| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2024/00998/И |
| Дугаар | 210/МА2026/00659 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00659
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/07981 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор болон нэмэгдэл хөлс, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 1982 оноос хойш улсад 42 жил ажилласнаас сүүлийн 17 жилд Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргааны нэгжийн даргаар ажилласан. Гэвч 2023.12.01-ний өдрийн ******* мэдэгдэх хуудсаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024.01.01-ний өдрөөр тасалбар болгон цуцлахыг мэдэгдсэн. Гэтэл ******* нь мэдэгдэлд дурдсан хугацаанаас 1 сарын дараа буюу 2024.02.05-ны өдөр 60 нас хүрч тэтгэвэрт гарах эрх үүсч байсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023.12.08-ны өдрийн *******тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, нэг удаагийн тэтгэмж олгох тухай ******* тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа бол 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл *******д ******* 2023.12.01-ний өдрийн ******* мэдэгдэх хуудсыг мөн өдрөө өгсөн ба хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг 2024.01.02-ны өдөр гаргасан нь хуулийг зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д заасан нь ажил олгогчийн эрх ба ажилтны хүсэлтэд хамаардаггүй тул 2023.12.08-ны өдрийн ******* дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн тушаалын 2 дахь заалтад 2023.12.08-ны өдөр тушаал гаргасан өдөртөө багтаан ажлыг хүлээлцэхийг үүрэг болгосон нь ажилтанд ажил хүлээлцэх боломжит хугацааг олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.5, 83.6-т заасныг тус тус зөрчсөн.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга *******гийн элдэв дарамтыг тэсвэрлэх аргагүйн улмаас би Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т зааснаар 2023.12.05-ны өдөр дарга *******д өргөдөл гаргасан ч надтай хэлцэл хийлгүйгээр ******* тоот тушаалыг гаргасан нь миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 60.4-т Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэснийг зөрчсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Ажил олгогч ******* тоот тушаалыг гаргахдаа хүчингүй болсон ******* тоот хөдөлмөрийн гэрээг дахин цуцалсан нь хууль бус болсон. Мөн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ 30 хоногийн өмнө үйлдвэрчний эвлэлд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.
Ажлаас чөлөөлсөн ******* тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2020.05.08-ны өдрийн ******* дугаартай Ажилтныг тэтгэвэрт бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга зүй, төлөвлөгөөний жишиг загвар батлах тухай тушаалыг хэрэгжүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6-р зүйлийг зөрчсөн бөгөөд ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг зөрчиж, илт ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. ******* нь 2023.12.28-ны өдөр******* тоот Тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаал гарган Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын цалин хөлсийг нэмсэн байдаг. Хэрэв Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023.12.01-ний өдрийн ******* мэдэгдлийн дагуу 2024.01.02-ны өдрөөр эсвэл 2024.02.05-ны өдрөөр намайг 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх үед ажлаас халсан бол би цалин хөлсөө нэмэгдсэн жишгээр бодож олгуулах боломжтой байсан ч 2023.12.08-ны өдөр ажлаас нь чөлөөлж, нэг удаагийн тэтгэмжийг 2023.12.27-ны өдөр олгосны дараа өдөр нь цалин хөлсийг нэмэгдүүлсэн нь илт ялгаварлан гадуурхаж эрх ашгийг нь зөрчсөн байдаг.
Иймд *******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл, урамшуулал гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг *******т даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Зам, тээврийн сайдын тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор Иргэний нисэхийн ерөнхий газраас батлагдсан бүтэц, орон тооны дээд хязгаарт багтааж, орон тоо батлах бүрэн эрхийн хүрээнд хуулийн дагуу ажилласан. Улмаар *******д холбогдох мэдэгдлийг өгч, түүнтэй 2022 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж баталгаажуулсан. ******* нь холбогдох мэдэгдлийг хүлээн авч, өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтэй, улмаар 36 сарын тэтгэмжийг яаралтай авах хүсэлтээ өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч *******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшууллыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхээс ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч ******* 36 сарын тэтгэмж хүлээн авсан явдалтай харьцуулан судлахад нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023.12.08-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.
******* нь зөвхөн нэхэмжлэгчид зориулан Зам тээврийн сайдын 2023.11.24-ний өдрийн ******* тушаалыг гаргахдаа Төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлөн ЗТХЯ-ны байгуулсан, ажил олгогчийг төлөөлж Иргэний нисэхийн ерөнхий газрын байгуулсан, ажилтныг төлөөлж Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны байгуулсан Иргэний нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих Хамтын хэлэлцээр, хамтын гэрээг зөрчиж ҮЭ-д урьдчилан мэдэгдээгүй, саналыг нь аваагүй, ЗТХ-ийн сайдын 2023.11.24-ний ******* дүгээр тушаалаар батлагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн 2.5.5, Үйл ажиллагааны 5-р зорилтын 3.3.5-д зааснаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг, зорилт хэвээр хадгалагдаж байгаа нөхцөлд орон тоо хасагдсан гэж үзэхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж заасан. Энэ үйл ажиллагааг ажил олгогч огт хийгээгүй байна.
Мөн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Улсын байцаагчийн 2023.11.28-ны өдрийн 71-р албан шаардлагаар ******* нь Хөдөлмөрийн хууль зөрчсөн, мөн дээрх хамтын хэлэлцээр, хамтын гэрээний оролцогч талууд болох Монголын тээвэр, холбоо, газрын тосны ҮЭ холбооны 9113 дугаартай албан бичиг, Шалгалтын нислэг зураглалын алба(ШНЗА)-ны ҮЭ хорооны 25/06 албан бичиг, бүтэц орон тоог өөрчлөхдөө санал аваагүй нь хууль бус бүтэц хийсэн нь нотлогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ нь дараах эрэмбээр үйлчилнэ гэж заасан бөгөөд 2.3.5-д хамтын гэрээ, 2.3.6-д хөдөлмөрийн гэрээ гэж заасан тул хамтын гэрээг зөрчсөн бол тэр нь хууль зөрчсөн гэж үзнэ.
Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын 2023.08.18-ны өдрийн ******* тушаалаар орон тоо хасагдсан гэх боловч зөвхөн нэршил сольсон гэх үндэслэл зааж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Засгийн газрын агентлагийн газрыг хэлтэс болгож байгаа бол хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулах бөгөөд нэршил солигдсон гэж үзвэл орон тоо хасагдсан гэж үзэхгүй тул энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зохицуулалт нь хүнийг ялгаварлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, эсхүл давуу байдал олгосон бол тухайн зохицуулалт хүчин төгөлдөр бус байна гэсэн заалтыг шүүх анхаараагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул 56.6-д зааснаар үр дагаврыг ******* хариуцах ёстой.
Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023.12.08-ны ******* дугаартай тушаал нь байгуулаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн ойлголт тул илт хууль бус тушаал болохыг анхаараагүй. Тухайн бүтэц хийх эрхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад олгогдоогүй болохыг ЗТХЯ-наас ирүүлсэн Чиглэл хүргүүлэх тухай" 2023.09.21-ний 03/4410, мөн ХУДИХАШШ-д ирүүлсэн 2024.10.28 05/1388 албан бичгээр тус тус нотлогдох бөгөөд үүнийг шүүх анхаарсангүй.
Мөн МУ-ын Засгийн Газрын 2023.01.11-ний өдрийн хуралдааны III тэмдэглэлээр ЗТХЯ-нд өгсөн үүрэг даалгавар, Ерөнхий сайдын 2023.02.01 -ний өдрийн Дугаар 21 Захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас *******т олгосон Улсын бүртгэлийн гэрчилгээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******" гэж зааж өгсөөр байтал Иргэний нисэхийн ерөнхий газрын Дарга гэж өөрт нь хуулиар олгогдоогүй эрх мэдэл эдлэн тушаал, шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөнийг шүүх анхаараагүй.
Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ******* болон ******* нарын 2023.12.19-ний өдөр байгуулсан ******* дугаартай Эвлэрлийн гэрээ, уг гэрээний агуулга, дээрх гэрээний хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023.12.25-ны ******* тушаалаар ******* тоот тушаалыг хүчингүй болгосон үйл баримт, мөн эвлэрлийн гэрээнээс улбаалж гарсан шүүхийн шийдвэрүүд, гэрч *******ийн ...*******, хүү АНУ-д суралцаж байгаа ... хүүхдийн сургалтын төлбөр хэцүү байна ... бүтцийн өөрчлөлт хийхээс өмнө 36 сарын тэтгэврээ аваад явмаар байна гэж ярьж байсан. гэсэн (нотлох баримтгүй) мэдүүлэг ... ******* тушаалыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт хийжээ.
Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023.12.08-ны ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчид олгох ёстой орон тооны цомхотголоор халагдсаны 36 сарын тэтгэмжийг 2023.12.12-ны өдөр ажилтнуудын цалин, хөлс олгох үеэр олголгүй, тэтгэмжээр нь барьцаалж Эвлэрлийн гэрээ хийх замаар үндэслэлгүй сахилгын шийтгэлд (2023.04.14-ний Б/58) гаргаад байсан нэхэмжлэлийг шүүхээс татуулж, мөн үндэслэлгүй сахилгын шийтгэлд (2023.10.12-ны Б/177) ХУД-ийн ХЭМЗЗталт хороонд хянагдаж байсан гомдлоор шүүхэд дахин хандахгүй байх амлалт авах зорилгоор эвлэрлийн гэрээ байгуулсан. Шүүх хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь 2023.12.08-нд гарсан байтал Эвлэрлийн гэрээг 2023.12.19-нд байгуулахдаа өмнө нь 2 удаа үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан асуудлыг тусгасныг анхаараагүй. Нэгэнт хөдөлмөрийн гэрээг орон тоо цөөрүүлсэн гэх тушаал нь 2023.12.08-нд гарсан тул 36 сарын тэтгэвэр авах талаар ярьсан нь түүнээс 11 хоногийн дараа сахилгын шийтгэл хууль зөрчиж ногдуулсан гэх шүүхэд хянан хэлэлцэж байгаа асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулах нь 2 тус тусдаа асуудал бөгөөд түүнийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсныг шүүх анхаарсангүй.
Энэ эвлэрлийн гэрээнд болон шүүгчийн ******* дугаартай захирамжид Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын ******* тушаалтай холбоотой ямар ч үг үсэг байхгүй. Мөн 36 сарын тэтгэмж бол тэтгэвэрт гарахад олгож байгаа мөнгө биш нэхэмжлэгч *******д орон тооны цомхотголд орж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан гэж үзэж улсад ажилласан 41 жилд нь тооцоож хөдөлмөрийн хууль, хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын дагуу олгож байгаа тэтгэмж юм.
Мөн Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2020.05.08-ны өдрийн ******* дугаартай тушаалаар баталсан Ажилтныг тэтгэвэрт бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга зүй, төлөвлөлтийн жишиг загвар батлах тушаалыг хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийг 60 нас хүрэхээс өмнө буюу 59 нас 11 сартайд нь орон тоо цөөрүүлсэн гэж халсан байна. Өнөөдрийг хүртэл ******* нь тэтгэвэр тогтоолгоогүй бөгөөд хэрэв тэтгэвэр тогтоолговол хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч орлого нь илт хүнд хохиролтойгоор шийдвэрлэгдэх болжээ.
Шүүхийн шийдвэрт Тодруулбал, *******тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, нэг удаагийн тэтгэмж олгох тухай ******* тушаал 2023.12.08-нд гарсан хэдий ч хэрэгт цугларсан дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь уг тушаал, тушаалаас гарах үр дагаврыг хожим өөрөө зөвшөөрсөн байна гэсэн дүгнэлт хийсэн. Нэгэнт 2023.12.08-нд *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлан нэг удаагийн тэтгэмж олгох тухай ******* тушаал гарсан бөгөөд удаа дараа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, үндэслэлгүй 2(хоёр) удаа сахилгын шийтгэл ногдуулсан, бүтэц хийх эрх хэмжээ олгоогүй байхад бүтэц хийсэн, Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэхгүй байгаа, хамтын хэлэлцээр ба хамтын гэрээг зөрчиж түүний эрх зүйн хүчин чадлыг үл тоож хөдөлмөрийн хуулийг зөрчиж байгаа нөхцөлд Хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан үүсэх нь тодорхой бөгөөд ойлгомжтой билээ. Харин хожим өөрөө зөвшөөрсөн гэдэг нь хууль бус дүгнэлт бөгөөд 2023.12.19-нд эвлэрлийн гэрээг зөвхөн 2 сахилгын шийтгэлийн хүрээнд байгуулсан ба энэ нь шүүхийн шийдвэрээр нотлогдоно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгчийн шаардсан хариуцагчаас нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн 2025.02.25-ны ******* дугаартай захирамжид 4 дэх хэсгийн А-д Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтсийн даргын 2024.01.02-ны өдрөөс 2025.02.28-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлс, урамшууллын дэлгэрэнгүй лавлагаа-г гаргуулах, мөн 2025.06.17-ны өдрийн ******* дугаартай захирамжийн 3 дахь заалтуудыг тус тус хангуулаагүй буюу биелэлтийг хангаагүй. Энэ талаар нэхэмжлэгч шүүхэд анхааруулсан нь шүүх хурлын тэмдэглэлд бичигдсэн ба ялгаварласныг тогтоолгох шүүгчийн захирамжийг яагаад авч үзээгүйгээ шүүх дүгнээгүй.
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан *******, *******, ******* нарын мэдүүлгийг ямар учраас үнэлээгүйг шүүх шийдвэртээ тайлбарлаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед дэлгэрэнгүй тайлбар хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдаж буй асуудлууд хэрэгт авагдсан 2023.12.05-ны өдрийн *******ын 36 сарын тэтгэмж олгож, холбогдох тушаал шийдвэрийг гаргуулах тухай өргөдөл, 2023.12.14-ний өдөр *******ын гаргасан эвлэрэх тухай хүсэлт, 2023.12.21-ний өдрийн *******ын эвлэрлийн гэрээний дагуу холбогдох шийдвэрийг гаргуулах тухай хүсэлтүүдээр үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн хүрээнд бид тушаал шийдвэрийг нь гаргаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу 36 сарын тэтгэмжтэй тэнцэх 196,000,000 төгрөгийн олговрыг олгосон. Мөн ******* өөрийн гаргасан өргөдөлдөө хууль, шүүхийн байгууллагад хандахгүй, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэх санал тавьж байсан талаар тусгасан байгаа. Анхан шатны шүүх тухайн тушаалын хожим гарах үр дагаврыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлтийг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор болон нэмэгдэл хөлс, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хуучин ажил, албан тушаалд тогтоолгоно гэж, 2025.06.17-ны өдөр гаргасан шаардлагадаа 2023.12.08-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох гэж, 2025.10.06-ны өдрийн шүүх хуралдаанд 2024.12 сараас өөрчлөгдсөн захиргаа удирдлагын нэгжид эргэн орох ёстой гэж шаардлагаа тодруулсан нь хариуцагч байгууллагын 2024.12.27-ны өдрийн ******* дугаартай Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад заасан Захиргаа удирдлага, хууль эрх зүйн газар-ын даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
3.Нэхэмжлэгч ******* 2022 оны 01 сараас эхлэн хөдөлмөрийн гэрээгээр хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад мөн газрын даргын 2023.12.08-ны өдрийн ******* дугаартай *******тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, нэг удаагийн тэтгэмж олгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023.08.18-ны өдрийн ******* дугаартай Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай тушаал, хариуцагч байгууллагын 2023.08.21-ны өдрийн ******* дугаартай Орон тоо, ажлын байрны жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргаа удирдлагын газар нь Захиргаа удирдлагын хэлтэс болжээ. Нэхэмжлэгч уг хэлтэст ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн байна.
Ажил олгогч шийдвэрийн үндэслэлээ Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023.11.24-ны өдрийн ******* дугаартай Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай тушаалыг үндэслэн гарсан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023.11.28-ны өдрийн ******* дугаартай Орон тоо, ажлын байрны жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалаар нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо хасагдсан гэж дурджээ. Тухайн ******* дугаартай тушаалын хавсралтаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргаа удирдлагын хэлтэс нь Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтэс болж өөрчлөгджээ.
4.Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх мэдэгдэл болон тушаалд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байр хасагдсан гэж дурдсан ч Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтэс болж өөрчлөн зохион байгуулагдсанаар нэхэмжлэгчийн гүйцэтгэх ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн гэж үзэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ажлын байр хасагдсан гэж үзнэ. Гэвч Захиргаа удирдлагын хэлтэс нь Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтэс болж нэршил нь өөрчлөгдсөн гэж үзэхээр байна.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны ******* дугаартай тушаалын 2-р хавсралтын 3.3.4 болон мөн 2023 оны ******* дугаартай тушаалын 2-р хавсралтын 3.3.5-д заасан хавсралтад заасан нэгжийн үндсэн чиг үүргүүд нь нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаж, шинээр ажлын байр бий болсон гэж үзэх үндэслэлгүй, тус хоёр ажлын байрны чиг үүрэг адил, давхацсан агуулгатай байна. Мөн хариуцагч байгууллагын 2023 оны ******* дугаартай тушаалын хавсралтын 4, мөн ******* дугаартай тушаалын хавсралтын 3-т тус тус заасан нэгжийн бүтэц, бүрэлдэхүүнийг шинээр зохион байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн 2023 оны ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан нь нэхэмжлэлийн шаардлага бус ажилд эгүүлэн тогтоолгох, түүний үр дагаврыг арилгуулах шаардлагын үндэслэлд хамаарах тул уг шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагад тооцон шүүх шийдвэрлэхгүй, мөн уг тушаал нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны ******* дугаартай тушаалд үндэслэн гарсан байх тул хүчин төгөлдөр байна.
5.Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрны орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан журмыг баримтлах үүрэгтэй. Хэргийн баримтаар ажил олгогчоос ажилтанд 2023.12.01-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн тухайд зохигч маргаагүй ба ийнхүү мэдэгдсэнийг хуульд заасан хугацаанд урьдчилан мэдэгдсэн гэж үзэхгүй.
6.Иймд *******ын ажиллаж байсан ажлын байр хасагдсан гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх тул хариуцагчийн 2023.12.08-ны өдрийн ******* дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-т тус тус заасантай нийцээгүй, ажил олгогчийн шийдвэр хууль бус гэж дүгнэнэ.
Нэхэмжлэгч 1964.02.05-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр хариуцагчийн 2023 оны ******* дугаартай тушаал нь түүнийг 2024.02.05-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө буюу 59 нас 11 сартай байхад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль бус гэж маргажээ. Хариуцагчийн дээрх шийдвэр нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020.05.08-ны өдрийн ******* дугаартай Ажилтныг тэтгэвэрт бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга зүй, төлөвлөгөөний жишиг загвар батлах тухай тушаалын зорилгод нийцээгүй буюу нэхэмжлэгчийг 2024.02.05-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс нэг сарын өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь буруу.
Нэхэмжлэгч улсад 42 жил ажилласнаас иргэний нисэхийн салбарт 34 жил ажилласан тухайд зохигч маргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024.02.05-ны өдөр нэхэмжлэгч ******* 60 нас хүрсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2-т зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсжээ. Энэ эрхээ хэрэгжүүлэх нь ажилтны хүсэл зориг бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид гаргаж байсан өргөдөл, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, давж заалдах гомдолдоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь хязгаарласан тухай дурджээ.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах үед нэхэмжлэгч ******* нь 62 настай буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байх тул түүнийг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоохгүй ба энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээнэ.
7.Харин хариуцагч ******* нь ажил олгогчийн хувьд нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр дуусгавар болгосон шийдвэрийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргах үүрэгтэй. Шүүх хариуцагч байгууллагын ******* дугаартай тушаалыг хууль бус гэж дүгнэсэн тул уг тушаалын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчид 2023.12.27-ны өдөр 196,925,256 төгрөгийн тэтгэмж олгосон нь мөн хуульд нийцэхгүй. Иймд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно гэж заасны дагуу ажилтанд зохих тэтгэмжийг олгох, эсхүл өмнө дурдсан 196,925,256 төгрөгөөс илүү, дутууг харилцан тооцох нь зүйтэй юм.
8.Тус шүүхийн шүүгчийн 2025.02.25-ны өдрийн ******* дугаартай захирамжид дурдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтсийн даргын 2024.01.02-2025.02.28-ны өдрийн хугацааны цалин хөлс, урамшууллын дэлгэрэнгүй лавлагаа нь хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзэхээргүй байх тул уг баримтыг хэрэгт аваагүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцохгүй. Мөн шүүхийн шүүгчийн 2025.06.17-ны өдрийн ******* дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг шүүх хүлээн авч, мөн өдөр хариуцагчид гардуулсан байна.
Мөн нэхэмжлэгч нь 2025.10.06-ны өдрийн шүүх хуралдаанд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх шаардлагаа дэмжсэн ба энэ шаардлагын хүрээнд сар тутмын, удаан жилийн, эрдмийн зэргийн болон 2024 оны жилийн эцсийн нэмэгдэл хөлс, урамшууллыг тооцон олгуулахаар шаардсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д дурдсан дүгнэлт зөв, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дутуу шийдвэрлэсэн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн гаргасан холбогдох гомдол үндэслэлгүй.
9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/07981 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Э.ЭНЭБИШ