Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00650

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2026/01013 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болон илүү цагийн хөлс, тэтгэмж гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь *******д 2020.10.05-ны өдрөөс эхлэн амбулаторийн их эмч, Тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад ажил олгогчийн 2025.06.12-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүсэхэд удирдах ажилтандаа мэдэгдээгүй, ажлын цагаар удирдах ажилтны зөвшөөрөл авалгүйгээр ажлаа орхин явсан, хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.

Би 2025.06.05-ны өдрийн 08:00 цагаас жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж 2025.06.06-ны өдрийн 12:00 цагт жижүүрээс буух байсан ч байгууллагын вэб сайтны зураг авхуулах тул заавал байх ёстой гэсэн шалтгаанаар тухайн өдрийн 16:00 цаг хүртэл ажилласан. Жижүүрийн амралтаа биеэр эдэлж чадаагүй учир 2025.06.10-ны өдрийн 08:00 цагаас 12:00 цагийн хооронд ажилласан. Жижүүрээс буух тухай Эмчилгээ эрхэлсэн орлогч захиралд хэлэх гэтэл сургалттай байсан, жижүүр эмч *******д тасгаа хүлээлгэж өгөх гээд очиход байгаагүй учраас хүүхдийн их эмч *******д тасгаа хүлээлгэн өгөөд ажлаас буусан. Гэтэл 13:00 цагийн үед хүний нөөцийн албаны дарга утсаар ярьж ...удирдлагын багийн хурал хийх гэж байна. Та хаана байна вэ хүрээд ир гэхэд нь 06.05-ны өдрийн жижүүрийн амралтаа аваад гэрлүүгээ явж байна буцаж очих боломжгүй гэж хэлсэн.

Ингээд 2025.06.12-нд ажилдаа ирж 12.30 цагт хүний нөөцийн менежер сонсох хуралтай гэж дуудсанаар очиход хүний нөөцийн албаны дарга н.*******, мэргэжилтэн *******, ерөнхий нябо н.******* нар намайг оролцуулан хуралдаад та ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халах тушаал гарч байна гэж тушаал танилцуулсан. Иймд ******* тасгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, илүү цагийн хөлс, тэтгэмж гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг тус тус даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* захирлын 2025.06.12-ны өдрийн ******* дугаар тушаалаар *******ыг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэрээр 2025.06.10-ны өдөр нэгжийн даргадаа мэдэгдээгүй, явах тухайгаа цахим цагийн бүртгэлийн системд тэмдэглэж, хүсэлтээ илгээгээгүй. Мөн олон удаагийн давтамжтай ажлын байраа удирдлагадаа мэдэгдээгүй орхин явсан.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.2, 4.3-д ...Албан хаагч ажилдаа өглөө ирсэн, тарсан цагаа тухай бүр цагийн бүртгэлийн цахим системд бүртгүүлнэ. Ажлын цагийн бүртгэл, ажилтны цаг ашиглалтын байдалд нэгжийн дарга болон албан тушаалын тодорхойлолтоор үүрэг хүлээсэн албан тушаалтан хяналт тавина..., "... Албан хаагч нь ажлын цагаар хариуцсан ажлын шаардлагаар ажлын байрнаас гадуур ажиллах үед нэгжийн даргад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа цахим бүртгэлийн системд тэмдэглэнэ... гэж тус тус заасан. Сонсох ажиллагааг 2025.06.12-ны өдөр хийсэн.

Тус сувиллын захирлын 2025.02.20-ны өдрийн А/06 дугаар тушаалаар баталсан Төлбөртэй тусламж үйлчилгээний болон нэмэлт үйлчилгээний журамд үйлчлүүлэгчийг усанд оруулсны төлбөр авах тухай тусгагдаагүй. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.1.9-т Ажилтан эрх мэдлээ хэтрүүлсэн, өөрийн эрхэлсэн ажил, албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэж, хөдөлмөрийн гэрээний 4.4.5-д Албан тушаалаа урвуулан ашиглаж ажил үүргээ гүйцэтгэхдээ бусдаас шан харамж авсан, харилцагчаас зээлээр мөнгө болон аливаа эд зүйлс авсан гэх үндэслэлийн дагуу уулзаж биечлэн мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин болон илүү цагийн мөнгө гаргуулах, тэтгэмж гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Шүүхийн шийдвэрт ******* захирлын 2025.06.12-ны өдрийн ******* дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан. "Ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх ёстой. гэж зөв дүгнэлт хийсэн байна.

Гэвч ******* нь ноцтой зөрчилд тооцогдох ямар үйлдэл гаргасны улмаас ямар үр дагавар үүсгэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байхад энэ талаар зөв дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. ******* нь ******* тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад тус сувиллын захирлын 2025.06.12-ны өдрийн ******* дугаар тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4, 8.1.9, Эрүүл мэндийн сайдыг 2022 оны А/92 тоот тушаалын 5.1.4 заалтыг тус тус үндэслэн, ******* ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүсэхэд удирдах ажилтандаа мэдэгдээгүй, ажлын цагаар удирдах ажилтны зөвшөөрөл авалгүй ажлаа орхин явсан, хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж ажлаас чөлөөлсөн. Шүүхээс нэхэмжлэгч нь жижүүргүй буюу ердийн ажлын үед 08:30 - 16:30 -д ажлаас буух байсан ч удирдах ажилтны зөвшөөрөлгүй 12:00 цагт ажлаас тарсан байна. Энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.4-т заасан ажилтныг ажлаас халах ноцтой зөрчилд хамаарч байна гэж үзэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар харьцуулан дүгнэж чадаагүй улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөв хэрэглээгүй.

Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.4.4-т Ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүсэхэд удирдах ажилтандаа мэдэгдээгүй, ажлын цагаар удирдах ажилтны зөвшөөрөл авалгүйгээр ажлаа орхин явсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг боловч анхан шатны шүүх тухайн өдөр ажлаас эрт буух шаардлага үүссэн өмнөх нөхцөл байдалд агуулгын хувьд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, зөвхөн хэлбэрийн хувьд зөрчлийн шинж хангаж байна гэж үзэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг буруу хэрэглэсэн.

 

4.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. гэж заасан. Нэхэмжлэгч ******* нь 2025.06.05-ны өдрийн Пүрэв гарагийн өглөө 08 цагаас эхлэн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж 2025.06.06-ны өдрийн 12 цагт буух ёстой байсан ч байгууллагын вэб сайтны зураг авхуулахад заавал байх ёстой гэдэг шалтгаанаар тухайн өдрийн 16 цаг хүртэл ажилласан ба энэ өдөр илүү цагаар ажилласан цагийг нөхөн амарч чадаагүй. Хариуцагч ******* дээрх илүү цагийн ажлын хөлсийг олгоогүй нь хэрэгт авагдсан *******д 2025.06 сарын цалин бодож олгосон цалингийн карт буюу цэс, мөн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээс нотлогддог.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т Шөнийн цагаар ажилласан ажилтныг дараагийн ажлын өдөр нь шөнө ажилласан цагаас багагүй хугацаагаар нөхөн амраана гэж заасныг ажил олгогч зөрчсөн байгааг шүүх анхаарсангүй. Ажилтан ноцтой зөрчил гаргасан гэдгийг ажил олгогч тухайн үедээ үзэмжээрээ тогтоох бус харин зөрчил гаргасан гэх нөхцөл байдлаас өмнөх ажилласан байдал, Хөдөлмөрийн хуулийн 88 дугаар зүйлийн 88.2.-т заасныг ажил олгогч хэрэгжүүлсэн эсэх, ажилтны хувийн байдал зэргийг огт харгалзан үзээгүйд гомдолтой байна

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн дотоод журам, байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажлаас хална гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний 4.4, 8.1.4-т заасан нь тушаалын үндэслэл болж байгаа. Нэхэмжлэгч 2025.06.05-ны өдөр жижүүрт ажиллаад маргааш өдөр нь 12:00 цагт ажлаас буусан. Нэхэмжлэгч ердийн цагаар буюу өдөрт 8 цаг, долоо хоногт 40 цагаар ажилладаг ба эмч нар харин сард нэг удаа жижүүрт гардаг. Нэхэмжлэгчийн зүгээс 06.05-ны өдөр жижүүрт гарсан учраас 06.11-ний өдөр эрт бууна гэсэн агуулгаар тайлбарладагт талууд маргадаггүй. Харин гол маргаан нь нөхөн амруулаагүй асуудал ба нэхэмжлэгч хүссэн үедээ, хүссэн хугацаандаа нөхөж амарна гэсэн нь утгагүй. Нөхөж амруулаагүй тохиолдолд илүү цагийн хөлсийг нэхэмжилдэг. Гэтэл нэхэмжлэгч илүү цагийн мөнгийг нэхэмжлээд байгаа мөртлөө, нөхөж амруулаагүй гэх үйл баримтад тайлбар хэлдэг. Энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4-т заасан Ажлын байрыг эрт орхиж явсан гэх зөрчил байгаа нь тогтоогдсон тул шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч талаас ажлаа орхиж явах болон эрт тарж явах нь өөр утга агуулгатай гэдэг. Удирдлагадаа мэдэгдэлгүйгээр хүссэн цагтаа эрт тараад явна гэдэг нь өөрөө эрт тарах болон ажлын байрыг орхиж явна гэдэгтэй нэг утгатай болж байгаа юм. Гэрч н.*******гийн мэдүүлгээр ******* нь ихэвчлэн өвчлөл ихтэй хүүхдүүд байдаг ба 25 хүүхдийг ямар ч эмчийн хяналтгүйгээр орхиж болохгүй гэж хэлсэн. Гэтэл ******* тус 25 хүүхдийг эмчийн хараа хяналтгүйгээр өдрийн 12 цагт орхиж явсан байгаа. Энэ нь хөдөлмөрийн эрх зүйн ноцтой зөрчил буюу ноцтой үр дагаварт хүргэж байгаа юм. Ноцтой зөрчлийг тусгахдаа Эрүүл мэндийн байгууллагын онцлогийг тусгасан байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар илүү цагийн хөлсийг нэхэмжлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч яг хэдэн цаг илүү цагаар ажилласан, хэдэн цаг илүү ажилласны хөлс нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан учраас хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болон илүү цагийн хөлс, тэтгэмж гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн, ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэсэн тайлбар гарган маргажээ.

 

3.Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн бус журмаар урьдчилан шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч биелүүлсэн байх тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авч маргааныг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

4.******* нь Эрүүл мэндийн яамны харьяа ******* Тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад ажил олгогчийн 2025.06.12-ны өдрийн ******* дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. Ажил олгогч шийдвэрийн үндэслэлээ ******* нь ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүсэхэд удирдах ажилтандаа мэдэгдээгүй, ажлын цагаар удирдах ажилтны зөвшөөрөл авалгүйгээр ажлаа орхин явсан, хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн гэж тодорхойлон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4, 8.1.9, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/92 дугаар тушаалын 5.1.4-т заасныг баримтлан шийдвэрлэжээ.

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь жижүүргүй буюу ердийн ажлын үед 08:30 - 16:30 цагийн хооронд ажиллах, ажлын байрандаа байх үүрэгтэй байна. Гэвч нэхэмжлэгч нь 2025.06.10-ны өдөр 08.00 цагт ажилдаа ирээд 12:05 цагт ажлын байраа орхиж явсан зөрчил гаргасан нь тогтоогдсон ба энэ үйл баримт зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч ийнхүү ажлын байраа орхин явсан шалтгаанаа 2025.06.05-ны өдрийн 08:00 цагаас эхлэн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгээд маргааш нь буюу 2025.06.06-ны өдрийн 12:00 цагт жижүүрээс буух байсан ч байгууллагын вэб сайтны зураг авахуулна гэсэн тул тухайн өдөр 16:00 цаг хүртэл ажилласан. Жижүүрт гарсан амралтаа биеэр эдэлж чадаагүй учир 2025.06.10-ны өдөр 12:00 цаг хүртэл ажиллаад эмч *******д ажлаа хүлээлгэн өгөөд ажлаас буусан гэж тайлбарласан байна.

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох үндэслэлд нэхэмжлэгчийн гаргасан гэсэн зөрчлийг хамааруулжээ.

Ажил олгогчоос ажилтанд ногдуулж байгаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон буюу сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь бүхэлдээ хууль зүйн үр дагаврыг үүсгэж байгаагийн хувьд үр дагавар нь тодорхой, хуульд нийцсэн байх ёстой.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэсэн нь нэхэмжлэлийн гаргасан зөрчил нь тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар заасан ноцтой зөрчилд тохироогүй байна.

Ажил олгогчоос удирдах ажилтны зөвшөөрөлгүй, мэдэгдэлгүйгээр ажлын байрыг орхин явсан үйлдлийг ажилтныг ажлаас чөлөөлөх сахилгын ноцтой зөрчилд тооцсон нь хөдөлмөрийн гэрээний 4.4.9-т ...хоёр ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, эсвэл нэг сарын дотор ажлын нийт 8 цагаас дээш хугацаагаар хоцорсон... гэж, хөдөлмөрийн дотоод журмын 8.1.8-д ...хоёр ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, эсвэл нэг сарын дотор ажлын нийт 16 цагаас дээш хугацаагаар хоцорсон... гэж заасантай тохирохгүй байна.

Учир нь нэхэмжлэгч 2025.06.10-ны өдөр 05 цаг ажил тасалсан зөрчлийг гаргасан байх тул дээрх гэрээ, журамд заасан ноцтой зөрчлийн шинжид хамаарахгүй байна.

 

6.Мөн ажилтан ажлын байраа удирдлагын зөвшөөрөлгүйгээр орхин явах нь сахилгын ноцтой зөрчилд тооцогдохыг заасан ч ажил олгогч илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амраах үүргээ хэрхэн биелүүлсэн эсхүл ажилтныг нөхөн амраахгүйгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь жижүүрээс буух талаар Эмчилгээ эрхэлсэн орлогч захиралд мэдэгдэх гэхэд сургалттай байсан, жижүүр эмч ******* байхгүй байсан учир хүүхдийн их эмч *******д тасгаа хүлээлгэн өгсөн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүйн зэрэгцээ хариуцагч байгууллагад энэ асуудлыг нарийвчилсан журам байдаггүй байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч тухайн байгууллагад тогтсон нөхцөл байдалд тохируулан хэрэглэгддэг тогтсон арга барилаар хамт ажилладаг эмч *******д ажлаа хүлээлгэн өгч, илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амрахаар ажлын байраа орхисныг буруутгахгүй.

Түүнчлэн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг хоёр үндэслэлээр ажлаас чөлөөлсний нэг нь хөдөлмөрийн дотоод журмын 8.1.9-д Ажилтан эрх мэдлээ хэтрүүлсэн, өөрийн эрхэлсэн ажил, албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэжээ. Энэ талаар 2025.06.12-ны өдрийн сонсох ажиллагаа хийсэн хурлын тэмдэглэлд дурдсан боловч ажилтан уг зөрчлийг гаргасныг ажил олгогч тогтоогоогүй байна. Гэвч хариуцагч энэ үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд нийцээгүй, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

 

7.Иймд хариуцагч байгууллагын 2025 оны ******* дугаартай шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлд нийцээгүй буюу ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгч *******ыг хариуцагч ******* Тасгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтанд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6, 2.3, 2.3.5-д зааснаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн 2025 оны 03-05 сарын (4,119,714.16+4,776,453.16+4,822,533.28) цалин хөлсний нийлбэр 13,718,700.6 төгрөгөөс нэг сарын дундаж цалин 4,572,900 төгрөг, түүнээс нэг өдрийн (ажлын 21 өдөр) цалин 217,757 төгрөгөөр тооцов.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2025.06.12-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан 2026.03.25-ны өдөр хүртэлх 9 сар, 9 хоногийн хугацааны олговорт 43,115,913 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацаанд хамаарах нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

8.Нэхэмжлэгч нь илүү цагийн хөлс болон тэтгэмж гаргуулах шаардлага гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тэтгэмж гаргуулах шаардлагаас татгалзсан учир уг шаардлагыг гаргаагүйд тооцно. Харин илүү цагийн хөлс гаргуулахаар шаардсан хэдий ч хэзээ, ямар хугацаанд илүү цагаар ажилласан хугацааны хөлсийг ажил олгогч олгоогүй нь тодорхойгүй, уг шаардлагын үндэслэлээ тайлбарлаж чадаагүй байна.

Нэхэмжлэгч 2025.06-05-ны өдрөөс 2025.06.06-ны өдрийн хугацаанд илүү цагаар ажилласан ба ажил олгогч нөхөн амруулаагүйн улмаас ажилтан уг эрхээ хэрэгжүүлсэн нь хууль, журамд нийцсэн эсэх нь хөдөлмөрийн эрхийн маргааны зүйл болсон байдаг. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод нэхэмжлэгчийн 2025.06-р сард илүү цагаар ажилласны хөлсөнд 217,595 төгрөгийг хариуцагч олгосон байна. Иймд зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах илүү цагийн хөлсийг хариуцагч олгосон гэж үзэхээр байх тул энэ тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2026/01023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг хариуцагч ******* Тасгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* 43,115,913 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч *******д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү цагийн хөлс гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,

2 дахь заалтын ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д... гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гэж, ... дурдсугай. гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 373,530 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ