| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/04696/И |
| Дугаар | 1853 |
| Огноо | 2016-11-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 1853
“ХХХХ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/00526 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ХХХХ-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31 066 019 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ХХХХ” ХХК болон ХХХХ-ын хооронд 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ЗГ 15/18 тоот зээлийн гэрээ, түүний баталгаа болгож 15/11, 15/12, 15/13, 15/14, 15/15 дугаартай барьцааны гэрээ болон барьцаалбар үйлдэгдэн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан болно. Дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба зээлийн гэрээний хавсралтад талуудын тохиролцсон эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 2 700 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 1 000 000 төгрөгийн төлөлт хийснээс гадна зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг огтхон ч төлөөгүй ба удаа дараа мэдэгдэл өгч байсан. Нэхэмжлэгчийн хувьд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. “ХХХХ” ХХК нь хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний төлбөрт 1 283 543,19 төгрөгийг нэхэмжилсэн ба энэ нь төлбөрийн тал хувь болно. “ХХХХ” ХХК-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр нь 2 567 086,38 төгрөг ба дээрх мөнгөн дүнг бүхэлд нь нэхэмжилж байна. Хариуцагч ХХХХ нь 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 5 өдөр 500 000 төгрөг нийт 1 500 000 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүнд төлсөн болно. Өөрөөр хэлбэл анх нэхэмжлэл гаргасан үнийн дүнгээс хариуцагчийн зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүнд төлсөн 500 000 төгрөгийг хасан, гарсан дүн дээр хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний төлбөрийн тал хувь болох 1 283 543,19 төгрөгийг нэмэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг бүхэлд нь нэхэмжилж байна. Нийт ХХХХ-аас 31 066 019,15 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шаардаж байна. Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд тус тус заасан байгааг үндэслэж үндсэн зээлд 22 298 584,73 төгрөг, зээлийн хүүд 4 904 118,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 226 026,61 төгрөг, өмгөөллийн хөлс 2 567 086 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.6-д зааснаар учирсан хохирол нэмэлт зардлыг төлөхөөр заасан байгаа. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нэхэмжилж байгаа. Тэмдэгтийн хураамжид төлсөн хөлс болон, эрэн сурвалжилсан хөлс болох 70 200 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч талаас зээл авсан гэдэгт маргахгүй байна. Нэхэмжлэгч талтай зээлийн гэрээнээс татгалзсаны хүрээнд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 20 798 584 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч талаас 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн нэхэмжлэлд дурдсан байгаагаар зээлийн гэрээний 7.1.1-т зааснаар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан байдаг. Зээлийн гэрээг цуцлахад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 22 298 584 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд тус тус нийцэж байна гэж үзэж байна. Зээлийн гэрээг цуцалснаас хойш хариуцагч 1 500 000 төгрөгийн төлөлтийг хийсэн байдаг. Тийм учраас зээлийн үлдэгдэл болох 20 798 584 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдэж өгнө үү. Өмгөөллийн хөлсний хувьд нэхэмжлэгч тал анхны нэхэмжлэл дээрээ өмгөөллийн хөлс 1 250 000 төгрөг гэж дурдсан байдаг. Гэтэл одоо 2 500 000 төгрөг болон нэмэгдсэн байна. Өмгөөллийн хөлсийг хэрхэн яаж тохирсон талаар тодорхойгүй байна. Иймд үйлчилгээний хөлсийг нотлох баримтгүй, үндэслэлгүй нэхэмжилж байгаа учраас энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ-аас 25 470 575 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 595 444 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “ХХХХ” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309 362 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, ХХХХ-аас 285 303 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хангахгүй шийдвэрлэсэн. Хангаагүй хэсэгт зээлийн хүүгээс 1 802 332 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү болох 1 226 026 төгрөг, өмгөөллийн хөлс 2 567 086 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн хууль буруу хэрэглэсэн шийдвэр гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нь хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. Талуудын байгуулсан гэрээний 3.1.6-д “...ББСБ нь зээл, түүний хүүгийн төлөгдөх хугацаа хэтэрсэн бол төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү зэргийг төлүүлэхтэй холбогдон гарсан нэмэлт зардлыг зээлдэгчээс нэмж нэхэмжлэн авах /нэмэлт зардал гэдэгт хууль зүйн туслалцаа авсан, өмгөөлөгч авсан...өмгөөлөгчийн хөлс гэх мэт/...зээлдэгч бүрэн хариуцна” гэж заасан хариуцагч тал нь гэрээний утга агуулга, ач холбогдлыг ойлгож гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрт гарсан, гарч болзошгүй зайлшгүй зардалд хууль зүйн туслалцаа авсан зардлыг оруулан тооцож байна. Нэхэмжлэгчийн өөрт олгогдсон субъектив эрхийг хамгаалах мөн түүнчлэн өөрт учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалж байгаа явдал болно. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/00526 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч ХХХХ надад 25 470 575 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн ба хариуцагч би хэдийгээр зээлийн гэрээнд дурдсан үүргийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү төлөх үүрэг хүлээсэн боловч дээрх шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд заасан нөхцөлийн дагуу дурдсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд дурдсан тооцоо, хууль зүйн үндэслэлийн дагуу 20 798 584 төгрөг байх ба хариуцагч миний зүгээс нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг хүндлэн 23 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх 2 470 575 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрээр төлөхөөр шийдсэн дээрх мөнгийг багасгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 428 728 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 2 567 086 төгрөг нийт 31 066 019 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.
Зохигчдын хооронд 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдан, уг гэрээгээр хариуцагч нь 25 000 000 төгрөгийн зээлийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, хугацаа хэтрүүлбэл үндсэн зээлээс үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй буюу жилийн 9.6 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээг цуцалсан үйл баримтын хувьд маргахгүй байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага гэрээг цуцалсан уг өдрөөс зээлийг бүхэлд нь буцаан төлүүлэхээр шаарджээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлан, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвхөн гэрээ цуцлах хүртэл хугацаатайгаар тооцон шаардах эрхтэй.
Учир нь: Хууль болон гэрээнд заасны дагуу төлбөл зохих хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү шаардах эрх нь хүчин төгөлдөр дуусгавар болгоогүй зээлийн гэрээнд үндэслэн үүсэх тул гэрээ цуцалсан тохиолдолд үүнээс хойшх хугацаанд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг үүсэхгүй юм.
Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг зөв тооцоогүй байна.
2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар хариуцагч нь 5 400 000 төгрөг төлөхөөс, нийт 4 700 000 төгрөг төлжээ. Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 3 532 817 төгрөг, зээлийн хүүд 1 867 183 төгрөг төлсөн гэж үзнэ.
Хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 700 000 төгрөгийг 8 дугаар сарын 4-ний өдөр төлөх ёстой боловч төлөөгүй байх тул уг үнийн дүнгээс гэрээ цуцлагдах өдөр хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тогтоосон жилийн 9.6 хувиар тооцоход 121 825 төгрөг болж байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу дээрх мөнгөнөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдох бөгөөд гэрээ цуцлагдах үед хариуцагч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 25 303 744 төгрөгийн төлбөр байсан бөгөөд гэрээ цуцлагдсанаас хойш хариуцагч 1 500 000 төлсөн асуудлаар хариуцагч маргаагүй тул үлдэх 23 803 744 төгрөгийн зээлийн үлдэгдэл байна гэж үзлээ.
Мөн хариуцагчийг эрэн сурвалжилсантай холбоотой 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт нийцсэн үндэслэлтэй байх бөгөөд нийт 23 873 944 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах өөрийнх нь сайн дураар шийдвэрлэх эрхийн асуудал тул үүнийг бодит зардал, хохирол гэж үзэж шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “…гэрээ цуцлагдсанаас хойшхи нэмэгдүүлсэн хүү, өмгөөллийн хөлс гаргуулахаар давж заалдсан гомдлыг хүлээн авч хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/00526 дугаар шийдвэрийн
1 дэх заалтын “…25 470 575 төгрөг...” гэснийг “…23 873 944 төгрөг...” гэж, “ 5 595 444 төгрөг...” гэснийг “ ...7 192 075 төгрөг...” гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтын “...нэхэмжлэгч ХХХХ-аас 285 303 төгрөг гаргуулж “ХХХХ” ХХК олгож” гэснийг “…ХХХХ-аас 277 319 төгрөг гаргуулж “ХХХХ” ХХК олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгийн төлөөлөгч ХХХХоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 477 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХХ-ын төлсөн 55 000 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Ц.ИЧИНХОРЛОО