Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 526

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо 31Б байрны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар баг 20-4 дүгээр байрны 9-116 тоотод оршин суугаа /РД:ОД89040402/ Баарангууд овогт Даваадоржийн Анхзаяагийн

хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо 31Б байрны 14 тоотод оршин суух, /РД:ПЮ90011578/ Тольтон бургууд овогт Хүрэлчулууны Ууганбаярт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.                                                                

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Анхзаяа түүний өмгөөлөгч Д.Март, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дима, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Анхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: Миний бие Х.Ууганбаяртай 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хамт амьдарч, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү У.Тэмүүлэн төрсөн. Одоо 2 нас 3 сартай. Гэр бүл болон амьдарсан эхний 2 жил бие биедээ хайр халамжтай бидний амьдрал сайхан байсан. Сүүлийн нэг жил Х.Ууганбаяр нь өөрчлөгдөж намайг жирэмсний 3-4 сартай байхаас зодож эхэлсэн. 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд Х.Ууганбаяр Энхийг сахиулах ажиллагаанд явж ирсэн. Нөхөр Х.Ууганбаяр ширүүн догшин зантай, миний үйлдэл бүрийг гоочилж, надад байнга гар хүрдэг. Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн нууц далд байдалд үйлдэгддэг учраас тухайн үйлдэл бүрийг нотлох боломжгүй байдаг. Миний бие энэ болгоныг тэвчин амьдарсаар өнөөдрийг хүрсэн. Сүүлийн үед энэ хүчирхийлэл хэрээс хэтэрч Х.Ууганбаяр нь цэргийн ангид ажилладаг ба надруу “надад чиглүүлээд дарахад үгүй болдог юм яг одоо миний гарт байна” гэж хүртэл мессэж бичиж дарамталж байсан. Иймд миний бие сэтгэл санаа болон бие махбодийн дарамт учруулдгаас байнга айдастай явах болсон. Иймээс 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хүчирхийллийн төвийн 93022570 дугаарын утсанд холбогдож энэ тухайгаа хэлсэн боловч төвийн байранд ирж байрлахыг зөвлөсөн. Миний хүү У.Тэмүүлэн нь 2 талын мэдрэл, мэдэрхүйн гаралтай хүнд хэлбэрийн сонсгол бууралттай оноштой эмчийн хяналтанд байдаг учраас би хүүгээ дагуулаад тэнд очихыг хүсээгүй. Иймд миний бие нь Х.Ууганбаяраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийнхээ асрамжийг өөртөө авч, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бид 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдарч байх хугацаанд Х.Ууганбаяр хүүгээ асарч тэтгээгүй. Сая Судан явсан гэдгээ ч хэлээгүй би шүүх дээр ирж мэдсэн. Цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй. Би хүүтэйгээ Дархан-Уул аймагт амьдарч байгаа Х.Ууганбаяр хүүтэйгээ уулзья гээд хүрээд ирвэл чөлөөтэй уулзуулна. Ирдэггүй юм гэв. 

Хариуцагч Х.Ууганбаяр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ: Миний бие 2013 оны 2 дугаар сард эхнэр Анхзаяатай танилцаж, улмаар гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хүү У.Тэмүүлэн нь 2013 оны 12 сарын 14-ний өдөр төрсөн. Бид хоёр танилцах үед Анхзаяа нь эмчийн хяналтад байсан, би түүнийг эдгээж, биеийг нь тэнхрүүлж, аль болох сэтгэл санаагаар дэмжиж, хайр халамжаар дутааж байгаагүй гэж боддог. Анхзаяа эмчилгээ хийлгэж байхдаа жирэмсэн болсон. Эмчид хэлэхэд эмчилгээний явцад жирэмсэн болохыг хориглодог гэж зэмлэсэн. Үүнд бидний сэтгэл эмзэглэж, олон ч эмчид үзүүлж зөвлөгөө авч байгаад хүүхдээ гаргахаар шийдсэн. Ингээд би түүнийг жирэмсний 3 сартай байхад нь гэртээ дагуулж ирсэн. Ээж аав хоёртоо учир шалтгааныг тайлбарлаж ярихад тэд ч анхаарал халамж тавьж, бэрээ эрүүл саруул болгож, ач зээгээ үзэхийн төлөө хичээж, хоол цай зөөж, халамж хайраар дутааж байгаагүй. Би эхнэрээ жирэмсэн 3, 4 сартай байхад нь зодож, гар хүрэх нь бүү хэл явган явуулж байгаагүйгээс гадна даарч хөрөхвий гэж бодоод хүйтэн гэрт ч оруулж үзээгүйг Анхзаяа мэдэх байх. Намайг ямар зорилгоор зодож нүдсэн гэж гүтгэж бичээд байгааг нь ойлгохгүй юм. Мэдээж хүмүүс л болсон хойно ганц нэг үл ойлголцох тохиолдол байсан. Гэхдээ Анхзаяа бид хоёрын хувьд хоорондоо хэрэлдэж муудалцаад байх нь их цөөн гэж би үздэг. Учир нь бидэнд хэрүүл зодоон хийгээд сууж байх цаг зав, амьдралын нөхцөл ч байгаагүй гэдгийг олон хүн мэднэ.

Би эхнэр хүүхэдтэй болж байгаа эр хүн л болсон хойно эхнэр хүүхдээ хүний дайтай явуулах гэж хичээж, мөнгө төгрөг олж, байр сууцтай болох зорилго тавьж хүүгээ төрөхөөс 3 сарын өмнө хээрийн бэлтгэлд гарч, үргэлжлүүлээд 10 сарын хугацаанд Афганистан Улсад үүрэг гүйцэтгээд ирсэн. Миний хүү намайг ирэхэд 6 сар хагастай байсан. Миний эзгүйд хүүг минь төрүүлж, өсгөж байсан хань ижилдээ баярлаж, тэр хоёроо илүү хайрлаж, хүндлэх сэтгэл төрдөг байсан. Намайг ирээд 4 сарын дараа миний хүүг эмч төрөлхийн сонсголын хүнд хэлбэрийн бууралттай гэж оношилсон. Тэр үеэс хойш бид хүүгээ эмчлүүлэхэд анхаарч, мөнгө төгрөг олох, хайхаас эхлээд асуудал их байгаа. Миний хүү 2014 оны 10 сараас хойш 5 удаа БНХАУ-ын Хөх хотод тогтмол эмчилгээ хийлгэж байна. Би нэн тэргүүнд хүүхдийнхээ эрх ашгийг бодож, элэг бүтэн байх туйлын хүсэлтэй байна. Энэ утгаараа Анхзаяад удаа дараа хэлж, ойлгуулж, хамтдаа байж, үр хүүхдээ өсгөх хэрэгтэй, хүүгээ өнчрүүлэхгүй элэг бүтэн амьдармаар байна гэж их гуйсан. Бидний гэр бүл салж сарнивал хамгийн том асуудал нь миний хүүгийн эмчилгээ үр дүнгүй болох вий гэхээс эмзэглэж байна. Анхзаяа надаас сална гээд нэгэнт шийдсэн бол би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Нэгдүгээрт, миний хүү одоогоор бага байна. Ээжийнхээ асрамжид байсан нь дээр байх, гэхдээ хэзээ нэгэн цагт Анхзаяа надад хүүгээ өгөхийг зөвшөөрвөл би хүүгээ өөрийн асрамжид авахаас татгалзах зүйлгүй. Хоёрдугаарт, би хүүдээ тэтгэлгийг хуульд заасны дагуу сар бүр тогтмол төлж байх болно. Би боломжоороо хүүгийнхээ эмчилгээний төлбөрт хувь нэмэр болж байна гэдгээ албан ёсоор хэлмээр байна. Мөн миний бие ажлын нөхцөл байдал, хувийн амьдрал, нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Шүүх хуралдаанд миний өмгөөлөгч Б.Дима оролцож асуудлыг шийдвэрлүүлэх болно. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлгийг цаг тухайд нь тогтмол төлнө. Эд хөрөнгийн ямар нэг маргаангүй гэжээ.

Хариуцагч Х.Ууганбаярын өмгөөлөгч Б.Дима хариуцагчийн тайлбарыг дэмжиж, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах, хүүхдийг ээжийнх нь асрамжид өгч, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Х.Ууганбаяр болон түүний ээж, аав нь хүүхэдтэй хүссэн үедээ уулзаж баймаар байна гэсэн хүсэлтэй байгаагаа надаар дамжуулсан. Сая өвлийнх нь хувцсыг өгөх гэсэн боловч Д.Анхзаяа уулзуулахгүй гэсэн. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Анхзаяа хариуцагч Х.Ууганбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Х.Ууганбаярын хүсэлтээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс нэг сарын хугацаагаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтад хүрээгүй, мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 3 сарын хугацаагаар дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч тус тус амжилтад хүрээгүй дуусгавар болсон байх тул шүүх хэргийг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.-т зааснаар ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иргэн Д.Анхзаяа хариуцагч Х.Ууганбаяр нар 2012 онд танилцан 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр У.Тэмүүлэнг төрүүлэн, хүү одоо төрүүлсэн эх Д.Анхзаяагийн асрамжид өсч байгаа болох нь Д.Анхзаяа Х.Ууганбаяр нарыг 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болсныг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэл 0195298-146 дугаарт бүртгэсэн, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү У.Тэмүүлэнгийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн 1113000011 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 913 дугаар, Налайх Амь-Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүрэн дэмжиж өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон, хариуцагч Х.Ууганбаярыг гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, зоддог гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг сэтгэл санаа болон бие махбодийн дарамт учруулдаг, байнга айдастай болсон гэж буруутгаж нэхэмжлэлээ дэмжин тайлбар гаргасныг хариуцагч зодож байгаагүй, харин ч анхаарал халамж тавьдаг гэсэн тайлбараар үгүйсгэж, зохигчид энэ маргаж байгаа тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй шүүхэд ямар нэг баримт ирүүлээгүй болно.

Хариуцагчийн гэрлэлтээ цуцлуулна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрнө гэж шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг түүний өмгөөлөгч дэмжиж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч тайлбар гарган оролцлоо.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр  зүйлийн 129.1.7.”зохигчид эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх хугацаа заах” гэж зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг ба гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2 удаа явагдсан ч шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй, эвлэрч хамтдаа амьдрах бодолгүй, гэрлэлтээ цуцлуулна гээд цаашид хамтдаа амьдрах хүсэл зориггүй гэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5.-д зааснаар гэрлэлт цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү У.Тэмүүлэнг эхийн асрамжид үлдээх тухай эцэг эхийн тайлбар, хүүгийн өсч бойжиж буй ахуйн нөхцөл, хүүхдийн нас, эцэг эхийн халамж зэргийг харгалзан төрүүлсэн эх Д.Анхзаяагийн асрамжид үлдээн, төрүүлсэн эцэг Х.Ууганбаяраар хуульд зааснаар сар бүр тэжээн тэтгүүлж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдан шийдвэрлэх үндэстэй байна. 

Хариуцагч Х.Ууганбаяр нь албан ажлын нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүх хуралдаанд өөрийн өмгөөлөгч Б.Димаг оролцуулан хэргийг шийдвэрлүүлэх тухай бичгээр хүсэлт ирүүлсэн, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасны дагуу хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 14.3.-т заасныг тус тус баримтлан /РД:ПЮ90011578/ Тольтон бургууд овогт Хүрэлчулууны Ууганбаяр /РД:ОД89040402/ Баарангууд овогт Даваадоржийн Анхзаяа нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү У.Тэмүүлэнг төрүүлсэн эх Д.Анхзаяагийн асрамжид үлдээж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү У.Тэмүүлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр төрүүлсэн эцэг Х.Ууганбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хариуцагч Х.Ууганбаяр зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй үед гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүйгээр тогтоосугай.

5. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Д.Анхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ууганбаяраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Анхзаяад олгож, тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс ногдох 31 248 /гучин нэг мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тооцон хариуцагч Х.Ууганбаяраас гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Шүүх хуралдаанд оролцоогүй зохигч болох Х.Ууганбаярт шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5.-д заасны дагуу гардуулсугай.  

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тэмдэглэсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.УРАНЧИМЭГ