Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 892

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч М.Сансарсайхан /томилолтоор/,

хохирогч Г.Б,

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-д холбогдох эрүүгийн ..................... дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, ............... тоотод түр оршин суух хаягтай, урьд

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Г.О /РД:...................../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.О нь согтуурулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч иргэн Г.Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь зүүн нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, цус хуралт, эрүүнд зулгаралт, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Г.Б-гийн мэдүүлэг /хх20-22/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6395 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх26/, шинжээч эмч М.А-гийн мэдүүлэг /хх23-24/, Г.О-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх34-36/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх55-59/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхи лавлагаа /хх44/, шийтгэх тогтоолын хуулбар /хх46/ хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Нэг. Шүүгдэгч Г.Оыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Г.Б-гийн “...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бид 2 гэртээ байж байхад О архи уумаар байна гэхээр нь битгий уу гэхэд зүгээр зүгээр гээд хамт ууя гээд 1 шил архи хувааж уусан. Тэгээд дахиад архи авна гээд гэрээс гараад явахаар нь би хаалгаа түгжээд унтаад өгсөн. Намайг унтаж байхад хаалга нүдээд, намайг онгойлгохгүй удлаа гээд үснээс зулгаагаад боогоод гараараа, гар, хөл, мөр, хөл рүү олон удаа цохиж зодсон... 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр О бид 2 гэртээ байж байхад манай ээж Ө гэрт ирээд түлхүүр аваад гарсны дараа О чи түлхүүр өглөө гээд надруу уурлаад бид 2 хоорондоо маргалдсан... Тэгээд О гэрээс гарч яваад архи авч уугаад гэртээ ирээд надтай хэрүүл хийхгээд байхаар нь би хэрүүл хийх гэж байна гэж бодоод аргадаад хайр нь усанд оруулаад өгье гэсэн. Тэгээд 00 өрөөнд байж байхад миний гарыг нугалж өөд татахаар нь би өвдөөд байна гээд... аргадаж гарын тавиулаад гэрээс гараад цагдаад дуудлага өгсөн... Намайг гадаа 15 давхарт шатны хажууд байж байхад О намайг олоод гэрлүү чирч ороод багалзуурдаж газар дараад гараараа толгой, цээж, гар хэсэгт цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх20-22/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6395 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Г.Б-гийн биед   зүүн нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун булгалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, цус хуралт, эрүүнд зулгаралт, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх26/,

3. Шинжээч эмч М.А-гийн “....Г.Б-гийн биед учирсан гэмтлүүд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 22-ны өдрүүдэд үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. Өнгө чанараар нь харахад эрүүний зулгаралт, хүзүү цээж, баруун бугалга, баруун сарвуу, баруун шуу зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, зүүн шүдний доод зовхины цус хуралт, зүүн сарвууны зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн мөн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх23-24/,

4. Г.О-гийн яллагдагчийн “...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Г.Б бид 2 гэртээ “вива” нэртэй 2 шил архи хувааж уусан. Г.Б-д иргэний шүүхээс зээлийн нэхэмжлэл ирсэн гээд бид 2 сэтгэл санаагаар жаахан унаад би дэлгүүр рүү архинд гарахаар болоод гараад буцаад гэрлүүгээ орох гэхэд Б-гийн утас нь дуугараад би авахад А-тай яръя гэсэн. Гэртээ орох гэхэд хаалга дотроосоо түгжсэн байсан, хаалгаа нилээн нүдэж байж онгойлгосон. Би ороод яагаад хаалга үүдээ онгойлгохгүй байгаа юм гээд, утасруу чинь эрэгтэй хүн залгаад байна гээд бид 2 муудалцсан. Тэгээд би гараараа Б-гийн бие, гуя, гар, хөл хэсэгрүү нь цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх34-36/,

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх55-59/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г.О:

Шүүгдэгч Г.О нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Б-гийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...зүүн нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, цус хуралт, эрүүнд зулгаралт, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6395 дугаартай дүгнэлт, шинжээч эмч М.А-гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1  дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...” нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд хохирогч Г.Б, шүүгдэгч Г.О нар нь 2019 оны 2 дугаар сараас хойш гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Оыг хохирогчид энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.О-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.

Хохирогч Г.Б-гийн хувьд шүүгдэгч Г.О-г өөртэй нь уулзуулахгүй байх арга хэмжээ шүүхээс авч өгнө гэх хүсэлтийг эрүүгийн хариуцлагатай холбоотой гаргасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.О-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор буюу “тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоож болохоор хуульчилсан. Гэсэн хэдий ч энэхүү албадлагын арга хэмжээг энэ төрлийн гэмт хэрэг дээр хэрэглэх хууль зүйн боломжгүй байдлаар хуульчилсан тул хохирогчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Г.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Г.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг, нэг хоног хорих ялаар тооцож сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР