Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00723

 

 

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 197/ШШ2026/01094 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 12,312,799 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 12,312,799 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, би унаж бэртээд түрээсээ төлөх боломжгүй болсон, хүнд өвчтэй хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзнэ үү гэж тайлбарлан маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 7,573,333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4.Талуудын хооронд 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээгээр ******* нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо ******* гудамж ******* байрны ******* тоот, ******* м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаатай, нэг сарын 1,600,000 төгрөгөөр тооцох, барьцаа нь 1,600,000 төгрөг байх, хөлслөгч ******* орон сууцны хөлсийг улирлаар тооцон төлөхөөр харилцан тохиролцжээ. Хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоногт 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээнд заасан байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлжээ.

 

5.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны хөлсийг төлж, түүнээс хойшхи хугацааны хөлсийг төлөөгүй ба нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг цуцлахаар мэдэгдэж, улмаар хариуцагчийг орон сууцнаас 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан үйл баримтад маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тооцож 4 сар, 22 хоногийн хугацаанд орон сууц хөлсөлсний хөлсөнд /4 сарын хөлс 6,400,000 төгрөг, 22 хоногийн хөлс 1,173,333/ 7,573,333 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь талуудын байгуулсан гэрээний 3.1, 3.2-т нийцсэн байна.

Хариуцагч орон сууцнаас 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гарсан хэдий ч нэхэмжлэгч хөлсийг энэ хугацаагаар бус 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 4 сар, 22 хоногоор тооцон шаардсан нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанд нийцжээ. Учир нь хариуцагч энэ хугацааны хөлсийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч хөлсийг шаардах эрхтэй.

Иймээс ...орон сууц хөлслөх гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш хөлс төлөх үндэслэлгүй... гэсэн хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

6.Шүүх хариуцагчид 2026.оны 01 дүгээр сарын 13-ны өдөр болох шүүх хуралдааны товыг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдсэн байна. Хариуцагч шүүх хуралдаанд оролцох бэлтгэлээ өөрөө хангах үүрэгтэй бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.дүгээр зүйлийн 754.1, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 197/ШШ2026/01094 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,123 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ