Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/144

 

              

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Г.Түвшинбаяр

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ад холбогдох эрүүгийн 1925002320162 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын барилгачин мэргэжилтэй, “Уранбаян уул” ХХК-нд усан бууч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 31-06 тоотод оршин суух , урьд нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Боржигон овогт Төрбаярын Амаржаргал,/ФА92042433/

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Т.Аыг Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг 35-08 тоотод 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эхнэр О.Ганчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Аын мэдүүлсэн: Би 3 сарын 27-нд найзуудтайгаа архи уусан. Орой ирэхэд эхнэр байхгүй байсан. Би уурлаж шил авч шидсэн. Гэм буруугаа хүлээж байна. Уучлал гуйсан гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч О.Ганчимэгийн... Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 3 найзтайгаа уулзаж их Хаадын цуваа байранд 2 ширхэг 2.5 литрийн пиво уучихаад орой гэртээ 23

цагийн үед ортол манай нөхөр А унтаж байсан. Гэтэл энэ үед манай дүү М.А босоорой ороо засаад унт гэтэл А сэрчихээд намайг гадуур хүүхдүүд дагуулж тэнэлээ гээд хэрүүл өдөж маргалдсан.Улмаар босч ирээд намайг алгадаад авахаар нь би А-тай барьцалдаж ноцолдож байтал миний хүзүү эрүү хэсэг шалбарсан байсан. Тэгэхээр нь би Амаржаргалыг өшиглөчихсөн чинь ширээн дээр байсан шилэн сав над руу шидэж миний толгойг хагалсан. Ингээд унтах гэтэл хэрүүл өдөөд намайг утнуулахгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн”‘ гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/,

 

-Насанд хүрээгүй гэрч Т.Мягмарнарангийн ... 23 цагийн орчим Ганчимэг эгчтэй хамт гэрт нь очиход А ах ирчихсэн унтаж байсан ба би ор засах гээд сэрээсэн. Гэтэл А ах босож ирээд Ганчимэг эгчийг хүүхдүүд авч гадуур тэнэлээ гээд хоорондоо маргалдсан. Ганчимэг эгч А ахыг өшиглөөд унагасан. Тэгсэн А ах ширээн дээр байсан шилэн савыг шидэж Ганчимэг эгчийн толгойг хагалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

-Шүүхийн шижилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 257 дугаартай ... О.Ганчимэгийн биед хуйханд духны ясны баруун урд хэсэгт шарх, эрүү, баруун эгэмний дээд хэсэгт зулгаралт, дээд, доод уруулын дотор тал, зүүн гарын шуунд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар нь байна. Хуйханд духны ясны баруун хэсэгт шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй ...” гэх дүгнэлт /хх- ийн 12-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Т.А нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг 35-08 тоот гэртээ согтуурсан үедээ эхнэр О.Ганчимэгийг  хүүхдүүд дагуулж гадуур тэнэлээ гэж маргаан үүсгэж цохиж зодон биед нь хуйханд духны ясны баруун урд хэсэгт шарх, эрүү, баруун эгэмний дээд хэсэгт зулгаралт, дээд, доод уруулын дотор тал, зүүн гарын шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Т.Аын энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж

заасны дагуу шүүгдэгч Т.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.              

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг 35-08 тоотод 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эхнэр О.Ганчимэгийг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдолгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.

Хохирогч О.Ганчимэг шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.         

          Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Т.А Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Т.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

         

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ