Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг

Улсын яллагч Г.Түвшинбаяр

Хохирогч Б.Б 

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1925001370116 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.А-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-18 дугаар байрны гадаа Б.Баттулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Баарнаас гарч яваад Баттулгатай таарч машинд архи уусан. Би яагаад цохисоноо санахгүй байгаа. Их согтуу байсан. Гинж хараагүй. Эхлээд цагдаад очихдоо гинж гэж яриагүй дараа нь мэдүүлэг өгөхдөө гинж ярьж эхэлсэн. Хамт явж байсан найз нь бас хараагүй гэж байсан. Би гинжийг зөвшөөрөхгүй байна. Алдаа гаргаж хүн зодсондоо гэмшиж байна гэх мэдүүлэг,

- хохирогч Б.Баттулгын шүүх хуралдаанд мэдүүлсэн: А нэлээд согтуу байсан. Миний дээр гарч суугаад цохисон. Тэр шөнөдөө гинж алга болсноо мэдсэн. Аваад удаагүй байсан шинэ гинж. 680,000 төгрөгөөр авч байсан. Зодоон болсон газраа очиж үзээгүй. Гинжээ л төлүүлмээр байна “гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 2 -Хохирогч Б.Баттулгын “...А намайг хоёулаа гарч бие засаад ирье гэж хэлэхээр нь би за тэгье гэж хэлээд гараад байрны хажууд бие засаж байгаад дуусаад А дуусаж байна уу хөгшөөн гээд асуусан чинь Анхбаяр намайг үгийн зөрүүгүй нэг удаа газар байсан чулуу аваад дух руу цохиод намайг газар унагаагаад дээр гарч суучихаад чи ер нь намайг барах уу гээд гараараа хувцаснаас минь заамдаад байж байхад манай найз Уламбаяр ирж салгасан. Би зүгээр байж байгаад зодуулсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Толгойн өвчин намдаах эм ууж байгаа. Медипас эмнэлэгт тархины зураг авхуулсан, мэдрэлийн эмчид үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлсэн төлбөрийг Анхбаяр төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/

-Гэрч Д.Уламбаярын... "манай найз Баттулга бие засах гэж яваад удалгүй А цуг явж байсан эмэгтэй нь А, Б нар муудалцаад байна гэхээр нь би яваад очсон чинь Анхбаяр Баттулгын дээр гарчихсан цохиж байхаар нь би салгасан”... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 176 дугаартай... Б.Баттулгын биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулна. Тархи доргилт, духанд зөөлөн эдэд цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна”... гэх дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/

-“Бан Хас” ХХК-ний 2019 оны 03 сарын 29-ний өдрийн 2019/э-0072 дугаартай Монетон гинжний үнэ нийт 540,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/

-Б.Б-д учирсан гэмтлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-р хуудас/

-Б.Б-ын Медипас эмнэлэгт үзүүлсэн эмнэлэгийн хуудас /хх-ийн 56-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны бөгөөд, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзнэ. Эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Анхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-18 дугаар байрны гадаа хамт архи уусан Б.Баттулгыг зодож биед нь тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. 3 Шүүгдэгч Б.А хамт архи ууж байсан хохирогч Б.Баттулгын зодож тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Анхбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.Анхбаяр нь согтуугаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд 213000 төгрөг нөхөн төлсөн. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа: Гэм буруугаа хүлээж байна. Торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү гэжээ Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч хохирогчийн эмчилгээний төлбөрт 213,000 төгрөг төлсөн байна. Харин хохирогч 680,000 төгрөгний үнэтэй алтан гинжтэй байсан эсэх, тухайн үед алтан гинжээ зүүж явсан болох нь баримтаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шинжээч гинжийг 540,000 төгрөгөөр үнэлжээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.А оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 166,666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн 540,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ