| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 192/2025/07901/И |
| Дугаар | 210/МА2026/01044 |
| Огноо | 2026-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/01044
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2026/00881 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 97,971,021 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
зээлийн гэрээний 2.3.2 дахь заалтыг стандарт нөхцөлөөр тогтоолгож, хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус банктай зээлийн гэрээ байгуулж, 158,000,000 төгрөгийн зээлийг 180 сарын хугацаатай, 365 хоногт 9 хувийн хүүтэй, банк болон зээлдэгч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд зээлийн гэрээг банкны санаачилгаар цуцлах, эсхүл гэрээний 2.3.2 дахь заалтад заасны дагуу тухайн үед банкны нийтэд санал болгож буй зээлийн нөхцөлийг мөрдөхөөр талууд болзолт нөхцөл тогтоож, тусгайлан тохиролцож, нийтийн орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан.
Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 11-р хороо, стадион оргил, Зайсан гудамж ******* байр, 43 тоот хаягт байрлах ******* улсын бүртгэлийн дугаартай, 108.45 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан.
2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба тус нэмэлт өөрчлөлттэй холбоотой ******* тоот зээлийн данс шинээр үүсгэж, зээлийн төлбөрийг тус дансанд шилжүүлэхээр тохиролцсон.
Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөс хойш зээлдэгч нь үндсэн зээл 28,100,*******2 төгрөг, зээлийн хүү 62,400,751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,371 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа 2031 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч сар бүр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй.
2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 128, зээлийн үлдэгдэл 100,924,964.04 төгрөг, хγγ 6,095,576 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,258 төгрөг, нийт үлдэгдэл 107,036,798 төгрөг болж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 9,065,770 төгрөгийг төлсөн тул үлдэх 97,971,021 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.
1.2. Зээлийн гэрээний 2.3.2 дахь заалт нь Иргэний хуулийн гэрээний стандарт нөхцөл биш тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2 дахь хэсгийн зохицуулалтыг үндэслэх хууль зүйн үндэслэлгүй ба шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
2.1. 2031 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох урт хугацааны гэрээ байгуулчхаад ажлаас гарсан гэх үндэслэлээр зээлийн хүүг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж тооцсон. Зээлийн хүүг нэмэгдүүлснээс хойших хугацаанд зээл төлөхийг зогсоосон. Зээлийн хүүг үндэслэлгүй нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, мөн гэрээний хугацаа дуусах болоогүй байгаа учраас зээлийн гэрээнээс татгалзах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээний үндсэн шинжийг бүрэн агуулсан бөгөөд тус гэрээний 2.3.2 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусаар тооцож шийдвэрлэж өгнө үү.
Дээрх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар хариуцагч тал гэрээгээр тохирсон гэрээний гол нөхцөл болох зээлийн хүүг маргаангүйгээр төлөх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд үндэслэлгүй нэхэмжилж буй хүүг төлөх хууль бус үүргээс чөлөөлөгдөнө.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 97,971,021 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг, хариуцагч *******ийн зээлийн гэрээний 2.3.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 763,334 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь агуулгын зөрчилдөөнтэй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хариуцагч нь бичгээр тайлбар гаргаагүй, мөн шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байхад түүнийг тайлбар гаргасан мэтээр шүүхийн шийдвэрт тусгасан нь үндэслэлгүй.
4.2. Хариуцагч нь сар бүрийн 25-ны өдөр зээлийг хэсэгчлэн буцаан төлөх үүргээ удаа дараа зөрчиж, өөр өдрүүдэд төлөлт хийж байсан болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогддог. Тухайн үүргийн зөрчлийг нэхэмжлэгч ******* шаардлага гаргахгүйгээр харгалзан үзэж байсан ч эргэн төлөлтийн хуваарьт өдрөөс хойш 99 хоног хэтэрсэн байгааг сануулж, зээлийн төлбөрийг төлөхийг шаардсан агуулгатай мэдэгдэл хүргүүлж, үр дүнд хүрээгүй тул 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, улмаар шүүхэд хандсан.
Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэл гаргасны дараа зээлийн төлбөр хийсэн нөхцөл байдлыг харгалзан ялимгүй зөрчил гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Учир нь хариуцагч тал гаргасан үүргийн зөрчлөө ялимгүй зөрчил гэж маргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаараа тухайн зөрчлийг ялимгүй гэж дүгнэсэн.
4.3. Анхан шатны шүүх тодорхой хугацаанд гүйцэтгэх үүргээ удаа дараа тухайн хугацаандаа гүйцэтгээгүй байгааг зээлийн гэрээний нийт хугацаатай харьцуулж тооцон ялимгүй зөрчил гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-т тус тус заасныг үгүйсгэсэн шинжтэй, хууль хэрэглээний буруу практик тогтоох дүгнэлт гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд зээлдүүлэгч ******* нь мэргэжлийн, тусгай зөвшөөрөл бүхий санхүүгийн байгууллагын хувьд тус гэрээнд өөртөө давуу байдал олгох боломжийг хангаж улмаар гэрээний гол нөхцөл болох зээлийн хүүгийн хэмжээг нэг талын санаачилгаар нэмэгдүүлэх боломжтойгоор заасан.
Гэтэл анхан шатны шүүх стандарт нөхцөл бүхий гэрээ гэдэгт ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийлгүй сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 200, 202 дугаар зүйлийн зорилго нь урьдчилан тогтоосон, нэг талд давуу байдал олгосон нөхцөлөөс гэрээний нөгөө талыг хамгаалахад оршино. Иймд банкнаас урьдчилан боловсруулсан, зээлийн хүү гэх гэрээний гол нөхцөлд нэг талын журмаар нөлөөлөх боломж олгосон 2.3.2 дахь заалтыг стандарт нөхцөлийн шалгуураар тусгайлан дүгнэх ёстой.
5.2. 2021 онд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Хэрэгт талуудын гарын үсэгтэй, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээ, эсхүл зээлийн хүүгийн өөрчлөлтийг харилцан зөвшөөрсөн бичмэл хэлцэл авагдаагүй. ******* дотоод системдээ ******* тоот данс бүхий шинэ эргэн төлөлтийн хуваарь үүсгэсэн нь нэмэлт гэрээ байгуулагдсаныг нотлохгүй.
Зээлийн хүү, эргэн төлөлтийн хэмжээ, зээлийн дансны өөрчлөлт нь зээлийн гэрээний гол нөхцөлд хамаарна. Иймд гол нөхцөлийг өөрчлөхөд талуудын харилцан тохиролцоо, түүнийг илэрхийлсэн бичмэл гэрээ шаардлагатай. Хариуцагч тухайн хугацаанд тодорхой төлбөр төлсөн байдал нь дангаараа шинэчилсэн хүүгийн нөхцөлийг хууль зүйн утгаар зөвшөөрсөн гэсэн үг биш. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
******* нь энэ хэрэгт өмгөөлөгчийн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцож байгаа нь хэрэгт авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тодорхой харагдаж байна. Иймээс давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээд гомдол гаргасан гэж үзэж байна.
Мөн гэрээний нөхцөлийг талууд уншиж танилцсан ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Иймд стандарт гэрээ мөн эсэх нь хэрэгт ач холбогдолгүй. Гэрээтэй холбоотой гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Иймд хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ зөрчсөн учир шалтгаан нь зээлийн хүүтэй холбоотой асуудал, зээлийн хүү нэмэгдүүлсэн учраас зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн. Шүүх болсон үйл баримт дээр тулгуурлаж зээлийн гэрээг цуцлах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан зээлийн гэрээнээс татгалзсан үндэслэлээр гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт 97,971,021 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь гэрээний стандарт нөхцөлөөс шалтгаалж зээлийг төлөөгүй, гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний 2.3.2 дахь заалтыг стандарт нөхцөлөөр тогтоолгож, хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Гэвч уг шаардлага нь үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарын үндэслэлд хамаарах шинжтэй бөгөөд бие даасан тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох шинжийг агуулаагүй байхад анхан шатны шүүх үүнийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд үүнийг залруулж, шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй.
3. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч банк нь ажилтан ******* нийтийн орон сууц худалдан авах зориулалтаар 158,000,000 төгрөгийн зээлийг 180 сарын хугацаатай, 365 хоногт 9 хувийн хүүтэй буюу банк, зээлдэгч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, контрактыг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох,
банк болон зээлдэгч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд зээлийн гэрээг банкны санаачилгаар цуцлах, эсхүл гэрээний 2.3.2 дахь заалтад заасны дагуу тухайн үед банкны нийтэд санал болгож буй адил төрлийн буюу ижил зориулалттай зээлийн доод хүүгийн хувь хэмжээгээр тооцон өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцжээ.
Мөн өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил, Зайсан гудамж ******* байр 43 тоот хаягт байрлах 108.45 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ.
******* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байна.
3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.
Харин гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэхдээ талуудын маргаж буй 2.3.2 дахь заалт нь стандарт нөхцөл мөн эсэх, улмаар хүчин төгөлдөр эсэх асуудалд эрх зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
3.2. Гэрээний хүчин төгөлдөр эсэх талаарх шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан арван жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх бөгөөд хариуцагч энэхүү хугацааны дотор гэрээний 2.3.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж маргажээ.
3.3. Талуудын байгуулсан гэрээний агуулга, түүний хэрэгжилтийн нөхцөл, нэхэмжлэгчийн эрх зүйн байдал зэргээс үзвэл нэхэмжлэгч банк нь зээлийн үйл ажиллагааг олон нийтэд нэгэн адил нөхцөлөөр, урьдчилан боловсруулсан маягт, нөхцөлийн дагуу тогтмол эрхэлдэг хуулийн этгээдэд хамаарч байна. Мөн зээлийн гэрээг банк өөрийн ажилтантай байгуулсан гэх нөхцөл байдал нь гэрээний эрх зүйн шинж, ялангуяа стандарт нөхцөлтэй гэрээний шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Гэрээний 2.3.2 дахь хэсэгт зээлдэгч нас барснаас бусад шалтгаанаар зээлдэгч болон банкны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, контракт дуусгавар болсон тохиолдолд дуусгавар болсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор зээлийн хүүд банкнаас тухайн үед нийтэд санал болгож буй адил төрлийн буюу ижил зориулалттай зээлийн бүтээгдэхүүний доод хүүгийн хувь хэмжээгээр тооцон өөрчлөлт оруулахаар тусгасан.
Энэ нь зээлдэгчтэй тусгайлан харилцан тохиролцсоны үндсэн дээр бус, банкнаас урьдчилан боловсруулж нийтлэг байдлаар хэрэглэж буй агуулгатай байх тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний стандарт нөхцөлд хамаарна.
Хэдийгээр банкны зүгээс ажилтантай зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд гэрээний гол нөхцөл буюу хүүгийн хэмжээг өөрчлөхөөр харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч уг болзлын хүрээнд зээлийн хүүгийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөх тоон хэмжээ, эсхүл ямар арга, журмаар тооцон зээлийн хүүг тогтоох талаар тодорхой заагаагүй.
Үүнээс шалтгаалж банк нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэх үндэслэлээр гэрээний гол нөхцөл болох хүүгийн хэмжээг дангаар өөрчлөх, эсхүл гэрээг цуцлах эрхтэй байгаа нь зээлдэгчийн урьдчилан тооцоолсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулах үр дагавартай.
Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах үед талуудын хооронд нэгэнт тогтоосон үүргийн агуулгыг нэг талын хүсэл зоригоор өөрчлөх боломжийг банканд олгосон нь гэрээний талуудын эрх тэгш байдлын зарчимд нийцэхгүйгээс гадна нөгөө талын эрх, ашиг сонирхолд илтэд сөргөөр нөлөөлөх шинжтэй байна.
Иймд гэрээний 2.3.2 дахь заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т заасан гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан стандарт нөхцөлд хамаарах тул хүчин төгөлдөр бус.
Энэ дүгнэлтийн хүрээнд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангав.
3.4. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан.
Иймд гэрээний 2.3.2 дахь заалт хүчин төгөлдөр бус байх боловч бусад заалтыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй, энэ талаар зохигч маргаагүй тул гэрээний үлдэх хэсэг хүчин төгөлдөр хэвээр болохыг дурдаж байна.
3.5. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нь гэрээний 2.3.2 дахь заалтын дагуу нэхэмжлэгчээс шинэчлэн тогтоосон зээлийн хүүг тодорхой хугацаанд төлж байсан, мөн цаашид төлөх талаар хүсэлт гаргаж байсан нь тухайн гэрээний заалтын хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхээ алдсан гэж дүгнэх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, гэрээний стандарт нөхцөлийн хүчин төгөлдөр эсэх асуудал нь гэрээний хэрэгжилтээс үл хамааран хуульд нийцэж байгаа эсэхээр дүгнэгдэх тул хариуцагчийн дээрх үйлдэл нь шүүхээс тухайн заалтын хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөхийг хязгаарлахгүй болно.
4. Анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцалсан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнээд гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт 107,036,798 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.
4.1. Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2031 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар тохиролцсон бөгөөд хариуцагч нь сар бүр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн зөрчиж төлөлт хийгээгүй болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс зээлдэгчид 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хугацаа хэтэрсэн төлбөрийн талаар мэдэгдэл хүргүүлж, улмаар 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж байжээ.
4.2. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт үүргийн зөрчлийн улмаас гэрээ цуцлах зохицуулалт, 225.4 дэх хэсэгт гэрээг цуцалж болохгүй нөхцөлийг заасан бөгөөд энэ хүрээнд шүүхээс гэрээ цуцлагдсан эсэх нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөх ёстой.
Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш ч төлөлт хийсээр байсан, мөн нэхэмжлэл гаргасны дараа ч төлбөр төлсөн нөхцөл байдал тогтоогдсон.
Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 180 сарын хугацаатай урт хугацааны гэрээний хэрэгжилтийн явцад 128 хоногийн хугацаанд төлбөрийн зөрчил гарсан нь гэрээний нийт хугацаа, үүргийн гүйцэтгэлийн шинж чанартай харьцуулахад гэрээний үндсэн зорилгыг алдагдуулсан ноцтой зөрчил гэж тооцогдохооргүй байна.
Иймд шүүхээс хариуцагчийг үүргийн ялимгүй зөрчил гаргасан гэж дүгнэж, нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах буюу гэрээг цуцлах эрх үүсээгүй, улмаар зээлийн гэрээ цуцлагдаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хугацаанаас өмнө шаардах эрх үүсээгүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4.3. Шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн үүргийн зөрчлийн шинж, хэмжээ, үр дагаварт эрх зүйн дүгнэлт өгөх бүрэн эрхтэй бөгөөд энэ нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй. Хариуцагч ялимгүй зөрчил гаргасан гэж маргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар энэ талаар дүгнэсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
4.4. Мөн гэрээг цуцлах эрх үүссэн эсэхийг зөвхөн хугацаа хэтрүүлсэн хоногоор бус, тухайн зөрчил нь гэрээний зорилго, талуудын ашиг сонирхолд хэрхэн нөлөөлсөн, үүргийн гүйцэтгэл бодитоор боломжгүй болсон эсэх зэрэг нөхцөлтэй уялдуулан үнэлэх шаардлагатай байдаг. Энэ хэргийн хувьд зээлдэгч төлбөр төлөхөө бүрэн зогсоогоогүй, гэрээний хэрэгжилт үргэлжилж байсан нөхцөл байдал тогтоогдсон тул банк дангаар гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил үүссэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй.
Иймд төлбөрийн хугацааг удаа дараа зөрчсөн байхад нийт гэрээний хугацаатай харьцуулан ялимгүй гэж үзсэн нь буруу гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2026/00881 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 97,971,021 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 718,005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Т.БАДРАХ