Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00722

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/00152 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-ийн 2022 оны 04 сарын 04-ний өдрийн ******* дугаартай үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.04.15-ны өдрийн ******* дугаар захирамжаар *******ээс 54,687,627 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Хан-уул дүүргийн 3-р хороо, ******* гудамж *******, ******* талбай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 2020.09.30-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022.03.04-ний өдөр Эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Эд хөрөнгийг хураахдаа газар эзэмшигч *******д мэдэгдээгүй. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, шинжээч 127,545,485 төгрөгөөр үнэлгээг тогтоохдоо ******* газрыг оролцуулалгүй үнэлсэн нь *******ын эрх ашгийг ноцтой зөрчсөн ба энэ талаар мэдэгдээгүй. ******* нь тухайн хөрөнгийн үнэлгээг мэдэх, хуулиар олгогдсон эрхийн дагуу үнийн саналаа өгөх бүрэн эрхтэй гэж үзэж байна. ******* ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн ба маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* газрын хамт 332,050,000 төгрөгөөр үнэлсэн ба ******* ХХК-ийн үнэлгээ нь үл хөдлөх эд хөрөнгийг газаргүй дангаар нь 127,545,485 төгрөгөөр үнэлсэн нь их хэмжээний зөрүүтэй байгаа нь ашиг сонирхлын зөрүүтэй байна.

******* ХХК-ийн үнэлгээний дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.9, 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.4, 4.5, 7.2, 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.2, 8.2.3, 8.3, 8.3.9, 8.3.10, 8.3.12, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/264, А/154 тушаалын хавсралтаар батлагдсан Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журам-ыг баримтлаагүй, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал-ыг ашиглаагүй, хэрэглээгүй нь тухайн үнэлгээний дүгнэлт учир дутагдалтай, хэтэрхий нэг талыг баримталсан, хууль зүйн үндэслэлгүй, хуулийн шаардлагыг хангаагүй буюу үнэлгээний тайлан ойлгомжгүй, тодорхой бус, эргэлзээтэй болсон гэж үзэж байна.

Иймд үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.04.15-ны өдрийн ******* дугаар захирамжаар *******ээс 54,687,627 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч *******ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-уул дүүргийн 3-р хороо, ******* гудамж *******, улсын бүртгэлийн ******* дугаартай, *******талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020.09.30-ны өдрийн 20250545/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022.03.04-ний өдрийн 20250545/182 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчид танилцуулахад шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2022.03.22-ны өдөр шинжээчээр ******* ХХК-ийг томилж, 127,545,485 төгрөгөөр үнэлсэн тайланг 2022.04.04-ний өдрийн 4-148/7133, 7133 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулсан.

Төлбөр төлөгч *******ээс 2022.04.04-ний өдөр ******* ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн 2022.05.25-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн шүүхийн 2023.12.20-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ******* дугаар магадлалаар *******ийн 2022.03.22-ны өдрийн 3/63 дугаартай шинжээч томилох тогтоолыг хэрэгсэхгүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч, гуравдагч этгээд биш байх тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын *******т холбогдох ******* ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай үнэлгээ хийсэн ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ******* ХХК-ийн үнэлгээний дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.9, 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.4, 4.5, 7.2, 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.2, 8.2.3, 8.3, 8.3.9, 8.3.10, 8.3.12, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/264, А/154 тушаалын хавсралтаар батлагдсан Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журам-ыг баримтлаагүй, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал-ыг ашиглаагүй, хэрэглээгүй нь тухайн үнэлгээний дүгнэлт учир дутагдалтай, хэтэрхий нэг талыг баримталсан, хууль зүйн үндэслэлгүй, хуулийн шаардлагыг хангаагүй буюу үнэлгээний тайлан ойлгомжгүй, тодорхой бус, эргэлзээтэй болсон гэж үзэж байна. Энэхүү үнэлгээг хүчингүй болгож дахин зах зээлийн үнэлгээгээр үнэлгээ хийлгэж дүгнэлт гаргуулах нь төлбөр төлөгч болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан төлбөр төлөгч *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаар бүхий Хан-Уул дүүргийн 3-р хороо, ******* гудамж ******* хаягт орших *******талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн 2022.04.04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, төлбөр төлөгч ******* нь үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2022 онд шүүхэд гаргасныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ******* дугаар шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч, гуравдагч этгээд биш гэж тайлбарлан маргасан байна.

 

3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.04.15-ны өдрийн 1184 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч *******ээс 54,160,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3-р хороо, ******* гудамж *******од байх улсын бүртгэлийн ******* дугаартай *******талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шийдвэр гүйцэтгэгчийн 2022.03.22-ны 3/63 дугаартай тогтоолоор дээрх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоохоор шийдвэрлэж, хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн 2022.04.04-ний өдрийн үнэлгээний тайлангаар тус үл хөдлөх хөрөнгийг 127,545,485 төгрөгөөр үнэлжээ.

Эдгээр шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа, хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар төлбөр төлөгч ******* нь тус тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.25-ны өдрийн ******* дугаар шийдвэр, мөн шүүхийн 2023.12.20-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.04-ний өдрийн ******* дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

4.Дээрх шүүхийн шийдвэрүүдэд *******ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, ******* гудамж *******, *******талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тодорхой ажиллагаа, хөрөнгийг үнэлсэн ******* ХХК-ийн үнэлгээний тайлан хуульд нийцсэнийг шүүх дүгнэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд нийцсэн эсэхийг дахин нотлохгүй.

 

5.Харин нэхэмжлэгч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Хан-уул дүүргийн 3-р хороо, ******* гудамж *******, *******талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт битүүмжилж, хураахдаа газар эзэмшигч *******т мэдэгдээгүй. Шинжээч томилж үнэлгээ хийхдээ агуулахын доорхи ******* газрыг оролцуулалгүй зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн нь миний эрх ашгийг зөрчсөн... гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны ******* дугаартай захирамж, тус захирамжийг үндэслэн олгогдсон ******* дугаартай гүйцэтгэх хуудаст *******ээс 54,160,000 төгрөгийн төлбөрийг гаргуулж ******* ХХК-д олгох, зөвхөн Хан-Уул дүүргийн 3-р хороо, ******* гудамж *******од байх улсын бүртгэлийн ******* дугаартай *******талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан энэ хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллага уг хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулж, улмаар уг хөрөнгөд шинжээч томилж зах зээлийн үнэлгээг 127,545,485 төгрөгөөр тогтоожээ.

Нэхэмжлэгч *******ын хувьд төлбөр төлөгч *******ийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, ******* гудамж *******, *******талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшдэг боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны ******* дугаартай захирамжид уг газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй, хариуцагч уг газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй байна.

Иймд хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хэргийн байдалд нийцэхгүй, түүний эрх ашиг хөндөгдөөгүй тул гомдлыг хангахгүй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болохоор заасан. Нэхэмжлэгч *******ын хувьд *******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш болохын зэрэгцээ төлбөрт хураагдсан барьцаа хөрөнгийн өмчлөх эрхэд холбогдох гуравдагч этгээд гэж үзэхээргүй байна.

 

6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/00152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ