| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0863/Э |
| Дугаар | 893 |
| Огноо | 2019-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 893
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Х.Нарангуа,
хохирогч Ж.М
шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрынн хяналтын прокурор Х.Нарангуагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П-д холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бага боловсролтой, мэргэжилгүй, Мика зочид буудалд слесарь ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, ............ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,
Б.П /РД:............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.П нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, .................тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий, хамтран амьдрагч Ж.М-г урьд нь охин У-г халуун цайнд түлсэн гэж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөж, цээжинд нь нэг удаа өшиглөж түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нурууны цус хуралт, зүүн хөхний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Ж.М-ын мэдүүлэг /хх12-13/, гэрч Ц.С-ын мэдүүлэг /хх22-23/, гэрч Б.Н-ын мэдүүлэг /хх25/, насанд хүрээгүй гэрч П.Н-ын мэдүүлэг /хх20/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3956 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх40/, шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг /хх61-62/, яллагдагч Б.П-гийн мэдүүлэг /хх73/, яллагдагч Б.П-гийн хувийн байдал тогтоосон баримтууд; /хх47-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Б.П-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Ж.М-ын “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ хүүхдүүдээ хараад байж байтал манай нөхөр П над руу залгаад ...ажлаасаа гарлаа... гэж хэлсэн. Тэгээд хүлээж байсан боловч ирэхгүй байсан ба 20 цагийн орчим манай нөхөр залгаад ...”Харз” караокед байна, ирж аваач... гэхээр нь би хойд айлынхаа Н гэх эмэгтэйг гуйж “Харз” караокед очиход манай нөхөр нилээд согтуу ганцаараа сууж байсан ба ...явья... гэхэд ...мөнгөө дуусгаж байж явна... гээд явахгүй байсан. Тэгээд би хүчээр дагуулаад гарсан. Тэгээд гэртээ очоод Н гэр рүүгээ орчихсон. Тэгээд би орон дээрээ хүүхдээ хөхүүлээд сууж байтал миний урд ирж зогсоод би дээшээ харсан чинь миний нүүр рүү мөргөчихсөн. Тэгээд хамраас цус гараад тонгойгоод сууж байтал миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд намайг ахиад цохих гээд байхаар нь би нөхөртөө ...гарч бие засчихаад ирье... гэж хэлж гараад хойд айлд ороод хэсэг ухаан балартсан. Тэгээд манай арын айлын хүмүүс түргэн дуудаад, түргэн ирээд намайг аваад явсан. П бид хоёр 2010 оноос нэг гэрт хамтран амьдарч байгаа, гэр бүлээ батлуулаагүй. Бид хоёр 11 сартай, 3 настай, 6 настай, 7 настай дөрвөн хүүхэдтэй...” гэсэн мэдүүлэг /хх12-13/,
2. Гэрч Ц.С-ын “...2019 оны 3 дугаар сарын 26-ны шөнө гэртээ унтаж байтал Мгийн гэрийн арын айлын Н гэх эмэгтэй М зодуулчихаад манайд ороод ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би П-гийн гэрийн хаягаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би Гэмтлийн эмнэлэг дээр очиход М орон дээр хэвтчихсэн, өвчин намдаах эм өгсөн байгаа, маргааш эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлэхээр нь би Мг аваад гэрт нь ирэхэд хүүхдүүд нь угтаж байсан. Нөхөр нь байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх22-23/,”
3. Гэрч Б.Н-ын “...2019 оны 3 дугаар сарын 26-ны орой би гэртээ байж байтал М залгаад ...2-уулаа доошоо Харз караоке ороод нөхөр П-г аваад ирье... гэхээр нь хамт Харз караоке орсон чинь П ганцаараа нэг ширээнд сууж байсан. Тэгээд М бид 2 П-г аваад гэрт нь оруулж өгөөд би гарсан. Тэгээд би гэртээ ороод байж байтал М удалгүй манай гэрт гүйгээд ороод ирсэн бөгөөд хамраас нь цус гарчихсан, хувцас нь урд хэсгээрээ битүү цус болчихсон ороод ирсэн. Тэгээд би М-г түргэн дуудаж үзүүлсэн чинь түргэний эмч Гэмтлийн эмнэлэг аваад явна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх25/,
4. Насанд хүрээгүй гэрч П.Н-ын “...2019 оны 3 дугаар сарын 26-ны орой ээж гарч яваад аавыг авчирсан. Манай хойд айлын Нямка эгч бас хам орж ирсэн. Н эгчийг гараад явсны дараа аав ...М... гэж орилж байснаа цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Ээж ...ёооё... гэсэн чинь аав дахиж ээжийн нүүр рүү нь толгойгоороо нэг удаа мөргөсөн чинь ээжийн хамраас цус гарсан, ээж гараад зугатаачихсан” гэсэн мэдүүлэг /хх20/
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3956 дугаартай “...Ж.М-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нурууны цус хуралт, зүүн хөхний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, хамрын нурууны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөхний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх40/,
6. Шинжээч эмч О.Болороогийн “...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байсан ба үзүүлэгч М нь рентген зурагтай ирсэн ба уг зургыг эмчээр уншуулахад шинэ гэмтэл байна гэсэн. Мөн би хамарт үзлэг хийхэд хамар цус хуралттай, хүрэхэд эмзэглэлтэй, яс хавирах чимээ гарч байсан. Компьютер томографийн зургийг уншуулахад шинэ гэмтэл гэж оношилсон байгаа...” гэсэн мэдүүлэг /хх61-62/,
7. Б.П-гийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 26-ны орой ажлаасаа тараад харьж явахдаа Харз караокед орж пиво уусан. Тэгээд эхнэр М руу залгаж ирж ав гэхэд хойд айлын Нтэй хамт ирсэн. Тэгээд тэр 2 намайг гэрт хүргэж өгсөн. Манай эхнэр 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 3 настай охин У-г халуун тогоотой цайнд цээжин биенээс доош түлчихсэн ба манай охин Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа юм. Тухайн өдөр тэр асуудлаас болж маргалдаад би цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд нүүр рүү нь нэг удаа мөргөсөн чинь эхнэрийн хамраас цус гарсан. Мягдагмаа бид хоёр 2010 оноос хойш хамтран амьдарч байгаа, гэр бүлээ батлуулаагүй, бид дөрвөн хүүхэдтэй...” гэсэн мэдүүлэг /хх73/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.П:
Шүүгдэгч Б.П нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, .................тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ж.М-г урьд нь охин У-г халуун цайнд түлсэн гэж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөж, цээжинд нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хохирогч Ж.М-ын мэдүүлэг, гэрч Ц.С, Б.Н, насанд хүрээгүй гэрч П.Н нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.П-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ж.М-ын эрүүл мэндэд “...хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нурууны цус хуралт, зүүн хөхний цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3956 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн хохирогч Ж.М, шүүгдэгч Б.П нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч дундаасаа 4-н хүүхэдтэй, эхнэр нөхөрийн харилцаатай буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч” нь энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.П-гийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр буюу хүний эрүүл мэндэд хохирол, хор уршигийг хүсэж учруулсан байна.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Ж.М нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хохиролтой холбоотой эмчилгээний зардал нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэж мэдүүлсэн болно.
Тиймээс шүүгдэгч Б.П-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.П-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.П-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Буурал овгийн Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-г 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР