Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 223/МА2026/00017

 

 

 

 

 

 

 

 

2026            04              23                                                  223/МА2026/00017

 

 

 

Г.А, Х.Ннарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 317/ШШ2026/00034 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.А

Нэхэмжлэгч: Х.Н

Хариуцагч: Г.Д-д холбогдох,

 

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон гэрээний хохиролд нийт 72,186,833 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч Г.Бгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхүрэм /цахимаар/,

Хариуцагч Г.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Номинцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Г.А, Х.Ннар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга “Хариуцагч Г.Бтай 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, 50,000,000 сая төгрөгт 50 тонн төмс авахаар харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл 1 тонн төмсийг 1,000,000 сая төгрөгөөр авахаар тохиролцсон. “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.2-т “2023.09.27-нд урьдчилгаанд 70 хувь буюу 35,000,000 төгрөгийг, 30 хувь буюу 15,000,000 төгрөгийг төмсөө бүрэн хүлээж авсны дараа өгнө” гэж тохирсон. Бид нарын зүгээс гэрээ байгуулсан өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр урьдчилгаа 35,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Мөн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Аийн эхнэр Н.Аэзэмшлийн данснаас төмсний төлбөр 7,000,000 сая төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нар нь хариуцагч Г.Бд 42,000,000 сая төгрөг шилжүүлсэн болно.

            Хариуцагч нь 50 тонн төмс нийлүүлэх ёстой байсан боловч бид 42,00,000 төгрөг буюу 42 тонны мөнгө шилжүүлснээс 24 тонн төмс нийлүүлж, үлдсэн 18 тонн төмсийг нийлүүлээгүй ба 2024 оны 5 сард авахаар тохирсон боловч намар нь 10 газарт  төмс тарьж өгөхөөр тохирсон. Бнь 22-ын товчооны ойролцоо байрлалтай зоорийг төмс хадгалахад тохиромжтой гэснээр бид тухайн зоорийг 2024 оны хавар хүртэл 2 эгнээг нь 4,000,000 төгрөгөөр түрээсэлсэн боловч үлдэгдэл төмсөө нийлүүлээгүй тул нэг эгнээ нь хоосон өнжиж, хохирол учирсан тул 2,000,000 төгрөгийг хариуцагч хариуцах ёстой. Ингээд хавар 3 сард төмсөө гаргаж зарахад нэг шуудай төмсний үнэ 48,000 төгрөг байсан. Улмаар 5 сард Бтай уулзаж төмсөө авъя гэхэд өгөөгүй, тэр үед нэг шуудай төмс 80,000 төгрөгөөр зарагдаж байсан. Ингээд Бнь та 2-т өгөх төмс байхгүй тул 10 га газарт төмс тариал өгье, 150 тонн төмс авах боломжтой гэхээр нь бид 2 зөвшөөрсөн, төмс хураалтын зардлаа өөрөө хариуцна гэж бичиж өгсөн, мөн зардлаа гаргасан. Түүнээс биш бид 18 сая төгрөгийн оронд төмс тариад өг гэж хэлээгүй. Үндсэндээ бол бид хууртсан юм. Ингээд төмс тарьсан талаар бидэнд хэлсэн, 8 сард нэг удаа тариалангийн талбайд очиход төмс ургасан байсан, намар хураалт эхэлсэн гэж хэлсэн, бид 50 тонн төмс авсан.Гэхдээ муу үрээр тарьсан муу төмс байсан. Төмс хураалтын зардлыг Бхариуцна гэсэн боловч хариуцаагүй. Ингээд бид ажиллах хүчний хөлс, техник, тоног төхөөрөмжийн түрээс, тээврийн зардал, ажилчдын хүнс, түлш, замын зардал зэрэгт нийт 23,186,833 төгрөгийн зардал гаргасан. Мөн зоорины түрээс түрээс төлөх гэсэн юм гээд 10,000,000 төгрөг, мөнгө хэрэг болоод байна гээд 1,000,000 төгрөг зээлсэн. Иймд үлдсэн 18 тонн төмсний үнэ 18,000,000 төгрөг, зоорины түрээс 2,000,000 төгрөг, 18 тонн төмсийг бид зараад олох байсан ашиг 18,000,000 төгрөг, төмс хураах үйл ажиллагаанд гаргасан зардал 23,186,833 төгрөг, мөн хариуцагчид зээлдүүлсэн 10,000,000 төгрөг, мөн Г.Аийн эхнэрийн данснаас шилжүүлж зээлдүүлсэн 1,000,000 төгрөг, нийт 72,186,833 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

            2.Хариуцагч Г.Бшүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга “2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манайх хураалтаа хийж байхад нэхэмжлэгч нар намайг асууж ирсэн. Ингээд уулзахад Х.Н, Г.А нар “...төмс авах гэж байгаа юм. Танай төмсийг үзье” гэсэн. Яг энэ хоёрыг ирэхтэй зэрэгцэн манайх төмсөө Өмнөговь аймаг руу ачуулж байсан. “...манайх яг л ийм төмс ачуулж байгаа. Гэхдээ талбайн хураалтын ажил дуусаагүй тул түргэн хугацаанд төмс нийлүүлэх боломжгүй, шаардлага хангаж байна гэж үзвэл гэрээ хийж, нотариатаар батлуулъя” гэж хэлсэн. Ингээд 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж  нотариатаар батлуулсан ба 50 тонн төмсийг 50,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон. Гэрээний нөхцөлийн дагуу над руу 35,000,000 төгрөгийг эхлээд шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөнөөс 7,000,000 төгрөг орж ирсэн. 2023 оны 11 дүгээр сард бид зоориндоо орж, ялгалтаа хийсэн. 2023 оны 11 дүгээр сард эдний 600 шуудай ачдаг машин ирж төмсөө ачаад явсан бөгөөд зоориндоо буулгаж авсан байна лээ. Дараагийн нийлүүлэлтээ хийх гэхээр идэр есийн хүйтэн эхэлчихсэн, хүйтэн зоориноос хүйтэн машин руу ачуулах болсон. Манай зоорь Төв аймгийн Жаргалант суманд байдаг ба тэндээс Улаанбаатар руу ачуулах байсан. Стандартын төмс явууллаа гэж бодоход замдаа хайрагдах магадлалтай тул эрсдэл өндөртэй байсан. Ингээд дулаан орохоор 3 сард өгөхөөр тохирсон. Гэтэл надад ажиллах хүч олдоогүй. Манайх хавар ажиллах хүчээ дандаа цэргийн ангиас авдаг. Тухайн үед цэргийн ангитай гэрээ хийхээс өмнө Г.А, Х.Ннар над руу 2 удаа ярьсан. “...эгч нь та нарт төмсөө гаргаж өгнө. Гол нь ажиллах хүч олдохгүй байна. Ажиллах хүчээ олоод төмсийг чинь өгье” гэж хэлсэн. Үүний дараа 2024 оны 05 дугаар сард миний бие Г.А, Х.Ннартай Улаанбаатар хотод уулзсан. Тухайн өдөр “...би цэргийн ангитай гэрээ хийж байгаа. Төмсөө гаргаж өгнө” гэж хэлсэн. Түүнээс өмнө 2024 оны 03 сард намайг зоориндоо дуудсан бөгөөд манай төмсийг үзээд өгөөч гэсэн. Би төмсийг нь үзсэн, төмс нь гайгүй байсан. Намайг ялгах хүн олоод өгөөч гэсэн. Би тэнд байсан хүмүүсийг нь гуйж өгсөн. Дараа нь төмсөө ялгачихлаа, та борлуулаад өгөөч гэхээр нь Баянаа гэх хүнтэй ярьж нэг шуудай төмсийг нь 38,000 төгрөгөөр зарсан. Баянаад бүх төмсөө зарсан байна лээ. Энэ талаар Баянаа надад ярьсан. Би нэгэнт гэрээ хийчихсэн, тухайн гэрээнийхээ үүргээ тодорхой хугацаанд биелүүлээгүй байсан тул ямар ч байсан төмсөө нийлүүлнэ гэдэг нь тодорхой, энэ бол цаг хугацаа болон ажиллах хүчний асуудал байсан. Тэрийгээ зохицуулчхаад төмсийг нь гаргаж өгөх байсан. Энэ хугацаанд нэг шуудай төмс зах зээлийн ханшаар 35,000-38,000 төгрөг байсан. Би байнга л төмсөө зарж байсан. Тийм үнэтэй байсан тул Г.А, Х.Ннар намайг айхтар шавдуулаагүй. 2024 оны 03 дугаар сард анх уулзахдаа төмс тарья гэж ярьсан юм. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр уулзан бид 3 хамт сууж байхдаа “...би нүхэн зоориноос танай төмсийг гаргаж өгнө” гэсэн. Гэтэл төмс таривал яах бол гэсэн тэгэхээр нь би “...би та нарт тооцоог дунджаар нь гаргаад өгье” гэсэн. Үндсэндээ бид харилцан тохиролцоод тооцоог нь гаргаж өгсөн... намайг тариалалт хийж өгөөч гэсэн, тариалалт хийлгэе гэх юм бол би тариалалтаас хураалт хүртэл хугацааны бүх зүйлийг нь хариуцъя, хураалтыг нь би хийж чадахгүй, манайх өөрсдөө их хураалт авдаг тул өөрийнхөө л талбайд ажиллана. Та хэд өөрсдөө хураагаад аваарай” гэж хэлсэн. Тэгтэл энэ 2 миний гаргасан тооцоог харчхаад хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцоод 10 га талбайд төмсөө тарьсан. Хэрэв Г.А, Х.Ннар хүлээн зөвшөөрөхгүй, төмсөө эсхүл мөнгөө өг гэсэн бол тухайн үед би асуудлыг шийдчих байсан. Харилцан тохиролцож шийдсэн болохоор би ч Г.А, Х.Ннарт итгэсэн. Г.А, Х.Ннар ч надад итгэсэн тул талбайн ажлаа шууд эхлүүлсэн. Ингээд тариалалтын явцын асуудал бол үрийн төмсөө талбай руугаа зөөж, гэрээ хийсэн цэргүүдээрээ бүх ариутгалаа хийлгэсэн. Манайх ОХУ-аас хамгийн сайн чанарын ариутгалын бодис худалдан авсан. Тэр бодисоор бүх төмсөө ариутгасан. Өвчлөлийн хувьд тэртээ тэргүй өвчлөл гарч л байдаг. Манай суманд өвчлөлийн асуудал нэлээдгүй яригдсан учраас хавар тогтмол хамгаалж, бүх төмсөө ариутгаж тарьдаг. 2024 оны 8 дугаар сард Г.А, Х.Ннар талбай дээр ирж тариалалтын явцтай танилцсан. Миний хувьд 3 удаа хор цацаж, 3 удаа бордоо хийсэн. Бүгд технологийн дагуу явагдсан. Ингээд намар болж ургац хураах болсон ба 2024 оны 09 дүгээр сарын эхээр Г.А, Х.Ннар талбай дээр ирж, төмсөө үзсэн. Бидний мэдэж болох зүйл бол газар дээрх ногоон масс, ногоон масс дээр ямарваа нэгэн өвчлөл ч юм уу, ямар нэгэн толбо суусан ч юм уу, эсхүл навч нь үхсэн ч юм уу тийм байдлаар тухайн төмс үхсэн гэж үздэг. Г.А, Х.Ннарыг ирэхэд цэлийсэн ногоон талбай байсан. Тэр талбай дээр 2 бут ухаж үзэхэд стандартын шаардлага хангахуйц, нэг бутандаа 6-7 төмс байсан. Г.А, Х.Ннар “...болж байна, баярлалаа эгч ээ” гэж хэлээд л явцгаасан. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны үеэр ирж төмсөө хурааж эхэлсэн. Хураалтын явцад манайх өөрсдийн техникээр эдний талбай руу орж хураалтыг нь хийж байсан. Манайх тэгэхэд 72 оюутан хөлсөөр ажиллуулж байсан. Тухайн оюутнууд манай төмсийг хураахаас гадна завсар зайгаар нь эдний төмсийг хурааж байсан. Г.А, Х.Ннар 7-8 хүн ажиллуулж байсан байх, харилцан нэг нэгэндээ туслаад л төмсийг нь хураалцсан. Тэр тал дээр ямар ч мөнгө төгрөг яриагүй. 9 дүгээр сарын 25 гэдэг цаг их орой болсон гэсэн үг бөгөөд шөнөдөө хүйтэн хононо. Тийм учраас “...та нар талбай дээрээ төмсөө бүү хонуулаарай, төмс чинь хайрагдах магадлалтай шүү, төмсөө хураагаад л машиндаа ачаад байгаарай” гэж хэлсэн. За эгчээ л гэж байсан. Гэтэл миний мэдэхийн 3-4 хоног талбай дээр төмсөө хонуулсан. Аргаа бараад манайхаас хучлага авч хучсан. Талбай дээр цочир хүйтэрч байхад төмс хайрагдах магадлал маш өндөр, энэ бол надаас хамааралтай гэж хэлэх боломжгүй. Би ажил ихтэй тул байнга Г.А, Х.Ннартай тааралдах боломжгүй. Гал тогоонд л тааралддаг байсан. Намайг ороход хоол, цайгаа хийгээд л сууж байдаг байсан. Дажгүй юу гэхэд дажгүй л гэдэг байсан. Би Зүүнхараа яваад ирсэн. Тухайн үе 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байсан байх үндсэндээ төмсөнд хайрагдтал өгсөн. Эхлээд сайн мэдэгдэхгүй, зооринд ороод ялбайдаг. Эдний үзүүлж байгаа төмсний зургийг харвал бүр яахаа алдчихсан төмс биш байна лээ. Муудчихсан төмс зооринд ороод шалчийгаад уначихдаг. Г.А, Х.Ннар ямар ч байсан талбай дээрээс нэг ширхэг ч төмс үлдээлгүй хураагаад авсан. Ерөнхийдөө 2024 онд Жаргалант сумын дунджаар бодоход 10 га газраас 100 тонн төмс хураах бүрэн боломжтой. Тийм учраас Г.А, Х.Ннарыг ийм хэмжээний төмс хураан авсан гэж бодож байна. Би 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 18 тонн төмс нийлүүлэх үүргээ 10 га талбайд төмс тариалах бөгөөд хураалтаас өмнөх бүх процессыг хийснээр би үүргээ биелүүлсэн гэж үзэж буй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зоорины түрээсийн тухайд энэ зоорь бол өндөр үнэтэй, тухайн үед 60,000,000 төгрөгөөр түрээсэлсэн бөгөөд Г.А, Х.Ннарт 2 баганыг нь 10,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Иймд энэ мөнгө бол зээл гэх үндэслэлгүй, зээл гэж хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч Г.Бгаас 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А, Х.Ннарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54,186,833 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 676,834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгаас 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А, Х.Ннарт олгож шийдвэрлэжээ.

 

  5.Хариуцагч Г.Бдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрээний үүргийг тухайн намартаа биелүүлээгүй учир 2024 оны 3 дугаар сард өгөхөөр тохирсон байсан. Хавар нь төмсийг өгнө гэж хэлсэн. Гэтэл тэд  “төмс таривал яах вэ, өөрсдөө таримаар байна” гэсэн санал гаргасан тул ярилцсан. Улмаар нэхэмжлэгч нар “та тооцоог нь гаргаад өгөөч, бид үзье” гэсэн хүсэлт гаргасны дагуу би тухайн бичмэл дээр 10 га талбайд төмс тариалахтай холбоотой зардлын тооцоог бодит байдлаар нь гаргаж өгсөн. Би ямар нэгэн ашиг сонирхол, муу санаа агуулаагүй, зөвхөн бодит зардлыг бичиж өгсөн. Мөн хураалтын ажлыг хийж өгөх боломжгүй, харин тариалалтын тал дээр өөрийн техник, туршлагаар туслах боломжтой гэдгээ хэлсэн. Миний зүгээс ийм санал гаргасан шалтгаан нь анх байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх ёстой хугацааг хойшлуулсан тул нэхэмжлэгч нарт тодорхой хэмжээнд хүндрэл учруулсан гэж үзэж, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилготой байсан. Хэрэв өөрсдөө техник, хөрөнгөөр тариалалт хийвэл өндөр зардал гарна гэдгийг тайлбарлаж, өөрийн техник, нөөц боломжийг ашиглан зардлыг багасгах байдлаар туслахаар болсон. Үүний дагуу 10 га талбайд төмс тариалж, бордоо, арчилгаа, хамгаалалт зэрэг бүх ажлыг би өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн. Зарим зардлыг өөрөөсөө гаргасан бөгөөд дутуу үлдсэн хэсгийг нөхөх зорилгоор тодорхой хэмжээний мөнгийг нэмж зарцуулж, ажлыг бүрэн хийж дуусгасан. Бидний хоорондын яриа, ойлголцол нь тухайн үед бодитоор тохиролцсон гэж үзэж байна. Тариалалтын явцад нэхэмжлэгч нарыг талбай дээр ирж гэж хэлсэн боловч ирээгүй, харин 6 сарын эхээр тариалалтын дараах боловсруулалтын явцтай танилцсан. Би өөрөө талбай дээр байсан бөгөөд тэдэнд 10 га талбайг зааж үзүүлж, хүлээн зөвшөөрсөн. Дараа нь 8 сарын сүүлчээр ургац хураалтын өмнө дахин ирж, талбай дээр очиж үзсэн. Тухайн үед бид дөрвүүлээ хамт явж, талбай дээрээс шууд ухаж үзүүлэхэд төмсний ургалт хэвийн, чанарын хувьд асуудалгүй байсан. Үүнийг нэхэмжлэгч нар өөрсдөө харж, “баярлалаа” гэж хэлээд явсан. Хураалтын үед нэхэмжлэгч нар “та энэ бичмэл дээр хураалт хийж өгнө гэж бичсэн” гэж хэлэхэд нь би “хураалтын ажлыг манайх хийж чадахгүй, өөрсдөө зохицуулах ёстой” гэдгийг анхнаасаа хэлж байсан гэдгийг тайлбарласан. Манайх жил бүр 60-70 га талбайд тариалалт хийдэг тул бүх талбайгаа өөрсдөө хураахад хүндрэлтэй байдаг. Ингээд нэхэмжлэгч нар өөрсдөө хураалтын ажлыг зохион байгуулж, ургацыг бүрэн хураан авсан. Талбай дээр нэг ч үлдээлгүй бүгдийг нь авч явсан. Хэрэв бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байсан бол талбай дээр үлдээх боломжтой байсан. Мөн ургац хураалтын дараа хадгалах агуулахгүй гэсэн тул би өөрийн түрээсэлсэн зоориноос 2 баганыг нь ашиглуулах санал тавьж, тэд зөвшөөрсөн. Тухайн зоорийг 60,000,000 төгрөгөөр түрээсэлсэн байсан бөгөөд зоорь олдохгүй байсан нөхцөлд боломж олгосон. Иймд миний зүгээс гэрээний үүргийг тариалалт болон хураалтын өмнөх шат хүртэл бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар ургацыг бүрэн авч ашигласан. Миний хувьд бодит нөхцөлд боломжит хэмжээнд сэтгэл гаргаж, үүргээ биелүүлсэн” гэв.

6.Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Номинцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч нарын тайлбар нь эргэлзээтэй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нар 2025 оны 4 дүгээр сард анх нэхэмжлэл гаргахдаа 58,000,000 төгрөг нэхэмжилсэн. Үүний дараа шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дараа 6 дугаар сарын 17-ны өдөр дахин нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнг 57,178,783 төгрөг гэж тодорхойлсон боловч мөн адил шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүссэн. Үүний дараа 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд энэ үед өмнө гаргасан шаардлагуудын үнийн дүнд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, анхны нэхэмжлэлд 15,000,000 төгрөг шаардаж байсныг 10,000,000 төгрөг болгон бууруулсан, төмс хураалтын ажиллах хүчний зардалд 20,000,000 төгрөг шаардсаныг 23,000,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн, мөн 2,500,000 төгрөгийн зоорины түрээсийн шаардлагыг 2,000,000 төгрөг болгон бууруулсан зэрэг өөрчлөлтүүдийг хийсэн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагууд байнга өөрчлөгдөж, мөнгөн дүн нь нэмэгдэж, буурч байгаа нь тогтворгүй байдал үүсгэж байна. Нэхэмжлэлийн агуулгаа тайлбарлахдаа зөрүүтэй тайлбар өгдөг. Анх гаргасан нэхэмжлэлдээ Г.Бболон нэхэмжлэгч нар 50 тонн төмс хураан авч 50,000,000 төгрөгөөр худалдсан талаар маргадаггүй, мөн 24 тонн төмс шилжүүлсэн асуудал дээр маргадаггүй гэж дурдсан байдаг. Нэхэмжлэгч нар 24 тонн төмсийг чанартай, сайн ургац байсан, түүнийг худалдан борлуулж олсон ашгаа хэрэглэсэн гэж тайлбарладаг. Харин үлдэгдэл 18 тонн төмсний асуудлаас маргаан үүссэн. Манай талын үзэж байгаагаар уг 18 тонн төмсний асуудлыг 10 га газарт төмс тариулах үүргээр харилцан тохиролцсон. Үүнийг Г.Бгийн гар бичмэлээр нотолж байгаа бөгөөд уг баримтыг нэхэмжлэгч нар өөрсдөө нотлох баримтаар гаргаж өгсөн. Тодруулбал, 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод талууд уулзаж, 18,000,000 төгрөг авах, эсхүл 18 тонн төмс авах асуудлыг хэлэлцэх явцад 10 га газарт төмс тариулах санал гарсан. Үүний дагуу Г.Бөөрийн тэмдэглэлийн дэвтрийн  хуудсан дээр 10 га талбайд төмс тарихад гарах зардлын тооцоог бичиж өгсөн. Мөн нэхэмжлэгч Х.Нын хүсэлтээр хураалтын зардлыг тооцоолсон. Улмаар тухайн бичмэл дээр гарын үсэг зурж, 2024 оны 5 дугаар сарын 10-ны огноог бичсэн. Уг баримтыг миний үйлчлүүлэгч өөрөө аваагүй, нэг хувь үйлдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нар өөрсдөө хадгалж, дараа нь нэхэмжлэлдээ хавсаргасан. Гэтэл нэхэмжлэгч нар уг баримтыг Г.Б2024 оны намрын ургацаас төлбөр төлөхөө баталгаажуулсан гэж тайлбарлаж байна. Шүүхээс уг баримтад Г.Бгийн гарын үсэг байгаа боловч нэхэмжлэгч нарын гарын үсэг байхгүй тул харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Гэвч нэхэмжлэл болон тайлбараас харахад талууд 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр уулзаж, 18 тонн төмс авах эсхүл 10 га газарт төмс тариулах асуудлыг хэлэлцэн тохиролцсон нь тодорхой гэж манай тал үзэж байна. Уг тохиролцооны дагуу миний үйлчлүүлэгч 10 га талбайд төмс тариалж, улирлын турш шаардлагатай бүх ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нар тухайн тариалалтыг 2 удаа шалгаж, хүлээн зөвшөөрсөн. Намар ургац хураалтын үед бүх төмсийг бүрэн хураан авсан бөгөөд үлдэгдэл үлдээгүй. Дараа нь зооринд хадгалах шаардлага гарсны дагуу миний үйлчлүүлэгч өөрийн түрээсэлж байсан зоориноос 2 баганыг нэхэмжлэгч нарт түрээслүүлж, төмсийг хамт хадгалсан. Улмаар тэндээс борлуулалтын үйл ажиллагаа явуулсан. Хожим нь төмсний чанар муудсан гэх шалтгаанаар уг маргаан үүссэн. Манай талын хувьд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. Харин үлдэгдэл 18 тонн төмсний үүргийг хэрхэн, ямар хэлбэрээр биелүүлэх талаар талууд харилцан тохиролцож, 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн бичмэлээр 10 га талбайд төмс тариулах үүргээр солигдсон гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгч уг үүргийг бүрэн биелүүлсэн тул үлдэгдэл 18,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасан үүрэг дуусгавар болсон үндэслэлд хамаарна. Нэхэмжлэгч нар ашиг олох талаар байнга дурддаг боловч бодит байдалд миний үйлчлүүлэгч 10 га талбайд өөрийн зардлаар тариалалт хийж, бүх ургацыг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн. Гэтэл шүүхээс дахин 18,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэг гэрээний хүрээнд давхар төлбөр төлүүлэх нөхцөл байдал үүсгэж байна. Иймд талуудын хооронд гарын үсэг зураагүй боловч бодитоор хэлцэл хийгдсэн болохыг тогтоож, энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн процессын хувьд 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан болсон боловч шийдвэр 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гарсан. Шийдвэрийг мөн өдөр оролцогч нарт шуудангаар илгээсэн. Манай талаас хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан боловч анхан шатны шүүх гомдлыг хүлээн авч, 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд шилжүүлэх журмыг баримтлаагүй. Энэ талаар лавлахад шүүгчийн туслах “шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулж байна” гэсэн тайлбар өгсөн. Гэтэл тэмдэглэлд засвар оруулах хугацаа хуульд заасан хугацаа өнгөрсөн байсан. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр болон тэмдэглэлд өөрчлөлт орсон байх магадлалтай гэж үзэж байна. Иймд манай талаас гэрээний үүрэг дуусгавар болсон, үүрэг солигдож биелэгдсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан” гэв.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхүрэм давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүрэгтэй. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, багасгах эрх нь нэхэмжлэгчид байдаг. Иймд процессын хувьд зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Хэргийн үйл баримтын тухайд анхан шатны шүүх хуралдаанаар 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн. Харин намрын ургац хураалттай холбоотой асуудлыг тусдаа харилцаа гэж дүгнэсэн. Эдгээр нь хоёр өөр эрх зүйн харилцаа болохыг шүүх тодорхойлсон. Анхан шатны шүүхийн шийдвэрт уг нөхцөл байдлыг тодорхой тусгаж, бодит үндэслэлээр дүгнэсэн. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар нь анхан шатанд гаргагдаагүй, одоо давж заалдах шатанд шинээр гаргаж байгаа үндэслэлгүй тайлбар байна гэж үзэж байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд засвар оруулах асуудлын тухайд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан журмаар шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах нь тодорхой хүрээнд засвар хийх эрхтэй байдаг учир процессын хувьд зөрчил гарсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул уг шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв

  1.Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ч хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Г.А, Х.Ннар  “Г.Бтай 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 50 тонн төмсийг 50,000,000 төгрөгт худалдан авахаар, 35,000,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгөх, үлдэх 15,000,000 төгрөгийг төмсөө бүрэн хүлээж авсны дараа төлөхөөр тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тогтсон хугацаанд 9 дүгээр сарын 27-ны өдөр 35,000,000 төгрөг, 10 дугаар сарын 20-нд 7,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Бид өмнөх мөнгөндөө төмсөө авахаар болж хариуцагч Г.Бнь 24 тонн төмсийг гэрээний хугацаанд өгсөн, үлдэх 18 тонн төмсийг 2024 оны 3 дугаар сард өгөхөөр тохирсон боловч өгөөгүй. Харин 10 га газарт төмс тарьж хурааж өгөхөөр болсон. Бид 24 тонн төмсөө зооринд хадгалсан. Бид Г.Бгаас бүх төмсөө авна гэж тооцож зоориноос 2 эгнээг 4,000,000 төгрөгөөр түрээсэлсэн боловч 1 эгнээ нь хоосон өнжсөн. 2024 оны намар төмсөө бид өөрсдөө хураасан тул зардалд 23,186,833 төгрөг гарсан. Мөн биднээс зоорины мөнгө төлөх гэсэн юм гээд 10,000,000 төгрөг зээлсэн, мөнгө яаралтай хэрэг болоод байна гэсний дагуу 1,000,000 төгрөг шилжүүлсэн.Иймд  үлдэгдэл төмсний үнэ 18,000,000 төгрөг, зоорины түрээс 2,000,000 төгрөг, 18 тонн төмсийг бид зараад олох байсан ашиг 18,000,000 төгрөг, төмс хураах үйл ажиллагаанд гаргасан зардал 23,186,833 төгрөг, мөн хариуцагчид зээлдүүлсэн 10,000,000 төгрөг, мөн Г.Аийн эхнэрийн дансаар шилжүүлж зээлдүүлсэн 1,000,000 төгрөг, нийт 72,186,833 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.

 

Хариуцагч Г.Б“...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 50 тонн төмсийг 50,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нар 35,000,000 төгрөгийг эхлээд шилжүүлсэн... Ингэхдээ худалдах, худалдан авах гэрээнээс үлдсэн 18 тонн төмс нийлүүлэх үүргээ 2024 оны хавар 10 га талбайд өөрийн зардлаар төмс тариалж, хураалтаас өмнөх бүх ажиллагааг хийснээр үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тариалсан төмсийг би хурааж өгөх үүрэг хүлээгээгүй хураалтын зардал надад хамаагүй. Зоорины түрээсийн тухайд энэ зоорь бол өндөр үнэтэй, тухайн үед би 60,000,000 төгрөгөөр түрээсэлсэн бөгөөд Г.А, Х.Ннарт 2 эгнээг нь 10,000,000 төгрөгөөр түрээсэлсний төлбөрөө өгсөн. Мөн 1,000,000 төгрөгийг зээлээгүй...” гэх агуулгаар тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж маргасан.

 

3.Нэхэмжлэгч нар гэрээний төлбөрт 42,000,000 төгрөг төлсөн,  хариуцагч 24 тонн төмсийг гэрээний хугацаанд өгсөн талаар маргаагүй байна.

 

4.Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлбэл зохигчдын хооронд 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 50 тонн төмсийг 1 тонныг 1,000,000 төгрөг тооцож, нийт 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч тал нийт 42,000,000 төгрөгийг шилжүүлж,  хариуцагч Г.Бтухайн үед 24 тонн төмс нийлүүлж, үлдэх 18 тонн төмсийг 2024 оны 3 дугаар сард өгөхөөр тохирсон болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчид 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 50 тонн төмсийг 1 тонныг 1,000,000 төгрөгөөр бодож худалдан авна” гэж тохиролцон гэрээ байгуулсан ч гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь 42,000,000 төгрөгийг шилжүүлж 42 тонн төмс авахаар болсон байна.

 

Иймд зохигчдын хооронд анх харилцан үүрэг хүлээсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн.

 

5.Хариуцагч Г.Бгэрээний дагуу 42 тонн төмс нийлүүлж, үүргээ хэсэгчлэн биелүүлсэн, үлдэх 18 тонн төмсийг 2024 оны 3 дугаар сард өгөхөөр талууд тохирсон байх хугацаандаа төмсөө нийлүүлж чадаагүйн улмаас 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр уулзаж, хариуцагч нь үлдэгдэл 18 тонн төмс нийлүүлэх үүргийн оронд 10 га газарт өөрийн зардлаар төмс тариалж өгөх, төмс хураалтыг нэхэмжлэгч нар хариуцахаар тохирсон, хариуцагч зардлын тооцоог гаргасан зэрэг нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг өөр төрлийн үүргээр сольсон гэж үзэх үндэслэл болов.

 

Ингэснээр зохигчид 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн уулзалтаар талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар  гэрээнд заасан  ажил гүйцэтгэх,  захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч,  хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба гэрээний зүйл нь ажлын үр дүн байх, ажил гүйцэтгэгч  ямар нэгэн эд зүйлийг  хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх юм.

 

5.1.Зохигчид 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр уулзаж, хариуцагч Г.Бхудалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтээс үлдэх 18,000,000 төгрөгийн үнэ бүхий 18 тонн төмс нийлүүлэх үүргээ 2024 оны хавар 10 га талбайд өөрийн зардлаар төмс тариалж, хураалтаас өмнөх бүх зардлыг хариуцаж, 9 дүгээр сард нэхэмжлэгч Х.Н, Г.А нарт хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байх ба талууд уг нөхцөлийн талаар амаар тохиролцож, бичгээр зардлын тооцоог гаргасан баримт хэрэгт авагдсан байна.  

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нар нь тухайн гэрээний үүргийн биелэлтийг  шаардах эрхтэй байна.

 

5.2.Нэхэмжлэгч нар “...Г.Бнь та 2-т өгөх төмс байхгүй тул 10 га газарт төмс тариалж өгье, 150 тонн төмс авах боломжтой гэхээр нь бид 2 зөвшөөрсөн, төмс хураалтын зардлаа өөрөө хариуцна гэж бичиж өгсөн, мөн зардлаа гаргасан. Түүнээс биш бид 18,000,000 төгрөгийн оронд төмс тариад өг гэж хэлээгүй” гэж маргах боловч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болох зардлын тооцоо /хх-ийн 7-11/ болон гэрч Н.Баатархүүгийн “...2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс Бгэх хүний газарт очиж ногооны тариалалт хийсэн, ажиллаж байх хугацаанд 2 хүнд 10 га газарт төмс тарьж өгч байгаа гэж хэлсэн. Г.А, Х.Ннарын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш төмсний хураалт хийх гээд ирэхэд харж байсан..., 2024 оны 5 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тариалалт хийгээд дуудсан. 7 дугаар сарын 5-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд ногооны хор, бордоо цацах ажил гараад би очиж бүх талбайд цацсан. Үүнээс хойш 14 хоногийн дараа болон 8 дугаар сарын эхээр бүх талбайд хор, бордоо цацсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210-211/,

гэрч Д.Ө, Г.Снарын “2024 оны хавар 50 га газарт гала сортын төмс тарьсан. Тарилтын хугацаанд хийх ёстой бүх ажлыг хийсэн.Тарилтын явж алаг цоог байсан. Ургац хураалтын явц боломжийн байсан, нэхэмжлэгч нарыг 10 га газарт төмс тарь гээд газар өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 192-193/, зохигчдын тайлбар зэргээр хариуцагч 18 тонн төмс хүлээлгэн өгөх үүргийнхээ оронд 2024 оны хавар 10 га газарт төмс тариалалтыг эхлүүлж, 10 га газарт өөрийн зардлаар төмс тариалж өгсөн, төмс тариалалтын явцтай танилцуулсан, нэхэмжлэгч нар 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 10 га газарт тариалсан төмсийг хүлээн авч, 10 тонн буюу 250 шуудай төмсийг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Баруунтурууны агуулах руу гэрч Н.Бтээвэрлүүлсэн зэргээс үзэхэд өмнөх үүрэг солигдсоныг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч үүргээ биелүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Г.Бг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар 10 га талбайд тариалсан төмсийг хураан авахад бэлэн буюу гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул 18,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5.3.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч нар 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төмсөө хүлээн авснаас хойшхи хураалт, хадгалалт, хамгаалалттай асуудлаар тусгайлан тохиролцоогүй, 10 га газарт тариалсан төмсийг өөрсдөө хураан авсан нь тогтоогдсон, энэ үеэс  эхлэн эд хөрөнгийн эрсдэл нэхэмжлэгч талд шилжсэн гэж үзэх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар хохирол буюу төмс хураалтын зардалд 23,186,833 төгрөгийг шаардах эрх үүсэхгүй байна.

 

Түүнчлэн зохигчид төмсний чанарын тухайд тодорхой шалгуур, нөхцөл тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т заасан биет байдлын доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

5.4.Мөн зоорины түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг, олох байсан орлого 18,000,000 төгрөг нэхэмжлэх боловч энэ нь өмнөх худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй хамааралтай, уг үүрэг дуусгавар болсон нөхцөл байдал тогтоогдсон тул хангах үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нар олох байсан орлогыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй,  энэ талаарх баримтыг хэрэгт өгөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

5.5.Нэхэмжлэгч нар хариуцагчаас зээл авсан үндэслэлээр 11,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч тал шаардлагаа нотлохоор ирүүлсэн цахим төлбөрийн баримт, Хас банкны дансны хуулга зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г.Аийн Хаан банкны ***тоот данснаас М.БХаан банкны ***тоот дансанд агуулахын төлбөр гэх агуулгаар мөнгө шилжин орсон, мөн Н.АХаан банкны ***тоот данснаас  Г.Бд 1,000,000 төгрөг шилжүүлснээс өөрөөр хариуцагч Г.Бд мөнгө зээлүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгч нар 10 га газарт тариулсан төмсөө хадгалахаар уг зоорийг 10,000,000 төгрөгөөр түрээсэлсэн, 1,000,000 төгрөгөөр бордоо авсан гэх хариуцагчийн татгалзсан нь нотлогдсон байна.

 

Иймд тэдний хооронд  11,000,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн гэж үзэхэд үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байх ч хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээгүй байна.

 

5.6.Хариуцагч Г.Б“...үлдэгдэл 18 тонн төмсийг 2024 оны 3 дугаар сард хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч өгөөгүй тул үүний оронд өөрийн зардлаар 10 га газарт төмс тариалж өгөх талаар амаар тохиролцож,  энэ тохиролцоог  баталгаажуулж, “Б10 га-д төмс тариалах 2024.5.27” гэж бичиж, хэлцэл хийгдсэн, энэ нь нэхэмжлэгчийн өгсөн баримтаар тогтоогддог, 2024 оны 9 дүгээр сарын 27-нд  гэрээний үүрэг дуусгавар болсон байхад анхан шатны шүүх 18,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий гомдол гаргасныг магадлалд дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

6.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар нэхэмжлэгч Г.А, Х.Ннарын гаргасан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон гэрээний хохиролд 72,186,833 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676,834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1.Төв  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 317/ШШ2026/00034 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч Г.А, Х.Ннарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Бд холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон гэрээний хохиролд 72,186,833 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676,834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.