| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2017/0035/З |
| Дугаар | 56 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 56
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Ц.Нямдоржийн нэхэмжлэлтэй тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдох 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, байгаль хамгаалагчийн үүрэгт ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч Б.Гүррагчаа, гуравдагч этгээд О.Баярсайхан, нарийн бичгийн даргаар Ш.Дорж-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оноос хойш Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар өдийг хүртэл ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн. Тэгтэл Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гүррагчаагийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдлөө. Миний бие Рашаантын хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч бөгөөд тэндээ үүрэгт ажлаа гүйцэтгэдэг бөгөөд миний ажлын байр тэнд юм. Би уг ажлын байрнаасаа өөр тийш явах боломжгүй бөгөөд өвөл цас ихтэй машин тэрэг байхгүй байхад албан контороос уурын зуухны галлагаанд гар гэж шаардсаны дагуу албан контор дээр ирж үүрэгт ажилд хамаагүй уурын зуухны галлагч болгосонд гомдолтой байна. Тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй талаараа Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд 2017 оны 3 дугаар сарын 17-нд хандаж уг зөвлөлөөс 2017 оны 4 дүгээр сарын 16-нд над руу ярьж ажлын байрны тодорхойлолтоо авчир таны гомдлыг 2017 оны 4 дүгээр сарын 19-нд хэлэлцэнэ гэсэн бөгөөд уг зөвлөлийн хариу бичгийн хуулбарыг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны үед авсан. Үүнд даргын тушаалыг эрх зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, хууль зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон боловч одоог хүртэл ажилд минь авахгүй, тушаалаа хүчингүй болгохгүй, хохирлыг минь барагдуулахгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас нь халсан байгаа. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаагаар эргэж орохгүйгээр халсан байгаа. Сахилгын шийтгэл ногдуулсан боловч тухайн үеийн нөхцөл байдлыг тогтоогоогүй. Сонсох ажиллагаа ямар нэгэн байдлаар хийгээгүй. Үндсэн тушаал дээр бол ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн гэж тусгасан байсан. Үүнийг зөвшөөрөхгүй байгаа. Ямар нэгэн байдлаар ёс зүйн хороо байгуулаад ёс зүйн хорооны дүрэм журам байгаа эсэх нь харагдахгүй байгаа. Шүүхээс 2,3 удаа энэ ёс зүй зөрчсөн асуудлаар ёс зүйн дүгнэлт болон ёс зүйг шийдвэрлэдэг эрх бүхий этгээдүүдийн тушаалтай холбоотой баримтыг явуулахыг шаардахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгчийг чөлөөлсөн тушаалд төрийн албаны тухай хуулийн 26.1.3 гэсэн байгаа. Сахилгын шийтгэл ногдуулахдаа сая яриад байгаа зүйл тушаалд огт байхгүй байгаа. Тушаалд бол зөвхөн ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгууллагын ёс зүй, дэг журмыг зөрчсөн гэсэн байгаа. Одоо шүүх хуралдаанд бол ажил тасалсан, ажлаа хангалтгүй биелүүлсэн, иргэд байгууллага аж ахуй нэгжид гэрчилгээ олгосон, ёс зүй зөрчсөн, мэдээ тайлангаа ирүүлдэггүй, үр дүнгийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн гэсэн зүйл яриад байна. Энэ талаар тушаал дээр заавал байх ёстой. Үүнийг тушаалд оруулаагүй байж нэмж ийм зүйл оруулж байна. Ийм үндэслэлгүй тушаал гаргаж байгаа. Мөн гэрч гэж хэлэх боломжгүй дөрвөн хүнээс тайлбар авсан байгаа. Тайлбарын нотлох баримт гэж үнэлэх боломжгүй. Тэрийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр архи уусан гэсэн асуудал яригдаад байна. Тэр өдөр бол архи уусан зүйл байхгүй. Дарга намайг дуудсан ажлаас халагдсан талаар хэлсэн түнээс өөр юм яриагүй. Хүргэн Булган аймгийн Сайхан сумын хүн юм байна лээ. Тэр өдөр аавдаа айраг авч ирж өгсөн юм байна лээ. Уг өдөр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байсан. Тэр өдөр У.Хүрэлсүх сайд ирсэн байсан. 2017 оны 02 дугаар сарын 20-ны архи уусан зүйл огт байгаагүй. Тэр өдөр тушаалаа гардаж авсан байгаа. Тэр өдөр бол Нямдоржийн гарааны өдөр биш байсан. Гарааны өдөр гэхээр Нямдорж өөрөө Рашаантын хэсгийг хариуцдаг ажилтай. Би 2016 оны 02 дугаар сарын 16-нд гарах ёстой байсан боловч манайхаас машин тэрэг явах боломжгүй болчихоод очиж чадаагүй гэсэн байгаа. Шүүхийн үзлэгийн тэмдэглэл байгаа. Үзлэгийг яах гэж хийсэн бэ гэхээр, бид нар өөрсдөө хүсэлт гаргаад тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хийсэн байгаа. Үзлэг хийхдээ таныг байлцуулж байгаад хийсэн. Үзлэг хийнэ гэдэг чинь таниас тайлбар авна гэсэн үг биш. Үзлэг хийнэ гэдэг нь яг байгаа байдалтай нь танилцах, нотлох баримт байна уу?, Сонсох ажиллагаа хийгдсэн эсэх, сонсох ажиллагаа хийгдсэн баримтууд нь байна уу? Мөн тэр зөрчлийн баримтыг шалгасан хурлын тэмдэглэл, шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гэсэн баримтууд байгаа эсэх тал дээр үзлэг хийх ёстой юм. Үзлэг хийхэд, нотлох баримтууд байхгүй, хурал хийгээгүй гэж хэлсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Нямдоржийг ажлаас чөлөөлөгдсөн тухайд дараах тайлбарыг гаргаж байна. Тус хамгаалалтын захиргаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасны дагуу хөдөлмөр зохион байгуулалтын асуудлыг байгууллагын дотоод журмын 6-р зүйлийн 5 дахь заалтад тодорхой заасан бөгөөд бусад ажлын цагийн ашиглалт, сахилга хариуцлагатай холбоотой асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн оруулсан болно. Байгаль хамгаалагч Ц.Нямдорж нь 2017.02.16-ны өдөр галлагаанд гарах хуваарьтай байсан ч хуваарийн дагуу гаралгүй хаашаа юунд явсан тухайгаа удирдлагад мэдэгдээгүй тул ажил тасалсан гэж үзэж байна. Учир нь тэр С.Гансүхийг миний оронд гарчих, би юманд явлаа гээд ажилдаа ирээгүй байна. Уг нь Ц.Нямдорж нь хувийн ажлаар явсан бол чөлөө авах ёстой, албаны ажлаар явж байгаа бол энэ тухайгаа мэдэгдээд дараа нь юу хийснийгээ тайлагнах ёстой. Гэтэл хаашаа явсан талаар огт мэдэгдээгүй ажлаа тайлагнаагүй. Мөн галч С.Гансүхийн оронд ажилд гарсан гэх 2017.02.20-ны өдөр нь ажлын өдөр тул архи хэрэглэхийг дотоод журмаар хориглосон байгаа. Гэтэл галч С.Гансүхийн оронд ажилд гарахаар 2017.02.20-ны өдөр өглөөний 9 цагт галч С.Гансүхаас ажил авсанч 9 цаг 20 минутын үед хамгаалалтын захиргааны дарга Б.Гүррагчаа миний бие Улаанбаатар хотоос авч ирсэн байгаль хамгаалагчдын үлдэгдэл хувцасыг 4 байгаль хамгаалагчид өгөхөөр гэрлүүгээ явахад байгаль хамгаалагч Н.Гантулгын машинд сууж очсон байсан.Тэд нар 10 минут орчим болоод хувцасаа аваад буцахад хамт яваад гэрийнхээ орчим хоцорсон байсан. Би 9 цаг 30 минутын үед ажил дээрээ буцаж очоод үдийн унд хүртэл байж байгаад ундандаа явсан. Энэ хугацаанд Ц.Нямдорж ажил дээрээ ирээгүй. Харин үдийн цайны дараа Ц.Нямдоржийг согтуу ирэхэд нь мэргэжилтэн Д.Туяаг гэрт нь хүргээд өгчих гэсэн боловч үгэнд нь оролгүй зөрөөд байгууллага руу орсон. Тэр үед мэдээллийн танхимд байсан Б.Нямжанцан нэг цохиж аваад жолооч Б.Дүгэрсүрэнгээр гэрт нь хүргүүлсэн тухайгаа 2017.04.10-ны өдрийн хурал дээр ярьж байсан. Ц.Нямдорж галлагаанд гарах боломжгүй байсан тул түүний оронд байгаль хамгаалагч Р.Галбаасамбууг гаргасан. Гэтэл тэр дахин 17цаг 20 минутын үед улам их согтсон байдалтай ирсэн. Ц.Нямдоржийн эдгээр үйлдэл болох 2017.02.16-ны өдөр хувийн ажлаар хөдөө явж ажил тасалсан, 2017.02.20-ны өдөр архи ууж, ажил тасалсан зэрэг нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 26.1, 26.1.3 дахь заалт, Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийг зөрчиж байгаа тул ажлаас чөлөөлсөн болно. Ц.Нямдорж нь тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа архи согтуураалах ундааны зүйл хэрэглэж ажилдаа хайнга хариуцлагагүй хандаж байсны олон жишээ баримт байгааг дурдах нь зүйтэй.
1. Ц.Нямдорж ажлаа хариуцлагатай алдаа дутагдалгүй гүйцэтгэж ирсэн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Тэр албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, мэдээ тайланг дутуу өгдөг, үйл ажиллагааны төлөвлөгөө, гэрээний биелэлт хангалтгүй үнэлгээ авсан зэргийг харгалзан 2008.03.11-ны өдрийн 07 тоот тушаалаар 3 сарын цалинг 20%-иар бууруулах арга хэмжээ авагдсан тушаал байна.
2. Мөн 2008 оны 03 дугаар сарын 20-нд буюу 10 хоногийн дараа дахин ажлын цагаар архи уусан тул ажлаас чөлөөлөх тухай асуудлыг 2008.03.21-ний өдрийн бүх ажиллагсадын хурлаар хэлэлцэхэд мэргэжилтэн Д.Туяа болон бусад ажиллагсад хүсэлт гаргаж хамт олны батлан даалтаар итгэл хүлээлгэж, цаашид хэрхэн ажиллах талаар өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ажилд нь үлдээж байсныг гэрчлэх гар бичмэл, өргөдөл байгааг хавсаргав.
3. 2009 оноос хойш тус хамгаалалтын захиргаанд ажиллагсад архидан согтуурах явдал хавтгайрч үүний үр дүнд хэд хэдэн ажилтан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж мөн 7-21 хоногоор баривчлагдах нь хэвийн үзэгдэл болсон. Энэ үед Ц.Нямдорж архи ууж тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан.
4. Мөн 2013.03.01-нд тухайн үед Б.Гүррагчаа миний бие мэргэжилтнээр ажиллаж байхад Ц.Нямдорж нь би 10 хоног тасралтгүй архи ууж байна гэж байгууллагын конторт агсам тавьж байсан. Гэтэл удалгүй 2 хүүхэдтэй эхнэр нь амьдрах аргагүй боллоо гээд салаад явж байна гэж дуулдаж байсан.
5. Тэр бас албаны үүргээ хангалтгүй биелүүлж гүйцэтгэж ирсэнийг олон баримт нотлоно. Үүнд: Түүний хариуцаж буй Рашаантын хэсгийн Цагаан хясааны гарам дээр байрлах байгаль хамгаалагчийн байрандаа огт байрлаж ажил үүргээ гүйцэтгэдэггүй байсны учир байрны цонх хаалга нь эвдэрсэн, доторлогоог нь хулгайд алдсан, шувуу хулгана, зурам, нохойн баас дүүрсэн зэрэг нь ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг илтгэнэ.
ТХГН-ийн болон байгаль орчны тухай багц хуулиудад хяналт тавих үүрэгтэй боловч 2015, 2016 онуудад Ц.Нямдорж нь хариуцсан газартаа ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэсэн ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт огт тавиагүйгээс ойн цэвэрлэгээний ажлыг нь хүлээж авч акт нэгийг ч үйлдээгүй байгаа нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсний илрэл юм. /баримтыг хавсаргав./ ТХГН-ийн тухай хуулиар ТХГ-аас иргэн аж ахуйн нэгжид зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшүүлэх хуультай ч түүний хариуцсан Тосонцэнгэл сумын Рашаантын хэсгийн ТХГ-аас Тосонцэнгэл сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар захирамжаар 10 гаруй өрхөд өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлсэн байхад ч түүнийг зогсоох арга хэмжээ аваагүй нь түүнийг ажил үүргээ хэрхэн хэрэгжүүлдэгийг илтгэж байна. Иймд энэ мэт хууль, журам, ёс зүйг уландаа гишгэж олон жил, удаа дараа хариуцлагагүй үйлдэл гаргаж алдаа дутагдлаа засахын оронд төрийн албаны нэр хүндийг унагаж буй аливаа үйлдлийг зогсоох шаардлагатай байгаа тул уг асуудлыг нухацтай судалж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Б.Гүррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нямдоржийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн байгаа. Ажлаас чөлөөлөх үндэслэл, нөхцөл бүрдсэн байгаа. Нямдорж 2016 онд ажил үүргээ гүйцэтгэхдээ хангалтгүй гүйцэтгэж, үр дүнгийн гэрээгээр хангалтгүй гарсан байна. 2017 онд байгаль хамгаалагч бүр 7 хоног болгон мэдээ тайлангаа өгдөг. Уг мэдээ тайланг байнга хоцроодог. Энэ бол уг хүнийг албан үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг илтгэж байгаа. Мөн ажил, мэргэжилдээ хайнга ханддаг, мэдлэг чадвар нь дутмаг ийм ажилтнуудыг давтан сургах, төрийн албаны тухай хуулийн дагуу захиалга өгөөрэй гэхэд Нямдорж энэ талаар ямар нэгэн захиалга өгөөгүй. Нямдорж нь Рашаантын хэсгийн байгаль хамгаалагчаар ажиллаж байх хугацаандаа улсын тусгай хэрэгцээний газраас газар эзэмшүүлэхийг хориглодог байгаа. Гэтэл өөрийн хариуцаж байсан нутагт сумын Засаг дарга захирамж гаргаад 10 Өвөлжөө эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон байхад энэ талаар мэдэгдээгүй. Ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн ажил тасалдаг, архи уудаг. Энэ архи уудаг асуудал тухайн өдөр гарсан асуудал биш, ажилд орсон цагаасаа буюу 2008 оноос хойш үргэлж ууж байгаа. 2008 онд ажлаас чөлөөлөх арга хэмжээ авагдаж байсан. Тухайн үеийн хамт олон нь харж үзээч, нэг удаа боломж олгооч гээд өнгөрч байсан. Нямдоржийн ажлын байрны тодорхойлолтонд бол тусгай хамгаалалтай газар үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуй нэгжид тогтмол хяналт тавих үүргээ биелүүлээгүй. 2016 онд манай тусгай хамгаалалттай газраас нийт 45 аж ахуй нэгж, нөхөрлөл мод бэлтгэх үйл ажиллагаа явуулахаар эрх авсан байна. Нямдоржийн өөрийн хариуцаж түүнд нь хяналт тавьж, эцэст нь ойн цэвэрлэгээний ажлыг хүлээж авах, эхлэл, төгсгөлийн акт бичих ийм эрх бүхий албан тушаалтан байгаа. Үүнийг ажлын байрны тодорхойлолтонд маш тодорхой заасан байгаа. Манай дотоод журамд бол ажил таслах асуудал бол хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 4 ба түүнээс цагаар ажилдаа ирээгүй гэж байгаа. Энэ бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудлаас тусдаа зүйл юм. Нямдорж архи уугаагүй гэж хэлсэн байна. Нямдорж уусан эсэх асуудлаар тухайн үеийн хурал дээр ярьсан байгаа. Ёс зүйн хороо гэж байгуулаагүй ч гэсэн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэх байх гэж бодож байна гэв.
Гуравдагч этгээд О.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 07 дугаар 03-ны өдрөөс гэрээт байгаль хамгаалагчаар ажилд орсон. Үүн дээр Рашаантын хэсэг орсон байгаа. Энхсайхан, Нямдорж гэж хоёр байцаагч байсан. Энхсайхан нь болохоор мэргэжилтэн болоод явчихсан. Нямдорж нь ажлаас халагдсан гэсэн. Би бол үндсэндээ 2 орон тоон дээр ажиллаж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч Ц.Нямдорж нь Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, байгаль хамгаалагчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, дэвтэрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч нь анх Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 дүгээр тушаалаар тус хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчаар томилогдсон байна. Улмаар тус хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 2 дугаар арын 20-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалт, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалын хавсралтын 15 дахь заалтуудыг тус тус үндэслэн ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж төрийн албан хаагчийн ёс зүй байгууллагын дэг журмыг зөрчсөн гэж нэхэмжлэгчид төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч нь би архи уугаагүй, үүрэгт ажилд хамааралгүй уурын зуухны галлагч болгосонд гомдолтой байна гэж, хариуцагч нь ажил тасалсан мөн ажлын байран дээр архи уун ирж төрийн албан хаагчийн ёс зүй байгууллагын дэг журмыг зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг албан үүргээ биелүүлээгүй энэ нь галлагаа хийх хуваарийн дагуу 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр галлагаа хийх хувиартай байсан боловч галлагаа хийгээгүй ажил тасалсан үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод уг чиг үүрэг тусгагдаагүй, түүнчлэн тус хамгаалалтын захиргааны зүгээс байгаль хамгаалагчдаар захиргааны галлагаа хийхтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй байх тул түүнийг албан үүргээ биелүүлээгүй гэж үзэж ажлаас чөлөөлөх боломжгүй байна. Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан албан үүргээ биелүүлээгүй гэдгийг хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг ойлгохоор заасан байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байран дээр архи ууж ирж төрийн албан хаагчийн ёс зүй байгууллагын дэг журмыг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 2.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалыг эрхэлж байгаа төрийн захиргааны албан хаагч бүхий төрийн байгууллага бүрт төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус ёс зүйн хороо ажиллана, 4.1 дэх хэсэгт зааснаар Ёс зүйн хороо төрийн жинхэнэ албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлтээ энэхүү журмын 2.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд танилцуулна, 5.1 дэх хэсэгт ... Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана. гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөнболон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гээд 26.1.3 дахь заалтад төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулахаар байна.
Монгол улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, нэн талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-н 4 дүгээр зүйлд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчидурьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй байна.
Дээрх Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-д зааснаар Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дэргэд ёс зүйн хороо байгуулагдаагүй, мөн Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 4 дүгээр зүйлийг зөрчиж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2016 онд ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, үр дүнгийн гэрээг хангалтгүй дүгнүүлсэн, 2017 онд байгаль хамгаалагчийн мэдээ тайланг байнга хоцроож албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь ажлаас чөлөөлөх өөр үндэслэл болсон гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий актад энэхүү үйл баримт дурдагдаагүй, түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий тушаалын үндэслэл, үйл баримтыг тодруулахад Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5, 13.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байх тул дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Нямдоржийг Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчаас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халахдаа нэхэмжлэгчийн гаргасан үйлдлийг байгууллагын ёс зүйн хороогоор шалгаж тогтоолгүй, нэхэмжлэгчид нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олголгүй ажлаас чөлөөлсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тултус хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
2. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлж дэвтэрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга нь нэхэмжлэгч Ц.Нямдоржийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Нямдоржийн ажилгүй байсан 134 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор3.984.624 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу Ц.Нямдоржийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох бичилт хийн олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтад заасныг баримтлан Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ц.Нямдоржийг Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ц.Нямдоржийн ажилгүй байсан 134 хоногийн цалин 3.984.624 төгрөгнөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийж нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нямдоржид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР