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг, тодорхой хэмжээний төлбөр төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” мөн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч П.Э-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “архи, согтууруулах ундаа зүйл хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Э-, П.Д.С- нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.С-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Э-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч П.Э-өд тэнссэн хугацаанд “архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э- нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан, эрх хасах ял шийтгэгдсэн шүүгдэгч П.Э-өд  хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-өд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч П.Э-, Д.С- нарын автомашинтай холбоотой нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Э- нь хохирогч П.Д.С-т 1.120.000 /нэг сая нэг зуун хорин мянган/ төгрөг өгсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Р.Ц-, Д.С- нар нь энэхүү гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо шүүгдэгч П.Э-өөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э-, Д.С- нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-, Д.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.АЗЖАРГАЛ