Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/327

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Д.Оюунбилэг, 

Шүүгдэгч Г.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ж-т холбогдох эрүүгийн 1938005760361 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Ж.

Шүүгдэгч Г.Ж- нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Булган” гэх газарт өөрийн гэртээ эхнэр З.Э-тэй маргалдан улмаар түүнийг зодож биед нь тархины доргилт, баруун талын 8-р хавирганы цууралт, уруул, завьж, зүүн дал, ууц, зүүн ташаа, баруун ташаа, өгзөгөнд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдэнд сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ж- нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4 дүгээр багийн нутаг “Булган” гэх газарт өөрийн гэртээ эхнэр З.Э-ийг “ах, эгч нарын дэргэд намайг доромжиллоо” гэдгээр шалтаглан маргалдаж, улмаар түүний үснээс чирч, нуруу, гэдэс хэсэг рүү нь өшиглөн зодож биед нь “тархины доргилт, баруун талын 8 дугаар хавирганы цууралт, уруул, завьж, зүүн дал, ууц, зүүн ташаа, баруун ташаа, өгзөгөнд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдэнд сулрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
  • Хохирогч З.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд амьдардаг юм. 2019 оны 08 дугаар сарын 03-ны 20 цагийн үед гэр бүлийн найз С-гийн гэрт нөхрийн хамт пиво ууж суусан юм. Нөхөр пиво ууж байхдаа намайг хэл амаар доромжлоод байхаар нь би хүүхдээ тэврээд дэлгүүр рүү явсан. 22 цаг 40 минутад найз С-г машин бариад өгөөч гэж дуудсан С-г машин бариад ирэхээр нь гэртээ харихад нөхөр байхгүй байсан. Тэгээд нөхрийн хамаатан айл Батмөнхийн гэрт ороход нөхөр утас оролдоод сууж байсан. Нөхөртөө хандаж “чи олон хүмүүсийн дунд хүнийг муухай үгээр хэллээ. Олон нийтийн газар биеэ зөв авч явсангүй” гэж хэлсэн чинь надаас зугтаад гарсан. Тэгээд нөгөө айлаасаа гараад гэр рүүгээ орох үед нөхөр машин тойроод яваад байсан. Би гэр рүүгээ ороод хаалгаа дотроос нь түгжээд сууж байхад нөхөр хаалгаа нүдсэн. Хаалга нүдээд байхаар нь хаалгаа онгойлгож өгөхөд нөхөр орж ирээд чи ах, эгч нарын дэргэд намайг доромжиллоо гэж хэлээд надтай хэрүүл хийж байснаа үсдэж чирээд нуруу, гэдэс хэсэг рүү өшиглөсөн. Тэгж цохиулж байхдаа хэсэг ухаан балартаад сэрэхэд хамар, амнаас цус гарчихсан байсан. Нөхөр намайг ар нуруу хэсгээс дарж байгаад амаараа хазсан.  Тэгээд нөхөр маань намайг гэрээсээ хөөгөөд дургүй хүргээд байхаар нь гэрээсээ гараад машинаа жолоодоод гадуур явж байгаад буцаад гэртээ ирэхэд нөхөр унтчихсан байхаар нь гэртээ орж унтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
  • Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 сарын 03-ны оройны 22 цагийн үед Г.Ж- манай гэрт орж ирээд 10-20 минутын дараа эхнэр З.Э- нь араас нь гэрт орж ирээд Г.Ж-ыг хамар руу нь алгадсан байх. Тэгээд Г.Ж- хамраа дараад эхнэрийнхээ араас гараад явсан бодвол гэртээ орсон байх. Архи уудгийг мэдэхгүй. Манайд оюутан байхдаа гадуур тэнэддэггүй, дуу цөөтэй, даруухан, архи дарс хэрэглэдэггүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 411 дугаартай: “1. З.Э-ийн биед тархины доргилт, баруун талын 8-р хавирганд цууралт, дээд уруул, завьж, зүүн дал, ууц, зүүн ташаа, баруун ташаа, өгзгөнд цус хуралт, баруун дээд 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. 3. З.Э-ийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөделмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Г.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд тухайн үед тасартлаа согтсон байсан учраас болсон зүйлийг огт санахгүй байна. Гэхдээ тасарсан үедээ эхнэртэйгээ маргалдаж, түүнийг зодсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ асуудал гарснаас хойш эхнэр З.Э-ээсээ уучлалт гуйсан. Одоо эхнэртэйгээ түр тусдаа амьдарч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Г.Ж-ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/
  • Г. Г.Ж-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/,
  • Гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 34 дугаар хуудас/,
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35  дугаар хуудас/,
  • Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй  лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36  дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Г.Ж- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Г.Ж- нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4 дүгээр багийн нутаг “Булган” гэх газарт өөрийн гэртээ эхнэр З.Э-ийг “ах, эгч нарын дэргэд намайг доромжиллоо” гэдгээр шалтаглан маргалдаж, улмаар түүний үснээс чирч, нуруу, гэдэс хэсэг рүү нь өшиглөн зодож биед нь “тархины доргилт, баруун талын 8 дугаар хавирганы цууралт, уруул, завьж, зүүн дал, ууц, зүүн ташаа, баруун ташаа, өгзөгөнд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдэнд сулрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч З.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 411 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ж- нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Г.Ж-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч З.Э- нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Г.Ж-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч З.Г.Ж- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Г.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ж- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Г.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г.Ж- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Г.Ж-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хохирогч З.Э- нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Ж-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ